“Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдааны сүүлчийн шатны шалгаруулалт өнөөдөр Хөгжим Бүжгийн Коллеж дээр үргэлжилж байна.
Дэлхийн хэмжээнд Ф.Шопены нэрэмжит уралдаан Европ, АНУ, БНХАУ, Японд болдог байна. Харин Төв Азид байдаггүй бөгөөд монголчууд ийм уралдаан явуулж, гадаад орнууд, тэр дундаа хөрш улсууд, ОХУ-ын Сибирь орчмын хөгжимчдийг өргөнөөр оролцуулж байхыг олон жилийн өмнөөс зорьсон. Өдгөөгөөс таван жилийн өмнө уг асуудлыг Польшийн Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн академид тавьж байж уралдаан зохион байгуулах эрх олж авснаар анхны олон улсын уралдааныг 2011 онд зохион байгуулсан түүхтэй.
Энэхүү хоёрдугаар уралдаанд нийт 30 өрсөлдөгч, насны хоёр ангилалд ур чадвараа сорихоор гараандаа гарсан. Энэ удаа Монголын төгөлдөр хуурчдаас гадна БНХАУ, БНСУ, ОХУ-ын төгөлдөр хуурч хүүхэд залуус оролцож байгаа юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Польшийн нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, ОХУ-ын Иркутск хотын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн коллежийн захирал А.С.Дурбажева, БНХАУ-ын Шанхайн Хөгжмийн дээд сургуулийн захирал Зи Танг, ХБК-ийн төгөлдөр хуурын багш, Монгол Улсын гавьяат багш Ч.Тунгалаг, СУИС, ХБК-ийн төгөлдөр хуурын багш, СТА Ц.Энхтөр нар ажиллаж байна.
Шилдэг нэг оролцогч БШУЯамны тэтгэлэгээр Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн академид суралцах эрхээр шагнах бол I байр 5000 ам доллар, II байр 3000 ам доллар, III байр 2000 ам долларын мөнгөн шагналыг хүртэх аж.
www.URLAG.mn