Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Ажил төрлийн хэлэлцээрийг урагшлуулахад ихээхэн хүчин чармайлт орно. Эхэлсэн ажлаа дунд нь орхилгүй, тууштай ажиллавал амжилтад хүрнэ. Бусдад сайхан харагдахыг хэт хичээх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарвал тааламжтай байна. Шаардлагатай бол эрүүл мэнддээ мөнгө харамгүй зарцуул. Энэ үед эмчилгээ эхлүүлж болно. Хорт зуршлуудаасаа салахад хэрэгтэй бол эмчийн туслалцаа аваарай. Гэхдээ таны сэтгэл зүйн чадвар өөрчлөлтийг хийхэд их хэрэгтэй гэдгийг ухаар. Хайр сэтгэлийн харилцаа эргэлзээнд автана. Хайртай хүнийхээ үг үйлдэлд хариу өгөхийн өмнө сайтар тунгааж бод. Та хууртагдаж төөрөлдсөн байх магадлалтай. Хэрвээ буруу сэтгэгдэл давамгайлбал та хэнд ч үл итгэж, сэтгэл түгшүүртэй болно. Ажил хэрэгч байхыг гадаад нөхцөл байдал шаардана. Удирдлагаас ирэх үүрэг даалгаврыг сэтгэл хөдлөлөөр хойшлуулах хэрэггүй байх. Аливаа бэрхшээл тодорхой цаг хугацааны дараа түр зуурынх л байсан нь тодорхой болдог. Иймд хүндрэлтэй асуудалд санаа зоволгүй, хийх ёстой ажилдаа л төвлөр. Чухал арга хэмжээ зохион байгуулах, ажил хэргийн уулзалт хийх шаардлага гарна. Үйл явдлыг хэт түргэсгэх гэж эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү сайхан сэтгэлээ бусдад харуулах боломж гарна. Гэхдээ өөрт төдий л хамааралгүй хүмүүсийн асуудалд санаа тавьж цаг гарздах шаардлагагүй. Эргэн тойрныхоо хүмүүст л өөрийн дэмжлэгийг зориул. Сайн танил ажилд тань тус болно. Өрсөлдөөн ихсэж буй үе тул яаралтай шийдвэрлэх ёстой асуудалд цаг алдалгүй анхаарлаа хандуул. Эргэн тойрны илүү дутуу асуудал та анхаарлыг сарниулна. Олон зүйлд самуурсан оюун бодлоо бясалга. Мөрөөдлөө цэгцэлж, ирээдүйгээ сайнаар төсөөл. Гэхдээ хоосон мөрөөдөгч болохгүй тулд гэр бүлдээ цаг гарга. Та гэр бүлдээ өөрийн нөлөө, үүрэг оролцоо, хайр халамжийг хир байгааг мэдэрч чадвал аз жаргалтай байх болно.
ҮХЭР
Хойш нь тавьсан, ойрд гар хүрээгүй ажлаа хийхэд таатай үе. Таны сэтгэл санаа дэврүүн байгаа ч мөнгөө хамаагүй үрж болохгүй. Гадаад нөхцөл байдал хэцүү байгаа тул мөнгөө гамна. Эд материалын ихээхэн хүч шаардагдах зүйлээр оролдох хэрэггүй. Харин хөрөнгө мөнгөний боломжтой хүмүүс үл хөдлөх худалдан авах талаар хөөцөлдөхөд сайн. Гэхдээ хэтэрхий идэвхтэй ажил хэрэг таныг ядраана. Та хайр сэтгэлийн харилцаанд яарсан, бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй. Амьдралд тохиох саад бэрхшээлийг тайван хүлээн авч сур. Нүүр тулсан нөхцөл байдлыг хүчээр өөрчлөх, сөрөх боломж бага байна. Сайн муу юуг ч байсан өөртөө ашигтай эргүүлж чадахыг амьдрах арга ухаан гэнэ. Ажил хэргээ амжилттай явуулах, муу санаатнуудын үйлдлийг таслан зогсооход төрөлхийн уян хатан, сонор сэрэмжтэй, зөн мэдрэмжтэй байдлаа ашиглахыг од эрхэс танд зөвлөж байна. Эрсдэлтэй арилжаа наймаа хийх бол сайн цаг иртэл хойшлуул. Урьдын тасарсан нөхөрлөл сэргэх үйл явдал тохиолдоно. Энэ холбооны ач холбогдол хожим тодорно. Мөн шинэхэн танилтай болох нь ч таатай нөлөөтэй гэдгийг од эрхэс зөгнөж байна. Долоо хоногийн сүүл рүү шаргуу хөдөлмөрлөсөн ажлынхаа үр шимийг хүртэнэ. Өөрчлөлт удаан хугацааны дараа үр дүн өгч магадгүй. Ашигтай санал тавих хүнтэй уулзана. Ухаалаг хүмүүсийн зөвлөгөөг дагаарай. Хэрүүл маргаан гарвал бусдаас бурууг бүү хай. Анхаарлаа гэр бүлийнхэндээ тулгараад байгаа бэрхшээл рүү хандуул. Гэр орноо засаж тохижуулахад сайн үе. Гэр ахуйн асуудлуудаа энгийн баяр баясгалан болгон хувирга. Хамгийн гол нь хувийн амьдралдаа та маш аз жаргалтай байхын тулд сэтгэл гутрах завгүй өөдрөг байх хэрэгтэй. Сэтгэлийн бэлэг нь гэр бүлийнхэн, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Архаг өвчин сэдэрч мэднэ. Өвчин таныг одоохондоо тийм ч их зовоохгүй байсан ч хайхрахгүй орхиж болохгүй.
ИХЭР
Уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд таатай байна. Ирээдүйн зорилгодоо хүргэхэд туслах хэрэгтэй мэдээллийг олж авна. Хийх ажлынхаа төлөвлөгөөг сайтар боловсруул. Байр суурин дээрээ хатуу зогс. Улиг болсон хэв маягаас тууштай татгалзаж, өөрийнхөө зөвийг итгүүл. Таныг буруутгаж, зарим үед бусдын алдааг хүртэл тохохыг оролдоно. Нөхцөл байдлыг зөв ухамсарлаж чадвал өөрийн үнэт зүйлээ хамгаалах болно. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа багагүй бэрхшээлтэй тулгарна. Улстөртэй холбоотой ажилладаг хүмүүс багагүй алдар нэртэй болох боломж гарч ирнэ. Шийдвэр гаргахад хэцүү асуудал дахин босож ирнэ. Зарим чухал шийдвэрийг удаан бодож гаргах гэснээсээ болж цаг алдах бололтой. Нэр хүнд олохын тулд азаа үзнэ. Мэргэшсэн ажлынхаа боломжийг зөв ашиглавал бусдын хүндлэл бишрэлийг төрүүлэх болно. Таны хүрээлэлд байдаг ч амьдралын өчүүхэн сорилтод тэнцэхгүй хүмүүсээс хол бай. Итгэл найдвараа хий дэмий зүйлд дэнчин болгон тавих хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр ихээхэн ачаалалтай байгаа хүмүүс эрүүл мэндийн бүрэн үзлэгт орохыг зөвлөж байна. Ямар ч ажилтай байсан ухаангүй дайрах хэрэггүй. Ухаалаг, тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд илүү тус болно. Шинэ ажил зохион байгуулах болон санхүүгийн хүндрэлээс гарах гарц олох хангалттай эрч хүч байна. Өөрийн үзэл бодол дахь алдаагаа засахгүй бол сөрөг энерги дахин дахин ирсээр байх болно. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Хайртай хүнийхээ сонголтыг хүндэл. Гэр бүл болон эцэг эхтэйгээ харилцах харилцаанд асуудал гарсан ч маргаан үүсгэхээс татгалз. Эелдэг зөөлөн аашийг тань бусдын зөрүүд, бүдүүлэг байдал үгүй хийхийг бүү зөвшөөр.
МЭЛХИЙ
Санамсаргүй алдаа гарах магадлалтай. Үйл ажиллагаандаа хууль дүрмийг чанд баримтал. Маш анхааралтай байж хэрэгтэй үед өөрийн зөн билэг, мэдрэмждээ итгэ. Уран бүтээлч хүмүүс амжилт гаргахыг од эрхэс амлаж байна. Амжилт таны босгон дээр хүлээж байна. Гэхдээ шаардлагагүй зүйл бол дэмий үед эрсдэлтэй алхам хийх явдал юм. Цагаа олж зогсоохгүй бол ээдрээтэй нөхцөл байдалд орж мэднэ. Танд бусдад хэлээгүй нууц байдаг бол тэр асуудал үүсгэнэ. Ойр дотнын хүмүүсийн дэмжлэг найдвартай ар тал болно. Худал үгэнд хууртан яаруу сандруу хийсэн үйлдэл алдаа авчирна. Олз ашиг хурдан олох гэж яаралгүй, зардлаа багасгаж түр амсхий. Хууран мэхлэлтийн золиос болохгүйн тулд бүх ажил төрлөө яв цав байлга. Нөлөө бүхий хүмүүст өөрийгөө харуулах боломж олдоно. Хэрэв та энэ боломжийг алдвал гомдолтой байх болно шүү. Өөртөө шаардлага тавихгүй байх эсвэл эргэлзэж тээнэгэлзэн ашигтай саналуудаас татгалзвал дараа нь харамсана гэдгээ санаарай. Долоо хоногийн сүүл рүү биеийн ерөнхий байдал сул байх боловч энэ нь сэтгэл санаанд нөлөөлөхгүй. Эрүүл мэнддээ анхаар. Ялангуяа сэтгэл зүйгээр тайван байхад илүү анхаарал тавь. Өөрийгөө хянаж, бүү уурла. Гэнэтийн орлого орж ирнэ. Худалдан авах эд зүйлээ удаан хэрэглэж болох тал дээр сайн судал. Ажил хэрэг дээр бусадтай муудалцсан бол харилцаандаа анхаар. Боломжийг ашиглан удирдах байр сууриа бэхжүүл. Хувийн ур чадвараа ил тод харуулахаас бүү нэрэлх. Холын замд хэрэг болох хүнээ түр зуурын ашиг хонжоо хайгчдаас ялга. Мөн хайртай хүндээ дэндүү өндөр шаардлага тавьж байж ч мэднэ. Зөрчилдөж буй асуудал дээрээ зөвшилцөж, алдаагаа засах алхам хий. Дараа нь харамсахгүйн тулд сэтгэл санааны байдлаа хянаж бай.
АРСЛАН
Энэ долоо хоногийн эхээр ажил хэргийн уулзалт амжилттай болно. Амьдралын буруу хэв маяг баримталдаг байснаас болж хууч өвчин хөдөлж мэднэ. Эрч хүчээ сайн сэргээж авахыг хичээ. Санаа зовоож буй асуудалдаа эргэн тойрныхныгоо татан оролцуулах боломжийг од эрхэс танд олгож байна. Ажил хэрэгт идэвх сайтай оролц. Арилжаа худалдааны гэрээ хэлцэл байгуулахад анхааралтай бай. Долоо хоногийн дунд үеэс хойш нөхцөл байдал тогтворгүй болох хандлага илрэх боловч энэ үеийг дажгүй давна гэдэгт найдаж болно. Бусдад биелэгдэшгүй амлалт бүү өг. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр. Удахгүй хувь заяанд тань эргэлт гарах магадлалтай. Бүх зүйлд бэлэн байхын тулд эрч хүчээ гамна. Үнэтэй эд зүйл, тоног төхөөрөмж худалдан авахаа түр хойшлуул. Шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Чухал асуудлуудыг шийдэх, шинэ ажил эхлэх зэрэгт тохиромжгүй байж мэднэ. Бусдын өгсөн зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар өөрийн бодолтой хандаарай. Хамгийн дотнын хүмүүстээ дэмжлэг болохыг хичээ. Тантай харьцахад төвөгтэй болгодог хатуу ширүүн дүр төрхөө авч хаяж, аль болох тайван бай. Зарим нөхцөл байдлыг бодитоор дүгнэхэд хүндрэлтэй байна. Зарим хүмүүсийн увайгүй үйлдэлд хариу битгий өг. Үл ойлголцол дээд цэгтээ хүрнэ. Гэхдээ үнэний талд буй хүн удахгүй ялах болно.
ОХИН
Ажил хэргийн харилцаагаа зузаатгах боломж гарч ирнэ. Ирээдүйн сайн хамтрагчаа олж авах боломжтой. Аливаа саад бэрхшээл бүхэн тийм ч муу үр дагавар авчрахгүйг санаарай. Өдөр тутмын санхүүгийн хэрэгцээ, шаардлагаас болж сэтгэл хямарч болзошгүй. Одоогийн ажил хэргийн бүтээмжээс хамаарч ядаргаанд орж магадгүй. Тогтворгүй нөхцөл байдал бий болно. Сэтгэл санааны өөрчлөлтөөс ихээхэн зүйл шалтгаална. Ажилдаа төвлөрөхөд хэцүү бол өөр хялбар зүйлээр оролдож, цагийг өнгөрүүл. Зарим зүйлийг хүчээр хийх гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Эрүүл мэндийн байдлаас болж чухал уулзалт хойшилж магадгүй. Зарим төлөвлөгөөг өөрчлөх хэрэгтэй болно. Хамгийн гол нь эрүүл мэнд гэдэг зарчмыг баримтал. Албан ажилдаа амжилт гаргах гэж хэт чармайх хэрэггүй. Хувийн асуудлаа шийдвэрлэх, үйл ажиллагааныхаа хэлбэрийг өөрчлөхөд сайн. Долоо хоногийн сүүл рүү ихэнх хүмүүс санаандгүй учралаас болж сэтгэл хөдлөлтэй тулгарна. Та ухаалаг, эелдэг байхыг хичээ. Давах хэрэгтэй сорилтууд болон чамгүй саад бэрхшээл тулгарах тул сэтгэл зүйгээр бэлэн бай. Ажлын ачааллаас болж мэргэжлийн ажлаа өөрчлөх бодол төрвөл нухацтай шийдвэр гаргаарай. Танд хэрэгтэй, оновчтой зөвлөгөө өгөх найз юу юунаас илүү хэрэгтэй байна. Сайн найзын тус дэм алдаа гаргахаас сэргийлж чадна. Хууль шүүхтэй холбоотой үйл ажиллагаа амжилттай болно. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа дотоод сэтгэлээ бүрэн ил гаргах нь эрсдэлтэй. Найз нөхөд болон гэр бүлийн хүрээлэлдээ анхаар. Ажлын ч хувийн ч аливаа үйл ажиллагаанд гол зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэнэ. Нэр хүнд олох нь хөрөнгө мөнгөнөөс илүү чухал санагдана. Эргэн тойрныхондоо өндөр шаардлага тавьдаг шигээ өөрөө ч бас алдаа бага гаргах хэрэгтэй байна. Өөрт байгаа бүхнээ бусадтай өгөөмрөөр хуваалц.
ЖИНЛҮҮР
Хамт олонтойгоо сайн ойлголцох хэрэгтэй. Хамтын шийдвэр гаргахад таатай. Ямар ч нөхцөлд ажилдаа сайн анхаарлаа төвлөрүүл. Өөрийн хийх ёстой ажлын төлөө хэн нэгэнд гомдол гаргах хэрэггүй. Янз бүрийн аргаар нэр хүнд олох гэж хичээх хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа сайжруул. Таны өгөөмөр сэтгэл, нээлттэй байдал ажил амьдралын бүхий л хүрээнд тус болно. Үзэсгэлэн худалдаа, спортын тэмцээн үзэхэд тохиромжтой. Найз нөхөдтэйгээ уулзах боломжийг бүү алдаарай. Бусдын зөв үлгэр жишээнээс суралцан, бодит байдалтай эвлэрч сур. Зөрчилтэй үзэл бодлоо өөрчлөх талаар бодоход буруудахгүй. Бусад хүмүүс ямар нэг боломжийг танаас нууцаар хүлээн авч, өөрсдийнхөө давуу тал болгохыг оролдоно. Өөрийн сайн талыг цаг зав гарган хөгжүүлж өрсөлдөөнд бэлэн бай. Долоо хоногийн сүүлээр од эрхсийн байрлал таны амьдралд өөрчлөлт билэгдэж байна. Хайртай хосууд хувийн амьдралдаа өөрчлөлт гаргана. Дотнын хүмүүстээ анхаарал тавих шаардлагатай. Өндөр настай аав ээж, хамаатан садныгаа баярлуулах багахан ч болтугай үйлдэл хий. Ахмад настай эсвэл эрх мэдэлтэй хүмүүс амьдралд тань таагүй нөлөө үзүүлж мэднэ. Зарим хүмүүс таны эсрэг нэгдэж үгссэн мэт хардлага төрөх байх. Ийм үед ойр дотнын хүн биш л бол өөрийн санаа зовоосон асуудлаа бусдад бүү дэлгэ. Бусдын нуруун дээр өөрийн бэрхшээлийг бүү үүрүүл. Бизнес болон мэргэжлийн ажилтай холбоотой бага зэргийн хүндрэл гарч магадгүй. Санаа муутай хүмүүсийн тараасан хов жив, цуурхал олон хүний чихэнд хүрнэ. Ийм үед нөөц төлөвлөгөө, цаг хугацааны мэдрэмж чухлыг та ойлгоно. Таны эрүүл мэнд доройтох магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
ХИЛЭНЦ
Ажлын ачаалал болон цаг хугацаанд хавчигдсан үүрэг даалгавраас болж өөрийнхөөрөө зүтгэх хүсэл төрөх бололтой. Хэт сэтгэл хөдлөлд автахаас болгоомжил. Хурц, халуун ногоотой хоол хэтрүүлж идэх, архи согтууруулах хэрэглэх хэрэггүй. Гэр бүлд үл ойлголцол гарсан ч удахгүй эвлэрнэ. Албан тушаал ахих болон ажил мэргэжлээ дээшлүүлэхэд таатай нөхцөл бүрдэнэ. Гэхдээ гэнэтийн үйл явдал таатай нөхцөл байдлыг эвдэнэ. Жижиг зүйлд ч хөнгөмсөг хандаж болохгүй. Зарим үйл явдал таныг биеэ илүү их дайчлахыг шаардана. Чухал мэдээлэл, баримт бичиг боловсруулах бүтээх чадвартай байна. Ирж буй бүх мэдээлэлтэй танилцаж байж, шийдвэр гаргаарай. Гүйцэтгэж буй ажлынхаа чанар стандартад анхаарлаа төвлөрүүл. Та бүгдийг товлосон хугацаандаа хийж амжих хэрэгтэй байна. Үүний тулд илүү шаргуу дайчин бай. Өмч хөрөнгөтэй холбоотой маргаан гарна. Өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг ашигтай нөхцөлөөр эргэлдүүлэх санаа төрнө. Хувийн амьдралаа олон нийтэд бүү зарла. Худалдан авсан эд зүйлсийнхээ тухай бусдад бүү ярь. Зарим дотно хүндээ ч тэгтэл итгэх хэрэггүй. Атаач хүмүүс нэр хүндийг тань унагаана. Хийх гэж төлөвлөсөн ажлыг тань үгүйсгэх нөхцөл байдал гарч мэднэ. Алдаа гаргахгүйг хичээх үе. Долоо хоногийн төгсгөлд хувийн амьдралаа цэгцэл. Түр зуурыг нөхөрлөл болон ашиг сонирхол удаан үргэлжлэхгүй. Эцэст нь хэт итгэсэн та л урам хугарч, гомдолтой хоцрох тул үргэлж анхааралтай бай. Хууч өвчтэй хүмүүс эмчилгээ болон гамаа таслах хэрэггүй. Хэчнээн сэтгэл хөдөлж байсан ч үйл ажиллагаанд бүү оролц. Хоббигоо хөөж эсвэл хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөө. Магадгүй танд ойр дотнын хүний халамж хэрэгтэй байна.
НУМ
Эрч хүчээ дэмий зүйлд тарамдуулахгүй байхыг хичээ. Сайтар бэлдсэн төлөвлөгөө өөрчлөгдсөн ч сандрах хэрэггүй. Ажил дээр төвөгтэй байдал үүсэж болзошгүй. Зарим зүйлийг хараагүй сонсоогүй мэт хажуугаараа өнгөрүүл. Болгоомжтой байж, ажил мэргэжлийн нууцаа сайн хадгал. Хүлээлтэд хүрээгүй уулзалт болж магадгүй . Хамт олны үйл ажиллагаанд оролцоход таатай. Нийтэч, өгөөмөр гэдгээ зарим хүмүүст нотол. Найз нөхөдтэйгээ уулзах нь ойрын хугацаанд олсон хамгийн сайхан санаа байх болно. Мөн хийх гэж буй зүйлийнхээ талаар гэр бүлийнхээ гишүүдэд хэлэх хэрэгтэй. Энэ үед хүн бүр жижиг гэлтгүй бүх зүйлд хувь нэмрээ оруулах бөгөөд хайр болон гэр бүлийн сайхан аз жаргал танд мэдрэгдэх болно. Танд итгэж, дэмждэг хүмүүсийн итгэлийг бүү алд. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс тань руу аз илгээж байна. Олдсон боломжийг бүү алд. Хүсэл тэмүүлэлтэй, өлсгөлөн шуналтай бай. Зарим үед нөхцөл байдлыг цаг хором бүртээ уралдаж буй мэтээр төсөөлж өөрийгөө хурцлах нь буруудахгүй. Гэхдээ энэ үед төлөвлөсөн ажил хэрэг санхүү мөнгөний ихээхэн зарлага шаардах бололтой. Гутрангуй үзэл, гуниглах хандлагаа няцааж зоригтой байх хэрэгтэй. Удирдан зохион байгуулах үйл ажиллагаа нэмэгдэнэ. Хийхийг үргэлж хүсэж байсан зүйлээ хийх боломж гарч, энэ нь танд сэтгэл ханамжийг өгөх болно. Гэхдээ гэрээ хэлэлцээрт зарим нэгэн саад учирч магадгүй. Гэр орондоо засвар үйлчилгээ хийх эсвэл эд хогшил худалдан авах хэрэгцээ гарна. Гэр бүлээрээ гадагш гарч амрах нь хамгийн сайн санаа байх болно. Ганц бие хүмүүсийг сайн танихад амаргүй хүнтэй хувь заяа учруулна.
МАТАР
Ирээдүйн амжилтад хүргэх түлхүүр байж мэдэх боломжийг олж харвал үйл ажиллагаагаа цаг алдалгүй хий. Энэ цаг үед амжилт танаас өөр хүнд шилжих нь амархан байх болно. Сэтгэл санаа тавгүй байсан ч ажилдаа нямбай ханд. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсээс ихээхэн дэмжлэг ирж, ажил хэргийн үйл явцад таатай нөлөөлнө. Санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болно. Харин олсон мөнгөө хэмнэх үү үрэх үү гэсэн сонголт нүүр тулгарна. Бодит боломжоо сайн тооцоол. Ямар нэгэн зүйл таны сонирхлыг ихээр татна. Хэрвээ та түүгээр оролдох болбол хянамгай бай. Та өөрийн ашиг сонирхлоос илүү ойр дотнынхоо хүмүүсийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарла. Бодол санаагаа хяналтад байлга. Учир нь санамсаргүй хэлсэн үгнээс болж зөрчил үүсэж магадгүй. Ажлын ачааллаа зохицуулах үйл ажиллагаа зохион байгуул. Долоо хоногийн сүүл рүү байгуулсан гэрээ хэлэлцээрээ бүү зөрч. Саад бэрхшээлийг аргалахын тулд хууль зөрчих хэрэггүй. Аливаа хоосон амлалтаас аль болох зайлсхийхийг од эрхэс танд зөвлөж байна. Уянгын халил ихтэй сэтгэлгээ давамгайлна. Та хөөрсөндөө өөрийн авьяас чадвараа хэт дөвийлгөх магадлалтай тул орчноо мэдрэхийг хичээ. Эрүүл мэндийн бага зэргийн асуудал тулгарах бөгөөд уламжлалт бус аргаар эмчилгээ хийлгэвэл амархан эдгэж магадгүй. Шинэ ажил эхлэлгүй, хуучин ажлаасаа ашиг олох боломж хай. Бичиг баримтуудаа сайн цэгцэл. Бодол санаагаа эмх цэгцтэй байлгахын тулд бясалгал хийгээрэй. Хэт ачаалалд орвол ажил болон амьдралдаа идэвх сонирхолгүй болно. Эсвэл их ганцаардана. Энэ байдал түр зуурынх байх болно. Ажил амралтын зөв хэмнэлийг ашигла. Ямар ч үед ойр дотнын хүмүүсээс нүүр бууруулах хэрэггүй. Од эрхсийн нөлөө зохицлын ачаар та хайртай хүмүүсээ сайн ойлгоно. Гэр бүлийн харьцаа улам дотно сайхан болно.
ХУМХ
Ажил хэргээ эрчимжүүлж, өөрт оногдсон үүрэг даалгаврын биелэлтийг шалга. Ажил хэргийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, аж ахуйн асуудал шийдэхэд тохиромжтой. Хувийн амьдралаа өөрчлөх боломж байна. Гэр бүлийн харьцаа, хайр сэтгэлийн холбоо тааламжтай байна. Аливаа сонголт муу байх нь амьдралд хор хөнөөл учруулна. Хэт эрчимтэй амьдрал таны эрүүл мэндэд ачаалал өгнө. Аль болох амар тайван байхыг хичээ. Замбараагүй хэрэглээ, зохисгүй хооллолт зэрэг нь эрүүл мэндэд хортой тул амьдралын хэв маягаа өөрчил. Тэвчээргүй зангаа тогтоон барь. Ойр дотнын хүмүүсээ сонс. Амьдралын ухаантай, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонс. Өмнө нь таныг гомдоосон хүнд дахин хууртахаас болгоомжил. Удаан хугацааны ажлын ачаалал таны бие сэтгэлийг ядаргаанд оруулна. Чухал баримт бичигт гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр байгуулах бол анхааралтай бай. Долоо хоногийн сүүл рүү аж ахуйн асуудлаар хөөцөлдөн, өөрийгөө бүү ядраа. Гэр бүлийн хүмүүстэйгээ сайн харьцаатай бай. Та ямар нэгэн чухал зүйлийн төлөө хариуцлага хүлээж магадгүй. Тулж ирсэн ямар ч асуудалд барьц алдахгүй, тайван байж, зөвөөр шийдвэрлэхийг зөвлөж байна. Аз жаргалын эрэлд хайгуул хийх хүсэл төрнө. Аз гэдэг зүгээр зам дээр хэвтэж байдаг зүйл биш. Азаа үзэх хэрэггүй. Шийдвэр гаргах бол нөхцөл байдлаа сайн судал. Алдаа гаргахаас сэрэмжилж, буруу үг хэлэхээс болгоомжил. Таны сэтгэл санаа өөр газар байгаа мэт мэдрэмж төрнө. Санамсаргүй алдаа гаргахгүйн тулд танд болгоомжлол, хянамгай байдал хэрэгтэй. Та огцом ааш гаргаж эргэн тойрныхноо гомдоохоос сэргийл. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.
ЗАГАС
Хуучны учрал сэтгэл хөдөлгөнө. Гэхдээ одоогийн тогтсон амьдралаа өнгөрсөн хайр сэтгэлээс болж өөрчлөх хэрэг байгаа эсэхийг сайтар бодоорой. Ажлын байранд гарах өөрчлөлт сэтгэл санаанд таагүй нөлөөлж магадгүй. Гэнэтийн бэрхшээл нь төлөвлөгөөнд тань өөрчлөлт оруулж мэднэ. Гэр бүлийн хүрээнд үүсэх асуудал дээр тэвчээртэй, тайван байх хэрэгтэй. Эрч хүчний түвшин тогтворгүй байх тул хамт олны үйл ажиллагаанд оролцохоор шийдвэл хүлээцтэй бай. Хэлэх үгээ сайн бодохгүй бол дараа нь санаа зовох болно. Од эрхсийн нөлөө тогтворгүй болж байгаа тул та сэтгэл санаагаа өөдрөг сайхан байлгахыг хичээ. Цаг үеийн нөхцөл байдал илүү мэдрэмжтэй байхыг шаардана. Урьдын хийсэн тохиролцоо цаг мөч тутам өөрчлөгдөж байгааг сайн тооцоол. Санхүүгийн гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны бичиг баримтад туйлын анхааралтай ханд. Чадварлаг мэргэжилтнээс зөвлөгөө ав. Өөрийгөө болон бусдыг хуурах хэрэггүй. Тааламжгүй нөхцөл байдлаас ямар нэг хуурмаг мэхлэлтээр мултрах гэсэн хүсэлдээ бүү автаарай. Шаардлагатай үед буулт хийх чадвартай бай. Нөхцөл байдал ихээхэн сэтгэлийн болон биеийн хүч гаргахыг шаардана. Долоо хоногийн сүүл рүү түншлэл байгуулах болон ивээн тэтгэгч олох үйл ажиллагаа амжилт олно. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд заавал гаднын тусламж эрэх хэрэггүй. Өөрийгөө сайн дайчил. Тооцоотой байхгүй бол бол таны хүнд хүчир хөдөлмөрөөр олсон мөнгө салхинд хийсэж болзошгүй. Анд нөхөрлөлийн хамгийн дурсгалт мөчөө санан, өнгөрсөн сайхан үеэ дурсаж сайхан энергиэр өөрийгөө дүүргэ. Амьдралын хэмнэлээ тогтворжуулах боломжуудыг сайн ашигла. Алдсан алдаа туулсан туршлага тань зөв алхам хийхэд их хэрэг болно. Дотоод сэтгэлд байгаа гунигаа хамаагүй хүмүүст бүү таниул. Гэнэтийн учрал болон яаруу шийдвэр сайн зүйл авчрахгүй. Гэр бүлдээ дарамт учруулах үйл ажиллагаанаас холуур байхыг хичээ.