"Киви" хамтлагийн Ука буюу Уламбаярын "Zindaa entertaiment"-д өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Энэ өдрийн мэнд. Нэг өдөр яаж өнгөрч байна. Урлагийн хүн, бас оюутан болоор ямар байна?
-Ер нь улирал улирлаар өөр өөр л дөө. Энэ улирлын хувьд хичээлийн, баярын уур амьсгал давхцсан нилээд хүндхэн сар байна. Гэхдээ энэ нь гайхалтай. Гоё байна.
-Монгол дээл өмссөн чинь их өвөрмөц харагдаж байна?
-Харин тиймээ. Гэнэтийн юм боллоо. Монгол HD телевизийнхэн цагаан сарын баярын нэвтрүүлэгтээ монголын ардын дуунаасаа нэгийг сонгоод дуулаач гэсэн юм. Гэвч тэд тодорхой зүйл хэлэлгүйгээр маш гэнэтийн, хувцас энэ тэр гээд бүх зүйлийг нь цаанаасаа бэлдээд шууд орсон. Энэ нь маш сонирхолтой байлаа.
-Бага насныхаа тухай ярья. Укагийн ээжийг бол магадгүй хүн бүр мэдэх байх. Тэгвэл аавыгаа танилцуулаач.
-Манай гэр бүл ээж ааваасаа зургуулаа. Жирийн л айлд өсч торнисон. 24-ийн цэцэрлэгт яваад л… Би бол аавтайгаа маш адилхан.
-Ээжээсээ өөрийнхөө хувь заяаг асууж үзсэн үү?
-Яг энэ асуултыг надаас их олон хүн асуудаг юм. Гэхдээ манай ээж яг энэ тал дээр үздэггүй л юм шиг байна лээ. Харин эх хүний зөн совингоор бид нарт маш их санаа тавьдаг. Эх л хүн юм чинь. Ер нь манай ээжийн бид нарт байнга хэлдэг нэг сургааль байдаг. “Зөв бодолтой л байх юм бол бүх заяа нь сайхан байдаг. Зөв л яваарай хүүхдүүд минь” гэж үргэлж хэлдэг. Бид нар ч бас үүнийг нь бодож, санаж, бясалгаж явдаг. Ээжийн минь хэлсэн сургааль үгнүүд их сайхан, гайхалтай байдаг.
-Магадгүй нэг залуутай чамайг үерхэж байхад чинь ээж чинь гэнэт “Наад залуу чинь болохгүй юм байна. Харш жилтэй байна” гэвэл яах вэ. Ер нь чамайг хэлээгүй байхад ийм зүйл тохиолдож байсан уу?
-Үгүй. Одоохондоо тийм юм болоогүй л байна.
-Ука хэчнээн найз залуутай байсан бэ?
-/Нэлээд бодол хийлж байсанаа/ Их эвгүй асуулт байна. /инээв/ Албан ёсны бол их цөөхөн л дөө.
-Ирээдүйн нөхрөө ямар хүн байгаасай гэж боддог вэ. Хэчнээн урлагийн хүн байсан ч хэзээ нэгэн цагт гэр бүлтэй болно шүү дээ.
-Гэр бүлийн хувьд би үнэхээр сайн сайхан амьдрах юмсан гэж хүсдэг. Яг над шиг бүсгүйг хайж байгаа хүнтэй, бас миний хүсч байгаа тэр хүнтэйгээ нэг сайхан учрах юмсан гэж хүсч мөрөөддөг. Яг л нэг нэгэндээ зориулагдсан. Арга билэг шиг. Тэрнээс биш яг ийм эр хүн таалагддаг гэсэн юм байдаггүй. Би хэн нэгэнд бэлтгэгдэж байгаа шиг, надад бэлтгэгдэж байгаа тэр хүнийгээ олох юмсан гэж боддог доо.
-Хэдэн хүүхэдтэй болъё гэж боддог вэ?
-Би 2-3 хүүхэдтэй болъё гэж заримдаа боддог. Гэхдээ одоохондоо ийм төлөвлөгөө алга. Яг заяаны хань минь ирээд хүүхэдтэй болох тэр үед л би энэ талаар бодох байх. Надад хийхээр төлөвлөж байгаа зүйл их байгаа учраас, өнөөдрийн хувьд хүүхэдтэй болох төлөвлөөгүй л байна.
-Хэрвээ "Киви" хамтлагт ороогүй байсан бол ийм олны танил, нэр хүндтэй болох юмсан гэж боддог байсан уу?
-Боддог байсан. Зурагтаар өөрийгөө нэг харах юмсан. Миний хийж бүтээж байгааг хүн бүхэн мэддэг байгаасай, тайзан дээр гараад л, өөрийгөө зурагтаар харах юмсан гэж ер нь багаасаа мөрөөдөж өссөн.
-Урлагийн хүн болоод урлагийн мэдрэмж чинь хэр өөрчлөгдсөн бэ?
-Маш хурдацтай бүх юмны урд гарч, бусдыг байлдан дагуулж, хийж байгаа уран бүтээлээрээ сэргээх ёстой гэх зэргээс эхлээд л маш хатуу гэдгийг бол урд нь ойлгодоггүй байж. Яг одоо миний мэдэрч байгаагаар урлаг бол маш хатуу. Юм бүхний урд байж, манлайлалд явж, жинхэнэ урлагийн хүн гэж хэлүүлэх ёстой гэж би боддог. Ямар ч байсан би өөрт байгаа бүхий л зүйлээрээ бусдыг дайлна. Дайлах гэдэг бол эд материалаар биш, өөртөө дотроо байгаа гэгээлэг сайн сайхан зүйл, үзсэн харсан бүхнээр, уран бүтээлээр тэгье, ингэе гэж бусдыг уриалах дуртай. Урлагийн хүн болно гэдэг бол маш олон зүйлийг түрүүлж харж, мэдэрч, сонсож бусдад түгээх, мөн бусад урлагийн хүмүүсийнхээ хийж бүтээж байгаа бүхий л зүйлийг түрүүлж харж, үзэх боломж надад байдаг.
-Урлагийг нэлээн хатуу гэж хэлээ. Хатуу гэдэг нь яг юуг илэрхийлж байна. Шантармаар үе байсан уу?
-Байлгүй яахав. Хатуу гэдэг нь хамгийн энгийнээс нь хэлбэл би нууцлагдмал байж болохгүй. Миний хэн нэгэнд мэдэгдүүлэхийг хүсээгүй зүйлийг аль хэдийн мэдсэн байх ч юм уу. Шинэ дуу гарах үед, энд тэнд спортоор хичээллээ гэхэд бас л мэдчихсэн. Би уг нь бэлтгэлээ хийгээд, бэлэн болсон үедээ гаргана гэж байхад аль хэзээ надаас түрүүлээд мэдчихсэн, "Чи тэгнэ гэсэн үү, чи тэгсэн юм уу" гээд л асуухаар хааяа урам хугардаг. Бэлэн болоогүй байхад мэдээд гээд л нулимс цийлэгнэмээр үе ч байсан.
Бас болоогүй зүйлийг болгож ярих, хийж байгаа зүйл нь жаахан цаг хугацааны явцад хоцрох үед “Чадахгүй юм байж” гэх ч юмуу, хэл амаар доромжлох үед нэлээн хатуу хүнд санагддаг. Учир нь хүмүүс болоогүй зүйлийг нэг л өнцөгөөс нь харж, тэрэндээ итгэдэг болохоор тэр нь их хатуу. Заримдаа "Би ийм хүн биш шүү дээ” хэлье гэсэн ч хэлж чадалгүй, аль хэдийн тэр буруу ойлголт нь хүмүүсд хүрчихсэн байдаг.
-Шар хэвлэлүүдийн тухай юу гэж боддог вэ, өөрт чинь яаж нөлөөлдөг вэ?
-Бүх зүйл хоёр талтай. Олон талаас нь харж мэдрэхийг хичээдэг. Шар хэвлэлүүдэд бидний хийсэн уран бүтээлүүдийг янз бүрийн талаас нь бичиж хүмүүст хүргэдэг сайн тал байдаг ч бас муу талтай. Энэ бүхэн сүүлдээ баримт болоод үлддэг болохоор хэдэн арван жилийн дараа ч гэсэн хүмүүст буруу, худлаа ойлголт төрүүлэх вий гэдэг дээр л их эмзэглэдэг. Янз бүрийн хэл амнаас өөрөө хол байж хэвлэлийхнийг бас үнэн зөв мэдээлэл хийдэг байгаасай гэж хүсдэг.
-Дүү чинь олимпийн аваргатай гэр бүл болсоноос хойш өөрөөс чинь дутахааргүй яригдах болсон. Дүүгийнхээ талаар ярьвал?
-Би маш хөөрхөн, сайн дүүтэй. Харин хувийн амьдралынх нь талаар би мэдэхгүй. Ямар ч байсан би хөөрхөн хоёр дүүтэй. Миний дүү миний арын бүх албыг хариуцдаг. Хичээлтэй байхад минь хичээлд тусалж, ажилтай байхад минь хүртэл тусалдаг. Хувцас хунарыг минь угаах, өглөөний цай, оройн хоол, бананд ус тосох ч юмуу ер нь бүх ар гэрийн ажлыг хариуцаж явдаг гайхалтай сайн дүүгээрээ бахархдаг.
-Өөрийг чинь найз залуутай болжээ гэж хэвэлүүдээр нэг хэсэг шуугисан. Энэ тал дээр үнэн бодит мэдээлэл хүргээч? Найз залуутай болж амжаагүй байна. Хэзээ болох вэ?
-Ер нь болох юм сан гэж бодож байгаа./инээв/Нөгөө надад бэлтгэгдэж байгаа залуугаа хурдан олоод авчих юмсан. /инээв/ Гэхдээ цаг зав гарахгүй байна. Цаг зав гаргачих юм бол болох л байх.
-30 гарчихлаа хүүхэд төрүүлэхэд оройтдог гэдэг шүү дээ энэ тал дээр юу гэж боддог вэ?
-Бурхан намайг энэ талаас нь их харж үзсэн байгаа байх гэж боддог ш дээ. Миний хийх ёстой ажлыг би өөрөө бас зурж байгаа, дээрээс бас зохицуулж байгаа гэж боддог. Ингэж боддог болоод ч тэрүү миний хийж байгаа зүйл улам баяртайгаар биелэгдээд байдаг. Гэхдээ би үүнд нэг их санаа зовохгүй байгаа. Энэ хийж байгаа бүхэн минь миний ажил, харин хувийн амьдрал минь их амгалан тайван, аз жаргалтай, хангалуун байгаасай гэж хүсдэг. Хангалуун гэдэг нь бүх талаараа, мэдээж энэ хүртэл ажиллаж, амьдарсан юм чинь цаашдаа бас сайн сайхан л амьдармаар байна шүү дээ. Ямар нэгэн зөрчилдөөнгүй, бие биенээ маш сайн ойлгодог, эерэг ивээл сайн сайхан хүнийг олчих юм бол гэж бодож байна. Энэ хүртэл би бас маш их тэвчлээ.
-Ойрын үеийн ажилын төлөвлөгөө?
-Миний ажлын төлөвлөгөө зургаан сар хүртэл гаргасан байгаа. Одоо 26-нд Стаколим хотод болох Мерседес бенз шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр нь "Ориплейм" компани оролцож байгаа. Ориплем компанийн “The On” хэмээх шинэ нүүр будалтын бүтээгдэхүүн тэнд нээлтээ хийх гэж байна. Энэ бүтээгдэхүүний Монгол дахь дүр төрөхөөр нь би шалгарч 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулаад уг бүтээгдэхүүний нээлтийн ажиллагаанд 26-нд явах гэж байна.
-Баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ бол үнэхээр гайхалтай ажил. Тэндээс ирээд хоёрдугаар сарын 6-нд Америкийн Нью-Йорк хотод болох "Мерседес бенз" шоунд манай загвар зохион бүтээгч Катя Зол болон Монголын брэндүүд оролцох шоунд хүндэт зочиноор уригдсан байгаа. Манайхаас "Саран" кашмер, "Дархан нэхий" гэх мэт монгол гэх бүх загварууд "Мерседес бенз" шоунд оролцож Цаашлаад Санфранциско хотод очиж Монгол оюутан залуустайгаа уулзаж Монголын өв соёлыг танилцуулах үйл ажллагаанд оролцож өөрийн уран бүтээлээсээ хүргэнэ. Үүний дараа гуравдугаар сард "Киви" хамтлаг Монгол орон даяар явж “Киви 2014” тоглолтоо хийнэ. Ингээд зургадугаар сард сургууль минь амарч би сургуулиа төгсөнөө./инээв/ Ийм ажлуудын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-"Киви" хамтлагаас анх удаа ганцаараа Альбомаа гаргасан тэр үед ямар санагдаж байсан бэ?
-Үнэхээр гайхалтай байсан. Киви хамтлагт орсоноос хойш 7 дахь жилдээ бие даасан цомогоо гаргасан. Хүмүүс бие даасан цомогоо гаргах уу гэж асуудаг байсан. Тухайн цаг үед тийм бодол байгаагүй. Гэхдээ энэ санаа анх 2010 онд гарч байсан. Тэр үед бид нар урагшаа Хөх хот руу явж байхад Ангирмаа багш “Одоо чи цомогоо гаргаж болно” гэсэн саналыг тавихад үнэхээр гайхалтай санагдаж байсан. Миний цомогийг хийхэд багш маань мэргэжлийн өндөр түвшинд, мэргэжлийн компаниудад санал тавьж хамтарч ажиллаж цомог маань гарсан. Цомогоо гаргасандаа би маш их баяртай байдаг.
-Өөрийн чинь дуулъя гэж хүсэн хүлээж байсан дуунуудаас цомогтоо оруулсан уу?
-Одоо ч гэсэн өөрийнхөө бие даасан уран бүтээлүүдээ хийгээд явж байгаа. Өнгөрсөн 2013 он бол миний хувьд үнэхээр гайхалтай жил байлаа. Тайзны урлагт дүр бүтээлээ, гадаад оронд очиж загвар өмссөн, хамтлагийнхаа 9 жилийн ойн тоглолтуудын хийсэн, бие даасан уран бүтээлээ "Татар" хамтлагтай, мөн өөрийн хүндэтгэж явдаг Мишээл эгчтэй киноны дууг дуулсан гэх мэтчилэн улирал бүр өөр өөр ажлуудыг хийсэн гайхалтай жил байлаа. 2014 он маань гэсэн үнэхээр гайхалтай эхэлж байна. Өнөөдөр л гэхэд шалгалтуудаа өгч дууслаа./инээв/ миний бүх зүйл Уламбаяртайгаар сайхан явж байна.
-Магадгүй өөрөө сайн сайхныг бодож байдаг болохоор эргээд сайн сайхныг эргээд дуудаж байдаг болов уу?
-Харин би бас үүнд итгэдэг. Ийм итгэл үнэмшлийг манай гэр бүлийхэн өгдөг л дөө. Миний бүх цаг үед миний арын талыг бүгдийг нь даагаад байж байдаг. Гэр бүлийхэн маань хэцүү үе гараад ирвэл "Зүгээр болно, бүтнэ" гээд тайтгаруулдаг. Ээждээ би дуулж өгөх дуртай. Өөдөөс нь хараад дуулаад өгчихөөр ээж маань байдагаа бариад бөөн юм болдог юм.
Сая гэхэд л Монгол телевизэд үндэсний хувцастай ийм дуу дуулах гэж байгаа гээд ээжид бэлтгэлийнхээ хувцастай дуулж үзүүлсэн чинь ээж маань надад ёстой бүх юмаа барьсан даа. /инээв/ Аймаар гоё гоё юмтай болсон. Надад тэр үед их гоё дээл бэлэглэсэн. Ер нь миний гэр бүлийнхэн ард минь түшээд байж байдаг болохоор надад юу ч хэцүү байдаггүй.
-Найзуудынхаа тухай ярьвал?
-Манай найзууд бол үнэхээр гайхалтай. Нийгэмдээ нэлээд хэрэгцээтэй байгаа эмэгтэйчүүд байгаа. /инээв/ Манай дизайнер найз охидууд байна, загвар өмсөгч моделиуд, нүүр хувиргагч, үсчин, сайн гэр бүлийн эзэгтэй гээд байж болох бүх сайн чанарууд байдаг даа. Бид нарын найз нөхөрлөл ажил хэрэг дээр ч гэсэн маш их хэрэг болж байгаа.
Саяхан найз охидууд маань “Кагос” гээд компани байгуулсан байна лээ. "Кагос” компанийнхан загвар зохион бүтээгч Катя Золын санаачлагаар Саран кашмер, Дархан нэхий гэх мэтчилэн үндэсний үйлдвэрлэлүүдтэй нэгдэж “Монгол хүн та эх орондоо хэрэгтэй” гэдэг уриан доор дэлхийд монгол хэмээх нэрийг таниулж эхнээс нь Монгол бүтээгдэхүүнээ гадаадад сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.
Үүний эхний хэсэг нь Нью-йорк хотод ирэх хоёрдугаар сарын 9-нд болох Мерседес бенз шоу. Энэ шоуны тайзан дээр гарна гэдэг маш их нэр хүндийн хэрэг. Энэ шоуг 1900 гаруй бизнесменүүд үзэх юм байна лээ. Энэ ажлыг хийж байгаад нь би бас найзуудаараа маш их бахархаж байна. Нэг нэгнийгээ баяртай үед нь уригдаж, хэрэгтэй байгаа үед нь өөрөө ирдэг ийм сайхан найзууд байдаг.
-Өөрийгөө хаана байхдаа хамгийн их үзэсгэлэнтэй, секси гэж мэдэрдэг вэ?
-Маш сонирхолтой асуулт байна. Ямар нэг зүйлд бэлдсэнийхээ дараа өөртөө маш их итгэлтэй болдог. Жишээ нь тайзан дээр гарахаас өмнө бүх зүйлээ бэлдээд гоё дуу дуулахдаа ч юм уу. Дуундаа дурласан байхдаа ч юм уу. Заримдаа бүр юу ч бодохгүй зүгээр байх үедээ их өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө хамгийн зэвүүн байж чаддаг /инээв/.
-Байнга л хөгжилтэй байдаг юм шиг санагдаж байна лдаа. Чамд ер нь гуниглах үе байна уу?
-Надад гунигтай байх, ууртай байх, гуниглах ер нь зохидоггүй юм аа. Өөрт ч таатай биш. Тийм болохоор аль болох бүх зүйлийг сайн сайхан талаас нь харахыг их хичээдэг. Тэртээ тэргүй амьдрал надаас авах ёстой юмаа авна. Тэр цаг үедээ л би гуниглана. Тэрнээс өдөр тутмын аар саархан юманд нэг их гуниглаад байдаггүй. Зүгээр сэтгэл санаа тавгүй, нар жаргах үед ч юм уу, ганцаардах үед тэрийг бол мэдэрч, тохирсон киног нь үзэж нэг сайхан уйлчаад л, эсвэл дуу сонсчихоод сайхан болчихдог юм.
Бусад үед нь цагийг байнга зугаатай, өөрт хэрэгтэй зүйлд зориулж өнгөрөөхийг хичээж, зорьдог. Энэ зан чанар маань надад спортоор хичээллэхэд их дөхөм болдог. Спортоор хичээллэх үед чинь хүн өөрт байгаа бүх сайхан энергиэ зарцуулчаад, дараа нь их гоё амрах болдог шүү дээ. Тэр үедээ өөрт хэрэгтэй ном уншдаг. Хүн өөрөө ямар байна. Амьдрал яг тэр зүйлийг нь л бэлэглэдэг гэдэгт итгэдэг. Тийм болохоор буруу зүйл рүү нь биш аль болох сайн тал руу нь гишгэж, сайн сайхныг нь өөртөө татаж амьдрахыг хүсдэг.
Миний сэтгэл санаа яг ямар байна тэр нь миний гадаад төрхөөр эсэргээрээ илэрхийлэгддэг юм шиг санагддаг. Энэ бас миний нууц болов уу гэж бодогддог. Дизайнерууд илүү сайн мэдэх байх. Цаг агаар гадаа тааруухан бараан байхад илүү өнгөлөг өнгийн хувцас өмсөх нь сэтгэл санааг бас их өөдрөг, эерэг болгодог. Дээрээс нь харж байгаа, тааралдсан хүмүүс яг тэр өнгө шиг намайг хүлээж авч инээмсэглэлээр угтахаар миний сэтгэл санаа засагддаг гэх мэтчилэн….
-"Киви" хамтлаг анх байгуулагдах үед Намуунаа гээд огт танихгүй охин авч ирээд "нэг хамтлаг" гээд нийлүүлсэн ээс хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Намуунаа та хоёр л үргэлж хамт байсан. Хамтлагийн бусад гишүүд дундаас Намуунааг онцолж ярьвал?
-Намуунаа бол миний хайртай дүү, дотны найз бас маш сайн зөвлөх болдог. Би болохгүй бүх зүйлээ Намуунаагаас асуудаг. Баяр жаргалтай намайг хөөрхөж баясгаж байгаа бүх зүйлээ би Намуунаатайгаа хуваалцдаг. Урьд нь ерөөсөө ярьж байгаагүй юм байна. Намуунаа бол маш их шударга, хүнд юу дутуу, юу илүү, юу хэрэгтэй байгааг нь маш сайн мэдэрдэг нарийн мэдрэмжтэй бүсгүй. Намуунаагаа бодохоор яагаад ч юм миний хайр хүрдэг. Үнэхээр хөөрхөн сахилгагүй… намайг сахилгагүй гэдэг яг үнэндээ Намуунаа их сахилгагүй /инээв/. Намуунаагийн хийж байгаа нэг үйлдлийг харахаар л тэр нь нэг л эгдүүтэй харагддаг. Ер нь хэн бүхний хүндэтгэлийг хүлээж явдаг маш сайхан эмэгтэй. Одоо ч гэсэн "Киви"-г маш их санаж байна. Шинэ жилээс хойш нэлээд хугацаанд уулзсангүй. Намуунаатайгаа ярих сэдэв ч маш их байна. Хүний сэтгэлийг уудлаж өөрийхөөр нь байлгаж чаддаг.
-Агийгийн хувьд ярьвал?
-Агий маань хамтлагт ороод зургаан жил болж байна. Агийгийн хувьд маш их даацтай, хүн чанартай, даруухан, цэгцтэй, олон долоон үггүй гайхалтай зан чанартай. Юмийг маш хурдан тусгаж авдаг. Ямар ба нэг юманд санал бодолоо илэрхийлвэл цөөхөн хэдэн үгээр даацтай хэлдэг.
-Продьюсер Ангирмаагийн тухайд?
-Бидний продьюсер бол үнэхээр гайхалтай эмэгтэй. Хүмүүс хэлдэг л дээ “Төмөр хадагтай” гээд л. Ажлын тал дээр энэ зарчимаараа ажилладаг, өөрийнхөө байр суурин дээр бат зогсодог ажил хэрэгч эмэгтэй. Харин хувь хүний талаасаа бол хүмүүсийн бодож байгаагаас шал өөр маш зөөлхөн. "Киви" хамтлагийн охидыг урлагт хөл тавихад ямар ч итгэлгүй байхад нь үүд хаалгыг нь маш гоёор нээж өгсөн. Бидний өдий зэрэгтэй явж байгаа маань Ангирмаа багшийн маань гавъяа. Арван жилийн хугацаанд байнга хамтдаа байж, багш маань бид нарт үргэлж эрэлттэй уран бүтээлийг санал болгож, өдөр бүр бидний хийх ажлыг гаргаж өгч, бид нарыг маш их идэвхитэй амьдрахад өнгө нэмсэн хүн бол багш маань. Биднийг сайн сайхан байгаасай гэж хүсдэг гэж багш сүүлийн үед их ярьдаг болсон байна лээ. Тэгээд хамгийн сүүлд хэлэхэд биднийг өдий хүртэл тусалж дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа.