Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран хүүхэд багачуудын авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Хүүхдийн урлагийн VIII наадам”-ыг зохион байгуулах гэж байна.
Наадам хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилготой юм.Хамрагдах хүрээний хувьд Чингэлтэй дүүргийн 12 сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчид, 23 цэцэрлэгийн хүүхэд багачууд оролцоно. Наадам гурван үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шатных ирэх сарын 5-нд, хоёрдугаар шатных 10-11-нд болох аж. Харин ирэх сарын 18-нд Монголын Хүүхдийн ордонд шилдгүүдийн нэгдсэн гала тоглолттой. Дашрамд дурдахад, цэцэрлэгийн насны хүүхдүүд харилцаа дуу, эстрад дуу, ардын гоцлол бүжиг, ардын бүжиг хамтлаг гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх бол сургуулийн насны хүүхдүүд ардын дуу, харилцаа дуу, ардын гоцлол бүжиг, ардын бүжиг хамтлаг, ардын хөгжмийн цөөхүүл, морин хуурын төрөл, язгуур урлаг, уран нугаралт зэрэг урлагийн найман төрлөөр өрсөлдөнө