Хүмүүс аялах ялангуяа гадаадын улс орнуудаар аялах гэдэг нь бүтэшгүй мөрөөдөл, давашгүй зардал, цаг хугацаа их шаардсан, мэдэхгүй зүйл ихтэй хэмээн сэтгэж энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Харин эхнэр бид хоёр тэгж боддоггүй харин ч боломж олдвол улс орнуудаар аялан өөр өөр соёл, өөр өөр хөгжил, өөр өөр ард түмний амьдралын хэв маягийг нүдээр үзэн, гараар барьж үзэхийг илүүд үздэг билээ. Энэ удаад бид Зүүн өмнөд Азийн дөрвөн улсаар буюу Тайланд, Лаос, Вьетнам, Камбожи гэсэн улсуудаар 10 хоногт аялаж үзэхээр зориг шулуудан гараад байна.
Ингэж зориглоход маань үндэсний нислэгийн компани болох Хүннү Эйр компани Тайландын нийслэл Банкокруу шууд нислэг хийдэг болсон нь их түлхэц болсон. Бид ийм сайхан боломжийг алдахыг хүсээгүй юм. Мөн аялал жуулчлалын асар туршлагатай, хөгжсөн, хөгжиж байгаа энэ улсуудыг богино хугацаанд, хямд төсрөөр үзэх боломж байгаа гэдгийг эрхэм уншигч танд ч мэдүүлэх нь энэ аялалын маань гол зорилгын нэг билээ. Саяхныг хүртэл хүрэшгүй мэт санагдаж байсан энэ хойгийн улсууд одоо бид бүхний аялаж үзэх ёстой газруудын нэг болоод байна. Та бүхнийг бидний замаар аялан танин мэдэж, амарч зугаалж, бизнесийн шинэ санаа олно гэдэгт итгэлтэй байна. Бидний аялалыг дэмжсэн Хүннү эйрийн хамт олонд талархснаа илэрхийлэхийн ялдамд та бүхэн Монголчууддаа аялаж, хөгжих шинэ гарц нээж өгсөн шүү гэж хэлмээр байна.
Зиак оршлыг өндөрлөөд жинхэнэ тэмдэглэлээ эхлэсүү. Бид хоёр 2014 оны 01 сарын 23-ны шөнө улсын нийслэл Улаанбаатарт -20 хэмтэй байхад халуун оронд очино гээд дан өмд, подоолк болсон нөхөд нисэх буудалруу дүүгээрээ хүргүүлэх хоорондоо арай л осгочихсонгүй хэ хэ. Нисэх буудал хүртэл өмсөж амь аварсан дулаан гадуур хувцсаа дүүдээ өгч буцаасан хүмүүс тэр даруйдаа онгоцондоо суугаад 6 цаг орчим нисээд л шууд +20 хэмийн дулаантай Тайландын нийслэл Бангкок хотд буучихлаа. Нислэг айдасгүй тайван, амттай хоолтой, элэгсэг дотно үйлчилгээтэй байсан шүү. Бидний нислэгт ажилласан Хүннү эйр компаний Бойнг онгоцны экипажийн нийт хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
Буусан даруйдаа төлөвлөгөөний дагуу Бангкок хотоор аялангаа Лаосын нийслэл Вьентянд дөхүүлэх автобусны товчоо erminal олох ажилдаа ханцуй шамлан орлоо. Нисэх буудлын мэдээллийн төвөөс үнэгүй өгсөн газрын зургийг мэдээллийн ажилтанд үзүүлж байгаад асуутал газрын зургийн хамгийн баруун дээд өнцөгт байх New Morchit гэсэн авто вокзалруу яв гэж зөвлөлөө.
Энэ том хотыг хэрхэн яаж төөрөлгүй туулна даа гэсэн айдас байсныг нуухгүй ээ хэ хэ. Гэвч англи хэлтэй хүнд асуудал байхгүй тул ачаагаа чирэн онгоц буудлын хамгийн доод давхарт хүрснээр City line буюу цэнхэр өнгөтэй галт тэргэнд суун Хүний 35 Батт хөдөллөө.
Явсаар Makkasan гэдэг нэртэй буудал дээр буув. Тэндээсээ гараад бичигтэй сум болгоныг дагасаар subway буюу метроны Phetchaburi зогсоолоос хойд зүгт Bang Sue эцсийн зогсоолтой явах метронд суув Хүний 34 Батт. Энэхүү буудал нь Бангкокын төвд байдаг бөгөөд унаа солих хооронд гудамжаар явж байхад ямар нэгэн үймээн самуун, бослого хөдөлгөөн, онц байдал зарласан шинж огт байхгүй амьдрал, амьдралаа хөөсөн амгалан тайван хүмүүс л харагдаж байсныг дурдан энэ зүгт аялах гэж байгаа хүмүүст санаа зоволтгүй ээ гэж хэлмээр байна.
Сууснаасаа хойш яс тоолоод 9 дэх зогсоол буюу бидний очих ёстой авто вокзалд хамгийн ойрхон Kamphaeng Phet зогсоол дээр буугаад газарын дээд давхаргад алхан гарлаа хэ хэ. Гармагцаа ойр орчмын найрсаг Тайланд иргэдээс газрын зургаа харуулан зүг заалган алхсаар 1 км орчим New Morchit bus terminal хэмээх орон нутаг, олон улсад зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг вокзалд хүрэлцэн ирлээ Үнэгүй хэ хэ.
Тайланд, Лаосын хилийн хот болох Nong Kai хүртэлх тасалбар аван Хүний 620 Батт автобусандаа ачаагаа өгснөөр бид энэ өдөртөө багтан Лаосын нийслэл Вьентян хотд очих боломжтой боллоо. Явган, машинтай, онгоцоор, автобусаар, “түг түг”-ээр гурван дугуйтай хүн болон ачаа тээвэрт зориулсан мотоцикл 24 цагийн дотор гурван улс дамжин аялсан км-ийг маань тооцвол овоо л тоо гарах байх даа. Үргэлжлэлд үнэхээр сонирхолтой зураг, түүх, аялалын тэмдэглэл багтсан тул та бүгдийг уншаарай. Энд өгүүлэгдсэн зарим зүйлсийг зургийн альбумд илүү тодорхой харуулах болно.
Жич: 1 Доллар = 31,03 Батт байсан.
Аялагч: Анжигай.Г, Ганхүү.Т