Реалити шоуны од, бизнес эрхлэгч, 1,7 ам.долларын тэрбумтан, олон нийтийн сүлжээний од Ким Кардашьян өнөөдөр 45 нас хүрлээ.
Ким Кардашьян 1980 оны аравдугаар сарын 21-нд Лос-Анжелес хотод өмгөөлөгчийн гэр бүлд төржээ. Тэрбээр эгч Кортни, дүү Клои, Роб нарын хамт дөрвүүлээ өсөж торнисон. 1991 онд аав, ээж нь салсны дараа ээж нь олимпын аварга тамирчин Брюс Женнертэй гэрлэлээ. Ингээд Кендалл, Кайли гэсэн хоёр охин дүү нэмэгдсэн юм. Ким Кардашьян охидын католик сургуульд сурсан. Өсвөр насандаа Лайонель Ричигийн охин Николь Ричи, Hilton гүрний өв залгамжлагч Пэрис Хилтон нартай найзалж байжээ.

16 настайдаа Ким Кардашьян “Body” хувцасны дэлгүүрт ажиллаж, дөрвөн жилийн дараа 2000 онд гарсан. Тэр жилээ Ким хөгжмийн продюсер Деймон Томастай гэрлэсэн ч 2003 онд салсан. Ким нөхрөө бие, сэтгэлийн хүчирхийлэл үйлдэгч, хуримын ёслол дээрээ ч хар тамхи хэрэглэсэн байсан гэж мэдэгдэж байлаа. Анхны нөхрөөсөө салахаасаа өмнө Ким дуучин Ray J-тэй уулзаж эхэлсэн юм. Мөн түүний эгч, дуучин Брэндигийн хувийн стилист болжээ. Гэхдээ дүү Хлойтойгоо хамт Брэндигийн мөнгийг зөвшөөрөлгүй үрсэн хэрэгт холбогдож, 2008 онд Шүүхээр хэрэг шийдэгдэж байлаа.

2006 онд тэр багын найз Парис Хилтоны стилист болсон. Тэд хамтдаа баячуудын хүлээн авалт, үдэшлэгээр явсаар Кимийн зураг хэвлэлээр гардаг болж, олны танил болсон юм. Тэд 2000-аад оны эхэн үеийн загварын бэлгэ тэмдэг болсон билээ. Парис Хилтон түүнийг алдарт гарахад тус болсон гэдгийг Ким хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Хилтоноос илүү 2007 онд цахим сүлжээнд цацагдсан Ray J тэр хоёрын порно бичлэг нэрд гаргасан гэхэд болно. Бичлэгийг цацсан “Vivid Entertainment” компанитай шүүхдэлцэж, таван сая ам.доллароор асуудал шийдэгдсэн. Тус компани бичлэгийн хуулбарыг зарах эрх авч, эхний хоёр сардаа 1,5 саяын орлого олсон байдаг.

Энэ шуулгианы үеэр E! Суваг дээр Кардашьяны гэр бүлийн тухай реалити-шоу гарч эхэллээ. Ийм шоу хийх санаа ээжид нь төржээ. Тэр үед Ким шар хэвлэлээр гарч, папараци нарын дуранд өртөн, Пэрис Хилтоны тухай реалити-шоунд ороод байв. Харин эгч Кортни нь “Filthy Rich: Cattle Drive” шоунд амжилттай оролцоод байлаа. Кардашьяны гэр бүлийн реалити-шоуны продюсер нь Райан Сикрест байв. Энэ шоу Кимийг алдарт хүргэсэн. Пэрис Хилтоны найз бүсгүй гэгддэг байсан бол одоо өөрөө телевизийн од болон хувирчээ. Гэхдээ дээд зэрэглэлийн од биш. Ким “Playboy” сэтгүүлд зургаа авхуулж, аймшгийн кинонд тоглон, “Ододтой бүжиглэе” шоунд оролцож байв. 2009 онд анх удаагаа “Грэмми” ёслолын улаан хивсэн дээр гарсан, гэхдээ E! Телевизийн хөтлөгчийн хувиар гарсан юм. Харин 2010 онд Ким “Эмма” шагнал гардуулах ёслолд хүндэт зочноор уригдсан билээ.

2011 онд тэр сагсан бөмбөгчин Крис Хамфристай гэрлэсэн ч ердөө 72 хоногийн дараа үзэл бодол таараагүй гэх шалтгаанаар салсан. Энэ үеэр түүний бизнес эрчээ авч байв. Үнэртэй ус бүтээж, брэндтэй боллоо. Хамфристай хурим хийж, E! Телевизээр шууд дамжуулсан нь энэ үнэртэй усны зар сурталчилгаа байсан гэдэг яриа байдаг ч хэн ч батлаагүй.

2011 оны сүүлээр тэр Канье Уэсттэй болзож эхэллээ. 2013 онд Ким 33 насныхаа төрсөн өдрөөр Канье Уэсттэй сүй тавьснаа зарлалаа. Тэд Норт Уэст гэдэг охинтой болсон байв. “Met Gala” ёслолын үеэр тэр улаан хивсэн дээр бие давхар гарч байлаа.
Хуримын ёслол 2014 оны тавдугаар сарын 24-нд Италийн Флоренцд болсон. Хуримын даашинзыг нь Givenchy-гийн дизайнер Рикардо Тиши урлажээ. Канье Уэстийн нөлөөгөөр Кимийн стиль өөрчлөгдөж эхлэв. Ер нь нөлөө гэдэг бол зөөллөсөн үг л дээ. Дараа нь илэрснээр Канье гадуур гарахдаа юу өмсөхийг нь бүрэн зааж, захирдаг байсан байна. Ким тренд дагахаа боллоо. Тэр трендийг өөрөө гаргадаг болжээ. 2013 онд Ким Нью-Йоркийн Сохо-д “Max Mara” шубтэй гарч ирэхэд бүгд түүнийг дуурайж байлаа.

2014 онд Ким цахим ертөнцийг “дэлбэлсэн”. Гар утасны “Kim Kardashian: Hollywood” тоглоом гаргалаа. Гурван сарын дотор 43 сая ам.доллар олжээ. 2014 онд олон нийтийн сүлжээнд түүнийг дагагчид 21 сая болж нэмэгдсэн бол одоо 354 сая. “Paper” сэтгүүлийн нүүрэн дээр оргилуун дарс задалж, дарс өгзөг дээр нь дусаж байгаа зураг түүнийг жинхэнэ алдартан болсныг батлан харуулсан. Сэтгүүлийн дотор талд нүцгэн Ким гялалзаж, энэ зургийг харахаар тус сэтгүүлийн сайтад нэг өдөрт 15,9 сая хүн орсон байна.

2015 онд Ким Кардашьян олон нийтийн сүлжээний хамгийн том од болсон. Эможи цуглуулаг гаргасан нь эхний долоо7 хоногтоо л цахим ертөнцийн хамгийн борлуулалттай таван барааны нэг боллоо. Сүлжээнд оруулсан нэг пост нь 300 мянган ам.долларын үнэ хүрсэн байна.

2015 оны 12 дугаар сард хүү төрүүлэв. Төрөлт хүндрэлтэй байсан тул эмч нар дахин хүүхэд төрүүлэхгүй байхыг анхааруулжээ.

2015 онд Ким Кардашьян гэр бүлийн хамт Арменид зочиллоо. Тэд 1915 онд арменичуудыг хоморголон хядсан газарт очсон юм. Ким Кардашьян нэг бус удаа арменичуудыг хоморголон устгаж байсныг хүлээн зөвшөөрөхийг уриалж, шаардаж байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүлээн зөвшөөрсний дараа түүнд талархлын захидал илгээж байв. Түүний дөрвөн хүүхэд бүгд армени сүмд загалмайлуулсан. 2019 онд өөрөө ч Арменид загалмайлуулж, Эгине гэдэг нэртэй болж байлаа.

2016 онд Парисын загварын долоо хоногийн шоуны үеэр түүнийг байрлаж байсан байранд нь дээрэмдсэн хэрэг гарсан. Зэвсэгтэй дээрэмчид түүнийг хүлж, усны өрөөнд түгжээд 10 сая ам.долларын үнэт эдлэл аваад явсан байлаа. 2017 онд хэрэгтнүүдийг барьсан. Нийт 17 хүн баригдсаны ихэнх нь хижээл насны хүмүүс байжээ.

2017-2019 онд Кимийн бизнес улам тэлсээр. Гоо сайхан, үнэртэй усны “KKW Beaut”, “KKW Fragrance” шугам нээж, дотуур хувцас, гэрийн хувцасны “Skims” брэндийг үүсгэн байгууллаа. 2003 онд түүний компанийн үнэ дөрвөн тэрбум болоод байв. “Skims” брэнд АНУ-ын олимпын багийг хувцаслаж, 2023 оноос сагсан бөмбөгийн АНУ-ын шигшээ багийн дотуур хувцсыг нийлүүлдэг боллоо.

2021 онд Кардашьян гэр бүлийн реалити шоу өндөрлөлөө. Ким нөхрөөсөө салах өргөдлөө өгчээ. Тэд дөрвөн хүүхэдтэй болоод байв. Сүүлийн хоёр хүүхдээ тээгч эх ашиглан төрүүлжээ. Гэр бүл салах албан ёсны шалтгаан нь “Үзэл бодлын ялгаа”.

2018 онд Ерөнхийлөгч Дональд Трамп хар тамхины наймаа хийсэн хэргээр 1996 оноос хойш шоронд хоригдож байсан Элис Мэри Жонсон хэмээх эмэгтэйг суллах зарлиг гаргав. Энэ бүхэн Кимийн ач тус байлаа. Ким хорих газарт шинэчлэл хийхээр тэмцэж байсан юм. Хажуугаар нь өмгөөлөгч болохоор хууль судалж, шалгалтаа амжилттай өгсөн байна.


“Би ганцаараа байгаа ч сэтгэл хангалуун байна. Хүүхдүүдээ хүмүүжүүлэх, арчлах хэрэгтэй байна. Маш их анхаарал шаардсан амьдрал байна. Яг одоо би хүүхдүүдийнхээ дэргэд байх ёстой” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Ub.life