2013 оны зургадугаар сар. Агуу Моцартын төрсөн нутаг. Штраусын алтан хөшөө, Сиси хатны сүрлэг ордон, Шубертийн нэрэмжит консерваторитой Вена хот. Сонгодог хөгжмийн аялгуунд бүүвэйлэгдэн эрхэмсэг залардаг энэ хотын тэнгэрт Монголын морин хуур эгшиглэв. Франц Шубертийн консерваториос зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн уралдаанд монгол хамтлаг, монгол хөгжимчин, монгол морин хуур тэргүүн байрыг эзлэв. Шүүгчдийг гайхашруулж, хөгжмийн профессоруудыг суудлаас нь босгон алга ташуулж, толгой дөнгөж дохих төдий мэндчилгээг гүнээ хүндэтгэн мэхийсэн бишрэл болгон өөрчлөв. Азийн ардын хөгжим, тэр дундаа Монголын морин хуур гэдэг басаж үл болох, гүн хүндэтгэл, гүн ухаан, гүн авьяасыг шингээсэн гайхамшигт өв гэдгийг тунхаглав.
Үүнээс хоёр сарын дараа Хар далайн эргийн хот Несебарт Монголын далбаа өндрөөс өндөрт мандав. Урьд цагт бидний хил хязгаарын гортиг дотор багтдаг байгаад, өнөөдөр ондоо тивийн эзэдтэй болсон энэ хотод дэлхийн 30 шахам улсаас ардын урлагийн авьяастнууд цугларан өрсөлдсөнийг мөн л нүүдэлчин удамт Монгол түмний дуу хуур өнгөлөв. Уртын дууны шуранхай эртний цайзын оройг дамжин тэнгэр өөд цойлж, морин хуурын аялгуу хүлгийн төвөргөөнийг мэдрүүлж, хөөмийн хархираа чагнан суугаа хүмүүн бүхний сэтгэлийн утсыг гогодон, хэлж мэдэхгүй дотоод эрчим хүчийг авчрав. Цамын бүжиг, уран нугаралт бас л төсөөлж ч чадамгүй сонин хачин. Бие биелгээ тэр чигээрээ нүүдэлчин түмний гоо сайхан намба төрх, дэгжин шаавай донж маяг. Товчхондоо Монголын ардын урлагийн тоглолт дахин дахин үзээд баймаар, үзэх бүртээ хөг аялгуу, хөдөлгөөн намба, хархираа, шуранхайд нь нуугдаад байгаа сүнслэг эрчим хүчийг улам бүр мэдрэх, оньсого мэт таашгүй, судар мэт сонин, тарни мэт шидтэй санагдав. Тийм ч болохоор Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах тэмцээний хамгийн дээд шагналыг Монголын уран бүтээлчид хүртэв. Аялал жуулчлалын төв болсон, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн энэ хотод тэр өдрүүдэд амарч явж таарсан орон орны азтай үзэгчид Монголын ардын урлагтай алга ташин танилцав.
Мөн л энэхүү явдлаас хоёр сарын дараа, тодруулбал 2013 оны аравдугаар сард Бээжин хотноо байдаг алдарт Сувдан театрын тайзнаа Монголын ардын урлагийн долоон хамтлагийн нэгдсэн тоглолт болов. Өмнөд хөршдөө төдийгүй дэлхийд данстай театрын тайз нэгэн орой тал нутгийн нүүдэлчин өвөг дээдсийн хөг аялгуунд хөгжин баясав. Манай ардын урлагийн хамтлагууд ийм нүсэр бүрэлдэхүүнээр нэгдэн нийлж, анх удаа хилийн чанадад тоглолтоо хийсэн нь энэ. Хэдийгээр хөрш зэргэлдээ ч гэлээ, бидний язгуурын дуу хуур тэдэнд сонин содон байсан.
Үндэснийхээ язгуур урлагаар хүлгээ хийн өртөөлөн давхих алтан соёмбот далбааны дараагийн өртөө арлын Япон. Наран улсын хамгийн том, хамгийн нэр хүндтэй тайз Үндэсний төв театрт нь Монголын ардын урлагийн тоглолт болно. Түүний дараагаар буурал Европод, сонгодог хөгжим, суурин соёл иргэншлийн эрхэмсэг нэгэн төлөөлөл болсон хотын дэлхийд алдартай тайзнаа заларна. Ийн аялсаар дэлхийг тойрох, тив тивийн ард түмэнд язгуурын өв соёлоо танилцуулах, танилцуулаад зогсохгүй гайхуулах, мэдрүүлэх зорилготой. Энэ эрхэм зорилгын галыг гурван жилийн өмнө анхлан асаасан түүхтэй. Хэн, хаана, хэрхэн асаав?
Одоогоос гурван жилийн өмнө, хаврын тэргүүн сар айлчлан ирэхийн наахнатай ардын урлагийн таван хамтлагийн нэгдсэн тоглолт болсон билээ. Санаачлагч нь Төрийн шагналт, УГЖ Д.Сосорбарам. Түүний дараа жил долоон хамтлаг болж бүл нэмсэн тоглолт харин өнөө жил үржихийн бэлгэдэл есөн хамтлаг болж өргөжиж байна. Гурав дахь жилээ үргэлжилж буй энэ төсөл Монгол Улсын төрийн тэргүүний ивээлд явдаг уламжлалтай. Санаачлагч нь энэхүү цуврал тоглолтын ерөнхий найруулагч, продюсерээр ажилладаг. Анхны тоглолтын төгсгөлд тайзан дээр “Энэ хамтлагуудтайгаа дэлхийг тойрно оо” хэмээсэн түүний амлалт биелэх эхний алхмууд хэдийнэ хийгдсэн нь дээрх жишээнүүд. Ийнхүү нийлэн нэгдэж, илүү хүчтэйгээр, илүү цогцоор, илүү омог бардмаар аялгуу эгшгээ өгрөх болсон ардын урлагийг дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд оролцуулах төсөл доторх төслийг санаачлан, амжилт дагуулсан урлагийн консалтингийн “АртЛар Хаус” компани дэлхийд Монголын урлагийг гайхуулах эрхэм зорилгын галд өөрийн цучлыг нэмэрлэсэн байна.
Хамтлагууд нэгдэж, тоглолт хийсэн. Нэгдлээс хөгжил улбаалсан. Хөгжил тэсрэлт авчирсан. Тэсрэлт амжилт дагуулсан. Дагуулсан тэр амжилт, дараа дараагаар ирэх ирээдүйн амжилтууд ч зөвхөн энэ хэдэн уран бүтээлчид бус даяар монгол түмэнд хамаатай. Өв соёлоор минь дамжуулан дэлхий биднийг өөрөөр хардаг болж, бидэнтэй өөрөөр мэндэлдэг болж, биднийг өөрөөр хүндэлдэг болох оюун сэтгэлгээний их аяны хувь хишгийг хүртэгсэд нь та бид бүгдээрээ. Ертөнцийн хүмүүст гайхуулах өв соёлтой байна гэдэг онцгой хувь заяа. Үнэлж баршгүй ийм өвийг үлдээж өгсөн өвөг дээдсийн суу ухаан хэзээ ч ширгэшгүй. Тийм ч учраас гурав дахь жилийн нэгдсэн тоглолтын нэрийг “Монгол төгсөшгүй” хэмээн өгсөн биз ээ. Энэ тоглолт нэр шигээ цааш үргэлжилнэ. Гэхдээ дэлхийн тайзнаа үргэлжилнэ.
Б.ЦАЦРАЛ
Эх сурвалж: news.mn