АНУ-д болсон олон улсын хөгжмийн наадамд монгол охин тэргүүн байранд орж, гран при шагналын эзэн болжээ. Түүнийг Эрдэнэхүүгийн Түшиг-Эрдэнэ гэдэг бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн арваннэгдүгээр ангид сурдаг юм байна. Контрабас буюу босоо хийл/Их хуур/ хөгжмийн төрлөөр гадаадад болсон тэмцээн уралдаанд Монголоо төлөөлөн анх удаа оролцож, ийнхүү сайхан амжилт гаргасан түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө баяр хүргэе. Манайхаас урьд нь контрабасын төрлөөр гадагшаа тэмцээн уралдаанд орж байгаагүй шиг. Энэ удаад АНУ-д болсон олон улсын тэмцээнд оролцох саналыг анх хэн тавьсан бэ?
-Баярлалаа. Анх ийм тэмцээнд оролцож байгаагаа мэдээгүй юм(инээв). Манай мэргэжлийн багш Л.Баасанхүү тэмцээнд бичлэгийг чинь явуулах гэж байна гэсэн л дээ. Тэгээд би хөгжмөө тоглосон. Сүүлд нь АНУ-д болдог олон улсын хүүхдийн "Крешинда" хөгжмийн наадамд бичлэгээ илгээснээ мэдсэн.
-Шалгаруулалтыг нь яаж явуулж байх юм. Ямар ая тоглов?
-Би "Крестьянский танец" гэдэг орос ардын тариачдын тухай ая тоглосон. Энэ ая маш гоё хэмнэлттэй, цоглог. Тэмцээнд бичлэгээ ирүүлсэн хүүхдүүдийг олон улсын шүүгчид шүүж шалгаруулдаг юм билээ. Тэгээд мэйлээр хариуг нь илгээдэг. Надад ч хариу нь ингэж ирсэн. Энэ тэмцээнд манайхаас надаас гадна хэд хэдэн хүүхэд оролцсон. Чамгүй амжилт гаргацгаасан шүү.
-Тэнд очоод хөгжмөө тоглож үзүүлсэн үү?
-Тэгсэн. Орон орны маш олон хүүхэд ирсэн байсан. Тэмцээнд оролцогчид цагийн хуваарийн дагуу шүүгч нарт хөгжмөө тоглож шалгуулсан. Ёслолын ажиллагаан дээр шагнал авсан хүүхдүүд тайзан дээр хөгжмөө тоглоцгоосон.
-"Крешинда" тэмцээн жил болгон болдог юм уу. Энэ удаад хичнээн орны хүүхэд өрсөлдөв?
-Герман, америк, австри, япон, солонгос, хятад хүүхдүүд оролцсон. Орон орны хүүхдүүд нас насны ангиллаар оролцдог тэмцээн. Контрабасаас гадна төгөлдөр хуур, утсан хөгжим, хийл, виолончель, үлээвэр хөгжим гэх мэт их олон төрлөөр хүүхдүүд өрсөлддөг.
-Тайзан дээр гараад хөгжмөө тоглоход ямар сэтгэгдэл төрж байв. Үзэгчид болон шүүгчид хэрхэн хүлээж авсан бэ?
-Босоо хийлийн төрлөөр анх удаа Монголоос олон улсын тэмцээнд оролцоод тэргүүн байранд орсон. Үзэгчид болон ялангуяа шүүгчид маш их гайхан хүлээж авсан. Учир нь контрабасаар эмэгтэйчүүд бараг тоглодоггүй юм билээ.
-Энэ тэмцээнд өөрийнхөө хөгжмийг авч явсан уу?
-Надад контрабас байхгүй. Энэ чинь их үнэтэй хөгжим байгаа юм. Монгол мөнгөөр гурван сая гаруй төгрөг болдог. Би суруулийнхаа хөгжмийг л тоглодог. Харин АНУ руу явахдаа хөгжмөө авч яваагүй. Учир нь овор ихтэй болохоор. Тэнд очоод тайзан дээр гарахдаа тэр театрын хөгжмийг түрээсэлсэн. Нэг удаа тоглочихоод өгөхөд 70 ам.доллар төлдөг юм билээ.
-Урьд нь ингэж олон улсын тэмцээн уралдаанд оролцож байв уу?
-Үгүй ээ. Энэ бол миний хувьд анхных нь. Эх орондоо Чулуун гуайн нэрэмжит уралдаанд хоёр удаа оролцсон. Гэхдээ тийм их амжилт гаргаж байгаагүй. Учир нь тэр тэмцээн зөвхөн контрабас гэж дагнадаггүй. Хийл, виолончель, контрабас хөгжмүүдийн дунд болдог юм.
-Контрабасыг тайзан дээр эрэгтэй хүмүүс тоглож байгаа харагддаг. Харин миний дүү яагаад энэ хөгжмийг сонгосон юм бэ?
-АНУ-д болсон олон улсын тэмцээний үзэгчид болон шүүгчид намайг контрбас тоглоход эмэгтэй хүүхэд болохоор нь их гайхан хүлээж авч байсан шүү. Би уг нь хүүхдийн ордны дууны дугуйлан болоод ёочингоор сурдаг байсан юм. Ингээд зургадугаар ангид орох жилээ Хөгжим бүжгийн сургуульд ёочингоор шалгуулахаар очсон. Тэр үед ёочингийн ангийнх нь хүүхэд бүрдчихсэн байсан. Тэгээд ятга, шанз хоёрын анги үлдсэн гэж байсан. Би алинд нь ч ормооргүй санагдаад, шийдэж чадахгүй бодоод зогсч байлаа. Тэгтэл Л.Баасанхүү багш маань ирээд "Чи их өндөр хүүхэд байна. Контрабас хөгжим тоглоход яг тохиромжтой. Сонгодог их сайхан хөгжим шүү дээ. Миний хүү дэлхийн хэмжээнд сэтгэ" гэсэн. Хамгийн гол нь контрбасыг өндөр хүн тоглодог юм билээ. Ингээд багш маань надад долоо хоног бодох хугацаа өгсөн. Ээж маань болохоор "Миний охин өөрөө л сонгож, шийдвэрээ гарга" гэж зөвлөсөн. Тэгээд л контрабасын ангид орсон доо.
-Контрабас чинь их нүсэр хөгжим шүү дээ. Анх хараад ямар сэтгэгдэл төрж байв?
-Эхэндээ маш их сүрдсэн. Сүүлдээ дасчихсан шүү дээ. Ойролцоогоор бараг 10 кг байх аа.
-Одоо хөгжмөө өргөж дийлдэг болсон биз дээ?
-Тэгэлгүй яахав(инээв). Контрабас хөгжмийн гол онцлог бол жааз болон сонгодог хөгжимд хэрэглэгддэг. Би энэ хөгжмийн төрлийг сонгосондоо маш их баярлаж явдаг.
-Танай сургуульд энэ мэргэжлээр хичнээн хүүхэд суралцаж байна вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангиас эхэлж элсч ордог. 6-11 дүгээр ангийн 10-аад хүүхэд байдаг. Охидууд тун цөөн.
-Гэр бүлийнхнийхээ тухай танилцуулахгүй юу. Танайд урлагийн хүмүүс байдаг уу?
-Би өвөө, ээж, ахтайгаа амьдардаг. Ээж маань залуудаа урлагийн хүн болно гэсэн мөрөөдөлтэй байсан тухайгаа ярьдаг. Гэхдээ өөр мэргэжил сонгочихсон. Ээж маань одоо ч маш сайхан дуулдаг. Ах маань жүжигчин. "UBS" телевизийн "To be or not to be" нэвтрүүлэгт оролцож, шилдэг аравт багтаж байсан. Эмээ маань 2008 онд Туйл хайлаачдын улсын уралдаанд оролцоод Ардын шилдэг авьяастан болж байсан юм. Дөрвөн цаг гаруй үлгэр ярьдаг. Эмээгийн маань уншдаг байсан үлгэр энгийн үлгэр шиг биш. Толгой холбож шүлэглэсэн байдаг сан. Эмээгийнхээ тууль хайлахыг сонсоход маш сайхан сонсголонтой, яг л дуу дуулаад байгаа юм шиг санагддаг байж билээ.
–Миний дүү энэ жил төгсөх юм байна шүү дээ. Үргэлжлүүлээд ямар мэргэжлээр суралцах вэ?
-Дуулаачаар сурна гэсэн бодолтой байгаа. Ээж маань гадагшаа явж сурсан нь дээр гэсэн. Юутай ч Хөгжим бүжгийн коллежоо амжилттай дүүргэчихээд гадаадад дуулаачаар сурна даа. Миний хувьд эстрадын дуулаачаар сурах сонирхолтой. Харин багш нар маань дуурийн дуулаачаар сурахыг зөвлөсөн. Багш нар маань хэлэхдээ "Дэлхийн ододыг хар. Селин Дион нар дандаа дуурийн дуулаачаар сурсан байдаг юм" гэсэн л дээ.
-Сайхан мөрөөдөлдөө хөтлөгдөн амжилтад хүрээрэй.
-Баярлалаа. Мартсанаас гадагшаа тэмцээн уралдаанд явж байгаа хүүхдүүд замынхаа зардлыг хувиасаа өөрсдөө даадаг. Намайг АНУ руу явахад туслалцаа үзүүлсэн ээжийнхээ найзуудад маш их баярлаж талархсанаа танай сониноор дамжуулан хэлье.
М.МӨНХЦЭЦЭГ/Өдрийн сонин/