Энэ удаа Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Бямбацогттой хийсэн ярилцлагаа та бүхний өмнө дэлгэж байна. Тэрбээр эл цолыг хүртсэнээс хойших анхны дэлгэрэнгүй ярилцлагаа манай сонинд өгсөн юм. Түүнтэй уран бүтээлийн халуун яриа өрнүүлснийг хүлээн авна уу.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Таныг Гавьяат жүжигчин цолоор шагнуулахад ард түмэн их талархалтай хүлээж авлаа шүү дээ.
-Намайг урлагийн сургуульд сурч байхад “Хүндэтгэлд биеэ бүү тоо”, “Шагнахгүй бол битгий гуньж гутар”, “Шагнал уран бүтээлчийг “алдаг” юм шүү” гэж их захидаг байв. Сэтгэл нь ханачихдаг учир тэр юм болов уу.
-Олон нийтийн зүгээс “Одоо цаг нь болсон”, “Олон жил энэ салбарт хүчин зүтгэлээ, ганц шагнал өгчихөд яах вэ дээ” гэж хандах нь их түгээмэл юм аа даа. Яг энэ жишгээр таныг их ч зүтгүүллээ. Уг нь гавьяа, шагналын тухай та их олон удаа байр сууриа илэрхийлсэн юм билээ. Бусдын өмнөөс ингэж муйхарлах нь тухайн хүнийг эвгүй байдалд оруулахаас гадна асар дарамттай зүйл байх. Энэ талаар танаас дахин асууя.
-Би ямар ч шагналд цочирдохооргүй сэтгэл зүйтэй хүн. Нөгөөтээгүүр, Монголын ард түмэн бол миний ард түмэн. Тэдний зөв, эсвэл буруу гэж яаран дүгнэх нь надад сонин биш. Харин хуучин нийгмийн тогтолцоо дахь урамшууллын систем өнөө ч байгаа нь сэтгэл гонсойлгодог. Шагнал цаг үетэйгээ нийцэх ёстой. Европын хөгжингүй орнууд, Холливудэд “Ардын жүжигчин”, “Гавьяат жүжигчин” гэж байна уу. Тэднээс үлгэрлэ гэж хэлж байгаа юм биш л дээ. Шагнал нүдээ олно гэдэг нь шагналын эзэн ард түмэнд таалагдана гэсэн үг. Гэхдээ миний хувьд энэ чухал биш. Харин монголчууд асуудалд хэтэрхий цайлган, итгэмтгий, сэтгэлийн хөөрлөөр хандаж байна гэж боддог. Бусад хүн сайн гэж байгаа учраас л тэгээд ойлгочихдог ч юм уу. Яг л “Салхи Дамбий” шиг. Тэгэхээр чамд ч шагнуулах цаг гэж байх нь ээ дээ. Сэтгүүлч хүн хэдэн жил ажиллаж байж Соёлын гавьяат зүтгэлтэн болдог бол. Өөрөөр хэлбэл, шагнал гэдэг ажилласан жилээр авдаг зүйл биш. Цахим сүлжээнд дүр үүсгэн, санал бодлоо хуваалцаж байгаа нь ардчиллын зарчим мөн. Манай нийгэм үзэл санаагаа солилцож сурч байна. Хамгийн их фэйсбүүк ашигладаг хүнтэй улс бол Монгол. Тийм л нийгмийн идэвхтэй байна шүү дээ, уг нь маш авууштай. Үүнтэй холбоотой кино зохиол биччихсэн. Ирэх намраас хийх байх. Гавьяат авахын өмнөх надад ирж буй сошиалын хандлагаас үнэндээ айсан (инээв).
-Яагаад?
-Би өөрийгөө магтсан сэтгэгдэл бичүүлэхээр баахан тролл ажиллуулаад байгаа юм шиг. Хүн шагнал авангуут “Баяр хүргэе” гэж бичиж чаддаггүй байв. “Энэ нөхөр атаархаж байна”, эсвэл “Чи яахаараа авдаггүй юм бэ” гэвэл яах вэ. Урдаас нь бөөн зүйл тайлбарлах хэрэгтэй болно. Гэхдээ аливаагаас алгын чинээ болж, айж явах цаг биш л дээ. Би хийхээ хийгээд явж байгаа. Намайг шагнасан нь урлагт хүчин зүтгэсний үр шим байх. Миний ажлын үр дүн гарлаа гэж хүлээж авсан. Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байгаа юм байна гэж бодож, өөрөөрөө бахархсан. Төрийн албан хаагч биш учраас шагнуулах эрхгүй гэж би өмнө нь боддог байв.
-Яг тийм. Нэлээд хэдэн жилийн өмнө “Улсаас цалин авч, үзэл санааг нь бүтээлдээ тусгаагүй болохоор төрийн дээд шагнал авах эрх надад байхгүй” гэж хэлснийг тань санаж байна. Үнэндээ их өрөөсгөл, утгагүй санагдсан. Тэгэхээр таны энэ бодол өөрчлөгдсөн байх нь.
-Ердөө Монгол төр гэдэг надад цалин өгч байгаа төрийн байгууллагаас тэс өөр ойлголт гэдгийг ухаарсан хэрэг.
-Өмнө нь та ардчилсан нийгэм, зах зээл гэдгийг ойлгох гэж нэлээд хугацаа зарлаа хэмээсэн. Сүүлийн 35 жил бидэнд ойлгох хангалттай хугацаа байв уу?
-Би ойлгохын хувьд ойлгосон. Хөдөлбөл хөлс, зогсвол зоос. Ердөө л энэ. Бүх амьдрал санаснаар болдоггүй. “Би түүнд хайртай, аз жаргалтай амьдарна” гэдэг ч тийм биш л байдаг. Хэдий ийм ч бид илүүг хүсэж, мөрөөдөж, шунах ёстой.
-Та “Зүрхэнд шивнэсэн үг” (2001) кинонд тоглож байхдаа Багануурын тойрог театрт ажиллаж байсан. 1992 онд СУДС-ийг төгсөнгүүтээ тус театрт очсон гэж дуулсан юм байна.
-1994 он хавьцаа дампуурсан. Тиймээс эргээд Соёлын төвийн статустай болчихсон юм. Ингэж байсаар 1999 оны арванхоёрдугаар сард УДЭТ-д ажиллахаар ирж байв. 2007 он хүртэл байсан шүү.
-Түүнээс хойш ямар нэгэн байгууллагад харьяалагдсан бил үү?
-Үгүй. Чөлөөт уран бүтээлч гээд өөртөө их гоё нэр өгчихсөн (инээв). Үнэндээ бол хувиараа. Муухайгаар хэлбэл гудамжинд гарсан хэрэг.
-Эрэгтэй жүжигчид Ромео, эмэгтэй нь Жульетта болохыг битүүхэн хүсэж явдаг л байх. Гэхдээ та “Салхи Дамбий”, “Ноён солиот”-ын Паанаг гэж хүмүүсийн сэтгэлд үлдсэн нь хамгийн сайхан биз дээ.
-Тийм. “Ноён солиот” (2002) надтай 23 жил хамт явна. Ингэж амжилтад хүрнэ чинээ төсөөлөөгүй. Анхнаасаа нэр алдарт тэмүүлэх бус, сайн бөгөөд зөв бүтээл хийх нь чухал байв. Бас нэг мэдрэмжтэй, сайн баг бүрдсэн. Ерөнхий зураглаачаар “Zaya-Sh” студийн Ш.Даваадорж, нэгдүгээр найруулагчаар Р.Алтансүх (Аси), ерөнхий найруулагчаар О.Бат-Өлзий нар ажилласан. Кино зохиол бэлэн болох гэж 2-3 удаа засвар орсон байх. Паанагийн дүрд өөр жүжигчин тоглох байсан ч боломжгүй болж, би энэ дүрд тушаалаар томилогдсон доо. “Яадаг юм, үзээд алдъя” гэж бодсон хэрэг. Тэгэхээр би уран бүтээлийн замналаа нэлээд орой эхлүүлсэн байгаа биз. 36-тайдаа тоглосон болж таарлаа. Одоо бодоход 2002-2007 оны хооронд найруулсан, тоглосон уран бүтээлүүд минь намайг хүмүүст таниулжээ. Хүнд хэцүү цаг үеийг давж, мэргэжилдээ хайртай дуртай явсаар өдий хүрлээ.
-Уран бүтээлчийн үнэ цэн юугаар тодорхойлогддог вэ?
-Урлагт мэргэжлийн байх тал дутагдаж байна. Ялангуяа жүжигчдийн хувьд. Мэргэжлийн байхын тулд мэргэжил эзэмшсэн байх нь зүй. Ингэхийн тулд онол, арга зүйн мэдлэг хэрэгтэй. Үүн дээр тулгуурлаад дадлага, туршлага хуримтлуулах ёстой юм. Монголчууд урлагийг үнэлэх үнэлэмж, гоо сайхны таашаалаа өнөөг хүртэл олоогүй.
-Тодруулбал?
-Чи айраг уух дуртай юу?
-Тийм.
-Гадаадын иргэд яг чам шиг амтлах болов уу. Хүн бүрийн таашаах байдал, гоо сайхны мэдрэмж өөр. Бидний ахуй соёлын таашаал гаднын соёлын нөлөөнд автчихаар монголчуудын гоо зүйн мэдрэмж хөгжихгүй байна. Урлагийнхан мэргэжлийн байхад систем, онол зүйн алдаа нөлөөлж буй. Би үргэлж мэргэжлийн байх гэж эрмэлзэж ирсэн. Эл үзэл баримтлалаа тууштай байсан минь заримынх нь хувьд буруу байсан байх.
-Мэргэжлийн байх гэж эрмэлзсэн тань хожуу шагнуулахад нөлөөлсөн гэж үү?
-Магадгүй.
-Улаанбаатарт маш олон театр мэндэлжээ. Тэд голдуу хүн төрөлхтний классик бүтээлүүдийг “амилуулж” байна.
-Хүсэл сонирхлоороо л хувийн театр байгуулж байгаа шүү дээ. Түүнээс биш ийм нөхцөлд оршин тогтнох маш хэцүү. Олон театр үүсэж буйн шалтгаан нь ердөө нийгмийн захиалга. Би хувийн театр байгуулаад 13 жил болж байна. Энэ хооронд зургаан театр нээсэн ч нэг нь ч “амилаагүй”. “Нисдэг театр”, “Лайв”, “Нью”, “Улаан нүүр” гэхчлэн. Тэднийхээ логог бодоод суучихаар жүжигчин байж гээд л гэрийнхэндээ шүүмжлүүлнэ. Театр хэт энтертайнмент болбол үзэгчдийн сэтгэлд төрүүлэх хүчтэй мэдрэмж нь буурдаг.
-Театр оршин тогтноход хэцүү юм бол яагаад ийм олныг байгуулсан хэрэг вэ?
-Бүтэлгүйтэхгүй, амжилтад хүрэх болов уу гэж горьдсон. Үзэгчид намайг заавал ойлгох албатай биш л дээ. Гэхдээ цагийн эрхээр бүх зүйл жигдрэх болов уу. За, хоёулаа энгийн сайхан зүйл ярих уу.
-Таныхаар “жинхэнэ” кино гэж юуг хэлэх вэ?
-Бүх кино жинхэнэ. Өмнө нь хэлсэнчлэн, хүн бүрийн уран сайхныг хүлээж авах мэдрэмж өөр. Чи нэг жүжгийн зохиол бичээд хүмүүст чамгүй хүрчихвэл тэр чинь сонгодог. Бүтээлийг сонгодог болгоход логик, драматург чухал. Учир зүйн шалтгааны зөв хэлхээсийг л сонгодог гэдэг. Учир шалтгааны зөв дарааллууд болон уран сайхны нэгдэл гэсэн үг. “Ноён солиот”-ыг сонгодог бүтээл гэвэл би лав эргэлзэнэ ээ. Хүмүүст хүрснийг нь бодохоор магадгүй тийм ч юм шиг. Харин их зөв хийгдсэн кино юм шүү. Хүмүүст анзаарагдаагүй өнгөрсөн олон сайн бүтээл бий. Тэд 30 жилийн дараа амжилтад хүрэхийг үгүйсгэхгүй. Яг үнэндээ “Ноён солиот”- ыг тийм ч их хүн үзээгүй юм шүү дээ.
-Кино театрт долоон хоног л гарсан юм билээ.
-Театрт нээснээс хойш хоёр жилийн дараа телевизүүдээр гарч эхэлсэн юм. Энэ кинонд ерөнхий зураглаачаар ажилласан Ш.Даваадорж минь арай л эрт бурхан болчихсонд харамсдаг.
-Таны багш бол “Говийн зэрэглээ” киноны Арслан, нэрт найруулагч Г.Доржсамбуу, “Гарын таван хуруу”- гийн Шагдар буюу Л.Лхасүрэн нар. Гэвч тухайн үеийн үзэл суртал, алиа салбадай нарын атаархал дунд тэдний авьяас, уран бүтээлийн хүсэл эрмэлзэл хавчигдаж байсан гэнэ лээ. Та багш нарынхаа талаар дурсахгүй юу.
-Би хоёр багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд өдий хүртэл урлагт зүтгэж яваа. Ер нь аль ч цаг үед хэлмэгдүүлэлт байдаг. Харин багш нар минь үзэл санааны хэлмэгдүүлэлтэд өртсөн болов уу гэж боддог. Чөлөөт сэтгэлгээгээр уран бүтээл туурвих гэхээр хавчиж, жөтөөрхөх, матах нь их байсан байх. Тэд маш чөлөөтэй сэтгэдэг, монгол сэтгэлгээний арга барилаар уран бүтээл хийх гэж чамгүй оролдсон. Улсын багшийн дээд сургуулийн харьяа Кино урлагийн факультетэд элсэхийн тулд Барилгын цэргийн 0119 дүгээр ангиасаа оргож байв. Г.Доржсамбуу багш намайг анх шалгаж, сургуульд элсүүлсэн. 15-14 оноо авснаа бодоход багш намайг муугүй өргөсөн болов уу гэж боддог юм. Тэр үед цэргийн ангиас их сургуульд элсэх шалгалтад оролцох эрх олгосон Боловсролын яамны шинэ журам гарсан нь надад зол болсон шүү.
1992 он миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн. Г.Доржсамбуу багш “Дан онолоор жүжиглэнэ гэж байхгүй. Тайзан дээр оно¬лын дагуу жүжиглэхгүй. Энэ бол амьд харьцааны урлаг” гэж бидэнд хэлж байлаа. Хүн жүжигчин байснаараа дэлгүүрийн бараа шиг сонгогддог хэмээсэн. Ингээд хоёрдугаар курсээс Л.Лхасүрэн багш биднийг авч, практик заасан даа. “Багшаа, би чадахгүй нь ээ” гэнгүүт “Жүжиглэ” гээд тайз руу гаргачихдаг. Нисэж чадахгүй байхад хаднаас түлхчхэж байгаа юм шиг. Амьдралдаа нэг ч удаа олон нийтийн арга хэмжээ хөтөлж үзээгүй байхад л намайг “Явж хөтөл” гээд явуулчихсан. Салганаж, түгдрээд хачин юм болж байгаа юм. Гэтэл дараа нь арга хэмжээ хөтлөлт, халтуур байна уу гээд явж байх жишээтэй.
Оюутан байхдаа багшийнхаа зааж буй бүгдийг нь ойлгодог мөртлөө яагаад хийж чадахгүй байна вэ гэж их шаналдаг байлаа. Г.Доржсамбуу багш “Жүжигчний ажил бол сэтгэхүйн “мэс заслын эмч” л гэсэн үг шүү” гэж хэлдэг байв. Тэнгэнгүүт өөрийгөө их юманд бодоод л.
-Авьяасыг мэдлэг өнгөлдөг. Бид мэдрэмжид тулгуурласан ажил хийж байгаа учраас мэдлэг тийм ч хэрэгтэй биш гэж зарим жүжигчин хэлдэг. Хамгийн бүдүүлэг үйлдлүүд тэднээс гарч байна гэх нь ч бий. Би сайн мэдэхгүй юм, уучлаарай. КУДС, СУИС-ийг янз бүрээр л шүүмжилж харагддаг.
-Үнэнийг хэлэхэд сургалт нь гажчихсан. Үүнийг засахгүй байгаа шалтгаан бийг үгүйсгэхгүй. Жилд 200 гаруй хүүхэд эл мэргэжлээр төгсөж байна. Тэдэнд ажлын байр алга байна шүү дээ. Тэгсэн мөртлөө төлбөрийг нь аваад төгсгөөд л байна. Дан авьяасаар хэсэгтээ л явна. Уншиж, судалбал хол явна. Амьдрал бол уран бүтээлчийн судалгааны талбар шүү дээ. Яг өнөөгийн байдлаар бид Монголоо хайж байна. Өнөөдрийн бид өнгөрсөн, ирээдүй үеийнхээсээ гурав дахин ачаа үүрч байж л эх орноо авч явна. Хоёр талцаж хэрэлдээд байх юм бол бүтэхгүй.
-“Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг”, “Стриптиз блюз”, “Найзууд миний бооцоо”, “Шөнийн хот”, “Хайрын массаж”, “Миний секс амрагууд” зэрэг чамгүй олон жүжгийг та найруулсныг үзэгчид сайн санах болов уу. Театр яагаад таны сонирхлыг татдаг юм бэ?
-Үзэгчидтэй нэг зүрх сэтгэл, амьсгалтай мэт болчихдог нь хамгийн сайхан. Миний ажлын үр дүн надад шууд мэдрэгддэг учраас би дуртай. Тэд надтай цуг “амьдарч” байна гэдэг л гайхамшиг. Мөн үзэгдэл бүхэн дахин хэзээ ч давтагддаггүйгээрээ гоё. Би удахгүй моно жүжигт тоглоно. Энэ төрөлд туршлагажсан, мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Ер нь тайзан дээр гарч сурна гэж хэзээ ч байдаггүй юм шүү.
-Нөхөрлөлийн тухай юу гэж боддог вэ?
-Нөхөрлөл эхэлсэн шигээ дуусдаг. Нөхөд заримдаа ноход болдог шүү дээ.
-Та хүний сайн анд нөхөр байж чаддаг болов уу?
-Би мэдэхгүй. Тэднээс асуух нь зөв байх.
-Ямар улиралд дуртай вэ?
-Намар зуны зааг үед.
-Яг одоо байх нь.
-Айраг исчихсэн, тарвага таргалчихсан, хонь мал цадчихсан, сайхан шүү дээ. Бүх зүйл боловсорсон үе.
-2004 онд ноён хутагт Данзанравжаагийн “Саран хөхөө” жүжгийг УДЭТ-ын тайзнаа Б.Мөнхдорж найруулагч тайзны бүтээл болгосон. Үүнд таны бүтээсэн Дэвэбадраа гэх жигтэй дүрийг хүмүүс сайн бүтээсэн гэж магтдаг юм билээ.
-Гайхамшигтай нь ч юу юм. Зөв бүтсэн дүр байсан л гэж хэлнэ.
-Тоглосон киноноос нь жүжигчний чансаа харагддаг болов уу. Туршлагатай, гавьяатай хүмүүс арилжааны, ялихгүй, чанар муутай, хөнгөн драмын кинонд тоглож явах нь харамсалтай л харагддаг.
-Хэнд ч талхны мөнгө хэрэгтэй. Хүний сонголтын асуудал. Харин уран бүтээлд ажиллахдаа мөнгө харж явах нь дэмий байх. Уран бүтээлд ажиллах олон санал ирдэг боловч би их мөнгө амласанд нь биш, зохиол, санаа, дүр нь миний сэтгэлд нийцэж байгаад түлхүү анхаардаг. “Та яагаад маяглаад байгаа юм”, “Таныг л тоглуулмаар байна” гэхэд нь тэсэлгүй үнэнийг нь хэлчихдэг талтай. Жүжиг, кино бол багаар бүтээдэг ажил юм шүү. 10 дугаар ангидаа аав, ээж хоёроо “Та нар энэ орчин үеийг ойлгохгүй байна” гээд загнаж байснаа санадаг л юм. Тиймээс багаараа, нэгнээ шинэ, залуу гэж гололгүй хамтарч ажиллах нь чухал. Би залуучуудын үгийг сонсох дуртай. Тэгэхээр намайг доошоо орлоо гэж загнах хүн ч байсан. Гэхдээ надад бол хамаагүй.
Эх сурвалж: “ӨНӨӨДӨР” сонин