BNS URLAG MARKET LLC захирал, ГАЛДАН БОШГОТ ХААН төслийн удирдагч, продюссер МУСТА Б.Нямсүрэн:
Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагууд өөрсдийн материаллаг бааз дээр тулгуурлан чанартай уран бүтээл туурвих хүчин чадал өндөр байдаг бол орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хувьд уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар дутмаг, үйлдвэрлэл техник, орон нөхцөл муу, хүний нөөцийн хүрэлцээ, санхүүгийн чадамж муу зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг учраас чанаргүй уран бүтээлүүд төрөх, энэ нь цаашлаад нутаг орны хүн амын соёл боловсролын түвшинд нөлөөлөх сөрөг хандлагатай байдаг. Нутаг оронд авъяаслаг чадварлаг уран бүтээлчид байсан ч санхүүгийн дэмжлэг, орон нутгийн театр, чуулгын маркетинги менежментийн ажиллагаа сул байдгаас ихээхэн асуудлууд үүсдэг. Соёл урлагийнхан бид өөрийн яамтай болсон цагаас хойш мэргэжлийн урлагийн тулгамдсан асуудлуудад онцгой анхаарал тавьж, шинэ уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад уран бүтээлчид бид талархалтай байна. Үүний нэг жишээ бол ГАЛДАН БОШГОТ ХААНЫ 370 жилийн ойд зориулан ГАЛДАН БОШГОТ ХААН дуулалт жүжгийг ХОВД аймгийн Хөгжимт Драмын Театрт туурвих төслийн ажлыг ССАЖЯ, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэй хийхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Энэхүү төслийн зорилго нь мэргэжлийн чадварлаг УРАН БҮТЭЭЛЧДИЙН ЗӨВЛӨХ БАГ бүрдүүлэн ШАВЬ СУРГАЛТ-ын дор орон нутгийн театрын уран бүтээлчдийн ур чадварыг өсөн нэмэгдүүлэх, шинээр авъяастныг төрүүлэх, удирдлагын менежментийн шинэчлэлт хийх буюу энэхүү бүтээлээр дамжуулан Монгол түмнийхээ эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Зүүн гарын эзэнт гүрний хаан Галдан бошготын үйл хэргийг монгол түмэндээ үнэн мөнөөр нь таниулах, түүний алдар гавьяаг мөнхлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм. ГАЛДАН БОШГОТ ХААН жүжгийн зохиолыг МЗЭ-ийн шагналт Н.Сүхдорж бичиж, Хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Ерөнхий найруулагчаар МУУГЗ Ё.Цэрэндолгор, Ерөнхий зураач МУСТА Ц.Энхтуяа, конструктор зураач, жүжиг чимэглэлийн эрхлэгч МУСТА Н.Батбилэг, бүжиг дэглээч: МУГЖ А.Даваахүү, Хөгжим судлаач МУСТА М.Мөнгөнсүх, Хормейстр багш МУСТА Д.Нандинцэцэг, төслийн продюссер МУСТА Б.Нямсүрэн, М.Баатар захиралтай Ховд аймгийн ХДТеатрын уран бүтээлчид ажиллаж байна.
Энэ уран бүтээлийн зөвлөх баг 3-р сарын 21нд Ховд аймагт очиж, ГАЛДАН ХААН жүжгийн уран бүтээлчдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг хийх гэж байна.
“ГАЛДАН БОШГОТ ХААН” дуулалт жүжгийн тухай
Зүүн гарын эзэнт улс нь монгол үндэстний байгуулсан хамгийн сүүлчийн эзэнт гүрэн юм. Нутаг нь цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн казакстаны зүүн хэсэг хүртэл одоогийн Киргызстаны хойт хэсгээс төв монголын баруун хязгаар хүртэл уудам нутгийг эзэлсэн Хами, Турфан, Кашкар, Самарканд Сайран, Бухар зэрэг том жижиг 1000 гаруй хот тосгодыг эрхшээлдээ оруулсан эзэнт улс байсан бөгөөд энэ нь тухайн үедээ манж улсын дайтай газар нутаг байсан юм. Хаан нь цорос аймгийн тэргүүн хотогчин ноён Эрдэнэбаатар хун тайжийн хүү Галдан юм. Галдан 1644 онд төрсөн 7 настайгаасаа Төвдөд явж ном үзэн 20 жил суусан шашны номонд нэвтэрсэн зонховын шавь дүлзэн Дагважамцын хувилгаан дүрээр тодорсон хүн байжээ. Эрдэнэбаатар хунтайжийн дараа түүний хүү Сэнгэхаан аавын ор залгасан боловч түүний эх тусгаар, эцэг нэгтэй ах болох Цэцэн ноён дүү Сэнгээ зэрлэгээр хөнөөж өөрөө хаан суухыг санаархсан боловч чадаагүй. Сэнгийн хүү Цэвээнравдан насан балчир байсан тул Галдан хаан ахынхаа орыг залган зүүн гарын хаан болсон юм. Галдан хаан суугаад дотоодын зөрчлийг дарж, аав Эрдэнэбаатар хунтайжийн үед халх, ойрод, өвөрлөгч, халимагийн бүх ноёд 1640 онд Тарвагатайн “Улаанбурай” гэдэг газарт чуулан баталсан дөчин дөрөв хоёрын “Их цааз” гэдэг 120 зүйлтэй их цааз хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхээр тууштай тэмцсэн хүн. Тэр цаазад:
- Манжийн эзлэн түрэмгийлэх аюулын эсрэг нэгдсэн хүчээр тэмцэх
- Шарын шашныг улсын шашин болгон шашны нөлөөгөөр монгол овогтныг нэгтгэх
- Том ноёдын хоорондох зөрчил сөргөлдөөнийг зогсооход чиглэгдсэн олон зүйл заалт байжээ.
Чухам энэ хуулийг л хэрэгжүүлж монгол түмнийхээ эв нэгдлийг хамгаалах гэж Галдан бошгот хаан тэмцсэн юм. Энэ тэмцэл нь чиг шулуун байсангүй. Манжийн хааны хорт явуулга хийгээд дотоодын зарим болчимгүй хүмүүсийн гайгаар бөөн эсэргүүцэлтэй тулгарчээ. Манж нар халх ойродыг хоорондох энэ таагүй харилцааг ашиглан хатгаснаар халх ойрадын хооронд дайн үүсч монголын түүхэнд том хар толбо үүссэнийг үнэн мөнөөр өгүүлэхийг зорьсон билээ. Галдангийн талаар өрүү зөрүү бодолтой хүмүүс байдаг.
Галдан хаан монголын дотоодын зөрчлийг зогсоох манжийн эсрэг газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалан тэмцсэн түүхэн гавьяатай, гарамгай жанжин, үндэсний баатар хүн байсан бөгөөд тэрээр хойч үе бидэнд “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн гэрээлсэн захисан нь Тэнгэрийн зарлиг мэт бөлгөө.