Драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза-18” олон улсын театрын наадам нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор тавдугаар сарын 16-24-нд үргэлжилж, өчигдөр /2025.05.24/ улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслол “Корпорейт центр”-т болж, өндөрлөлөө.
Ингээд тус наадамд шилдгээр шалгарсан театрууд болон уран бүтээлчдийг танилцуулъя.
ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ
Хүүхдийн жүжгийн төрөлд “Про” театрын бүтээл “Щелкунчик”, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Миний найз араатан”, Баянхонгор аймгийн “Тэмүжин” хүүхдийн театрын бүтээл “Гахайн ганц тоорой” хүүхдийн жүжиг өрсөлдсөн юм.
- Шилдэг эрэгтэй туслах дүр: Э.Батмөнх (“Миний найз араатан” жүжгийн Эцэг чонын дүрээр)
- Шилдэг эмэгтэй гол дүр: Т.Халиунсор (“Миний найз араатан” жүжгийн Зээрэнхүүгийн дүрээр)
- Шилдэг эрэгтэй гол дүр: М.Төгөлдөр (“Щелкунчик” жүжгийн Дроссельмейрийн дүрээр)
- Шилдэг тайзны зураач: Б.Билгүүн (“Щелкунчик” жүжгээр)
- Шилдэг найруулагч: Б.Анхбаатар (“Щелкунчик” жүжгээр)
НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ
Нэг хүний жүжгийн төрөлд УДЭТ-ын бүтээл “Тайгын хүрэн”, “Театр лаб”-ын бүтээл “Ханануудын амьдрал”, Арабын нэгдсэн Эмират “Almaseelah theatrical production”-ий бүтээл “Дэнлүү” (Candle), УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийн бүтээл “Дөргөнэ хатны домог”, Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрын бүтээл “Хатан сэнтийн хайлан”, Румын Улсын “Theatre Tony Bulandra”-ийн бүтээл “Би биш” (Not I), Тунис Улсын “Chaine Theater”-ийн бүтээл “Цангаа” (Thirst) жүжиг өрсөлдлөө.
- Шилдэг зохиолч: Д.Урианхай (“Ханануудын амьдрал” жүжгээр)
- Шилдэг тайзны зураач: Topologeanu Casanra-Elena (“Би биш” жүжгээр)
- Шилдэг эрэгтэй жүжигчин: Б.Болдхүү (“Ханануудын амьдрал” жүжгийн Хананы дүрээр)
- Шилдэг эмэгтэй жүжигчин: Caramida Tanase Andreea (“Би биш” жүжгийн Эмэгтэйн дүрээр)
- Шилдэг найруулагч: Topologeanu Casanra-Elena (“Би биш” жүжгээр)
ХОЁР ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ
Хоёр хүний жүжгийн төрөлд “Зөгий” театрын бүтээл “Хархны ан”, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Дайны замаар”, Грек улс “Librart Performing Arts Ensemble”-ийн бүтээл “Omikronyiota” жүжгүүд өрсөлдлөө.
- Шилдэг тайзны зураач: Athanasia Chalkia, Zoi Papari (“Omikronyiota” жүжгээр)
- Шилдэг эрэгтэй жүжигчин: П.Мөнхдэлгэр (“Хархны ан” жүжгийн Эрэгтэйн дүрээр)
- Шилдэг найруулагч: Ioannis Didaskalou (“Omikronyiota” жүжгээр)
ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ
“Гэгээн Муза” олон театрын наадмын драмын жүжгийн төрөлд “Орфей” театрын бүтээл “1984”, “Про” театрын бүтээл “Шадар гурван цэрэг”, Завхан аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Асарын өндөр”, Баянхонгор аймгийн Тэмүжин театрын бүтээл “Хархны ан”, Грек Улсын “Ithikon Akmeotaton” театрын бүтээл “Эдип хаан” жүжгүүд өрсөлдсөн.
- Шилдэг эмэгтэй туслах дүр: Т.Энэрэл (“Шадар гурван цэрэг” жүжгийн Констанция Бонасьегийн дүрээр)
- Шилдэг эрэгтэй туслах дүр: А.Цэрэнбалжир (“Асарын өндөр” жүжгийн Хохойн дүрээр)
- Шилдэг хөгжмийн зохиолч: Ш.Өлзийбаяр (“Асарын өндөр” жүжгээр)
- Шилдэг тайзны зураач: С.Ариунболд (“Асарын өндөр” жүжгээр)
- Шилдэг эмэгтэй гол дүр: Angeliki Lemoni (“Эдип хаан” жүжгийн Jocasta-ийн дүрээр)
- Шилдэг эрэгтэй гол дүр: С.Болд-Эрдэнэ (“1984” жүжгийн Уинстон Смитийн дүрээр)
- Шилдэг найруулагч: О.Итгэл (“Шадар гурван цэрэг” жүжгээр)
“Гэгээн Муза” наадмын үеэр ахмад уран бүтээлчдээ алдаршуулан, шагнадаг уламжлалтай. “Хүндэт Муза” шагналыг энэ жил Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, “Гэгээн Муза” академийн гишүүн М.Пүрэвсүрэн нарын театрын урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж шагнасан юм.
Шүүгчдийн нэрэмжит тусгай шагналыг “Шадар гурван цэрэг” жүжгийн Миледи де Винтерийн дүрээр залуу жүжигчин Б.Ариунхишиг, “Ханануудын амьдрал” жүжгээр зураач Б.Одсүрэн нарыг тодруулан гардууллаа.
Энэ жилийн шилдэг залуу уран бүтээлчээр “Гахайн ганц тоорой” жүжгийн Гахайн тооройн дүрээр Ү.Ууганбаяр, “Шадар гурван цэрэг” жүжгийн Д’Артанъяны дүрээр жүжигчин О.Самданпүрэв шалгарлаа.
Энэ жилийн наадмаас эхлэн “Гэгээн Муза” олон улсын театрын наадам хүүхэлдэйн жүжгийн төрлийг нэмээд буй. Тэгвэл жүжгийн эл төрлийн шилдэг уран бүтээлээр Улсын хүүхэлдэйн театрын бүтээл ”Морин хуур” хүүхэлдэйн жүжиг тодорлоо.
Түүнчлэн мөн энэ удаагийн наадмаас эхлэн оны шилдэг хөрөнгө оруулагчийг тодруулахаар болжээ. Тиймээс өнөө жилийн шилдэг хөрөнгө оруулагчаар Завхан аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Асарын өндөр” жүжгийн хөрөнгө оруулагч “Огторгуйн цагаан гарьд сан” шалгарсан юм.
18 дахь удаагийн “Гэгээн Муза” олон улсын наадмын бэсрэг жүжгийн ангиллын оны шилдэг уран бүтээлээр Румын Улсын “Theatre Tony Bulandra”-ийн бүтээл “Би биш” (Not I) моно жүжиг, үндсэн жүжгийн ангиллын оны шилдэг уран бүтээлээр “Про” театрын бүтээл “Щелкунчик” хүүхдийн жүжиг шалгарч, гранпри шагнал хүртлээ.
“Гэгээн Муза-18” наадмын зочин шүүгчээр Олон улсын театрын институтийн ерөнхийлөгч, Уганда улсын иргэн Жессика Каава, Япон Улсын Токио дахь “D’UOMA ex machina” театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумото Ацуши, Дани Улсын “Winter movement academy”-ийн үүсгэн байгуулагч, театрын хөдөлгөөний найруулагч, сургагч багш Денни Деннис, Олон улсын театрын институтийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман нар урилгаар ирж ажиллажээ.