Соёлын төв өргөөнд хүмүүс “Х түц” “Шинэ-Үе” гэх мэт хамтлагуудын хошин шогийн үзүүлбэрүүдийг, Драмын театрт “Ану хатан” мэтийн түүхэн жүжиг үзэх гэж олноороо очно. Харин “Блэкс бокс”-д нэг орой абсурд жүжиг үзэх гэж сайндаа л тавиас жаран хүн зорьж очдог. Мэдээж хэрэг үзэгчид хийгээд жүжиг дууссаны дараах алга ташилтын тухайд ялгаатай. Олонхид бус цөөнхөд зориулж жүжиг тавьдаг гэдэг утгаараа чухам энд л анти театрын амин сүнс оршдог гэлтэй.
Гэхдээ хүртэх мэдрэмжийн хувьд харьцангуй л дээ. Ихэнх хүмүүс хошин шог үзээд элгээ хөштөл инээж нулимсаа арчиж байхад, цөөхөн хэсэг нь абсурд жүжиг үзээд өөрийнхөө симбол, дотоод хийгээд гадаад мөн чанараа олж хараад цочиж адгаж ч магадгүй. Тэр бүү хэл юуны тулд яах гэж, амьдран буйгаа эргэцүүлж, оршихуйн тухай гүн гүнзгий бодолд автаж ч мэдэх юм. Эсхүл зүгээр л амьдрал гэдэг зүйл анхнаасаа шал утгагүй зүйл байсан болохыг ойлгож юу ч бодолгүйгээр хямдхан дарс лонх лонхоор нь уух тухай дампуу хүсэлд хөтлөгдөнө.
Парисын театрууд бол Францын хувьд Лувр, Эйфелийн цамхагт тооцогдож, «Мулен Руж»-тай нь эн тэнцүү хэмжээний гайхамшиг, бахархлын нэгт зүй ёсоор нэрлэгддэг. Эл бахархлыг XX зуунд онцгойлон өргөгсдийн нэг нь румын гаралтай жүжгийн зохиолч, анти театрыг үндэслэгч Ионеско билээ. Парисын «Ля Юшетт» хэмээх бяцхан театрт ганцхан түүний жүжгүүд л тоглогддог бөгөөд 1956 оноос хойш энэ хөтөлбөр ер өөрчлөгдөөгүй ажээ. “Сандлууд” жүжиг анхандаа олны анхаарлыг таталгүй өнгөрчээ. 1956 онд нэрт найруулагч Жак Моклер ахин найруулж тавьсны дараа л хүмүүс сая анзаарсан бөгөөд абсурд театрыг өнөөдөр эл жүжиггүйгээр төсөөлшгүй.
Ионеско ертөнц абсурд шинжтэй, түүнийг гагцхүү эмгэнэл, инээдэм хоёрын дундах урлагийн хэлбэрээр л илэрхийлж болно гэдэг санааг дэвшүүлсэн байна. Түүний зохиолуудад хүний амьдрал эгээ л хар дарсан зүүд мэтээр, эд юмс эгээ л нууцлаг бэлгэ тэмдэг мэтээр дүрслэгдэж, амьд үхмэл хоёр, энгийн хэцүү хоёр нягт сүлэлдсэн байдаг.
Харин найруулагч С.Мягмар болон ОХУ-ын театрын найруулагч Олег Юмов нар анх удаагаа XX зууны хамгийн алдартай абсурд жүжиг болох "Сандлууд"-ийг саявтархан гурван удаагийн давтамжтайгаар “Блэк бокс”-ын тайзнаа найруулан тавьсан.
Абсурд жүжгийн амин сүнс нь зохиолоосоо илүүтэй, тайзны тавилтын өвөрмөц шийдэлд оршдог. Тэр утгаараа тайзны этгээд тавилт, уламжлалаас гажсан, стандартгүй, санаатайгаар өөр байх гэсэн дэглэлтийн төгс хувилбар бол “Сандлууд” жүжиг гэж мэргэжлийн хүрээнийхэн үнэлдэг байна.
“Сандлууд” жүжигт харагдаж үзэгддэггүй олон дүрээс гадна, гурван бодитой дүр бий. Тэдгээрт 95 настай өвгөн, 94 настай эмгэн, дунд эргэм насны уран илтгэгч багтана. Жүжиг эхлэх үед тайзны урд ирмэгт хоёр сандал тавиатай байх агаад түүний хоёр талд тус бүр гурван хаалга, нэг нэг цонх харагдана.
Байшингийн цонхон доогуур ус цалгилах бөгөөд өвгөн цонхоор шагайн завьтай хүмүүсийг ажиглаж, харин эмгэн муухай үнэр орж ирлээ, ялаа шавчихлаа хэмээн гомдоллох аж. Зочид хүлээх зуураа хөгшид «Урьдын цагт хорвоо дэлхий саруулхан гэрэлтэй байсан, одоо эргэн тойрон нэлэнхүйдээ бүрэнхий болчихож. Нэгэн цагт Парис хэмээх хот байсан, гэвч дөрвөн мянган жилийн тэртээ үгүй болж, одоо зөвхөн тэр хотын тухай дуу л үлдэж дээ» гэхчлэн ярилцана.
Эмгэн өвгөнөө авьяаслаг, чадвартай хүн хэмээн магтаж, «Хэрэв чи минь нэр төрд дуртайсан бол, өдийд эзэн хаан, ерөнхий редактор, ерөнхий эмч, ерөнхий маршал ч байж болох байсан» хэмээн харамсангуй өгүүлнэ.
Гэхдээ л өвгөн довжоон шатны ерөнхий маршал болжээ. Өөрөөр хэлбэл, тэр үүдний жижүүр, хаалгач. Эмгэн хайран авьяасаа дэмий үрсэн тухайд нь ахиад л халаглаад эхлэнгүүт өвгөн ээжийгээ дуудан уйлж, эмгэн түүнд аугаа их үйлсийнх нь тухай сануулан байж арайхийн тайвшруулна.
Өвгөн өнөөдөр хүн төрөлхтөнд чухал мэдээ дуулгах ёстой аж. Тэгээд л зочид урьжээ. Хурандаа, эзэгтэй, хөгжимчид, төлөөлөгчид, наймаачид, үгээгүйчүүд, сэхээтнүүд, сэтгэцийн эмч нар, тэдний үйлчлүүлэгчид тэр ч бүү хэл эзэн хаан хүртэл уригдсан байна. Хорвоо дэлхий чухаг мэдээг хүлээж, Эмгэн үүгээр бахархана.
Ус цалгилах дуулдаж эхний зочин ирнэ. Хөгшид үл үзэгдэх зочныг оруулж, авансцен руу зална. Яриаг нь сонсвол эрхэмсэг нэгэн хатагтай байгаа бололтой. (Дурдсан гурваас бусад дүр огт үл үзэгдэнэ) Эмгэн түүний язгууртан шинж төрхийг бахдана. Дахин ус цалгисны дараа хаалганы хонх дуугарав. Үүдэн дээрээ очсон өвгөн үл үзэгдэгч Хурандаагийн өмнө өсгий хавсран номхон зогсоно. Эмгэн бушуухан гүйж ахин хоёр сандал авчирна. Үл үзэгдэх зочид хоорондоо тун нарийн яриа үүсгэж, гэрийн эзэд сүүлдээ эрхэмсэг хатагтайг нөхөртэй болохыг Хурандаад сануулахад хүрчээ. Хонх ахин дуугарч өвгөний багын найз эмэгтэй нөхөртэйгөө иржээ. Үл үзэгдэгч ноёнтон бэлэг болгон зураг авчирсан байх бөгөөд эмгэн түүнтэй эгээ л янхан шиг аальгүйтэн, банзлынхаа хормойг сөхөн, чанга чанга хөхөрч, нүдээ эргэлдүүлнэ. Тэгснээ гэнэтхэн баахан дурсамж ярина. Өөдгүй хүү нь хэрхэн хаяад явсан тухай үглэхэд, өвгөн хүүхэдгүй буй нь харин ч сайн, учир нь тэр өөрөө ч муу хүү явсан, ээжийгээ үхлүүт байхад нь хашааны ёроолд хаячихаад зугтсан гэж ярина.
Үүдний хонх ар араасаа дуугарч, үйл явдлын өрнөл хурдасна. Өвгөн зочдыг угтан авч, Эмгэн амьсгаадан гүйж шинээр сандал зөөн оруулж тавьсаар л байна. Үл үзэгдэх зочдын дундуур явах ч зайгүй болно. Эцэстээ хонх нэг юм намжиж, тайзаар дүүрэн сандал эгнэнэ. Сүүлдэж ирсэн зочдод өвгөн хана налаад зогсохыг санал болгоно…”
“Сандлууд” жүжгийн эхлэл хийгээд өрнөлийг товчхон өгүүлэхэд ийм. Харин тус жүжгийн тайллыг уншигч та өөрийн биеэр “Блэк бокс” театрт хүрэлцэн очиж С.Мягмар болон Олег Юмов нарын тавилтаар үзээрэй гэж хэлэх байна. Үзэхгүй байсан ч болно. Энэ бол таны сонголтын асуудал.
Абсурд театр хэмээх ойлголт XX зууны дунд үеэс баруунд хэдийнэ төлөвшлөө олж өдгөөг хүртлэх хугацаанд өөрийн гэсэн сонгодгуудаа төрүүлж, тайзны бүхэл бүтэн томоохон соёл болтлоо хөгжиж иржээ. Харин өнөөдөр л абсурд жүжгийг монголчууд өөрсдийн тайзнаа, өөрсдийн найруулгаар анхлан тавьж эхэллээ.
Энэ утгаараа одоохондоо хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй, мэдрэхгүй, өргөн цар хүрээ, үзэгчдийг хамрахгүй байх нь аргагүй. Эцэст нь нэгэн зүйлийг онцлон хэлэхэд хүн төрөлхтний сэтгэлгээний ололт болсон абсурд театрын гайхалтай тавилтуудаар бид бүхний мэдрэмж, оюуныг цэнэглэх оролдлогыг зоригтойгоор эхлүүлж, үүнийгээ бодит ажил хэрэг болгоод явж байгаа С.Мягмар найруулагчид Абсурд театрт хайртай хэн бүхний өмнөөс талархсанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.