Герман Улсын “Mephisto Masken bildnerschule Hasso von Hugo” сургуулийг мэргэжлийн нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн Г.Цэлмүүн эх орондоо иржээ. Тэрбээр энэ мэргэжлээр төгсч буй Монголын анхны мэргэжилтэн юм
-Германд хэдэн настайдаа очсон бэ?
-Есөн настайдаа очсон. Тэнд арван жилээ төгсөөд үргэлжлүүлэн нүүр хувиргагчийн чиглэлээр сурсан. Нүүр хувиргагч гэхээр зөвхөн нүүр буддаг гэж ойлгож болохгүй. Нүүр будахын зэрэгцээ үс засалт, театрын нүүр хувиргалтын чиглэлээр сонирхолтой будалтууд хийдэг юм. Бас олон төрлийн баримал бүтээнэ. Ерөнхийдөө зураг зурах сонирхол минь намайг энэ мэргэжлийг эзэмшихэд нөлөөлсөн гэж боддог. Хүний нүүрийг хувиргахдаа эхлээд зураг зурж, дараа нь баримлаа хийдэг. Ингээд дуусахгүй тухайн онцлогт нь тохирсон будалтууд хийдэг юм.
-Нүүр будалтын чиглэлээр олон улсад мэргэжил эзэмшсэн анхны мэргэжилтэн нь та боллоо. Эх орондоо ирээд удаагүй мөртлөө богино хугацааны сургалт зохион байгуулахаар болсон гэсэн. Энэ талаар сонирхуулаач?
-Хүмүүс нүүр хувиргах хичээл заана гэхээр их сонирхож байна лээ. Ялангуяа энэ чиглэлээр ажилладаг уран бүтээлчид миний хувиргалтуудыг илүү сонирхож байгаа болов уу. Нүүр хувиргах мэргэжил олон төрлийн ур чадвар шаарддаг. Би тэдгээрээс special make up илүү сонирхдог. Сургалтын хувьд богино хугацаанд зохион байгуулах ч их үр дүнтэй ажил болно гэдэгт итгэж байна.
-Өнгөрсөн хугацаанд нүүр будалтын хэчнээн шоунд оролцсон бэ?
-Хоёрдугаар курст байхдаа нүүр хувиргагчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зохион байгуулдаг шоунд оролцон тэргүүн байранд шалгарч байсан.Шоунд 400 гаруйхүн оролцсоноос 10 хүнийг эцсийн шатанд шалгаруулсан. Түүний дараа үлдсэн оролцогчидтой өрсөлдөж тэргүүн байранд орсон. Шоуны гол сэдэв нь далайн амьтнаас сэдэвлэсэн бүтээл хийх байсан учраас “Хүн наймаалж” нэртэй бүтээл хийж байлаа.
-Бодит бус зүйлийг ургуулан бодохын тулд их судалгаа хийдэг үү?
-Багадаа нүүр хувиргалт ихтэй кино үздэг байсан. Хүүхэд байсан болохоор жүжигчнийг яаж ингэж өөрчилсөн юм бол гэж сониуч зан их хөдөлнө. Зарим нь яг жинхэнэ юм шиг харагдаад сонирхол их татдаг байж дээ. Тэгээд л сонирхлоо дагаад хар зураг зурж эхэлсэн.
-Хэчнээн уран бүтээлийн нүүр хувиргагчаар ажилласан бэ?
-Анх “Pandorum” киноны хувцсыг хариуцан ажиллаж байсан. Тухайн үед киноны нүүр хувиргалт миний сонирхлыг ихэд татсан л даа. Ялангуяа мутантын нүүр хувиргалтыг хараад нүдээ ч салгажчадаагүй. Тэр үед Холливудын нүүр хувиргагчаар ажилладаг залуутай танилцсан юм. Тэгээд тэр хүн надад air brush буюу шүршдэг будалтыг зааж өгсөн. Дараа нь түүнтэй богино хэмжээний кинонуудад хамтран ажилласан.Мөн Германд тоглож буй мюзиклуудын нүүр хувиргалтыг хийж байна. 2012 онд гарсан “Hansel&Gretel witch hunters” киноны зарим шулмын нүүр хувиргалтыг хийсэн.
-Одоо ямар байгууллагад харьяалагдаж байгаа вэ?
-“Kryolan” брэндийн ерөнхий нүүр хувиргагчаар ажиллаж байгаа. Энэ байгууллага манай “Mephisto Maskenbildnerschule Hasso von Hugo” сургуультай хамтран ажилладаг.
-Танд хамтран ажиллах уран бүтээлийн санал ирж байна уу?
-Энэ зун зураг авалт нь эхлэх Монголын түүхэн киноны нүүр хувиргагчаар ажиллахаар болсон. Кино дөнгөж анхан шатандаа баг бүрдүүлээд явж байгаа. Бас Берлинээс ажлын олон санал ирсэн. Ирэх сард очоод ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Гэхдээ зун эргээд ирнэ /инээв/.
-Оролцохоор төлөвлөсөн шоу бий юу?
-Ирэх дөрөвдүгээр сард АНЭУ-ын Дубай хотод болох “Global face art” шоунд оролцохоор болсон. Энэ шоунд оролцохдоо Монголынхоо онцлогийг тусгасан нүүр хувиргалтыг хийхээр төлөвлөөд байна. Зарим бүтээлээ уран нугаралттай хослуулна. Одоо энэ шоунд оролцох хөтөлбөр, скизээ гаргаж байна. Мөн ирэх гуравдугаар сард Германд болох томоохон шоуны урилга ирсэн.
-Есөн настайдаа Монголоос яваад одоо л эх орондоо ирж байгаа юм уу?
-2005 онд ирсэн. Тэр үед өвөө, эмээгийндээ зун ирсэн юм. Түүнээс хойш
ирээгүй байж байгаад одоо л Монголдоо ирж байна даа. Эх орондоо ирсэн чинь үнэхээр сайхан байна. Намайг Монголд ирнэ гэхэд “Их хүйтэн байгаа шүү. Дулаан хувцсаа өмсөөрэй” гэж захиж байсан. Хүйтэн байгаа ч эх орондоо ирэх сайхан байна. Ялангуяа багадаа сурч байсан сургуулийнхаа хажуугаар явсан чинь сайхан байна лээ. Би Германд байхдаа сургуулийнхаа хажуугаар гүйж байна гэж зүүдэлдэг байсан юм.
-Нүүр хувиргалтаас гадна чөлөөт зураг зурдаг уу?
-Манай төрсөн аав намайг хоёр настай байхад өөд болсон. Аав маань морь зурах дуртай зураач хүн байсан. Гурван настайдаа зураг зураад медаль авч байсан юм билээ. Ээж маань надад аавын тухай их ярьж өгдөг. Аав намайг тэнгэрээс харж байгаа гэж боддог юм. Би аавынхаа зурсан зургуудыг хадгалдаг. Бас аав шигээ морь зурах дуртай. Мөн бар, хүний хөрөг зурах сонирхолтой.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Гурван хүүхэдтэй айлын дундах нь би. Манай дүү аав, ээжтэйгээ Берлинд байгаа. Харин эгч Монголд сурдаг.Ер нь айлын дунд хүүхэд болж төрөх дажгүй юм билээ /инээв/. Анх ээж маань Герман руу яваад ажиллаж байгаад эгч бид хоёрыг авсан. Тийм болохоор анх Монголоос явахдаа танихгүй хүнтэй хамт Берлин руу явж байсан. Германд очоод намайг урлагийн сургуульд элсүүлэх гэсэн чинь насанд хүрээгүй гээд арван жилдээ дахин сурахаар болсон. Уг нь би Монголд байхдаа гуравдугаар ангиа төгсөөд явсан л даа. Гэсэн ч Берлинд гадаад хэл мэдэхгүй гээд дахин гуравдугаар ангиасаа сурахаар болсон. Гэхдээ гуравдугаар ангиа хурдан төгссөн. Учир нь Берлины гуравдугаар ангийн хичээл их амархан байсан шүү.
-Найз бүсгүй бий юу?
-Одоохондоо хүнтэй гэрлээгүй байгаа.
-Германчууд цаг барихдаа үлгэр жишээ үндэстэн шүү дээ. Анх Германд очоод цаг барихад амаргүй байв уу?
-Үнэхээр хэцүү. Анх цаг барихгүй зэмлүүлдэг байсан. Ялангуяа сургуульд
байхдаа олон удаа худлаа ярьж эмчийн акт авч байсан.Тэгээд товлосон цагаасаа өмнө ирэхээр “Чи эрт ирчихсэн байна” гэж хэлдэг. Тэгэхээр яг цагт нь тулгаж очихгүй бол болдоггүй. Сургуульд байхад ээж рүү яриад “Танай хүүхэд чинь хичээлдээ хоцроод байна”гэж ярьсан. Гэхдээ би сургуулиа амжилттай төгссөн.Манай сургуульд ази хүүхэд байдаггүй байсан. Хүүхдүүд намайг “Цэн мастер” гэж дууддаг байлаа. Хүүхдүүдэд зураг зурахад нь тусалдаг байсан учраас тэгж дуудах болсон.
-Цагаан сараар Та Монголд байх уу?
-Би анх удаа цагаан сар яаж тэмдэглэдгийг үзэх гэж байна. Тэгээд дээл авч өмсье гэж бодож байгаа. Яг монгол баатар шиг дээл, малгай өмсмөөр байна.
-Ярилцлагын төгсгөлд нүүр хувиргагч болох хүсэлтэй хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч?
-Хэрвээ нүүр хувиргагч болох хүсэлтэй байгаа бол цагийг хий дэмий өнгөрөөлгүйгээр үргэлж дасгал сургуулилт хийж байх хэрэгтэй. Хийхийг хүссэн нүүр хувиргалтаа цаасан дээр зур. Энэ нь танд дасгал болно. Бас мөрөөдөлдөө үнэнч байж, хэзээ ч битгий бууж өгөөрэй.
-Ярилцсанд баярлалаа.Уран бүтээлд тань амжилт хүсье.