– Төөрөлдсөн үе тэнгийнхэн –
Найруулагч Майкл Чимино
Зохиолч Майкл Чимино, Дэрик Уошбёрн, Луис Гарфинкл
Оператор Уилмош Зсигмонд
Хөгжмийн зохиолч Стэнли Майерс, Ирвинг Берлин
Төрөл Эмгэнэлт, дайны
Төсөв 15 000 000 $
Орон АНУ
Он 1978
Энэ бол яахын аргагүй миний үзэх дуртай кинонуудын нэг.
Өгүүлж буй түүх нь гашуун эмгэнэлтэй хэрнээ цаанаа л нэг дулаахан, бүр гэр бүлийн гэмээр уур амьсгалтай энэхүү гайхалтай бүтээлийн талаар би юу гэж боддог гээч.
“Буга намнаач” киноны жүжигчдийн баг буюу “актёрский ансамбль” нь тун гайхалтай. Бие биенийгээ дүүргэж байгаа энэхүү ансамблийн цөм нь мэдээж Дэ Ниро болон Кристофер Уокен нар.
Киноны сюжет маш энгийн. Пенсильвани мужийн жижигхэн хот. Гурван найз. Майк, Стив, Ник нар бол эндхийн төмөр хайлуулах үйлдвэрийн ажилчид бөгөөд Оросын дүрвэгсдийн үр сад. Тэд Вьетнамын дайнд цэрэгт татагдахаас өмнө энгийн амьдралын сүүлчийн хоногуудаа өнгөрөөж байна. Тэдний нөхөрлөл бат, амьдрал ахуй нь амгалан, өөрсдөө бүрэн аз жаргалтай аж. Вьетнамын дайнд мордох болсон шалтгаан нь хүн бүрийн хувьд өөр. Гэхдээ л тэд залуу халуун, өөрсдөө хүссэнээс гадна үнэн сэтгэлээсээ эх орончид. Стивын хуриман дээр хангалттай наргиж аваад маргааш нь тэд буга намнахаар мордоно. Хэдхэн хоногийн дараа тэд маш харгис, амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гөрөөнд оролцохоо мэдсэн бол яах байсан бол…
Найруулагч Чимино бидэнд гол баатруудын амьдралын гурван хэсгийг толилуулна. Дайны өмнөх амгалан энгийн, дайны хар дарсан зүүд шиг хэсэг болоод дайны дараахь хамгийн хүнд хэсэг.
Баатрууд зөвхөн хоёр л газар оршино. Пенсильвани мужийн Клертон хот болон Вьетнамд. Дунд нь шилжиж аялж явах боломж байхгүй. Яг л хүн шиг. Хүн бол амьдралынхаа хамгийн тод өнгөтэй саланги хэсгүүдийг л санадаг. Тэгэх тусмаа энэ кино гайхмаар нэгдмэл түүх болж чадаж байгаа юм.
Кино тэр чигээрээ Вьетнамын халуун тамаар ороод гарсан гурван найзын сэтгэлзүйн өөрчлөлт, үйлдэл болоод хувь тавилан дээр тулгуурладаг. Чимино зориудаар баатруудаараа дайны дүгнэлт хийлгээгүйгээс үзвэл, энгийн хүмүүс дайныг хэрхэн хүлээн авч байгаа нь түүнд маш сонин гэдэг нь илт. Эргэн ирэхийн тулд хүч тэнхээтэй байх хэрэгтэй. Чамд энэ хүч тэнхээг олгох гол ундарга бол эх нутгаа гэх сэтгэл, ойр дотныхон болоод амьдралд үнэн сэтгэлээсээ хайртай байх явдал. Аюулын өмнө сөхрөхгүй байж, дотроо байгаа жижигхэн хэрнээ ХҮН гээч амьтныг бусдаас ялгадаг тэр зүйлийг гээхгүй байх. Эс бөгөөс чи зүйл дуусна.
Гэвч бүх зүйл сайнаар дуусч, хат суусан хүн буцаж ирсэн ч нэг л тухгүй, байр сууриа олж ядан зовно. Яг энэ зовлонг үнэн бодитоор гаргасан нь “Буга намнаач”-ийг агуу кинонуудын эгнээнд багтаажээ.
Сонин юм шүү. 1978 онд Баруун Берлины кино наадам дээр энэхүү бүтээлийн нээлт болоход ЗХУ-ын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ үзэгчдийн танхимыг орхиж гарчээ. Араас нь яах ч аргагүй болсон Польш, Герман, Югослав, Унгарын киночид цувсан гэдэг. За тэгээд, Зөвлөлтийн төв хэвлэлүүдээр харгис нийгмийн эсрэг тэмцэж байгаа Вьетнамын дайчдыг цусанд дуртай мангас мэтээр дүрсэлснийг нь шүүмжилж гарсан даа. Цусанд будагдсан алуурчид юм чинь өөр юу гэж хэлэх вэ дээ? Бүр сүүлд наяад оны сүүлчээр Роберт Дэ Ниро Москвагийн Олон улсын кино наадмын шүүгчээр ирчихээд “Би гайхаж байна. “Буга намнаач”-ийн эсрэг ЗХУ-д тийм их шүүмж гарч байсанд. Тэр кино бол тэр чигээрээ танай коммунистуудын ярих дуртай дайны эсрэг бүтээл юм шүү дээ” гэж асууж байсан. Харин энэ асуултад нь хэн ч хариулт өгч чадаагүй юм.
ЭХ сурвалж: Wikimon.mn