Шинэ оноос өмнөхөн нэгэн баяртай мэдээ дуулсан юм. Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч С.Рахманиновын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан “Musica Classica ” олон улсын хөгжимчдийн XIV наадам уралдаанд Монголын залуу хөгжимчин Т.Оргилцэцэг гуравдугаар байр эзэлсэн байлаа. Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид флейт хөгжмөөр суралцаж буй түүнийг эх орондоо ирэхэд нь холбоо барьж мэдээлэл авлаа. Энэ хөгжимчин бол УДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүүгийн бага охин юм.
-Баяр хүргэе. Том уралдаанд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлжээ. Өрсөлдөгч олон байв уу?
-Баярлалаа. Тавдугаар категори буюу төгөлдөр хуур, хийлээс бусад хөгжмийн зэмсэг гэсэн төрөлд оролцсон. Манай ангилалд 20 гаруй хөгжимчин хоорондоо өрсөлдөхөд би гуравдугаар байр эзэлсэн. Уг нь нэгдүгээр байрын төлөө үзсэн боловч арай хүрсэнгүй.
-Олон жил зохион байгуулагдаж байгаа, гадаадын олон орноос хөгжимчид оролцдог ийм том уралдаанд энэ хэрийн амжилт гаргана гэдэг чамлалтгүй. Залуу хүнд ур чадвараа сорих олон боломж олдох байлгүй дээ?
-Юу гэж чамлах вэ. Олон мундаг өрсөлдөгчтэй уралдаанд гуравдугаар байр эзэлж чадаж байгаа юм чинь дараа дараагийнхад илүү амжилт гаргаж болох юм байна гэсэн итгэл төрсөн. Би Отар Тактакишвилийн флейт хөгжимд зориулсан сонатын хоёр, гуравдугаар хэсэг, мөн Паул Таффанелийн “Jean de Nivelle” фантаз тоглосон.
-Одоо төгсөх тавдугаар курст сурч байгаа юм байна. Эх орондоо ирж ажиллах уу?
-Тэгнэ. Миний хувьд ажлын туршлага их чухал болохоор ойрын хэдэн жилдээ ажиллана аа. Тэгж байж үргэлжлүүлж сурах эсэхээ шийднэ.
-Ирээд Дуурийн театрын юм уу, эсвэл Улсын филармонийн симфони найрал хөгжимд ажиллах байх даа?
-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Надад бас дотроо бодоод явдаг нэг зүйл бий.
-Тэр нь юу юм бол?
-Үлээвэр хөгжмийн хамтлаг байгуулж, флейт, ер нь үлээвэр хөгжмийг үзэгчдэд илүү таниулахыг хүсч байна. Москвад үлээвэр хөгжмийн хамтлагуудын маш гоё тоглолтууд болдог. Үзсээр байгаад өөрийн гэсэн хамтлагтай болохыг хүсэх болсон.
-Аав нь зөвшөөрөх болов уу. Симфони найрал хөгжмийн сайн хөгжимчин бай, юун хамтлаг гэх юм биш биз?
-Харин ч эсрэгээрээ. Аав миний санааг их дэмжиж байгаа. Өөрөө үлээвэр хөгжмийн хүн болохоор дуртай хүлээж авсан.
-Аав нь магадгүй өөрөө залуудаа санаж хүсч байсан ч, амжуулаагүйгээ чамаар дамжуулж хэрэгжүүлэх гэж байгаа ч юм билүү, тийм ээ?
-Үгүй байх аа. Аав урьд нь тийм юм ярьж байгаагүй. Би Москва яваад ийм бодолтой болсон. Миний хобби юм даа. Монголдоо ирээд дан ганц модон үлээврийн хамтлаг байгуулаад зогсохгүй, төгөлдөр хууртай камерный тоглолтууд хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ хамтлаг гэдэг одоохондоо ердөө санаа төдий байгаа зүйл. Юуны өмнө ажиллаж, дөр сууж, туршлагатай болох нь чухал.
-Танай сургуульд Монголоос хэдүүлээ сурч байна?
-Одоогоор наймуулаа байна. Нээрэн саяын уралдаанд манай сургуулийн төгөлдөр хуурын ангийн оюутан Г.Оюун-Эрдэнэ маш сайн оролцсон. Төгөлдөр хууртай ансамблийн төрөлд түрүүлсэн. Энэ найзын маань ээж нь хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, хүмүүс сайн мэддэг дээ. Дуулаачаар сурдаг Ч.Бадрал маань Тверьт болсон олон улсын уралдаанд Гран при авсан.
-Танай сургуулийн монголчууд их сайн байгаа юм байна, дахин баяр хүргэе.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.Оюунаа/Өдрийн шуудан/