Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Булган аймгийн Дашинчилэн сумын “Найдаг” ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг илрүүлжээ
Өв соёл

Булган аймгийн Дашинчилэн сумын “Найдаг” ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг илрүүлжээ

Урлаг Урлаг29/09/2025Шинэчлэгдсэн:29/09/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол–Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 2025 оны наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Булган аймгийн Дашинчлэн сумын Лах багийн Найдаг ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг илрүүлжээ.

Тус хээрийн судалгаанд Монголын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Л.Эрдэнэболд, Отани Их сургуулийн профессор Мацүкава Такаши, Рюкокү Их сургуулийн профессор Мүраока Хитоши, Осака Олон улсын Их сургуулийн хүндэт профессор, Монголын ШУА-ийн гадаад гишүүн Мацүда Коичи нар оролцсон бөгөөд бичээсийн тайлалыг Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач профессор Такэүчи Ясүнори гүйцэтгэв.

Тус бичээс нь газрын түвшнээс дээш 200 гаруй метр өндөр, Найдаг уулын энгэрт байрлах агуйн дотор бичигдсэн бөгөөд урьдчилсан судалгаагаар агуйн дотор долоон хэсэгт бичээс байгааг тогтоов. Профессор Мацүкава хятад гэмээр бичээсүүдийг нягталсан бөгөөд тэдгээр нь бүгд ханзаар бус, харин хятан бичгээр бичигдсэн болохыг тогтоов. Иймд БНХАУ-ын Хөх хотод оршин суудаг Такэүчи профессорт бичээсийн гэрэл зургийг илгээн тайлал хийлгэхэд: “Бичээс нь ихэд бүдгэрсэн тул уншихад бэрх хэдий ч хятаны их бичгийн онцлог үсгүүдийг олонтаа таньж болно. Энэ нь ханз бичээс биш гэдэг нь илт” гэж мэдэгдэв. Цаашлаад онцгой зүйл болгон тэрээр: “ 4 дүгээр бичээс нь хятан бага бичгээр бичигдсэн байх магадлалтай. Тэгвэл нэг газарт хятаны их бичиг болон бага бичгийг хамтад нь бичсэн тохиолдол урьд өмнө огт мэдэгдээгүй тул маш ховор “нээлт болох юм” хэмээн тэмдэглэв.

Энэ бичээсийг анх 2013 оны орчимд Л.Эрдэнэболд захирал археологийн хайгуул судалгааны үеэр анх олж үзсэн бөгөөд МУИС-ийн профессор Ц.Баттулга мөн уг бичээсийг олж үзсэн боловч ямар нэгэн байдлаар нийтлээгүй байдаг.

Бичээс илэрсэн Найдаг уул нь Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархай ба Дашинчлэн сум хоёрыг холбосон, Хөгнө уулын зүүн бэлээр урсах Бадын голын дагуух эртний замын хажууд оршдог. Ойр орчимд хятаны үеийн тариалангийн суурингууд, хүрлийн үеийн булш оршулгын дурсгал, руни бичгийн дурсгал, хадны зургийн дүрслэлүүд олон тоогоор тархсан төдийгүй хожмын Түдэв гүний хүрээ, Тариач отгийн жас хэмээх хоёр хийдийн туурь ойрхон байна. Найдаг уул нь бүхэлдээ том жижиг чулууны үйрмэгээр хучигдсан бөгөөд хэд хэдэн газарт эртний хадны зураг ажиглагдана. Бичээс бүхий агуйн дээд тал нь нээлттэй нэвт бөгөөд, нуранги чулууд хуримтлагдсан.

Монгол улсын нутгаас хятан их бичгийн хэд хэдэн бичээс илэрсэн бөгөөд түүн дундаас хамгийн сайн мэдэгдсэн нь Хэнтий аймгийн Рашаан хадны бэхэн бичээс болон Салбар хуулын сийлмэл бичээс, Эрдэнэ уулын бэхэн бичээс юм. Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Донгойн ширээ дурсгалаас илэрсэн хятан бага бичгийн бэхэн бичээс, мөн тус сумын Адагийн голын хадны хятан их бичгийн бэхэн бичээс, түүнчлэн 2010 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд Монгол–Япон хамтарсан “Бичээс” төслийн багийнхны илрүүлсэн “Бүлээний Овооны хятан их бичгийн хөшөө бичээс” зэрэг цөөнгүй бий. Харин Туулын ай савд Чинтолгой балгас, Харбухын балгас Улаан хэрэм, Хэрмэн дэнж балгас зэрэг хятаны үеийн цэргийн олон хот балгасын үлдэгдэл байдаг боловч 1979 онд Х. Пэрлээ гуайн олсон дээврийн ваар болон тоосгон дээрх хятан бичиг гэмээр дүрс тэмдэгийг үл тооцовол, хятаны бичгийн нэг ч эх сурвалж илрээгүй байв. Энэ утгаараа Найдаг уулын хятан бичээс шинээр илэрсэн нь чухал ач холбогдолтой хэмээн бид үзэж байна. Ялангуяа хятан их бичиг болон бага бичгийг хамтад нь бичсэн байгаа нь урьд өмнө гарч байгаагүй анхны тохиолдол юм. Цаашдын судалгаагаар бид их зүйлийг хүлээж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дорноговь аймагт өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэхээр “Монгол гэр, сургалтын өргөө”-г нээжээ

15/10/2025
Өв соёл Урлаг

Хөвсгөл аймгийн уран бүтээлчид “Healing Art” наадамд өв соёлоо сурталчлав

14/10/2025
Өв соёл Урлаг

“Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ

10/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин G Dragon, жүжигчин И Бён Хун тэргүүтэй зургаан хүнд одон гардуулахаар болжээ

20/10/2025

Филиппиний гоо бүсгүй “Miss Grand International” тэмцээнд түрүүлжээ

20/10/2025

“Blackpink” хамтлаг шинэ цомог гаргана

20/10/2025

Цагааны Цэгмидийн нэрэмжит хоёр хүний жүжгийн анхдугаар наадмыг зохион байгууллаа

20/10/2025

“Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэнд 150 гаруй бүтээлийг онцоллоо

20/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.