“Voice group”-ийн ахлагч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонийн гоцлол дуучин, МУСТА С.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр мэргэжлийн дуулаачийн сургуулийг төгссөн цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж монголын дууны урлагт хүчин зүтгэж буй авьяаслаг уран бүтээлчдийн нэг юм. Урлагийн хамгийн туйлын язгуур гол үнэт зүйл зорилго бол хүн төрөлхтний сэтгэл зүйд сайнаар нөлөөлж, гэрэл гэгээ тусгаж, тэдэнд амьдрах хүч, хүсэл мөрөөдөлдөө зориход нь дэм болох хэрэгтэй хэмээн энгүүн хүүрнэх түүний эгэл агаад эрхэмсэг ертөнцөөр аяласнаа хүргье.
-Танд урин хаврын өдрийн мэнд хүргье.
-За баярлалаа. Урлаг.мн сайтын уншигчдадаа ч мөн энэ өдрийн мэндийг хүргье.
-Уран бүтээлч хүнийхэн хувьд таныг сонсогч, үзэгч түмэн танина. Харин С.Баттулга гэдэг хувь хүнийг уншигчдадаа танилцуулана уу?
-Мэдээж хэрэг дуучин мэргэжилтэй хүн. Одоо филармондоо ажиллаж байна. Гэргий гурван хүүхдийн хамт амьдардаг. Хөгжим бүжгийн дуулаачийн ангийг төгсч СУИС-ийн дуурийн гоцлол дуулаачийн ангийг дүүргэсэн мэргэжлийн дуучин. 1999-2001 онд тухайн үеийн сонгодог бүжгийн академик театрт дуучнаар ажиллаж байлаа. Үүнээс хойш 4 жил гэр бүлийн радио фм 104,5-т хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажилласан. 2005 оноос хойш Улсын филармондаа гоцлол дуучнаар ажиллаж явна. Ер нь урлагийн гэр бүлд өсч, хүмүүжсэн мөн хоёрын хоёр урлагийн сургуулийг дамжиж 8 жил суралцаж төгссөн учраас урлагийн хүн болж төлөвшихөд нөлөөлсөн. Ахмад үеэсээ суралцаж, үеийнхэнтэйгээ уран бүтээлээ туурвиж байна. Бидний араас бас дараа үеийн дуучид болох залуу үеийнхэн гараад ирсэн. Урлагийн хүний амьдрал байнгын л завгүй, ачаалал ихтэй л байдаг.
-Аав, ээж хоёр тань хоёулаа урлагийн хүн. Таныг урлагт хөл тавихад хөшүүрэг хэн болж өгөв?
-Миний ээж, аав хоёр хоёулаа урлагийн төлөө зүтгэсэн хүмүүс. Аав маань бүжиг дэглээч, найруулагч Сүхбат гэж хүн байсан. одоо тэнгэрийн оронд бий. Бурхан болоод 5 жил болж байна. Ээжийг маань одоо эрүүл саруул мэнд байгаа ахмад бүжигчин, жүжигчин МУСТА Лхагваахүү гэдэг. Манай гэр бүлд надаас гадна том ах бүжигчин, багш хүн бий. Мөн том эгч маань дуу хөгжмийн багш, дүү маань бас урлагийн хүн. Ер нь бол урлагийн гэр бүлээс төрсөн. Тэгэхээр яалт ч үгүй урлагт хөдөлсөн хүн бол аав, ээж хоёр маань юм даа.
-Мэргэжлийн бүжигчин аав, ээжийн хүү бүжиглэнэ биз?
-Бүжиглэнэ гэж ёстой үзүүлж өгнө дөө. /Инээв/ Гэрийнхэн дотроосоо хамгийн бүжгийн эвсэлгүй нь би. Бусад нь бол эвсэл сайтай.
-Нууц авьяас гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Нууц авьяас гэж таны бодлоор юу вэ?
-Хүмүүс нууц авьяас гэж их яриад байдаг. Ер нь бол байгалиас эсвэл эцэг эхээс өгсөн өгөгдөл гэж байдаг шүү дээ. Тэр дундаа урлагийн тал дээр бол. Миний хувьд бол хүүхэд байхдаа зураг зурдаг байсан. Зургийн тэмцээнд ороод түрүүлчихдэг. Тэгээд тухайн үедээ барималын шавар, усан будаг зэргээр шагнуулчихна. Магадгүй би зургаа орхихгүй багаасаа зураад байсан бол зураач болох байсан байх. Ахлах ангиасаа зургаа бүр орхиод дуулж эхэлсэн дээ. Янз бүрийн уралдаан тэмцээнд орно мөн урлагийн үзлэгт ордог байлаа. Тэр үед надтай хамт цуг зурж байсан найз маань одоо том зураач болчихсон. Аливаа авьяас гэдэг чинь хөгжүүлэхгүй л бол зогсчихдог шүү дээ. Одоо бол би зургаа нээх сайн зурж чадахгүй. Нөгөөтэйгүүр, хүүхэд насны мөрөөдөл маань жүжигчин болохыг хүсдэг байсан. Яагаад гэхээр ээж маань драмын жүжигчин одоо ч бас настай хүн гэлтгүй нэртэй найруулагч нарын урилгаар гол болон туслах дүрүүдэд тоглож байгаа. Надад яг жүжигчин болох авьяас нь надад байгаа юуг мэдэхгүй байна гэхдээ л ямар ч байсан урлагийн хүн болно гэж мөрөөдсөн. Тэгээд л дуучин хүн болсон энэ мэргэжилтэй сэтгэл хангалуун явдаг.
-Мөрөөдөл нь биелж урлагийн хүн болоод 10 гаруй жилийг үдэж байна. Анх тайз дээр ямар уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож байв?
-Хүүхэд байсан үеэсээ эхлэн ярих юм бол анх 1992 онд арван жилийн ахлах ангийн сурагч байхдаа “Ирээдүйн одод” гэсэн тэмцээн Архангай аймагт маань зохион байгуулагдсан юм. Энэ тэмцээний бүртгэл нь дуусахад хоёр хоног дутуу байхад манай эгч намайг ор гээд. Тэгээд тэрнээсээ болж эгчтэйгээ орно, орохгүй гэж сайндаж муудаж байгаад орсон. Тэр үед л анх тайз нь дээр гарсан тэрүүлээд хүүхдийн ордоны “Эрдэм, алт” гэсэн медалиар шагнуулж урам их авсан л даа. Үүнээс хойш дуулна, бүжиглэнэ, жүжиглэж хүртэл уралдаан тэмцээнд ч орж байлаа. Ор бүжиглэдэггүй биш хааяа бүжиглэнэ ээ. Арван жилийн сургуульд байх үедээ бол шог гараан дээр хүртэл гарна. Харин албан ёсоор бол хөгжим бүжгийн коллежид элсэн орж мэргэжлийн дуучин болох шан тавигдаад анх мэргэжлийн урлагийн тайз нь дээр гарсан үе нь тухайн үеийн нэршлээр сонгодог урлагийн академик театрын тайзнаа “Учиртай гурван толгой” жүжгийн ард түмний массын хэсэгт том ташуур бариад л гарч байлаа.
Үүнээс өмнө бол сургуулийн тайз нь дээр бол зөндөө гарсан. Би чинь бас сургуулийнхаа шилдэг оюутан явлаа. Япон хүн шүлгийн бичээд манай УГЗ Булган багш аяын зохиосон их гоё дуу байсан. Тэр дууг анх би япон хэл дээр дуулж хөгжим бүжгийн оркистертой дуулж байсан санагддаг юм. Мөн анхны нийтийн дууны уран бүтээл бол бас бий. Түүнчлэн хамтлагаараа поп опера монгол хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг дуулж байсан. Бие даасан сонгодог уран бүтээлээ хүртэл үзэгчдэдээ хүргэсэн. Төрөл жанр болгон дээр анхны гэсэн тодотголууд бий. 2007 онд анхны бие даасан тоглолтоо улсын филармонын концертын танхимд “Зүрхний хайртай” хэмээх нэртэй ари романс тоглолт болсон. Энэ тоглолт нь анхны мэргэжлийн уран бүтээлч болсны анхны тоглолт. Анхны гэсэн тодотголууд бол олон л байна.
-Уран бүтээлч хүн урмын үг маш их эрч хүчийг бэлэглэдэг байх. Та хамгийн анх хэнээс урмын үгийг сонссон бэ?
-Хүүхэд байхад бол өө хөөрхөн дуулж байна, баяр хүргье гэх нь тухайн үедээ хамгийн их урам болж байсан байх. Харин яг мэргэжлийн уран бүтээлч болоод явж байхад хамгийн түрүүнд багш нарын үгийг л их хардаг. Багш нараа хөмсөг нь атираад, дуугүй хураачихвал за даа энэ ч болохгүй л байна. Багш их сайхан ааштай уурлахгүй миний хүү болж байна дахиад нэг дуулаадах гэвэл их урам авдаг.
Би нэг хөгжилтэй түүхээсээ ярья. СУИС-ийн дуулаачийн ангид суралцаж байхдаа бид нар нэг тайлан өгсөн юм. Тэр үед манай хуурай ах ирж үзэхээр болоод ирлээ. Тэгээд үзээд сууж байхад нь намайг дуулаад дууссаны дараа нэг багш нь “өө энэ чинь харин овоо гайгүй баас болох нь” гэж л дээ тэгсэн нөгөө ах чинь уурлаад “чи хүний хүүхдийг баас, шээсээр нь дуудаг чи хэн бэ” гээд уурлаж загнаж байсан. Баас гэдэг нь мэргэжлийн үгээр бол эрэгтэй баритоне хоолойг хэлдэг юм. Тэгээд л тэр багш нэлээн гайгүй дуучин болох нь байна шүү гэж хэлснийг хөгжмийн үг хэллэг мэдэхгүй хүн чинь буруу утгаар нь ойлгоод муудалцаж байсан гэдэг. Болж байгаа болохгүй байгаагаа бол багш нараасаа сонсоно. Мөн урмын үгийн ханиасаа болон ойр дотны хүнээсээ сонсдог.
-Анх “Voice group”-ээ байгуулахад өөрт тань хэн нөлөөлсөн бэ?
-Манай хамтлагийн Отгонжаргал, Эрдэнэжаргал хоёр маань анх санал тавьсан. Би өөрөө анх санаачлаад эхлүүлсэн хүн бол биш. Гэхдээ хамтлаг байгууллая л гэсэн болохоос биш ямар жанр, ямар уран бүтээл туурвих нь тодорхой бус байсан. Намайг хамтлагийн ахлагчаар ажиллаач гэсэн санал тавьсан. Эхэндээ зөвшөөрөөгүй л дээ харин дараа нь тэгье гээд ажилласан. Тэгээд хамтлагийнхаа “Angle” нэрийг өөрчлөөд “Voice” гэж нэр өгөөд ““Voice Mongolia” дууг захиалгаар хийлгэж дуулсан. Үүний дараа “Voice Mongolia” цомог гаргаж тоглолтоо хийсэн л дээ. Мөн VOICEOFMONGOLIA.мн сайтаа хүртэл нээсэн. Үндэсний үзлээ барьж авья гадны поп опера гэхээсээ илүү монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг нийтийн дуу, сонгодог хоёрын гүүр нь болж өгье гэдэг үүднээс мэргэжлийн дуулаачдын хоолойгоор, мэргэжлийн найруулагчдын найруулгаар хүргье гэсэн гаргалгаа гаргаж менежер, хамтлагийхантайгаа ярилцаж гаргаж ирсэн. Энэ нь оносон одоо биднийг сонсдог хүрээлэл бий болчихсон.
-Голдуу эх орны сэдэвтэй уран бүтээл туурвиж байна. Мөн таны удахгүй болох тоглолт хүртэл “Миний эх орон” нэртэй тавигдана. Ер нь яагаад эх орны сэдэвтэй уран бүтээл голчилж туурвидаг юм?
-Бүх зүйлсийн эцсийн цэг нь Эх орон. Хэдэн түмэн хүн төрөлхтнийг буцаагаад цаг хугацаагийн ухаарах юм бол явсаар байгаад нөгөө Адам, Ева хоёр очно гэдэг шиг энэ нийгмийн ард түмэн, түмэн зүйлсийн салбар, чиглэл их байна. Энэ бүх зүйлсийг хураагаад эцсийн цэг нь эх орон л байх болно. Урлагийн хүний гол зорилго бол тайз нь дээр гоё дуулах нэг асуудал, тайзны ард хэн байхав аа гэдэг нь маш их чухал. Нөгөөтэйгүүр ямарваа нэг урлагт сайхан хоолойтой сайхан хүүхэн, залуучууд байгаад байхаасаа гадна хийж буй бүтээл нь үзэгч, сонсогчдод хөшүүрэг болж байх хэрэгтэй. Тухайлбал, хөгжлийн, амьдрах урам зориг, эрч хүч өгч байх ёстой.
Урлагийн хамгийн туйлын язгуур гол үнэт зүйл зорилго бол хүн төрөлхтний сэтгэл зүйд сайнаар нөлөөлж, гэрэл гэгээ тусгаж, тэдэнд амьдрах хүч, хүсэл мөрөөдөлдөө зориход нь дэм болох хэрэгтэй. Тийм учраас манай хамтлагийн болон миний уран бүтээл эх оронч үзэл, үндэсний үзлийг түгээн дэлгэрүүлэхэд хэрэндээ анхаардаг. Тэгэхдээ миний эх орон гэхээр дандаа аав, ээж, нутаг усаа дуулаад байхгүй. Эх орон дотор чинь хүний амьдрал тэр чигээрээ багтаж байгаа. Хайр дурлал, хүсэл мөрөөдөл, хань ижил, үр хүүхдүүд, өнгөрсөн, одоо ирээдүй цаг багтаж байна. Ер нь бол Эх орон гэдэг эргээд л хүний амьдрал. Миний эх орон гэдэг чинь миний л амьдрал юм. Бас таны амьдрал. Бас тэр утгаараа энэ удаагийн тоглолтыг нээж дуулж байгаа дуу бол их сонин дуу бий.
“Нандин цэнхэр тэнгэр” гээд би дуулах гээд 2-3 жил хадгалсан. Хэрхэн яаж дуулах вэ гэдгээ их удаан бодсон дуу. Энэ дуу бол Баянмонгол чуулгын ахмад хөгжим чинь МУСТА Наранмандах ахын хөгжим, шүлгийг нь Төрийн соёрхолт, яруу найрагч Бавуудорж гуай бичсэн. Дуу нь өөрөө бол нийтийн дууны жанр боловч би сонгодог дөрвөл хөгжимд зориулан найруулж бичээд төгөлдөр хуур, чёло, лимбэ, цохиур хөгжим энэ дөрөвтэй тоглолтоо нээж дуулна.
… “Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчин ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай… үгтэй. Ер нь бол Эх орон гэдэг бол бүх зүйл юм. Бүх зүйл гэдэг нь амьдрал юм аа гэж бодож явдаг.
-Та урлагт 10 гаруй жил зүтгэж яваа дунд үеийн уран бүтээлч хүн. Одоо гарч ирж байгаа залуу уран бүтээлчдийг нэг цомог гаргаад, нэг дуу гаргаад л тоглолтоо хийдэг хэмээн шүүмжилдэг. Үүн дээр таны бодол?
-Уул нь бол би чинь өөрөө залуу хүн шүү дээ. Гэхдээ одоо би дунд үеийнхэндээ орчихож нэг мэдсэн чинь. Үгүй ээ тэгээд нэг дуу гаргачихаад дуу хийнэ үү, цомог гаргачихаад тоглолт хийх нь тухайн хүний эрхийн асуудал юм шиг байгаа юм. Үүн дээр бол харин нөгөө уран бүтээлийн чанар л яригдана. Магадгүй одоо 100 дутай байсан хэрнээ нэг ч хит дуугүй дуучин байж болно. Ганц дуутай хэрнээ тэр нь хит болчихсон дуучин байж бас болох юм. Тэгэхээр зуун дуутай дуучинг нь мундаг гэх үү, хит ганц дуутай хүнийг мундаг гэх үү энэ бол харьцангуй ойлголт. Миний бодлоор бол бидний араас гарч ирж байгаа дүү нар бол байгаа. Өөрийн гэсэн өнгө төрхтэй, өөрийн гэсэн нийгэмдээ өгдөг мессежтэй яг өөрийгөө тодорхойлж өөрийнхөө гарч ирэх нь чухал. Тэрнээс хэн нэгнийг дуурайхаар л биш болчихоод байгаа юм. Миний бодлло бол бүх зүйлийн хэмжүүр нь цаг хугацаа. Бидний үед анх СУИС-иа төгссөн оюутнуудын тал нь одоо дуулахаа больчихсон байна. Тухайн үедээ бүгдээрээ дуучин гээд олны танил болж наргиан маягаар хэлэхэд “од” болно гэж ярьдаг байлаа. Гэтэл өдгөө тал нь байхгүй. Ахиад 10 жил болоход хэдэн дуучин үлдэхийг би ба мэдэхгүй. Тэгэхээр энэ бол цаг хугацааны хэмжүүрээр л явагдана. Одоо гарч ирж байгаа олон сайхан дуучдаас цаг хугацааны дараа шалгараад үлдэх байх.
-Хүн болгон бахархалтай. Таны бахархал?
-Мэдээж нийтлэг нэг жишиг байгаа. Эх орон, ээж, аав, гэр бүл бол бахархал. Миний бас нэг бахархал бол хүний заяанд төрсөндөө бахархдаг. Тэгээд энэ цаг хугацаандаа бид нарт боломжгүй хэцүү зүйлүүд маш олон байна. Нэгэнт миний л оногдсон цаг хугацаа, миний л оногдосн газар орон, миний л амьдрал. Миний амьдрал л миний бахархал юм даа. Надад байгаа юм бүхэн миний бахархал. Үүн дотор алдаа оноо, баяр гуниг гээд бүхий л зүйлүүд орж байгаа. Тиймээс сайн, муу хар цагаантайгаа нийлээд миний амьдрал миний бахархал юм.
-Хүний мөн чанарыг та өөрийнхөө тодорхойлвол?
-Хүний мөн чанар уу. /бодолхийлэв/ Хүний дотоод ертөнц. Тухайн хүн дотоододоо юу байна тэр чинь л мөн чанар. Гаднаа яаж ч харагдаж болно, хэн ч байж болно. Тэгэхээр тухайн хүний мөн чанарыг тэр хүн бол мэдэхгүй. Тиймээс хүний мөн чанар бол хүний дотоод ертөнц юм даа.
-Удахгүй “Миний эх орон” тоглолт нь болох гэж байгаа. Энэ удаагийн тоглолтын онцлог?
-Манай улсын филаморины ээлжит тоглолт. Миний бие даасан 5 дахь тоглолт боловч ганцхан хүний ажил биш. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филаморин гэх том айл. Энэ айлын морины хуурын чуулга гэсэн том оркестор бүрэлдэхүүн морины хуурын чуулгатайгаа хамтраад “Миний эх орон” тоглолтоо хийж байна. Морин хуурын чуулгыг сонсох дуртай мөн миний дуунуудыг сонсдог, намайг тодорхой хэмжэээгээр үнэлдэг үзэгчдэдээ урья.
Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Ардын жүжигчин, профессор Ц.Батчулуун, Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч , Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан, ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга бид нар уран бүтээлийн найз, нэг үеийн уран бүтээлчид.
Мөн манай хамтлагийн МУСТА Д.Отгонжаргал, МУСТА А.Эрдэнэжаргал, төгөлдөр хуурч Д.Баярцэцэг, морин хуурч Р.Амарбаяр, ДБЭТ-ын гоцлол дуучин, Г.Шижирболд нар оролцоно. Энэ удаагийн тоглолтын гол онцлог, нэгдүгээрт морин хуурын чуулгатай гэдгээрээ онцгой. Хоёрдугаарт, цөөхөн хүн зориулж тоглож буйгаа давуу. Олон тооны үзэгчтэй танхимуудаас өөр. Миний нэг бодол бий. Шоу тоглолт бол гадуур их болж байгаа. Шоу бизнес нээлттэй нийгэмд угаасаа хөгждөг. Гэхдээ заримдаа манай үзэгчид хөдөө, хотгүй бодох ёстой юм шиг санагддаг юм. Юу вэ гэхээр заримдаа юм сонсоод, ухаараад, уужираад юм боддог үзэгчид их цөөрчихсөн санагдаад байгаа. Ерөөсөө гараад л алга ташуулах гээд л байдаг. Яахав олуулаа дуулж найрлах сайхан. Гэхдээ нэг концертны хэлбэр гэж байна. Ийм тоглолтууд их цөөхөн болж байх шиг санагддаг. Зөвхөн 200 эрхэмд зориулж тоглож байгаа юм. Арын алба, маркетенгийн албаны хүмүүс, гэрэл техникчид зэрэг гээд хүмүүсээ нийлүүлээд 200 хүн гэж бодьё. Тэгэхэд үзэгчид 200 хүн гэж бодохоор ерөөсөө хоёр нэгийн харьцаатай. Гол нь үүнд л урлагийн үнэ цэнэ оршиж байгаа юм. Түүнээс биш хоёр мянган хүн суулгачихаад нэг хүн гараад дуулаад байвал бас нэг өөр асуудал. Олон хүний сэтгэл зүрх орж, олон хүний хөгжмийн тоглолт орж байна. Миний тоглолтод 20-иод бүтээл тоглогдоно. Үүнээсээ 17 дууг дуулна. Хоолой эрүүл байгаад тэр өдрийн тэнгэр мэдвэл бүгдийн сайхан дуулаад гарахын төлөө бэлтгэлээ хийж байна. Амьд тоглолтын алдаа нь хүртэл ойрхон, амьд байдаг. Тэгэхээр ойрын мэдрэмжийг л үзэгчдэдээ өгөхийг хүссэн. Ер нь бол бодож ухаарах зохиолууд бий. Мөн сайхан дагаад дуулах дуунууд ч дуулагдана. Нэг оройг сайхан уужираад, ухаараад хамтдаа сонсоод, догдлоод ингэж л өнгөрөөх тоглолт болох болов уу гэж би хувьдаа бодоод байгаа. Тийм болохоор үзэгчдээ хайртай дотны хүнтэйгээ, гэр бүлтэйгээ хамтдаа ирж үзэхийг урьж байна. Тасалбарыг худалдан авсан хүн болгонд миний 10 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн цомгоо бэлэглэж байгаа.
-Тоглолтонд нь амжилт хүсье. Үзэгчид маань таны толголтоос “Миний эх орон” гэх сайхан мэдрэмж, тайвширал бодлыг аваасай гэж хүсч байна.
-Баярлалаа. Урлаг.мн сайтын хамт олондоо ажлын амжилт хүсье. Уншигч түмний маань амьдрал баян байх болтугай. Урлаг гэдэг бол баян, аугаа. Тийм баян, аугаа амьдралыг туулаарай гэж ерөөе.
Ярилцсан Х.Даваанаа