Замбуулин хорвоогийн наран дор. Захгүй их хөврөх дурлалаас. Учиртайхан төрсөн чи бидэн хоёрт. Учрахын тавилан заяаж дээ хө хэмээн дуулж, нэгэн үеийн залуусын хайр хүндэтгэлийг хүлээж аялах дууных нь нэгээхэн хэсэг болгосон дуучин бол Сугарын Эрдэнэцэцэг мөн Далантай нар юм. С.Эрдэнэцэцэгийг ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд оролцоход нь ирээдүйтэй, сайн дуучин болно гэж танисан багш нар нь одоогийн Ардын дуу бүжгийн үндэсний чуулгад дагалдан дуучнаар авснаас хойш 20 гаруй жил өнгөрчээ.Ингээд МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэгтэй уран бүтээл, амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе
-Сар шинийн баяр болоод удаагүй байна. Сайхан шинэлэв үү. Хөдөө гадаа явсан уу?
-Сайхан шинэллээ. Манай гэр бүлийнхэн бүгд Улаанбаатарт байдаг. Нийслэлдээ л шинэллээ. Хөдөөний цагаан сарыг үзэх юм сан гэж боддог шүү.
-Сүүлийн үеийн уран бүтээлээс тань яриагаа эхэлэе гэж бодож байна. Чуулгынхаа уран бүтээлийг анхаараад хувийн уран бүтээл нэг их хийхгүй байна уу даа гэж анзаарагдсан?
-Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрынхаа уран бүтээлд гол төлөв анхаарлаа хандууллаа. Өнгөрсөн намар хүүхдийн бүрэн хэмжээний дуулалт жүжиг эрхлэн тависан. “Эрх цагаан унага” “Цуутын цагаагч гүү” гээд уран бүтээлүүд дээр ажилласан. Бүтэн оркестр, дуучид, бүжигчид гээд 200 –аад уран бүтээлчид оролцсон. Түүний гол дүрийн “Эрх цагаан унага” –ын дууг би дуулсан.
–Том хүний хувьд хүүхдийн уран бүтээл хийнэ гэдэг чамгүй санагдаж байна. Багагүй хөдөлмөр шаардсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Хүүхэд багачуудад ойртуулахын тулд хичээж дууллаа. Ахынхаа хүүхдүүдийг ажиглаж байгаад л хүүхэд эрхэлж, уйлж, дуулахаараа яадаг вэ гэдгийг харж, тэр болгоныг нь шингээж өгөхийг хичээсэн. Би хүүхдийн хоолойгоор дуулахгүй ч хүүхдэд ойртуулахыг бодож дууллаа. Жүжгийг төгсгөл хэсэгт нь унага ганцаараа үлдэж байгаа учраас уйлж гансарсан байдлыг илтгэж гаргасан. Саяхан манай чуулга Сүнжидмаа дуулалт жүжгийг дахин шинээр сэргээн тоглосон. “Их хатдын туульс” дуулалт бүжгийн жүжигт гол дүрийг бүтээлээ. Мөн удахгүй дуучдын хамтарсан том оркестрын уран бүтээл хийгдэнэ. Харин хувийн уран бүтээл гэх юм бол хэд хэдэн ардын дуу бичүүлсэн байгаа.
-Дуу бүжгийн чуулгынхан гадагшаа дотогшоо их тоглолт хийдэг. Ойрын хугацаанд төлөвлөгдсөн тоглолт бий юу?
– Ирэх дөрвөн сард Тайвань улсад тоглолтоор явах гэж байна. Таван сард Япон руу явахаар төлөвлөөд байгаа.Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга монголын нүүрийг тахалж, сурталчилаад явж байгаа ганц байгууллага. Гадаад дотоодоос ирсэн Ерөнхийлөгч, Парламентын гишүүд гээд улс төрийн төлөөллүүд ирэхээр манай байгууллагын уран бүтээлчид уран бүтээлээ туурвиж явдаг. “Их хатдын туульс” гээд түүхэн дуулалт жүжиг Ерөнхийлөгчийн айлчлалыг дагаж Швейцарьт аялан тоглолтоор явах гэж байна.
–Сүүлийн үеийн зохиолын дуучид хуучны дуунуудыг сэргээж дуулах болсон. Тухайн дууг анх дуулж олонд хүргэсэн дуучдаас нь зөвшөөрөлгүй авалгүй дуулсан гэдэг шүүмжлэл дагуулдаг. Энэ байдалд ямар байр сууринаас ханддаг вэ?
-У.Далантай бид хоёрын дуулсан олон дууг дуучид дахин дуулсан байдаг. Хүн өөрийн өөрийнхөө өнгө аясаар дуулж байгаа байх. Зарим нь асууж дуулдаг. Асуухгүй ч дуулдаг. Тэгэхлээр хувь хүний совист байдаг боловуу. “Сэтгэлийн үг”-ийг Н.Тамир Х.Оюунцэцэг нар ч дуулсан шүү дээ. Тэр хоёрын хувьд надаас асуусан. Бас дахин хоёр залуу дуучин дуулсан байсан. Надаас бол асуугаагүй магадгүй У.Далантайгаас асуусан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Гэхдээ асууж байвал илүү зүгээр болов уу гэж бодож байна
-Таны хувьд бусад зохиолын дуучдыг бодоход дэлгэцийн хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлсөн. Одоо тийм санал хэр ирж байна?
-Ганц нэг санал ирж байсан. Дотроо бол тоголчих юмсан гэж бодогддог ч санаснаар болохгүй юм. Чуулгын ажил ихтэй цаг зав гардаггүй. Ийш, тийш тоглолтоор явах томилолт хэд хэдэн удаа таарч байсан. Тийм болохоор харамсалтай санагддаг.
–“Хүн чулууны нулимс” гээд кинонд та тоглодог шүү дээ. Бас л хүнд сэдэвтэй кино. Таны хувьд дэлгэцийн анхны уран бүтээл. Тоглоход хэр хүнд байсан бэ?
-Багадаа кинонд тоглохыг мөрөөддөг байсан. Г.Жигжидсүрэн найруулагч, Бавуугийн Лхагвасүрэн гуай гээд тэр том хүмүүс намайг тоогоод би тэнцээд тоглосон нь их азтай. Тухайн үед их олон хүн шалгуулж байсан л даа. Жүжигчин биш намайг шинээр гарч ирж байгаа дуучин шалгуулаад үз гэсэн санал тавьсан. Би бөөн баяр очиж шалгуулаад тэнцэж байсан даа маш их хөөрч билээ. Г.Жигжидсүрэн гуай өрөөндөө дуудаж уулзаад кинонд тоглох болсон зохиолоо уншсан уу гэж асуусан. Би тэр үед зохиолын жоохон хэсгийг л уншсан байсан болохоор уншиж үзээгүй гэдгээ л хэлсэн. Тэгээд зохиолоо уншиж байхад Вандан ахтай ноцолддог хэсэг нь надад таалагдаагүй, хэцүү зураг авалт байсан. Мөн хар хорхойтой хэсэг их зориг шаардсан.
-Дуучин болоогүй байсан бол ямар хүн байх байсан бол. Магадгүй жүжигчин болох байсан болов уу?
-Үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ надад эмч хүн сайхан санагддаг байсан. Тэгэхлээр эмч болох байсан байж магадгүй. Манай хоёр өвөө уртын дуу гайхамшигтай дуулдаг хүмүүс байсан. Тэгээд багаасаа уртын дуу сонсож өссөн болохоор урлагийн хүн болсон юм болов уу даа.
-Одоо танай гэр бүлд урлагийн хүн байна уу?
-Одоо гэр бүлд гэвэл эгчийн хүүхэд дуучин болсон. Эгчийн бага охин нь хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурийн ангид суралцаж байна. Мөн хоёр ч нугараач байна.
-Тайзан дээр байнга л дээл өмсдөг. Нууц биш бол та хэдэн дээлтэй вэ?
-Хэдэн дээлтэйгээ тоолж үзээгүй. Хувьдаа гэхээс илүүтэйгээр тайзны хувцас их бий. Бид чинь гадаад, дотоод явахдаа монголын нүүр царай болж явж байгаагийн хувьд гоё сайхан юм өмсөх юм сан гэж боддог.
-Үндэсний баяр ёслолоор дээлээрээ гоёдог биздээ?
-Өнгөрсөн наадмаар би дээл өмсөөгүй юм. Энгийн даашинзтай оччихсон. Тэгсэн хүмүүс ирчихээд гайхаад. Манай хамаатны эмэгтэй “Чамайг чинь нэг их гоё дээл өмсчихсөн сүртэй хүн сууж байх юм бодсон чинь палажтай сууж байхын. Танисангүй ш дээ” гэж байсан. Би байнга тайзан дээр дээл өмсдөг болохоор чөлөөтэй хувцас өмсмөөр санагддаг. Одоо таван сараас эхлээд л өдөр болгон дээл өмсөх шаардлагатай болно. Аялал жуулчлалаар явж байгаа гадаадын зочид төлөөлөгчидөд тоглолтоо толилуулахдаа өдөр бүр л дээлээ өмсөнө шүү дээ.
–Урлагийн хүн гэдэг гоозүйн хувьд жирийн иргэдээс түрүүлж алхах ёстой санагддаг. Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
-Хүмүүс намайг махлагдуу, өндөр нуруутай хүн байх гэж боддог юм билээ. Энд тэнд тоглолтоор явж байхад “өө чамайг өндөр махлаг эмэгтэй байгаа байх гэж бодсон чинь жижигхэн юм байна ш дээ” гэдэг. Би олон жил энэ жингээрээ явж байна. Нэг л удаа 57-58 кг хүрч байсан. Би биеийн жингээ барихдаа ямар нэгэн бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй. Фитнест гэвэл амьдралдаа 10 гаруй хоног л явж үзсэн. Хамгийн гол нь хүн дотроосоо эрүүл, тайван, стрессгүй байх ёстой л гэж боддог. Миний хувьд гэвэл хүнсэндээ цагаан гурил, төмс, газтай ундаа хэрэглэдэггүй. Өөх тостой зүйлд сайн биш гээд ийм байдлаар л гоо сайхандаа анхаардаг. Шоколаданд бол нугасгүй байсан. Сүүлийн үед татгалздаг болоод байгаа.
–Таниас нэг мэдээллийг тодруулахгүй өнгөрөөж чадахгүй нь. Таныг япон хүнтэй гэр бүл болоод монголд байдаггүй гэсэн мэдээлэл гараад байсан. Гэтэл та монголдоо уран бүтээлээ хийгээд явж байна гэдэг. Энэ талаар тайлбар өгөх үү?
-Би яг тэр сэтгүүлийг уншиж байсан юм байна. 1988 онд Ардын богино дуу дуулаачдын анхдугаар уралдаан болсон. Тэр үеэс эхлээд чуулгад өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр 26 жил ажилласан байна. Үүний хажуугаар энэ байгууллагад тавигдаж байгаа томоохон хэмжээний дуурь, дуулалт жүжигт тоглож байна.Түүний хажуугаар хувийн уран бүтээлээ туурвих гээд их ажилтай шүү дээ. Дээр нь бас гадаадад тоглогдож байгаа экспо, үзэсгэлэн гээд оролцож байгаа Тэгэхлээр би аль заваараа гадаад хүнтэй суугаад, гадаадад амьдраад байгаагаа ойлгохгүй байна. Тэгэхлээр миний алдаа дутагдалтай тал гэвэл өөрийнхөө талаар сонин сэтгүүлд ярьдаггүй, ажлаа тайлагнадаггүйтэй холбоотой юм шиг байна лээ. Би урьдах юмаа л сайн хийгээд явж байвал гээд бусад юманд анхаардаггүй байсан юм.
-Уучлаарай бас л олны дунд яригдсан нэг мэдээллийг асуух гэсэн юм. “Улаан сарнай ” гээд таны уран бүтээл бий. Энэ дууг таныг өөрөөсөө дүү залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон. Тэгээд нялх хайрдаа зориулж дуулсан гэсэн мэдээлэл хэвлэлийн хуудсанд бичигдсэн байсан?
-Бас тийм мэдээлэл тархасан юмуу. 2008 онд билүү дээ. Би энэ улаан байшиндаа бэлтгэлээ хийгээд л сууж байхад Туяа гээд эмэгтэй надтай ирж уулзаж танилцаж, энэ дууг надад санал болгосон. Би тухайн үед Итали улс руу тоглолтоор явах гэж байсан учраас завгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн таниар дуулуулая гээд байхаар нь сонсоод үзсэн чинь аятайхан санагдаад дуулчихаад явсан. 3-4 сар тоглолтоор яваад ирсэн чинь олонд хүрчихсэн сайхан дуу болсон . Тэр хооронд л тийм хов дэгдсэн юм шиг байна. Уг нь тэр дууг зохиолч нь өөрөө ирж өгч байсан шүү дээ. Тэгэхлээр энэ мэдээлэл худлаа гэдгийг хэлэе.
Илэн далангүй ярилцсанд танд баярлалаа уран бүтээлийн өндөр амжилт хүсэе.
Баярлалаа.