Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч О.Сундуй, БНСУ-ын зураач Ли Ерин нарын хамтарсан “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” зурагт ном солонгос хэлээр хэвлэгдэн нийтийн хүртээл боллоо.
Энэхүү номын агуулгаар “Чингис хаан” үндэсний музейн тавдугаар давхарт дижитал интерактив проекц байрлуулсан бөгөөд хүүхдүүд өөрсдийн гараар хадны зураг зурж, сканердуулан зурсан дүрүүд интерактив проекц дээр хөдөлгөөнтэй болж гарч ирдэг. Түүнийг нь шууд дэлгэц дээр амилуулан харж, үлгэр туульсын ертөнцөд нэвтрэн орж, гайхалтай аяллыг өөрийн бие, билиг оюунаар мэдрэх боломжийг хүүхэд, багачууддаа олгон бэлэг барьж байна.
Хүүхэд, багачууд тус музейд өөрсдийн танин мэдэрсэн зүйлээ зурж, гайхамшиг хадны зургийн ертөнцөөр хамтдаа аялж, өв соёлоо танин мэдэж, үлгэр туульсын ертөнцөөр аялах боломжтой.
Аялал наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 11-нийг хүртэл “Чингис хаан” үндэсний музейн тавдугаар давхрын танхимд байрлах “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” соёлын боловсролын хөтөлбөрт үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, ССАЖЗЯ, БНСУ-ын ССАЖЯ-ны харьяа Үндэсний Ази соёлын төв (ACC)-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэвлэгдсэн тус номын дээжээс Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад хандивласан аж.











