СУРАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгод энэ сарын 18-наас эхлэн долоо хоногийн турш Монголын ардын урлагийг сурталчилсан “Монголын өдрүүд” арга хэмжээ болсон билээ.
Энэ үеэр манай уран бүтээлчид нийт есөн удаа тоглолт хийсэн. Үүний гурвыг нь дунд сургуулийн сурагчдад зориулан тоглосон юм.
Хонконгийн “Island school”-ийн 650 сурагчид Монголын уран бүтээлчид ээлжит тоглолтоо өнгөрсөн пүрэв гаригт толилуулав.
Тус сургуулийн багш нар танхимын урд эгнээнд хөгжмийн ангийн сурагчдаа суулгахыг онцгойлон анхаарч байлаа. Хөөмийлөх үед хоёр авиаг нэг зэрэг гаргадаг, Монголын морин хуур, хөөмий, уртын дууг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэсэн, дөрвөн минут үргэлжилдэг уртын дуу ердөө 10 үгтэй байх нь бий зэргийг тайлбарлахад сурагчид маш их анхааран сонсож байлаа.
Дашрамд дурдахад, манай уран бүтээлчдийн зарим тоглолтын өмнө “Mongolia: Nomad empire of eternal blue sky” номын зохиогч Карл Робинсон “Монгол ба торгоны зам” нэртэй сонирхолтой илтгэл тавьсан.
“Island school”-д “Хөсөгтөн” хамтлагийнхан хөгжмийн ангийн сурагчидтай уулзалт, семинар хийсэн юм. Уулзалтад оролцсон хүүхдүүд манай урлаг, хөгжмийн зэмсгүүдийн талаар их л сониучирхаж байна лээ.
Тэд “Гитар гурвалжин байдаг. Морин хуур яагаад дөрвөлжин цартай байдаг вэ”, “Морин хуураар зөвхөн уламжилж ирсэн аяа тоглодог уу, эсвэл бусад зэмсэг шиг нот ашиглаж, бүхий л уран бүтээлийг тоглох боломжтой юу”, “Хөөмий хэзээ бий болсон бэ” зэрэг асуулт асууж байв.
Тэдгээр сурагчдын нэг интернэтээс “Хөсөгтөн” хамтлагийн бичлэгийг үзээд, хөөмийлж сурснаа үзүүлж, уран бүтээлчдээс магтаал сонссон. Уулзалтын үеэр “Хөсөгтөн”-ийнхөн хөөмийлэх үед амьсгалаа хэрхэн хуваарилдгийг заахаас гадна хоёрхон чавхдастай морин хуураар дэлхийн сонгодог уран бүтээлийг тоглож болдгийг дурдаад, тоглож үзүүлсэнд сурагчид сэтгэл хангалуун байсан юм.
Мөн манай уран бүтээлчид Хонконгийн Хааны газар зүйн нийгэмлэгт тоглолт хийсэн. Их Британид төвтэй, боловсрол, соёл, шинжлэх ухааныг сурталчилдаг, ихэвчлэн улс орнуудын талаар танилцуулга хийдэг тус нийгэмлэгт Монголын уран бүтээлчид тоглолтоо сонирхуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татсан.
Энэ үеэр Хонконгод 10 жил ажиллаж, амьдарч буй Д.Түмэндэлгэр “Эх орноороо бахархах сэтгэл төрүүлсэн сайхан тоглолт боллоо” хэмээн ярьсан. Манай уран бүтээлчдийн тоглолтын дараа үзэгчид Монголын тухай маш өндөр сэтгэгдэлтэй танхимаас гарцгаасан юм. Энэхүү тоглолтоор Хонконг дахь “Монголын өдрүүд” амжилттай өндөрлөж, Монгол Улсаа, урлагаа сурталчиллаа.
МАКАОД ЦӨӨН МОНГОЛ ИРГЭН АМЬДАРДАГ
БНХАУ-ын тусгай захиргааны бүс Макаод манай уран бүтээлчид өнгөрсөн бямба гаригт тоглосон.
Тодруулбал, дэлхийд томд тооцогдох “The Venetian Macao” казиногийн задгай талбайд тоглолт хийсэн юм. 24 цагийн турш ажилладаг “The Venetian Macao”-д Канадын “Нарны цирк” орой бүр тоглодог юм билээ.
Дэлхийн зургаа дахь том казино “The Venetian Las Vegas”-тай эгч, дүү гэгддэг түм түжигнэж, бум бужигнасан “The Venetian Macao”- д Монголыг сурталчилсан тоглолт хийх зөвшөөрөл авах амар байгаагүйг зохион байгуулагчид ярьж байлаа.
Макаод 20 хүрэхгүй монголчууд ажиллаж, амьдардаг юм байна. Тэдний нэг “The Venetian Macao”-гийн эрсдэлийн удирдлагын багт шинжээчээр ажилладаг Б.Сэлэнгэ “Макаод бусад орнуудын улсаа сурталчилсан үйл ажиллагааг үзэж байсан. Монголоос уран бүтээлчид ирсэнд баяртай байна. Өмнө нь манай улсыг таниулах үйл ажиллагааг сонирхох хүсэлтэй олон хүнтэй таарч байсан” гэв.
“Монголын өдрүүд”-д оролцсон уран бүтээлчдийнхээс гадна хэвлэл мэдээллийн багийнхны тээврийн зардлыг “Хүннү эйр” компани хариуцсан. Энэ тухай тус компанийн нислэгийн багийн ахлах О.Ариунболд “Манай компанийн зүгээс эх орноо сурталчилж, ардын урлагаа дэмжиж буйдаа баяртай байна. Хонконгод болсон тоглолтууд маш амжилттай болж өнгөрсөн гэж сонссон” хэмээн ярилаа.
“Хүннү эйр” компанийнхан одоогоор Шанхай, Хонконг, Бангкок зэрэг чиглэлд шууд нислэг хийдэг. Мөн ирэх зургадугаар сараас Францын нийслэл Парис руу анх удаа шууд нислэг хийж эхлэхээр төлөвлөж буй билээ. Хонконг дахь “Монголын өдрүүд”-ийг “Дэлхий” ассоциац ийнхүү амжилттай зохион байгуулав. Цаашид ч эх орноо сурталчилсан олон үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй юм билээ, тэд.
Д.АРИУНБОЛД: МОНГОЛЫН УРЛАГИЙГ ДЭЛХИЙ НИЙТ СОНИРХДОГ
Энэ онд Израиль, Япон, Австри, ОХУ, Испани зэрэг оронд тоглолт хийхээр уригдаад буй “Хөсөгтөн хамтлагийн ахлагч Д.Ариунболдоос зарим зүйлийг тодруулав.
-Монголын ардын урлагийг үзэгчид хэр хүлээж авдаг вэ?
-Хонконгод уран бүтээлээ толилуулахад үзэгчид маш сайхнаар хүлээн авлаа. Өнгөрсөн оны эцсээр “Хөсөгтөн” хамтлагийнхан Сингапурт хоёр өдөр бие даасан тоглолт хийсэн. Тэр үед олон орны үзэгчид ирж үзсэн. Энэ нь Монголын урлагийг дэлхий нийт сонирхдогийн жишээ болов уу. Хонконгийн алдартай “Rubberband” хамтлагийн дуучин хөөмий сурч байгаа нь сайхан санагдсан. Манай хамтлаг энэ онд гадаадын хэд хэдэн оронд тоглолт хийхээр төлөвлөөд байна. Дашрамд хэлэхэд, үндэсний компаниуд ардын урлагаа дэмжиж эхэлж буйд баяртай байна. Мөн Гадаад харилцааны яам болон хамтран зохион байгуулсан бусад байгууллагад талархлаа илэрхийлье
-Олон хүн манай ардын урлагийн бичлэгийг интернэтээс үзсэн байх. Харин ойроос үзэх нь ямар давуу талтай бол?
-Уран бүтээлчийг хажуунаас нь сонсох, бичлэгийг нь сонсох хоёр тэс өөр. Амьд ертөнц гэдэг бол маш өөр шүү дээ. Өнөөдөр ардын урлаг ялангуяа уртын дуу, морин хуур, ятга зэргийг ойроос үзээгүй олон хүн байдаг. Бид мартагдсан ардын дууг дуулдаг. Өөрсдийн уран бүтээлээр дамжуулж, ард түмэндээ хүргэх гэсэн санаа л даа. Манай хамтлаг байгуулагдсаны таван жилийн ой ирэх арваннэгдүгээр сард болно. Ойдоо зориулан гала тоглолт хийхээр төлөвлөж байна.
-“Хөсөгтөн” хамтлагийнхан сургалт явуулдаг гэл үү?
-Манай хамтлагийн О.Чулуунбаатар энэ жилээс морин хуурын шавь сургалт явуулж эхэлсэн. Энэ нь дараа дараагийн үеийг бэлтгэх, ардын урлагаа сурталчлах зорилготой.
Ц.Болормаа