Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Homay” дуугаараа дэлхийд танигдаж буй Башкир үндэстний “Ay Yola” хамтлаг
Гадаад мэдээ

“Homay” дуугаараа дэлхийд танигдаж буй Башкир үндэстний “Ay Yola” хамтлаг

Урлаг Урлаг23/04/2025Шинэчлэгдсэн:23/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн үед “TikTok”, “Instagram”, “Spotify” гээд бараг бүх л платформ дээр “Homay” нэртэй нэгэн уянгалаг этно-поп дуу тренд болж, өөрийн эрхгүй чихэнд хоногшин аманд аялагдах болжээ. Уламжлалт хөөмий, курай хөгжмийн хослол дунд орчин үеийн электроник өнгө аяс холилдсон энэ өвөрмөц дуугаралт хүний анхаарлыг татах нь аргагүй биз ээ. Ингээд Homay дууг бүтээсэн Башкир үндэстний “Ay Yola” хамтлагийг танилцуулж байна.

2024 онд Оросын Уфа хотод байгуулагдсан тус хамтлаг нь орчин үеийн электроник хөгжмийг Башкир үндэсний хөгжмийн зэмсэг болох курай, домбра, кубыз зэрэгтэй хослуулан өвөрмөц дуугаралт бий болгосноороо олонд танигдаад буй. “Ay Yola” хамтлагийн уран бүтээлүүд нь Башкир үндэсний домог, түүхийг орчин үеийн хөгжимтэй хослуулан шинэчилсэн хэлбэрээр хүргэдэг гэж хэлж болох юм. Хамтлагийн нэрийн хувьд Башкир хэлээр “сарны зам” буюу дээд ертөнцийн хууль, ёс заншил гэсэн утгатай бөгөөд энэ нь тэдний туурвидаг уран бүтээл, дуу хөгжимтэй төгс зохицдог аж.

Тус хамтлаг нь Адель Шайхитдинова, Руслан Шайхитдинов, Ринат Рамазанов хэмээх гурван хүнээс бүрддэг бөгөөд продюсер, хөгжмийн зохиолчийн үүргийг гүйцэтгэдэг Руслан нь гоцлол дуучин Аделийн аав нь гэнэ. Руслан охиныгоо багаас нь урлагийн хүн болно хэмээн итгэдэг байсан бөгөөд тэд хамтдаа 2019 онд “TНT” сувгийн “Песни” хэмээх хөгжмийн нэвтрүүлэгт оролцож анх олонд танигдаж байжээ. Харин Ринатын хувьд Башкортостаны Ардын жүжигчин цолтой нэгэн бөгөөд олон хөгжмийн зэмсэг эзэмшсэн, нийгмийн идэвхтэй зүтгэлтэн гэдгээрээ шүтэн бишрэгчдийнхээ хайр, хүндэтгэлийг хүлээдэг аж.

“Homay” хэмээх дуyнд Башкир үндэстний домогт гардаг Хомай гэх эмэгтэй шувууны тухай өгүүлдэг байна. Домогт өгүүлснээр, Хомай нь тэнгэрийн шувуудын хаан Самраугийн охин бөгөөд эцэг эх нь түүнд сайн сайхан, ариун ёс суртахууныг өвлүүлсэн гэдэг. Тэрбээр алмаазан сүхний хамгаалагч, ид шидийн Акбузат морины эзэн бөгөөд амьд усны ундаргын замыг мэддэг онцгой хүчтэй хүн хэмээн дүрслэгддэг аж. Мөн гаднын хүнтэй гэрлээгүй, уламжлалаа зөрчөөгүй, үнэнч хөвгүүдийг төрүүлсэн тул “Аз жаргалын шувуу” хэмээн нэрлэгддэг Башкирын соёл, уламжлалд онцгой байр суурь эзэлдэг, гүн утга агуулсан мифологийн дүр юм.

Дууны ерөнхий утга санаа нь өв уламжлалаа дээдэлдэг, хүчирхэг, гоо үзэсгэлэнтэй Башкир эмэгтэйчүүдийг “Хомайн одод” хэмээн Хомай шувуутай зүйрлэж буй талаар өгүүлдэг байна.

“Homay” дуу нь цацагдсан даруйдаа олон улсын хөгжмийн платформуудад тренд болж, олны анхаарлыг багагүй татаад байгаа билээ. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, энэхүү дууны амжилт нь зөвхөн аялгуу, шүлэгтээ бус, Түрэг хэлт үндэстнүүдийн соёлын өвийг хадгалж, түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж чадсанд оршиж байна хэмээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

19 дэх удаагийн Венецийн архитектурын биенналь эхэллээ

14/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Үндэсний номын баяр-2025” болно

14/05/2025

19 дэх удаагийн Венецийн архитектурын биенналь эхэллээ

14/05/2025

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.