УДБЭТ-ын хамт олон 2025 оны хоёрдугаар сарын тоглолтоо Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетаар эхлэх гэж байна. Тодруулбал, энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 1, 2-нд тус балетыг толилуулах юм.
Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан санаа толгойд нь орж иржээ. Тэрбээр хожим нь Гейнед хандан “Эрхэм Гейне таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр чинь хачин сайхан балет хийж болох юм байна гэж дуу алдсан билээ” гэжээ. Ийнхүү “Жизель” балетын сэдэв санааны сэжүүр үүсэж, үүнийгээ жүжгийн цомнол болгон бичихэд туршлагатай цомнол бичигч, зохиолч Ж.Сен-Жорж түүнд тусалсан байна.
Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жан Коралли, Жюль Перро нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ.
Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт сонгодог балет юм. Мариус Петипагийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон гэж үзэгддэг.
Харин манай улсад анх 1979 онд “Жизель” балетыг тайзнаа амилуулж байжээ.
А.Аданы “Жизель” нь балетын төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони пуанты буюу хуруун дээр гарч бүжиглэжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд хөгжиж боловсронгуй болж, бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг болсон байна.
Зохиолч Ж.Сен-Жорж нэгдүгээр үзэгдлийн үйл явдлын зангилаа, хоёрдугаар үзэгдлийн сэдвийн ерөнхий чигийг тодруулж өгсөн бөгөөд энэ балетын сэдвийн учгийг ийнхүү гаргахдаа өмнөх үеийн бүжгийн урлагийн ололт амжилтыг түшиглээд зогссонгүй романтизмын эхэн үеийн шинэчлэлтийн арга барилыг ч бас бодолцсон юм. Сэтгэл санааны зөрчлийг хурц тод тусгах үүднээс жүжгийн үйл явдлыг хоёр үзэгдэлд цомхотгон багтаах зарчмыг ч бас баримталсан бөгөөд мөрөөдөл, гунигт хувь тавилан, аз жаргалын хий хоосон чанарыг гол сэдвээ болгосон гутранги үзэл бүхий романтизмын эхэн үеийн балетуудаас огт өөр утга санааг энэхүү балет илэрхийлжээ.
Хоёрдугаар сарын 1, 2-ны өдөр тоглох А.Аданы “Жизель” балетын Жизельд Гавьяат жүжигчин Б.Саруул, гоцлооч М.Нандинцэцэг, Албертад Х.Галтулга, Б.Дөлгөөн тус тус гоцлон бүжиглэх юм.