Амьдралд бүх зүйл хангалуун байвч аз жаргалгүй байгаа юм шиг санагдах үе гарах нь гайхалтай. Ажлын цаг дуусаагүй байсан ч нэг л юманд яарч хөтлөгдөн гадагш гарлаа. Гадаа тогтуун дулаахан тэгээд агаар амьсгалахад нэн таатай санагдана. Машинаа орхичихоод хаашаа ч юм яаралгүйхэн алхав.
Гэртээ харих гэж яарсангүй. Хаврын тогтуун цэлмэг тэнгэрийг ширтэж, гудамжаар алхаж яваа аз жаргалтай хүмүүсийг харахад сэтгэл тайвширч хөнгөн гуниг сэтгэлээс уусан алга болох шиг. өсгийтэй гуталтай удаан алхсан болохоор хөл нь маш их өвдөж эхлэв. Хэсэг суучихаар газар хайж ийш тийшээ хартал “Мөрөөдлийн мөхөөлдөс”. Нэр нь хүртэл ямар гайхалтай вэ? Яаран гүйхээрээ орж хамгийн том жимстэй мөхөөлдсийг захиалан суулаа. Ямар гоё амттай мөхөөлдөс байсан гэж санана. Амьдрал яг л энэ мөхөөлдөс шиг гайхалтай амттай сонирхолтой байдаг ч яг л энэ мөхөөлдөс шиг хэмжээтэй амархан дуусчихдаг. Мөхөөлдөс дуусч гарах болоход гэнэт түрийвчээ цүнхээ машиндаа орхисноо саналаа. Гар утас бүх юмаа орхисон байлаа. Түүнд хүнд үзүүлэх ганц ч бичиг баримт байсангүй. Яах учраа олохгүй хэсэг суугаад хажуугийн ширээнд суугаа хөвгүүнийг олж хараад баярлан мөнгө зээлэхээр шийдэв. Цэнгэл зориг гарган босч очоод
– Сайн байна уу? гэж инээмсэглэн ширээнд суув. Хөвгүүн Энэрэлийг гайхсан харцаар хараад муухан инээмсэглэв.
– Уучлаарай , эгчдээ тус болооч. Эгч нь түрийвчээ машиндаа орхисноо мартаад зайрмаг аваад идчихлээ. Машин маань ажлын гадаа байгаа. Мөнгө зээлээч гэж гуйх гэсэн юмаа гээд инээсэн болов. Хөвгүүн бүсгүйг үзэсгэлэнтэй юм гэж сонирхон харж байлаа. Өмссөн хувцас нь ч гэсэн худлаа ярихааргүй юм шиг санагдсан болохоор
– Таны тооцоог би хийчихье. Бэлэг гээд бодчих гээд инээмсэглэв.
Цэнгэл жаахан санаа зовоод хөвгүүнийг дагаж гадагш гарав. Чамайг хэн гэдэг юм бэ?
– Оргил, харин таныг ?
– Цэнгэл. Чи надад утсаа өгчих. Би чамруу утасдаад мөнгийг чинь өгье.
– Та одоо хаашаа явах юм бэ? Хамтдаа жаахан алхая
Жаахан хүүхэд хирнээ ингэж ярьж байгаа нь эгдүүцмээр. Цэнгэл дуугуй л алхсаар ажлынхаа гадаа ирэв. Машинаас цүнхээ аваад мөнгийг нь өгөх гэтэл
– Та намайг хүргээд өгчих. Би тэгвэл баярлана шүү гээд машинд нь суучихав.
Цэнгэл дуртай дургүй машиндаа суугаад хүргэж өгөхөөр явав. Энэ хавар сургуулиа төгсөх Оргил айлын ганц хүү болохоор их л дураараа бололтой. Утсаа солилцоод Цэнгэлийн урам ч хугарах шиг санагдав. Амьдралд нэг л зүйл дутагдаад түүнийгээ хэн нэгнээс хайгаад ч байгаа юм шиг.
Тэд хааяа msg бичиж messenger-дэж бие биенийхээ тухай бага багаар мэддэг болж байлаа. Уулзах санал тавих боловч Цэнгэлд уулзах зориг дутаад бас өөрөө ч хүчлэхгүй л байлаа. Гэвч юуны тулд харилцаад байгаагаа өөрөө ч үл мэднэ.
Цэнгэл хүүдээ л хамаг анхаарлаа хандуулдаг болохоор түүнд чөлөөт цаг тэр болгон гараад байдаггүй. Харин нөхөр бол зөвхөн бэлэгдэл маягтай хэрэгцээтэй бүхнээр хангах нь өөрийн үүрэг гэж ойлгосон нэгэн байдаг байлаа. Цэнгэлийг ч хүүгээ ч эрхлүүлж хөгжилтэй зүйл хийж тоглож цагийг хамтдаа өнгөрөөнө гэж байдаггүй. Ширээ тойроод халуун хоолоо идэх нь баяр ёслолын үеэр л ховорхон тохиолдоно.
Удалгүй эмэгтэйчүүдийн баяр болов. Цэнгэлийн хувьд энэ өдөр сагстай цэцэг авч эхэлнэ. Нөхрийнх нь туслахийн бэлтгэсэн цэцэг. өөрөө ч ямар цэцэг байгааг хараагүй байдаг болов уу? Орой нь ирэхдээ ямар нэгэн бэлэг бэлдэж ирнэ. Цэнгэл өдөр нь ээжийгээ баярлуулаад л энэ өдөр ерөнхийдөө дуусна даа. Харин энэ удаагийн баяраар өглөө авдаг гоёмсог цэцгээ авч тавьчихаад зурагт асаан дэмий хэвтлээ. Хэсэг хэвтээд босч хүүгээ хооллоод гарахаар бэлтгэв. Ээж хүү 2–тойгоо гадуур жаахан явж юм үзээд дараа нь хоолонд ороод хүүгээ ээжтэйгээ хамт явуулчихаад гэртээ ганцаараа ирэв. Гадуур гармаар санагдаж ганц хоёр найз хүүхнүүдрүүгээ залгасан боловч өөрийг нь дагаад явж байдаг завтай хүн олдсонгүй. Хувцасаа сольж өмсөөд жүжиг үзэхээр шийдэн гарав.
Билетээ авчихаад эхлэх болоогүй болохоор машиндаа хаачихаа мэдэхгүй сууж байтал хэн нэгэн цонхыг нь тогшив. Цочин хартал Оргил инээмсэглэн зогсож байлаа. Хэзээний танилууд шиг машинд нь орж суугаад
– Таныг нөхөртэйгээ хамт байгаа байх гэж бодоод ярьж чадахгүй байлаа. Ганцаараа юу хийж байгаа юм бэ?
– Манай нөхөр ажилтай. Ер нь байнга л ийм байдаг юм даа. Ганцаараа уйдаад жүжиг үзэх гэж байна. Чи юу хийж яваа юм бэ?
– Бас л уйдаад ганцаараа гээд инээв
– Найз охин байхгүй гэжүү?
– Байсаан охид хуурамч. Намайг хуурсан тэгээд л салсан.
– Бүгд тийм биш. Сайн охид зөндөө л байгаа. Чи итгэхээ л больсон байх.
– Магадгүй л юм. Гэхдээ л одоохондоо охид хэрэг алгаа. Охидууд бүгд л мөнгөтэй баян залууд өврөө нээж явдаг. Хэн ч байсан хамаагүй гүйгээд л очдог байхгүй юу.
– За за, чиний бодол иймэрхүү байдаг байж. Чи жүжиг үзэх үү? Хамт оръё
– За тэгье
Тэд хамтдаа жүжиг үзээд дараа нь нэг жижигхэн кафед хоол идэв. Оргил Цэнгэлд зүрхэн хэлбэртэй ягаан чулуун шигтгээтэй утасны зүүлт авсан байв. Оргил
– Би танд нэг уулзахаараа өгнө дөө гэж бодоод өнөөдөр авсан. Танд таалагдаж байна уу? Цэнгэл маш их хөөрч баярлан
– Баярлалаа маш их таалагдаж байна. Ямар гоё юм бэ? Гээд үнэн сэтгэлээсээ инээмсэглэж байлаа.
Тэдний хамтдаа барьсан зоог гайхалтай амттай байв. Цэнгэлийн хувьд энэ үдэш санаанд оромгүй сайхан өнгөрсөн авч нөхрөө гэртээ ирээд намайг байхгүй байгаад гайхан санаа нь зовох байх гэж бодсон боловч утасдсангүй. Дараа нь тэр 2 бурханы цэцэрлэгт очиж жаахан суугаад хүйтэн болохоор гэртээ харихаар явцгаав.
Цэнгэл гэртээ иртэл нөхөн нь ирээгүй л байв. Амьдрал дэндүү утгагүй байгаа юм бишүү гэж бодогдон бухимдах сэтгэл төрнө. Ганцаараа вино ууж жаахан суугаад нөхөр нь ирээгүй л байсаар. Ганц баярын өдөр эхнэрээ баярлуулж чадахгүй юм бол нөхөр гэж байгаад яадаг юм бэ? Гэж бодон бачуурна. Анх удаа ч ингэж байгаа бишдээ. Сүүлийн хэдэн жил ийм л маягтай амьдарч байна. Би дэндүү их тэвчиж байгаа шүү гэж ганцаараа уйлж дуулж бүжиглэж орилж хашгираад ч нэг сайхан тайвширч чадсангүй. Энэ хооронд уусан жаахан вино нь шингэж алга болсон байлаа. Компьютерээ асаан интернэтэд ортол Оргил байв.
Жаахан юм бичих гэсэн боловч уур нь хүрээд сууж чадахгүй байлаа. Тэгээд унтлаа гэж хэлээд компьютерээ унтраав. Хувцасаа бэлдэж чемоданд хийгээд дараа нь хүүгийнхээ хувцасыг бас бэлтгэв. өөрийнхөө ажил хэрэг болон бусад бүх л хэрэгцээтэй бүхнээ бэлдэв. Энэ хооронд жаахан тайвширч нойр нь ч хүрээд нүд нь анилдаж байлаа. Цаг аль хэдийн 5 болсон байлаа. Унтахаар хэвтсэн боловч ганцаараа гэж бодохоос аймшигтай санагдана. Энд тэндээс том нүд хараад байх шиг , хэн нэгэн хаа нэг газар нуугдаад өөрийг нь алах гээд хүлээж байгаа юм шиг л аймшигтай. Хөдлөхөөс амьсгалахаас ч хүртэл айгаад нойр нь хүрч анилдаж байсан нүдээ анихаас ч аймаар. Ганцхан өнөөдөр ч биш бараг өдөр бүхэн энэ л айдсаа арай ядан дарж нөхрөө хүлээдэг болохоор өөрийн эрхгүй нулимс нь шанааг нь даган урсана. Сэтгэлээ онгойтол уйлмаар байсан ч чимээ гарах вий гэхээс үхтэлээ айж байлаа.
Уд дундын наран Цэнгэлийг мишээн үнсэж сэрээв. Нөхөр нь ирсэн унтаж байлаа. Аз жаргалаар бялхаж бялуурсан хүн унтаж байгааг харахаас дургүй нь хүрнэ. Босч усанд орчихоод өглөөний цай бэлдсэн болоод өнгөрсөн шөнө бэлдсэн юмаа аваад гарахад нөхөр нь унтсаар л байлаа.
Гэрээсээ гараад явахад хамаг юмаа хаяад явж байгаа юм шиг сэтгэл хөндүүр байлаа. Бүхэл бүтэн 6 жил хамтдаа амьдарч бүтээсэн амьдрал гэж бодохоос хайран санагдана. Машиндаа хамаг юмаа ачаад хэсэг суугаад хаашаа явахаа бодов. Битүүхэн нөхрөө гараад ирэх болов уу? Утасдах болов уу? Гэж хүлээж байлаа.
Хэдэн минут машиндаа суугаад хаашаа ч явахгүй зөвхөн гэртээ байхаар шийдлээ. өөрийг нь тоохгүй анхаарал халамж тавихгүй байгаа хүнээс болж яагаад би гэрээсээ явах ёстой гэж. Яг одооноос эхлээд би зөвхөн өөрийнхөө хүссэнээр амьдрах болно гэж бодоод машинаас юмаа гэрлүүгээ зөөж эхэллээ. Юмаа зөөж дуусаад мэссэнжэртээ ортол Оргил байж байв. Цэнгэл
– Завтай байна уу? Оргил гайхсан бололтой
– Зав ч байна л даа. Гэнэт та юу болов ?
– Тэгвэл надтай хамт нэг тийшээ явж чадах уу?
– Хаашаа ?
– Чадах юмуу үгүй юмуу?
– Танд ямар нэгэн юм тохиолдоо юу ? юу болсон бэ?
– За за больё . ямар их юм асуудаг юм бэ гээд уурлаад мэссэнжэрээ хаах гэтэл
– За чадна, чадна. Би тэгээд хаана очих бэ?
– Чи хаана байгаан. Би очоод авья
– Гэртээ
Цэнгэл Оргилыг очиж аваад юу ч ярихгүй баахан давхив. Оргил юм асууж чадахгүй нилээд тэвчиж явсан боловч сүүлдээ тэвчээр нь алдагдан
– Бид ингээд яваад л байх уу?
– Чи хаашаа явмаар байна?
– Би бүр юу хэлэхээ ч мэдэхгүй байна.
– Уучлаарай , эгч нь жаахан бухимдаад. Чамайг уурлаж загнаж муухай аашилсан бол уучлаарай. Чи надтай хамт хэсэг хугацаанд байж чадах уу?
– Тантай хамт амьдрана гэсэн үг үү?
– Үгүй дээ / инээгээд/ завтай үедээ л надтай уулзаж хамт байж чадах уу?
– Та нөхрөөсөө салж чадах юмуу?
– За за миний хэлснийг март.
– Тоглосон юмаа. Чи гэж дуудаж болох уу?
– өөрийнхөө хүссэнээр л дууд. Гэхдээ би чамайг надтай заавал уулзах ёстой гэж хэлээгүй шүү.
– Хоёулаа хоол идэх үү? Би өлсөж байна. Гэхдээ бид ингээд хамаагүй хамт яваад байж болох юмуу?
– Болохгүй л байх даа. Юу л болоод байна даа.
– Хамт байхад бидэнд зугаатай байсан ш дээ. Юу ч бодохгүй явцгаая.
Цэнгэл яг л жаахан охин шиг хөөрч догдлон болзоондоо яардаг болов. Ажлаа тарж ирээд яаран хоолоо хийгээд үс зүсээ янзлан гарч одно. Анхныхаа болзоонд яарч байгаа жаахан охин шиг сэтгэл нь гэгэлзээд байж сууж чадахгүй ажлын цагийг арай гэж дуусгана. Зарим үед ажлынхнаасаа нуугдан хамт хоол иднэ. Байнга л инээмсэглэн сайхан загнах өөрийгөө аз жаргалтай мэт төсөөлөн боддог байлаа. Гэвч байнга л айж хулчийж нуугдан явах нэг бодлын зовлон ч юм шиг. Зарим үед өөрийгөө зөв буруу юу хийж байгаагаа ялгах салгах ч ухаан хүрэхгүй. Тэр талаар бодохыг ч хүсэхгүй. Энэ өдрийг л сайхан өнгөрөөж байвал болно гэж бодогдоно. Замын 2 талаар алхан нэг нэгнээ харан утсаар ярилцана. өөр өөр ширээнд суугаад бие биерүүгээ инээмсэглэн харж мөхөөлдөс иднэ. Хамтдаа дэлгүүр хэсч бие биенээ алсаас ширтэн инээмсэглэх зугаатай аз жаргалтай санагдана. Нэг л мэдэхэд биесээ санан үгүйлж дурлалт хосууд шиг хөтлөлцөн алхахыг хүснэ. Цэнгэл өдөр хоног өнгөрөх тусам Оргилд улам дассаар байлаа. Цаашдаа яаж амьдрах тухай бодон заримдаа шанална. Нэг л өдөр Оргилоос сална гэж бодохоос хэцүү санагддаг байлаа. Үргэлж хамтдаа байж “чи үнэхээр сайхан бүсгүй гэдгээ мэдэх үү?” гэж чихэнд нь шивнэхийг дандаа сонсмоор санагдана. Түүнтэй үргэлж хамт байж сайхан үгэнд нь уярч догдлон сэтгэлээ тайтгаруулж баймаар…
Сүүлийн үед Цэнгэлийн нөхөр ажлаасаа эрт ирж түүнд санаа тавьж халамжлах гээд байгаа нь нэг хачин санагдана. өдөр бүхэн л хамтдаа хоол идэх юмуу эсвэл ямар нэгэн кино тоглолт үзэх гэж хичээнэ. Цэнгэлд энэ бүхэн сонин санагдаж өөрийг нь мэдчихээд ингээд байгаа юм шиг айдас төрдөг байлаа. Ямар ч хүн эхнэрээ өөр хүнтэй уулздагийг мэдээд уурлана биздээ гэж бодогдох үе ч байдаг байлаа. Өөрийг нь тоохгүй, өөрт нь анхаарал тавихгүй болохоор эхнэртээ тавьдаг анхаарал халамж нь багассан болохыг мэдсэн бололтой. Нөхрийнх нь анхаарал халамж дэндүү ихэдсэнээс Оргилтой уулзах боломж бараг л олдохгүй болов. Нөхөртэйгээ харилцах харилцаа сайжран амьдралынх нь хань хүүгийнх нь аав болох хүнд анх яагаад хайртай болсноо эргэн санав. Өөрийнх нь сонгосон амьдрал насан туршдаа хамтдаа амьдрана гэж сонгосон сонголт нь энд л байлаа. Түүний эрж хайгаад байсан аз жаргал гэрт нь хадгалаастай байж л байсан байна. Хуучин хувцсан дундаа эвхэж хийгээд дахиж гаргахаа мартсан бололтой.
Мөрөөдлийн мөхөөлдөс идэн гэр бүлийнхэнтэйгээ амралтын өдрийг өнгөрөөж байтал Оргил нэгэн охиныг хөтлөн орж ирлээ. Оргилтой хамт байсан мөч бүхэн түүний нүдний өмнүүр жирэлзэн өнгөрнө. Энэ л хөвгүүний ачаар миний гэр бүл аз жаргалтай болсон гэж бодохоор түүнд талархах ёстой. Тэр аз жаргалтай байгаа болов уу? Гэж түүний нүдрүү нь ширтэвч тэр өөрийг нь харж байгааг анзаарах завгүй байлаа.
– ээжээ гэж хашгирах хүүгйинхээ дуунд цочин явах болсныг мэдээд гарахаасаа өмнө дахин нэг удаа түүнлүү харахад тэр инээмсэглэн Цэнгэлийг харж байлаа. Сүүлийн удаа гэж бодохоор удаан хармаар байвч тийм боломж байсангүй. Түүнд аз жаргал хүсээд тэндээс гарах л үлдсэн байлаа.
www.URLAG.mn