“Нисванис” хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгаланг “Хөгжим хэмнэл” булангийн зочноор урилаа. Тэрээр жил бүхэн “Нис нис” амьд хөгжмийн фестивалийг зохиодог билээ. Тэгвэл энэ жилийн наадам өнөөдөр болно. Түүнтэй энэ наадам болоод уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцлаа.
-Өнөөдөр “Нис нис” наадам болно. Та хэр догдолж байна?
– Энэ өдөр ойртох тусам би догдолдог. Яагаад ч юм анх тайзан дээр гарах мэт сэтгэгдэл төрдөг болоод удаж байна. Амьд хөгжим өөрөө хүнийг хөглөдөг, эрч хүч бэлэглэдэг увдистай юм болов уу.
-Яагаад энэ фестивалийг жил бүрийн энэ өдөр зохиодог юм бэ?
– Манай хамтлаг анх 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Соёл эрдэнэ” хамтлагийн өрөөнд бэлтгэл хийж эхэлсэн. Энэ өдрийнхөө дурсгал болгож өнөөдөр тэмдэглээд заншчихсан юм. Энэ жил хамтлаг маань 18 нас хүрч байна. Тийм болохоор өнөөдрийн фестиваль маань илүү далайцтай, том болно.
-Хүнээр бол “Нисванис” хамтлаг насанд хүрч байгаа юм байна. Мэдээж илүү эрч, хүчтэйгээр цаашдын уран бүтээл ундрах болов уу?
– Энэ үг тань бидний хувьд хамгийн том урам юм шүү. Би хамтлагийнхаа ирээдүйг үргэлж сайхнаар бодож, төсөөлдөг. Бидний дотор дахиад олон жил хөдөлмөрлөх, дуулах хүсэл оргилж байна. Хөгжим хэзээ ч хөгширдөггүй шүү дээ. Дэлхийн рок хамтлагууд өндөр настай болсон ч уран бүтээлээ хийсээр байдаг. Манайд ч ялгаагүй “Хурд”, “Харанга”, “Чингис хаан” зэрэг олон хамтлаг ид уран бүтээлээ хийж байна.
-“Сэтгэл хөдөлнө” цомог тань сонсогчдын дунд нэлээд хүлээлт үүсгэсэн байна лээ. Хэзээ бэлэн болох вэ?
-Цомгийн маань хоолойн бичлэг дууссан. Наадмийнхаа өмнө дуусгая гэсэн боловч амжсангүй. Гэхдээ тун удахгүй бэлэн болно. Харин цомгоо зөвхөн 1000 хувь хэвлүүлэхээр шийдсэн.
-Манайд “Play time”, “Coken Beat” зэрэг амьд хөгжмийн наадам болдог. Эдгээр наадмуудыг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Тэмцээн, уралдаан зохиож байгааг сайшаалтай ханддаг. Тэндээс шинэ, залуу уран бүтээлчид төрж байна. Хүмүүс амьд хөгжмийг мэдрэхийн тулд очижүзэж байна. Эдгээр наадмыг тэсэн ядан хүлээдэг, үзүүлээд өгье гэсэн залуус байгаа нь сайхан юм. Харин “Нис Нис” фестивалийн хувьд тухайн жилдээ сайн уран бүтээл хийсэн цөөхөн хамтлаг оролцдог. Энэжилийн хувьд “Лемонс”, “Булсара”, “Маднесс”, “Моханик” зэрэг долоон хамтлаг оролцож байгаа.
-Тэд танай хамтлагийн жинхэнэ өрсөлдөгчид биш гэж үү?
-Нэг өнцгөөс харвал яахын аргагүй өрсөлдөгч мөн. Харин нөгөө өнцгөөс нь харахаар бүгд л адилхан энэ урсгалын төлөө зүтгэж яваа уран бүтээлчид шүү дээ. Би урлагийн салбарт өрсөлдөөн байх нь зөв гэж боддог. Гэхдээ тэр бол уран бүтээлийн төлөөх цагаахан өрсөлдөөн байх нь чухал юм шүү. Түүнээс бие биенээ доош нь хийсэн, муулсан асуудал байж болохгүй.
-Танай хамтлаг ямар ч өрсөлдөгчгүйгээр тайзыг эзэгнэсээр ирсэн. Харин одоо бол амьд хөгжмийн хамтлаг харьцангуй олон болжээ?
-Цаг үе бүхэн өөр өөрийнхөө түүхийг бичдэг шиг урлаг ч мөн ялгаагүй тийм л байдаг. Биднийг анх уран бүтээлхийж эхлэхэд ойлгох хүмүүс ховор байсан. Гэхдээ бид шантраагүй, бэлтгэлээ тасралтгүй хийж, урагшаа тэмүүлсээр ирлээ. Одоо үүнийхээ үр шимийг хором бүрт мэдэрдэг. Манай хамтлаг Монголын хөгжмийн урлагт тодорхой өөр өнгө, төрхийг мэдрүүлсээр орж ирсэн. Тайзан дээр бараг үзэгчгүй шахам тоглож байсан үе зөндөө бий. Одоо бол сонсогчид рок хөгжмийг ойлгодог болсон үе шүү дээ. Үнэхээр авъяастай бол уран бүтээл хийх боломж, бололцоо дүүрэн болж. Уран бүтээлчийнхээ хувьд би үүнд л чин сэтгэлээсээ баярладаг юм.
-Шинэ, залуу уран бүтээлчдийн бүтээлийг та үнэлбэл ямар дүн тавих бол?
-Манайд энэ урсгалаар уран бүтээл хийдэг, хийхийг хүсдэг залуус байна. Бид тэднийгээ дэмжих ёстой. Тэд бол Монголын хөгжмийн ертөнцийн нэг хэсэг, залгамж халаа шүү дээ. Тэдний дунд сайн нь ч байна, саар нь ч байгааг үгүйсгэхгүй. Зарим нь үнэхээр авъяастай байж амархан шантраад, урлагаас холдож байна. Би тэднийг хараад харамсдаг юм. Би ч ялгаагүй тийм л замыг туулсан. Болимоор үетэй бишгүй л тулгарсан. Гэхдээ урлагт хайртай сэтгэл минь намайг энэ замаас холдуулж чадаагүй юм.
-Танай хамтлагийн “Сургууль нураасай”, “Эмийн сан руу алхсан нь” зэрэг дууг гарахад сонсогчид бараг гайхаад шоконд орж байсан. Тухайн үед их зориг шаардсан байх даа?
-Дэмжиж, ойлгодог нэг хэсэг байхад эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлдэг нь ч байсан. Гэхдээ олон хүний урмын үг, дэмжлэг бидэнд тусласан юм шүү. Түүнээс бид өөрсдөө бүхнийг цогцлоосон юм биш. Анх дуугаа гаргачихаад хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж эмээж байсан удаатай. Гэхдээ зэмлэл, шүүмжлэл болон урмын үгс хамтдаа ирсэнд нь баярладаг юм.
Тайзан дээр бараг үзэгчгүй шахам тоглож байсан үе зөндөө бий. Одоо бол сонсогчид рок хөгжмийг ойлгодог болсон үе шүү дээ.
-Танай хамтлагийн дуунууд ихэнх нь аливаа зүйлийг эсэргүүцсэн, хүнд сэдэвтэй байдаг. Яагаад тэр вэ?
-Рокууд үргэлж үнэнийг хэлдэг шүү дээ. Бид нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг дуугаараа дамжуулж сануулахыг зорьдог юм. Мөн гэрэл гэгээ, хайр дурлалын тухай ч дуулдаг. Орчлонгийн сэдэв дуусна гэж үгүй. Урлагт оргил гэж байхгүй. Өнөөдөр нэг дуу хит болоход маргааш нь дараагийн дуу төрдөг л байхгүй юу. Мөн үргэлж хайр, аз жаргалын тухай дуулаад байвал болж бүтэхгүй байгаа олон зүйлийг яах болж байна.
-Харин одоо уран бүтээл тань хэрхэн хувьсаж, өөрчлөгдөж байгаа бол?
-Дуу маань улам л нийгэмдээ хандсан хэв шинжтэй болж байгаа. Гэхдээ бүх сэдвээр дуулахыг хүсч байна. Хөгжим надад яг нисэх мэт мэдрэмжийг төрүүлдэг.
-Амьд хөгжмийн олон урсгал байдаг. Харин тэднийг яаж ялгаж ойлгох ёстой юм бэ?
-Ер нь рок гэдэг ганц урсгал бий. Харин тэр дотор нь байгаа урсгалууд салаалсан мөчир нь гэж ойлгож болно. Тэр бүхнийг үгээр тайлбарлана гэдэг хэцүү. Хөгжмөө сонсоод ритм, гитарын дуугаралт, зохиол, зохиомж, дуучны хоолой гээд олон зүйлээс шалтгаалаад урсгал нь өөр болж хувирдаг юм.
-Та дуулахаас гадна дууныхаа үгийг өөрөө зохиодог шүү дээ. Ямар үед шүлгийн мөр, дууны санаа орж ирдэг вэ?
-Тухайн цаг үе, уур амьсгалаас шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Гэхдээ ганцаараа байгаа үед сэдэв, санаа орж ирэх нь бий. Би багаасаа шүлэг бичдэг хүүхэд байсан. Энэ нь намайг уран бүтээлч болоход нөлөөлсөн гэж боддог шүү.
-Та хүүхэд байхаасаа амьд хөгжим сонирхож эхэлсэн үү. Тухайн үед ямар хамтлагийн дууг сонсдог байв?
-Манайх Эрдэнэтэд байсан юм. Оросуудын нөлөөгөөр Итали хөгжим сонсдог байлаа. Гэхдээ “Beatles”-ийн дууг сонсож өссөн гэж ойлгож болно. Анх “Beatles” шиг хамтлаг болох юмсан гэж их боддог байлаа. Тэгээд хөгжим бүжгийн коллежид ороод хамтлагийнхантайгаа танилцсан. Манай хамтлагийг үүсгэн байгуулагч яруу найрагч Б.Галсансүх надад анх “Нирвана”-г сонсгож байсан. Түүний дараа 1995 оноос “Нирвана” шиг урсгалаар тогловол зүгээр юм байна гэж бодоод уран бүтээл хийх болсон.
Ч.Гантулга