Уншигч та бүхэндээ Далантай Энхбаатар хэмээх авъяаслаг уран бүтээлчтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрээр кино телевизийн найруулагч мэрэгжилтэ, 1994-2009 он хүртэл МҮОНТ-д найруулагчаар ажилласан. “Дурсгалтай дэлгэц” , “Тавтай морил” , “Замд гаръя”, “Гэрэлтэй цонх”, “Өглөө хөтөлбөр” зэрэг 5000 орчим нэвтрүүлгийн найруулагч санаачлагчаар ажилласан. Мөн “Зүрхний төлөөс” /1998 /, “Би бүжиглэнэ” /1999/ ,”Удирдагч” /2002 /, “Нар ойрхон жаргадаг”/ 2007/, “Дурлалын ангууч” /2009/, “Чонын алтан шагай” 35 анги /2011/, “Нар гарна, аз жаргал минь” 25 анги /2012/ зэрэг уран сайхны кинонуудын зохиогч найруулагчаар ажилласан энэ цагийн монголын кино урлагийн томоохон төлөөлөл болсон эрхэм уран бүтээлч юм. Эдүгээ “ Анирлагч “ уран сайхны киноны Зохиогч, Ерөнхий найруулагчаар ажилласан юм.
Сур асуулт: Танд энэ өдрийн мэнд хүргэж, шинэ уран бүтээлд тань амжилт хүсье.
Д.Энхбаатар: Баярлалалаа. Тун удахгүй манай "Амар медиа" продакшны дэлгэцийн шинэ уран бүтээл болох "Анирлагч" бүрэн хэмжээний уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Яг үнэндээ Ялгуусан морин жилийн анхны кино болж байгаа учир бидэнд аз хийморьтой, сэтгэл өөдрөг уран бүтээл болж байна. Хамт олондоо, хамтран ажилласан бүхий л уран бүтээлчид, ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье.
Сур.асуулт: Эн түрүүнд “Амар медиа” болоод “Анирлагч” киноныхоо уран бүтээлчдийн. Талаар танилцуулаач?
Д.Энхбаатар: "Амар медиа" бол та бүхний амар мэндийг шинэ шинэ уран бүтээлээрээ эрж, Мэнд амарыг ерөөсөн билэгдэлийн нэр бөгөөд санаачлан байгуулагч жүжигчин продюсер Адъяагийн маань хайртай хүүгийн нэртэй хувийн продакшн юм. Гар сэтгэл нийлсэн андуудын нөхөрлөлөөс үүдэлтэй, интертаймент чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой. Тайз дэлгэц, телевиз бизнесийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан андууд давтагдашгүй бас тэсрэлттэй ажлууд хийе гэж байгуулсан. Үүнд манай Адъяагийн үүрэг асар их бий. Тиймдээ ч гараагаа энэ том киногоор хийж байгаа юм. Би зохиолыг бодит явдлаас сэдэвлэхийн зэрэгцээ Адъяад хошин дүрээс түр татгалзахыг санал болгосон. Ингээд бараг түүнд зориулж зохиол дээр ажилласан. Өөрийнхөө санааг хамгаалаад байхгүйн тулд мөн гар нийлж, сахилгагүй сэтгэдэг найзуудын хувиар найруулагч Сангибат маань уригдан хамтран гүйцэтгэл дээр ажилласан. Сайхан ч гар нийлсэн. Мөн сүүлийн гурван жил миний зохиолыг нугалж буй Оюунгэрэл гэж нууцлаг авъяастай бүсгүй зохиолыг эцэслэн бичсэн. За ингээд сайн өнгө будагтай зангарагтайхан зураглаач, манай сургуулийн он жав Отгондаваа маань гардан зураглаж, жүжигчин найруулагч Батбаяр, 2-р найруулагчаар ажилласны зэрэгцээ ажил хэрэгч залуучууд, найзуудтайгаа нийлээд зураг авалтыг Сэлэнгэ аймгийн Бугант тосгон гэж байгалийн мөн чанарыг харуулсан ээлтэй нутаг, өгөөмөр ард түмний дунд өнгөрсөн 7,8-р сард авсан. Манан, бороо, нар сүүдэр, нуга тайга, гол мөрөн гээд яг л захиалсан агшингууд байлаа. Санги бид хоёр дэндүү бараан болчих байсан тэмцэлт драмын алтан дунджийг нь олохоор тавилтандаа анхаарсан. Монгол хүний мөс хийгээд зөөлөн уяхан зан цухалзаж байсан шүү манайхнаас… Ингээд л эцсийн эцэст жүжигчид маань зохиолыг таашаан орсон учир өөр өөрийнхөөрөө шимтэн урласан. Өмнө нь хийж байсан дүрүүдээс нэг ч хувирал давтамж оруулахгүй гэж ярилцсан. Кино бол үнэхээр ийм л бодит үйл явдал болж дээ гэж үзэгчид маань хүлээн авахаар зорилгыг агуулсан уу гэхээс тэр гавъяат энэ мисс тоголжээ гэж өнгөцхөн очих бүтээл биш шүү дээ. Одоо хийдэг нь ч , үздэг нь ч кино шиг кино урлах цаг нь болсон. Би хувьдаа үүний төлөө суралцаж байна.
Сур.асуулт: Тэгэхээр энэ бүтээлийн талаар гарсан нэгэн мэдээнд Гурвалсан драм гэж онцолсон байсан. Мөн Тэнд оршиж буй хөдөлгөөн бүрийг ажиглаарай. Та анирлах болно.гэсэн нь ямар учиртай билээ?
Д.Энхбаатар: Анх би зохиолынхоо санааг “Тэнгэрийн дууг сонсоорой. Анирлаж чадсан хэнд ч аз жаргал илгээдэг юм билээ.” Гэдэг ишлэлээс хөврүүлсэн юм. Нэг ёсондоо хэн хэзээ хэрхэн анирлах вэ буюу нэг агшин хэмээх тодотгол дээр ажилласан гэсэн үг. Тэр агшинг л та анирла. Энэ үг маань үзэгч та бүхэнд зориулсан болж байгаа биз. Кино үргэлжлэх нийт хугацаа буюу энэ агшинд та Анирлагч /үзэгч/ бол гэсэн үг. Анир чимээг сонсогч хэмээх энэ үгийг Цэвэл гуайн толиноос харж болох ч агуулгаараа гуравдагч талыг уусан оруулах брэнд үг юм шүү. Гурвалсан гэдэг маань хосолсон нйилмэл драммууд дээр идеал сэтгэлгээг хоршуулсан жанрыг хэлж байгаа юм. Бодит ба фантаз үйл явдалууд нийлж, яг реалны ойрхон байдлаар үзэгчдэд шууд хүрэх нэршил гэж ойлгож болно. Энэ л үүднээс “Анирлагч“ гэж нэрийдсэн. Тайлбарыг үзэгч та өөрөө үзэж олоорой. Гагцхүү та бүхнийг олон зүйлийг зүрх сэтгэлээрээ анирлаад гарна гэж бид итгэж байна. Магадгүй “Анирлагч нэртэй ямар ч бүтээгдэхүүн дараа нь гарахыг таашгүй.
Сур асуулт: Танай энэ бүтээлд тоголсон жүжигчид үнэхээр өмнөх дүрүүдээсээ ялгагдсан гэж ойлгож болох уу? Кино шүүмжлэгчид энэ тухай тэмдэглэсэн байна лээ?
Д.Энхбаатар: Би дахин хэлье. Гавъяат байсан уу байсан. Миссүүд ч байгаа. Царайлаг нь ч ,хошин сахилгагүй нь ч манай жүжигчид. Бидний сонгосон дүрүүд. Тэд бол таны үзэж байгаа дүрслэл дээр хэзээ ч юм,хаана ч юм, хайр сэтгэлийн тулаанд,алс тайгад нүүр тулсан өрсөлдөгчид, хайртай охидоо, хайран байгал дэлхийгээ хамгаалж буй дайчин эх, зүсийг нь хараагүй ч захидал хайрын мөртүүдэд нь дурласан гэнэн томоогүй танхил охин, тэнгэртэй ярьдаг солиотой эгч,шаргачин янзага хоёрыг нударсан үйлийн үрт гөрөөчин эцэг,гэх зэрэг бодит хүмүүс юм. Хэн гэж ур чадвартай жүжигчин хэрхэн яаж гаргасныг та бүхэн өөрсдөө кино дэлгэцнээ тун удахгүй хүлээн авна шүү дээ. Тэр нөхдийг хамтдаа шүүцгээе. Үнэхээр манай Адъяагаас эхлээд юун хошин шог вэ, эсрэг дүрийн гаж донтон болж,ёстой л хийдгээ хийчихсэн шүү. Тайзнаа Ану хатан болж бужигнуулсан, ганц дүрийнхээ жүжгээр зангарагаа таниулсан Баясгалан хадагтай маань зовлонт эх, зоригт ковбой эмэгтэй болсон гэх зэргээр Д.Гүрсэд МУГЖ, Э.Ууганбаяр, П.Шүүдэрцэцэг, Б.Бадамцэцэг, Х.Батбаяр нар маань тэсэрсээн тэсэрсэн.
Сур. асуулт: За баярлалаа. Сонирхолтой мэдээллийг цаг заваа гарган өгсөн танд баярлалаа.
Д.Энхбаатар: Ингээд үзэгч, уншигч, сонсогч, анирлагч та бүхнийг ирж буй морин жилийн сар шинэ буюу 2-р сарын 5-аас Тэнгис Өргөө Соёмбын дэлгэцнээ мөн орон даяар нээлтээ хийх “Амар медиа” продакшны шинэ бүтээл “ Анирлагч “ кинонд урьж байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn