Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөртэй жилийн өмнө цагаан сарын битүүний өдөр энэ ярилцлагыг хийж байсан юм. Бидний ярианаас “авах” өгүүлбэр бий байх хэмээн найдан сийрүүллээ.
-Сар шинэ болох гэж байна. Та ч онд мэнд тарган тавтай орж байна аа даа. Сайхан харагдаж байна?
-Жигтэйхэн тарган орсон байгаа биз дээ. (инээв)
–Ц.Гантөмөр гэхээр л нисгэгчийн дүр санаанд ордог. Та нарын дээрээс шүлсээ хаяж явлаа гэж агсамнаж буй омголон залуу. Чинбатын дүр танд хэр үнэ цэнтэй санагддаг вэ?
-Одоо бодоод байхад миний багш надад мөнхийн бүтээлийг маань өгсөн байгаа юм. Хөдөлмөрийн баатрын зарлиг уншихад Чинбатын дүрийг сайн бүтээсэн гэж тэмдэглэж байна билээ. Ванган багш намайг дуудаад би “Түмний нэг”-ийн хоёрдугаар ангийг хийх гэж байгаа. Чи тоглоно, чамд зориулсан шүү гэсэн. Эхлээд хилийн заставын даргын дүртэй зохиолыг надад уншуулсан. Дараа нь засаад нисгэгч болгосон байсан. Энэ кинонд тоглосноор би киноны жүжигчин болсон. 20, 30 жил театрт ажиллачихаад байхад намайг урьж энэ кинонд тоглуулсан болохоор Ванган багшдаа, Жигжид найруулагчид би баярладаг. Тайзан дээр эрх чөлөөтэй тоглож байсан хүн чинь дурангийн өдийхөн хэрээний зайнд багтаж тоглосон. Энэ чартаанаас гарч болохгүй шүү гэхээр бие баригддаг юм. Тэгээд бие тавигдаж байтал кино дууссан юм, сурч эхэлж байхад дууссан юм шүү дээ. Дүр сайн бичигдсэн учраас сайн бүтээсэн дүрд ордог байх.
-Одоогийн буурь суурь, амьдралын туршлагаас харахад туулсан зам, мөр тань хэр тод харагдаж байх юм. Ер нь урлаг танд юу өгөв өө?
-Ний нуугүй хэлэхэд жинхэнэ дүгнэлт хоёр метр нүхэнд орсны дараа гарна. Ер нь хүнийг амьд дээр сайн хэлдэггүй шүү дээ. Үхсэн хойно нь нэг их ярьдаг биз дээ. Өнөөдөр амжилттай явна, маргааш болохгүй. Юм гэдэг харьцангуй шүү дээ. Ингээд бодохоор жүжигчин сайхан ч ажил юм шиг, хэцүү ч юм шиг.
-Хөдөлмөрийн баатар хүртлээ ахисан хүн гавьяа шагналын талаар ямар бодолтой явдаг юм бол?
-Би гавьяа авъя гэж боддоггүй. Ажлаа бүтээх гээд л явж байсан нэг мэдэхэд гавьяат боллоо гэсэн. Бас их сонин, би жинхэнээсээ гавьяат болохдоо баярлаагүй юм шүү. Дарга нар та гавьяат болох нь гэхээр нь баярлаад хүлээгээд байсан болоогүй, төрийн шагнал авна, авна гээд байсан авдаггүй. Бүр хий гараад, ямар ч сонирхолгүй болсон хойно гавьяат, төрийн шагналтан болсон болохоор цочрох ч үгүй байлаа шүү дээ. Хүн ямарваа нэг алдар цолоор тэжээгдэж цатгалдвал юм бүтээж чаддаггүй. Ерөөс урлагийн оргил өөд тэмүүлдэг болохоос биш, алдар цолын төлөө тэмүүлж болохгүй. Ажлаа хийгээд л байвал аяндаа алдар цол ирнэ. Би ухамсартай, алдар нэрд дургүй хүн болж ярьж байгаа ч юм биш, миний амьдралын үнэн тэр. Хэзээ хойно гавьяат боллоо, төрийн шагнал авлаа. Ер нь би Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар гээд авах шагналыг бүгдийг авчихсан. Хамгийн сүүлд их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Хөдөлмөрийн баатар боллоо. Гэхдээ би Хөдөлмөрийн баатар болно гэж ажиллаагүй шүү. Заримдаа би яаж яваад Хөдөлмөрийн баатар болчихов оо гэж боддог. Баатар болтлоо хөдөлмөрлөсөн байна л даа, би. Хүн амьдралын төлөө мөнгөнд улайрч болно. Харин нэр алдрын төлөө зүтгэх нь ямар ч үр дүн өгдөггүй юм.
-Та чинь бас Буриадын том цолтон байх аа?
-Би Буриадын ардын жүжигчин. 1957 оноос эхлээд зөвлөлт Буриадын урлаг соёлтой холбогдсон. Өнгөрсөн жил байна уу, театрынхаа хамт олны хүндэт хүн болгосон. Тэгэхээр би бас тэдний хүн. Юу ч хийж бүтээлээ гэхэд бусдын орой дээр гартлаа хийлээ гэх юм байдаггүй юм даа хүү минь, хөдөлмөр дуусашгүй.
-Таны хувьд дүр бүтээх хэр зовлонтой ажил вэ?
-Зовлонтой. Надад ч хэцүү, бусдад ч хэцүү. Би шинэ дүр ирэхэд баярлахын хажуугаар айдаг. Театрын тайзан дээр тоймгүй олон гарлаа. 200-гаад дүр бүтээжээ гэж тооцоход 10 хуруунд багтах уу даа гэмээр дүр бүтээсэн санагдаж байна.
-Та хэдэн оны хүн юм бэ?
-1935 оны хүн. Залуудаа тайз засаад шороо тоос бужигнасан үед давхиж гараад “би хайртай” гэж орилоод байсан одоо хоолойны өвчтэй болсон. Гэхдээ дуртай ажлаа хийж байгаад өвдөхийг зовлонд тооцдоггүй юм. Намайг залууд ардын жүжигчин Цэндээхүү гуай чи дэндүү хайр гамгүй ажиллаж байна, чи сүүлд нь биегүй болно шүү гэж захидаг байв. Тэр үед тоохгүй явсан одоо биеэрээ үзэж байна.
-Гэхдээ та наснаасаа ануухан харагдаж байна?
-Улсууд чам шиг хэлдэг л юм. Яах вэ, нэг л өдөр “онхолдох” биз. Чамайг ч, намайг ч ялгахгүй нэг аймаар үнэн бий. Хүн болж төрсөн л бол үхэл үзнэ. Ингэж ярьж болохгүй л дээ, бүх юм утгагүй болох болохоор. Гэхдээ нарийн яривал үхэхийн тулд хүн төрсөн юм шүү, эцсийн эцэст. Тарчлахгүй л явбал болоо. Олон түмэндээ хэрэгтэйг бүтээгээд сэтгэл хангалуун явбал болоо.
-Та олон хүүхдийн эцэг. Урлагийнхан аавынхаа үүргийг маш бага биелүүлсэндээ гэж ярьдаг юм билээ?
-Би хүүхдүүддээ амьдралын нандин чанарыг ол, амьдралд нандин чанаргүй хүн их бий гэж хэлдэг юм. Хүнд ямар ч эрдэм заяаж болно, мөнгө, албан тушаал гээд. Гол нь хүн хүн хэвээрээ л байх ёстой. Би гэртээ бол жирийн аав, энэ гэрийн ерөнхийлөгч. Хүүхдүүд маань эхэндээ ийм том жүжигчний хүүхдүүд юм чинь бид сайд дарга эрдэмтэн болох ёстой гэдэг байлаа. Тэгэхээр нь би үгүй ээ, би та нарыг нам төрийн дайсан болгохгүй, эрдэмтнээ хийнэ үү, даргаа хийнэ үү, та нарын толгойны чадварын асуудал. Та нарыг дарга бол гэж албадахгүй гэж сургасан. Тийм учраас миний хүүхдүүдийн ихэнх нь ажилчин. Нэг нь кино найруулагчаар төгссөн ч ямар юмаараа кино хийх юм, мөнгөгүй юм чинь. Солонгост олон улсын эрхзүйн магистрт сурч байгаа. Нэг охин маань кино драмын анги төгсөөд ямар билээ нэг телевизэд найруулагч хийж байгаа. Бусад нь 50 гарсан, янз бүрийн “юм” байгаа шүү дээ. Тэд маань бүгд жирийн ажилчин токарьчин, засварчин гээд хөдөлмөрч улсууд. Нэг авах юм нь би өөрөө хөдөлмөрөөр хүмүүжсэн болохоор миний хүүхдүүд хөдөлмөрийн хүмүүжилтэй.
-Дотроо буцална гэж ярьдаг даа. Тайзан дээр таны дотоод сэтгэлд юу болдог бол оо?
-Би тайзан дээр хавь ойроо мартчихдаг юм. Манайхан, Буриадын нөхдүүд ч тэр Гантөмөр бол театрт заяасан хүн юм, тайзны л хүн гэдэг. Би наймаа хийж чаддаггүй хүн шүү дээ. Мөнгөө ч тоолж чаддаггүй. Мөрөөрөө амьдрахаас илүү шунал байхгүй. Энэ хөгшин онхолдоо бол амаараа шороо үмхэнэ. Өнчин явлаа, олон түмний хүчээр хүн боллоо тийм болохоор бусдын дээр гаръя гэсэн бодол надад байгаагүй. Хойшид ч байхгүй байсаар үхэх байх.
-Ингээд бодоод байхад амьдралаас та юуг илүү мэдэрсэн байна?
-Ганцаардлыг. Хүн ганцаардахгүй л явбал сайхан гэж бодсон доо. Өнчин хүн чинь их ганцаардана шүү дээ. Олон түмний дунд бужигнаж явбал болоод явах нь тэр.
-Таны дэлгэцэнд мөнхрүүлсэн дүрийг хараад байхад ааг омогтой, хийрхүү ч гэмээр юм уу нэг тийм дүр буугаад байх юм?
-Омголон уу.
-Тийм. Амьдралд энэ омголон зан бий болов уу?
-Ер нь амьдралд би үлбэгэр явахыг хүсдэггүй. Чигээрээ явж байгаа маань омгорхуу харагддаг байх. Омголон гэдэг хүн болгоныг загнаад, дээрэлхэхийн нэр биш. Юм бүтээхийн төлөө өөртөө зуулттай омгорхуу зан гаргана.
-Та залуу насаа бүрэн дүүрэн утга учиртай өнгөрөөж чадсан уу?
-Ямар ч хүн залуу насаа бүрэн ашиглаж чаддаггүй юм даа. Хүн залуу насны амьдрал хайраа жинхнээсээ олдоггүй юм шүү. Үүнээс л болгоомжилж яваарай. Залуу насанд сайн тал ч бий, муу тал ч бий. Омголоноороо алдана. Золбоологоороо ононо. Тийм болохоор залуу насыг хэтэрхий мулгуу шүтэж хөтлөгдөж болохгүй. Залуу мөртлөө хэрсүү байх хэрэгтэй. Гэнэнг хэрсүүгээр дар. Би өнчин өрөөсөн болохоор хэрсүү явсан. Өөрийн гэсэн орон гэргүй ч явлаа, айл айл хэсч амьдарч үзлээ. Нийтийн дунд амьдрах хүнд бас хэрэгтэй байдаг юм.
-Гантөмөр гэдэг хүний амьдралын хамгийн хэцүү үе хаана харагдаж байх юм?
-Алтан үеийн багш нар маань цуварч нас барсан үе. Анх театрт ороход дандаа 50 насны ой хийгээд л бөөн баяр болж билээ. 20, 30 жилийн дараа баахан хүн цувуулж оршуулахад тэр болгон миний зүрхнээс мах тасарч байв. Ийм зовлон үзсэн шүү, би. (хоолой зангирав) Цэргийн хорооны хүү гэдэг шиг би театрын хүү болж алдаж онож, босч харайж хүн болсон. Тэрнээс шулуун дардан зам гэж байгаагүй, хаа ч байхгүй. Чи намайг та болоогүй, ануухнаараа байна гэж байна шүү дээ. Хаа очиж би зовлонг зовлонд боддоггүй. Би гутралд орж сөнөдөггүй, амжилт олоод хөөрч нисдэггүй. Үүгээр би өөрийгөө бага зовоодог. Хүнтэй хэрэлдлээ ч гэсэн дараа нь аргадах гээд гүйгээд байдаг юм.
-Та бид хоёрын дунд насны зөрөө байгаа ч хайрын чадал чансааны талаар ярья?
-Зөв хайр бол биедээ уусахын нэр. Би чамд, чи надад уусвал тэгээд л хайр шүү дээ. Хайр сэтгэлд насны хязгаар гэж байдаггүй. Би боддог юм. Хайртай л бол эрэгтэй нь нэгдүгээр зэргийн дээрэмчин байсан ч амьдрана. Эмэгтэй нь дэлхийн нэгдүгээр зэргийн завхай байлаа ч гэсэн хайрлаад байж л байна. Энэ л хайр сэтгэлийн чадал. Амьдралд дурлал бий юү, бий. Мөнхийн дурлал байдаггүй юм. Тачаал хайраар суугаад удахаараа ах дүү төрөл садны хайр болж хувирдаг. Ухаан нь үр хүүхдээ хайрлах хайр, ханиа ээж шигээ хайрлах хайр болж хувирдаг. Гэтэл амьдралд нэг золиг шиг юм байдаг. Өмнө нь ч, хойно нь ч шохоорхол гэж нэг юм. Орчлонгийн хамгийн сайхан эртэй суулаа гэхэд бас нэгийг давж харж л таараа. Хойноос нь олилзоод л. Ийм юм байх шүү дээ. Харин сонирхлоо буруу ашиглавал завхай гэдэг рүү орно. Ямар ч гэсэн заавал хардаг юм даа.
-Тэгвэл хайр сэтгэл, сонирхол хоёрыг яаж ялгах билээ?
-Сонирхол гэдэг нь учиргүй хайрлаж байгаа мөртлөө тэр хүнээсээ нэг л өө олж харвал дургүй болчихдог. Дурлал гэдэг нь ямар ч муу юм болж байсан нөгөөдөхтэйгөө зууралдаад л байна. Насаараа хэрэлдээд л амьдраад байдаг хүмүүс байдаг даа. Насаараа хэрэлдэх хүнээ л олж амьдраарай. Тэгвэл жаргал.
Л.Мөнхзаяа
Эх сурвалж: eagle.mn