ЭМГЭНЭЛ
Монголын театрын урлагийн ахмад зүтгэлтэн, найруулагч, Ардын жүжигчин Батмөнхийн Мушка 2025 оны нэгдүгээр сарын 17-нд таалал төгсөж, театрын урлаг хийгээд үзэгч олонд нөхөж баршгүй гарз учирлаа.
Монголын театрын амьд түүх, нөмөр түшиг болсон найруулагч Батмөнхийн Мушка нь 1929 онд Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг, Норовлин уулын зүүн бэлд мэндэлжээ. Тэрбээр 1939-1940 онд Ардын түр сургуульд элсэн орж улмаар 1940-1942 онд Ар Жаргалант Норовлин сумын бага сургууль, 1942-1945 онд Өндөрхааны бүрэн бус дунд сургуулийг дүүргээд урлагийн авьяас билэг, хүсэл тэмүүллээ даган Улаанбаатар хотыг зорьжээ. Б.Мушка нь 1945-1947 онд Улаанбаатар хотод уран сайхны сургуульд суралцаж төгсөөд алдарт “Бөмбөгөр ногоон” театраас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ үедээ тэрбээр С.Михалковын зохиол “Улаан бүч”, Д.Намдагийн зохиол “Залуу үе”, Ч.Ойдовын зохиол “Цолмон”, Э.Оюуны зохиол “Талын баатрууд”, К.Симонов “Оросын асуудал” зэрэг 20 гаруй жүжгийн туслах найруулагчаар ажиллан, найруулах эрдэмд шамдаж эхэлжээ. 1947-1957 онд тухайн үеийн нэршлээр Улсын Хөгжимт Драматик театрт туслах найруулагчаар ажилласан тэрбээр 1957 онд МУИС-ийн дэргэд найруулагч, зохиолч Л.Ванганы байгуулсан мэргэжлийн найруулагч бэлтгэх анхны ангид суралцан төгсжээ.
Монголын анхны мэргэжлийн найруулагчдын нэг Б.Мушка 1961-1963 онд Хэнтий аймгийн Соёлын ордонд найруулагч, 1963-1965 онд Улсын Драмын театрт Ерөнхий найруулагч, 1965-1967 онд Улсын Хүүхэд Залуучуудын төв театрт дарга, найруулагчаар ажиллаад 1967 оноос эхлэн хагас зуун жилийн турш орон нутгийн театруудыг хөгжүүлэх үйлсэд хошуучлан зүтгэсэн билээ. Б.Мушка 1967-аас 1988 он хүртэл 20 гаруй жилийн турш Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Булган аймгуудад найруулагч, даргаар ажиллаад 1988 онд 2003 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр хотноо суурьшиж Уурхайчдын соёлын төвийн эрхлэгч, хотын захирагчийн албыг тус тус хашиж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм.
Б.Мушка нь Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа Х.Очвалын зохиол “Тээлийн хөндий” (1964), А.С.Пушкины зохиол “Алтан загасны үлгэр” (1964), А.П.Чеховын зохиол “Интоорын цэцэрлэг” (1965), Л.Ванганы зохиол “Жирийн хүмүүс” (1966) жүжгүүд, Улсын Хүүхэд залуучуудын театрын тайзнаа Д.Сэнгээгийн зохиол “Аюуш баатар” (1967) жүжгийг найруулан тавьж байлаа.
Б.Мушка нь Монгол Улсад орон нутгийн театрыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаатай болгох, уран бүтээлийн чанарыг сайжруулах үйлсэд хагас зуун жилийн хөдөлмөр, авьяас билгээ зориулсан урлагийн зүтгэлтэн билээ. Тэрээр төрсөн нутаг Хэнтий аймгийн театрт 1961-1990 оныг хүртэл Н.Дугарсанжаагийн зохиол “Ялалтын жигүүр” (1961), Ч. Ойдовын зохиол “Далан худалч” (1962), Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван толгой” 1963 тэргүүтэн 20 гаруй жүжиг болон олон тооны концертыг найруулан тавьжээ. Мөн тэрбээр Сүхбаатар, Дундговь, Булган аймгийн театруудад Д.Намдагийн зохиол “Хярааны хонхорт” (1970), Д.Дожоодоржийн зохиол “Гэрэлмаа” (1980), Л.Ванганы зохиол “Эмч нар” (1985), Д.Чинзоригийн зохиол “Анхны хайрт хүрэх галт тэрэг” (1986), Д.Мягмарын зохиол “Би яагаад” (1986), Б.Жигжидсүрэнгийн зохиол “Манай ферм” (1990) тэргүүтэн тавь гаруй жүжгийнг найруулан тавьж, дэлхийн болон үндэсний олон арван зохиолчдын бүтээлтэй үзэгч олноо уулзуулан, соён гэгээрүүлэх үйлсийг тэргүүлэн зүтгэсэн гавьяатан байлаа.
Б.Мушка нь найруулагчийн ажлаас гадна С.Михалковын зохиол “Улаан бүч” жүжгийн Валерия Вишньяков (1948), Д. Намдагийн зохиол “Залуу үе” жүжгийн Дэндэв (1949) А.Поповын зохиол “Лениний гэр бүл” жүжгийн Лениний бага нас, Д.Батбаярын зохиол “Шувуу бүхэн жаргалтай” жүжгийн Нансал (1979) тэргүүтэн 10 гаруй жүжигт дүр бүтээжээ. Мөн өөрийн бичсэн “Ялалтын мөр”, “Сүүн цацал” жүжгүүдийг Хэнтий аймгийн театрын тайзнаа найруулан тавьж байлаа. Мөн төв болон орон нутгийн театрын тайзнаа 30 гаруй концертыг найруулан, олны сонорыг мялаажээ.
Б.Мушка нь идэр залуу наснаасаа эхлэн монголын ард түмнийг сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, насан өндөр болсон хойноо театрын урлагийн өвийг судлах, театрын зүтгэлтнүүдийн ажил үйлс, алдар нэрийг мөнхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайн ажиллаж, театрын ахмад, дунд, залуу гурван үеийг холбон, “Мушгиа найруулагч” хэмээн хүндлэгдсэн хүндтэй хүмүүн байлаа.
Найруулагч Б.Мушкагийн улс орон, ард түмэндээ зориулсан гэгээн хөдөлмөрийг үнэлэн 1961 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медаль 40,50,60,80,90 жилийн ойн медалиуд, 1982 онд Соёлын тэргүүний ажилтан цол, 1984 онд Алтангадас одон, 2011 онд Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, 2014 он Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 2021 он Монгол улсын Ардын жүжигчин цолоор тус тус шагнажээ.
Хоёр зууныг дамнан амьдарч, эх орон, ард түмэн, театрын урлагтаа залуу нас, авьяас билэг, ур ухаан, ахмад үеийн арга туршлагаа харамгүй зориулж, унасан нутаг, угаасан ус Улз голынхоо урт агаад тунгалаг урсгал шиг утга төгөлдөр амьдарсан эрхэм хүндэт таныхаа гэгээн алдар, гэрэлт дүрийг бид эгнэгт дурсан санах болно. Таныхаа бүтээж, өвлүүлж, хүсэж тэмүүлсэн их үйлсийг хойчийн уран бүтээлчид бид хоёргүй сэтгэлээр залгамжлан хөгжүүлж, хойч үедээ уламжлан өвлүүлэх хичээн зүтгэх болно. Та минь эгшиглэнт эх Янжинлхамын мэлмий дор амгалан нойрсох болтугай.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, үе үеийн уран бүтээлч анд нөхөд, шавь нар, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Улсын Драмын Эрдмийн Театр