Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач тэрбээр 22 жилийн турш чуулгынхаа уран бүтээлийн төлөө сэтгэлээ чилээн, амралтын өдрийг ч ажилдаа зориулан яваа.
Түүнийг Улсын филармонийн үүдээр орж ирэхэд тааралдсан хүн бүхэн л “багш аа” хэмээн хүндэтгэн дуудаж, мэнд мэдэх нь үнэхээр бахархам.
Дэлгүүрийн лангуу хоосорч, хүн бүхний толгойд мөнгө хэрхэн олох тухай бодол л эргэлдэж байхад энэ хүн монголчуудын оюуныг хоосруулахгүйн тулд Морин хуурын чуулга байгуулахаар сэтгэлээ чилээн явсан. Одоо ч гэсэн урлагийн алтан тайзнаа алдраа цуурайтуулан гялалзаж яваа шавь нараараа бахархах хэдий ч тэднийхээ гэр бүл, үр хүүхэд, амьдрал ахуйд санаа зовниж сууна.
-Энэ өдрийг яаж эхлүүлж байна вэ. Шахуу ажилтай байна уу, эсвэл илүү тайван амгалан байна уу?
-Өнөөдөр манайхан амарч байгаа. Харин надад амрах эрх байхгүй ээ. Маргаашийн болон энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр хийх тоглолтын талаар хүмүүстэй уулзаж, ярилцах олон ажил байна даа. Чи намайг сая харсан байлгүй дээ. Өрөөндөө орж ирэхээсээ өмнө л хүмүүстэй уулзаж эхэллээ.
-Тийм ээ. Нэг үеэ бодоход та олон шавьтай болж, тэд таны хүсэж зорьж байсан ажлыг олон салбарлуулан хийж байх шиг санагддаг. Тухайлбал, Япон улсад ажиллаж, амьдарч байгаа таны шавь А.Бат-Эрдэнэ Дэлхийн морин хуурын холбоо байгуулан олон улсын уралдаан, наадмыг амжилттай зохион байгуулж байна. Удахгүй энэ наадам болно байх аа?
-Тийм ээ. Манай Бат-Эрдэнэ ХБК, дараа нь СУИС төгссөн. Аав нь ч морин хуурч, багш. “Алтай” чуулга, Өмнөговийн хөгжимт драмын театр болон Соёлын дээд сургуульд багшилж байсан, урлагийн гавьяат зүтгэлтэн Аюуш гэдэг хүнтэй би сайхан үерхэж явлаа. Бат-Эрдэнэ бол Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг. СУИС төгссөнөөсөө хойш Японд нэлээд олон жил амьдарч байгаа. Энэ хугацаандаа морин хуурыг Японы ард түмэнд таниулж, сурталчлах үйлсэд идэвхтэй зүтгэж явна. Токио, Осака, Хоккайдод клуб байгуулан морин хуурын сургалт явуулж байна. Түүнээс гадна Японы ерөнхий боловсролын сургуульд багшилж, морин хуурыг хөгжүүлэн сурталчлахын төлөө бүх авьяас, хөдөлмөрөө зориулж байгаа залуу даа.
Дэлхийн морин хуурын холбоог байгуулан хоёр жил тутам Морин хуурын олон улсын наадам, уралдаан зохион байгуулж байгаа. Наадмын хүрээ жилээс жилд өргөжиж, оролцогчдын тоо нэмэгдэж байна. Манай чуулгынхан ч энэ ажилд ач холбогдол өгч, бүх сэтгэлээ зориулан ажилладаг.
Тухайн үед Хөгжмийн зохиолчдын холбоо бидэнд 20 мянган төгрөг зээлдүүлж, Морин хуурын төвийг байгуулсан.
-Та анх Морин хуурын чуулгыг байгуулахдаа ямар амжилтад хүрнэ, хэрхэн урагшилна гэж төсөөлж байсан бэ?
-Миний багш, алдарт морин хуурч Жамъянгийн боловсруулсан сургалтын дэг бий болсон байлаа. Тэр үед Ардын дуу бүжгийн чуулга болон хөдөө орон нутгийн театруудад морин хуурчид ажиллаж, манай багш шиг алдартай сайн хуурчид социалист орнууд болон Энэтхэг, Франц зэрэг улсад тоглож, ардын урлагаа сурталчилж байсан ч тусдаа чуулга байсанг үй. Би 1985 оноос ХБК-д багшилж эхэлсэн. Тэр үеэс чуулга байгуулахыг хүссэн ч хэрхэн байгуулж, юунд яаж хүрэх вэ гэдгээ тооцоолж чадахгүй нэлээд удсан. Ингэж явсаар 1989 онд “Алтан намар”- ын хүрээнд Морин хуурын наадам хийхээр боллоо. Тухайн үед Хөгжмийн зохиолчдын холбооны даргаар Н.Жанцанноров ажиллаж байсан юм.
1989 оны нэгдүгээр сард манай улсад Өвөрмонголын морин хуурч Чибулаг, хөгжим судлаач Баянжаргал нарын хэдэн хүн ирсэн. Бид Морин хуурын наадам хийх гэж байгаа тухайгаа тэдэнд хэлсэн. Гэтэл зургадугаар сард нь Хөх хот, Ордост биднийг урьж Чибулаг өөрийн гарын шавь нараа нэгтгэсэн “Тахь” хамтлагийн тоглолтоо үзүүлсэн. Жамъян багш, Жанцанноров бид гурав очиж үзсэн юм. Тэр үед л морин хуураа дэмжсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь сайн хэдий ч хүссэн хүсээгүй өрсөлдөөн бий болох юм байна гэдгийг ойлгосон. Морин хуурын анхны наадамд 100-гаад морин хуурч ирж оролцсон. Морин хуур урлаачдын уралдаанд “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийн захирал Байгалжав түрүүлж байлаа.
Тухайн үед Хөгжмийн зохиолчдын холбоо бидэнд 20 мянган төгрөг зээлдүүлж, Морин хуурын төвийг байгуулсан. Захирлаар нь Жамъян багш, хариуцлагатай нарийн бичгийн даргаар нь намайг сонгосон. Төрийн бус байгууллагатай болсныхоо дараа юун түрүүнд чуулгаа байгуулна гэж байтал ардчилсан нийгэмд шилжиж эхэлсэн дээ.
Гэхдээ бид их азтай. Өөрчлөн байгуулагдсан нийгэм болоод ардчилсан хүчнийхэн бидний үйл ажиллагааг дэмжиж, уламжлалаа сэргээхийг хүсэж байсан. 1992 оны долдугаар сарын 9-нд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар хамгийн сүүлчийн хуралдаанаараа Морин хуурын чуулга байгуулах шийдвэр гаргаж, дараа нь шинэ Засгийн газрын Соёлын сайд Н.Энхбаяр намайг хүлээн авч боловсон хүчний асуудлаа шийдэж, 1993 оны эхний хоёр улиралд багтаан чуулгаа байгуулж, тоглолт хийх үүрэг өгсөн.
Уран бүтээл сайн байгаа ч тэдний минь амьдрал ахуй сайжрахгүй болохоор их хэцүү юм. Урт бэрхшээлтэй энэ замын дундаас орхисон шавь нар минь ч бий. Энэ чуулгыг байгуулалцсан анхдагчдаараа би үргэлж бахархдаг. Орхиод явахад нь ч хориогүй. Тэр дундаа үнэнчээр галаа сахин үлдсэн 10 хөгжимчин бий. Анх 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм шүү дээ.
Авьяастай найз нөхдөө дагах, туршлагатай ахмад уран бүтээлчдээс суралцах, ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх учраас ХБК-ийн багш нартай нягт хамтран ажиллах гурван боломж байсан.
Морин хуурын чуулгыг байгуулж улсынхаа нэрийг гадаад сурталчлах гэсэн ойр зуурын л хэдэн бодол толгойд эргэлдэж байлаа. Бодож төлөвлөсөн бүх зүйлээ эхний тоглолтоороо хэрэгжүүлсэн.
Нээлтийн тоглолтод Чулуун, Уртнасан, Зангад, Норовбанзад гээд томчууд уригдаж, тухайн үедээ алдаршиж байсан Сосорбарам, Эрдэнэбат, Нармандах, “Чингис хаан” кинонд тоглоод удаагүй байсан Энхтайван зэрэг уран бүтээлчдийг урьж оролцуулсан. Анхны тоглолтынхоо дараа уламжлалт болон орчин цагийн гэсэн хоёр чиглэлээр уран бүтээл хийх ёстойгоо ойлгосон. Энэ тоглолтоо гурван жил бататган бэлтгэж байгаад 1996 онд Улаан-Үүд, Хөх хотод тоглож, дараа жил нь Японы үзэгчдэд хүргэсэн. Энэ тоглолтууд л манай залуу уран бүтээлчдэд урам зориг хайрлан, Морин хуурын чуулгыг хөгжүүлэх хөшүүрэг болсон. Аргагүй шүү дээ, тухайн үед дэлгүүрийн лангуун дээр бор давснаас өөр зүйл байгаагүй. Би шавь нартаа түшиглэн чуулгаа байгуулсан. Тэдний бага нь наймдугаар ангийн сурагч, том нь дөрөвдүгээр курсийн оюутан. Төгөлдөр хуурын багш Уртнасан, ятгын багш Цолмон болон миний гэр бүлийн хүн, ёочин хөгжимчин Алтантуул нар маань бидэнтэй хамт байж, энэ хүнд үеийг давж гарсан.
-Цалин гэхээр зүйл ч бараг байгаагүй юу?
-П.Очирбат гуай дурсамжиндаа “Инфляц 325 болж байхад юун Морин хуурын чуулга байгуулах вэ” гэж бичсэн байдаг. Бид Морин хуурын чуулга байгуулна гээд Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүнтэй уулзаж л явсан. Тэд дэмжсэн тулдаа л байгуулсан. Хүний гэдэс өлсөхийн хажуугаар оюуны өлсгөлөнд нэрвэгдэж болохгүй гэж тэд үзсэн учраас Морин хуурын чуулгын эх суурийг тавихаар шийдсэн байх. Засгийн газрын тогтоол долдугаар сард гарч, манай чуулгыг үлдсэн хагас жилийн турш бүх зардлаа 500 мянган төгрөгт багтаах ёстой гэсэн. Ийм үед хэчнээн авьяастай хөгжимчин байлаа ч манай чуулга авч ажиллуулж чадахгүй. Учир нь тэдэнд гэр бүл бий. Ийм хүнд цагт гэр бүлээ тэжээх нь чухал шүү дээ.
-Хаана байрлаж байсан юм бэ?
-ХБК-ийн дотуур байрны нэг өрөөнд байлаа. Хичээл тарсны дараа 17.30-21.00 цагт тоглолтын бэлтгэлээ хийдэг байсан. Тэр үеийг манай хүүхдүүд одоо дурсаад “Яаж болж байсан юм бэ” гээд гайхдаг юм. Одоо манайхан гэр бүлтэй болцгоосон. Гэхдээ л амьдрал нь дээрдээгүй байна. Зарим нь орон сууцгүй, айлын хажууд амьдарч байгаа. Уран бүтээл сайн байгаа ч тэдний минь амьдрал ахуй сайжрахгүй болохоор их хэцүү юм. Урт бэрхшээлтэй энэ замын дундаас орхисон шавь нар минь ч бий. Энэ чуулгыг байгуулалцсан анхдагчдаараа би үргэлж бахархдаг. Орхиод явахад нь ч хориогүй. Тэр дундаа үнэнчээр галаа сахин үлдсэн 10 хөгжимчин бий. Анх 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм шүү дээ.
1997 оноос хойш уран бүтээл жигдэрч, бид жил алгасалгүй эх орныхоо нэрийг гаргаж, олон улсын тайзан дээр тоглосон. Өдийг хүртэл хийсэн уран бүтээл дунд дуунаас дуурь хүртэл, бий бийлгээнээс бүжгийн жүжиг хүртэл, морин хуурын татлага, уртын дуунаас бүхэл бүтэн концерт, сонат хүртэл тоглосон байна. Урлагийн байгууллагууд бүгд л ижил нөхцөл байдалд байгаа ч уран бүтээлчдийн цалин, хангамжид төр, засгаас анхаарах цаг нь болжээ. Манай улс спортоо дэмждэг болсон нь сайн хэрэг. Тамирчид ч Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд ялалт байгуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж байна. Тэгвэл манай чуулгынхан ч гэсэн 1997 оноос хойш жил бүр дэлхийн алдартай тайзан дээр тоглосон.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар л уригдаж үг хэлдэг байсан НҮБ, ЮНЕСКО-гийн тайзан дээрээс бид Монголын урлагаа бахархалтайгаар танилцуулсан. Та нар хөгжимгүйгээр нэг өдрийг төсөөлөх гээд үз л дээ. Хэцүү биз дээ. Төрийн дуулал эгшиглэн өглөөг угтдаг. Баяр, гунигтай сэтгэлийн хөдөлгөөнөө бид хөгжмөөр илэрхийлдэг. Дээхнэ үед нэг цагдаа Мөрдорж багшийг танихгүй барьж аваад “Энгэртээ хоёр өлзий утастай тэмдэгтэй юм” гэж ярьсан байгаа юм. Тэгэхэд нь Мөрдорж багш “Та нар намайг танихгүй байна уу, би та нарыг өглөө сэрээж, орой унтуулдаг юм шүү” гэж хэлсэн гэдэг. Урлагийг ойлгож мэддэг улс орнууд аливаа бүтээлийг хөгжмийн зохиолчоор нь овоглодог биз дээ. Тийм учраас улсынхаа нэрийг алдаршуулсан урлагийн байгууллагаа төр нь, эсвэл тухайн улсын нэр хүндтэй компани нь хариуцан авч явдаг байх юм.
Саяхан цалингийн нэмэгдлийн тухай яриа болж, анх удаа соёл, урлагийн ажилтнуудын цалинг 10 хувиар нэмнэ гээд чимээгүй боллоо. Үргэлж багш, эмч нарын цалинг нэмэх тухай ярьдаг ч ард түмний оюуны хэрэгцээг хангаж байгаа урлагийнхнаа мартдаг.
Саяхан цалингийн нэмэгдлийн тухай яриа болж, анх удаа соёл, урлагийн ажилтнуудын цалинг 10 хувиар нэмнэ гээд чимээгүй боллоо. Үргэлж багш, эмч нарын цалинг нэмэх тухай ярьдаг ч ард түмний оюуны хэрэгцээг хангаж байгаа урлагийнхнаа мартдаг.
Багийн спорт Монголд хөгжихгүй байна гэж ярьдаг. Тэгвэл багаараа тоглодог Төрийн их найрал хөгжим, Морин хуурын чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим гээд байна шүү дээ. Багаараа хэрхэн тоглож, амжилттай явж болохыг тэд харуулж байна. Уран бүтээлийн амин сүнс болсон хөгжмийн зохиолч, хөгжимчдөө үнэлэхгүй хэрнээ гоцлол дуучдаа л мэдэж, таньдаг нь харамсалтай. Ямар ч гоцлон тоглоочоос илүү оркестрант гэж бий. Найрал хөгжимд гайхалтай нийцэн тоглодог ийм уран бүтээлчдээ дэмжих л хэрэгтэй.
-Жирийн хөгжимчин, энгийн хүмүүсээс илүү тань шиг алдар хүндтэй хүмүүс төр, засгийн удирдлагуудад өөрсдийнх өө үгийг хүргэх боломжтой биз дээ. Та хааяа ч гэсэн тэдэнд энэ үгээ хэлдэггүй гэж үү?
-Тэгж ярьж, хэлэх тохиолдол байдаг ч царайг минь хараад “Тэгэлгүй яах вэ, дэмжинэ”
л гэдэг. Олон жил ямар ч бодлогогүй явсан учраас зөвхөн яамтай болсноор, хэн нэг нь тус тусдаа үгээ хэлснээр үр дүн гарахгүй юм. Бодлого тодорхойлж байгаа яаманд нь урлагийн салбарынхныхаа зовлон жаргалыг мэддэг хүмүүс л ажиллах хэрэгтэй. Би залуучуудыг голоод байгаа юм биш шүү. Гагцхүү дадлагажиж, мэргэшсэн хүнийг олж ажиллуулаасай. Бас аливаа байгууллага, үйл ажиллагааг удирдаж байгаа хүмүүс хүний үгийг сонсдог байгаасай. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэж манай ард түмэн зүгээр нэг хэлчихээгүй. Манай багш ч гэсэн илжиг гэж хараадаг байсан юм. Тийм илжиг шиг биш ухаант хүн шиг байх хэрэгтэй юм.
-Өөрийн гэсэн байртай болох тухай Морин хуурын чуулгынхан мөн ч олон жил ярилаа даа. Бүтэх янз байна уу?
-Үүнийг дэмждэг, ойлгодог хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Манайд гадаадын алдартай, хамтлаг дуучдыг урихаар тайзыг нь голдог, олон улсын хурал цуглаан хийх гэхээр хурлын заал нь шаардлага хангадаггүй. Тэгэхээр бид нүүдэлчин маягаараа энэ зуунд сэтгээд байлгүй орчин үеийн техникийн бүх боломжийг харуулсан хурлын танхим, түүнийхээ дэргэд акустиктай сайхан тайзтай болж болно шүү дээ. Олон улсын хурлаа ч хийж, концертоо ч тоглоё. Тэгвэл улс төр, урлаг зэрэгцэн оршино. Тийм сайхан тоглолтын танхимтай болчихвол үзэгчид нь дагаж хөгжинө. Наанадаж гар утсаараа ярихгүй, хамаагүй хөдлөхгүй, шивнэж ярина биз дээ.
-Морин хуурын чуулгын байр, шавь нарынхаа гэр орон гээд таны санаа зовох зүйл даанч их юм аа.
-Хамгийн гол нь бид үндэсний бахархал болсон морин хуураа эзэмшээд дэлхий дахинд Монголынхоо нэрийг гаргаж сайхан амьдарна гэж бодсон. Шавь нар маань надад хүнд хэцүү байна гэж хэлдэггүй юм. Одоо хүртэл хамт зүтгэж байгаа багшийгаа гомдоочих вий гэж эмээдэг байх. Өндөр хөгжилтэй улсуудад аливаа асуудлыг ярихдаа уран зураг, сонгодог урлагтай холбон төлөөлөгчдийнх нь тухай ярьж байна. Харин манайх урлаг, уран бүтээлээ арай доогуур л үнэлж байна.
-Мөнгө, урлаг хоёр таардаггүй гэж та хэлж байсан. Тэгвэл зөвхөн мөнгөний төлөө шоу тоглолт хийдэг уран бүтээлчдийн тухай та ямар бодолтой байдаг вэ?
-“Ганц л удаа амьдрах юм чинь аз жаргалтай байх хэрэгтэй” гэдэг үгийг би залуусын амнаас олон удаа сонсож байна. Тэр үнэн. Гэхдээ тэр аз жаргалыг чухам юу гэж харж байгаа нь чухал. Мөнгө мөн үү, эсвэл алдар нэр үү. Хүн зорилготой бол он удаан жил амьдардаг. Залуу насны хамгийн сайхан оргилуун жаргал нь хайр. Дурласан хүнтэйгээ гэр бүл болж, үр хүүхэд нь төрж, дараа нь ач зээгээ хараад амьдрал баялаг болж үргэлжилдэг. Бид ардын уламжлалт урлагаа эзэмшин түгээж байгаа болохоор үгээр илэрхийлэгдэхгүй үнэт зүйлийг ч бас дамжуулан гавьяа байгуулж л яваа.
-Та аз жаргалтай хүн үү?
-Мэдээж, би аз жаргалтай амьдарч байгаа. Би нэг зүйлээр маш их бахархаж, бас ойрноос жаахан цэрвэж байгаа. Надаас бусад багш нар шавь нартаа мэргэжил эзэмшүүлээд төгсгөөд явуулчихдаг. Хамгийн аз жаргалтай цагт нь ирж баяр хүргэнэ, шавь нар нь ч багшийнхаа баяр хөөрийг хуваалцаж хааяахан уулзана. Гэтэл би үргэлж цуг байдаг. Архи уучих вий, хүнд зодуулчих вий гэж зовнино. Үргэлж хамт байдаг учраас тэднийг хүүхэд юм шигээр л төсөөлнө. Хэдэн жилийн өмнө гурав, дөрвөн шавь маань хаалга тогшин орж ирээд, ширээн дээр шил архи гаргаад тавьдаг юм байна. “Юу болж байгаа юм. Би та нартай архи хувааж уух юм болж байна уу. Тийм юм байхг үй шүү” гээд загнатал манай хэд нэг нэгнээ ёворч байснаа “Багш аа, та биднийг хүүхэд шиг л бодох юм. Эхнэр хүүхдийн маань дэргэд ч загнах юм” гэж хэлдэг байгаа. Үргэлж хамт байдаг болохоор би тэднийгээ хүүхэд шиг бодоод, харин тэд маань өсөж торнин, өрх толгойлсон байдаг. Түүнээс хойш их юм боддог болсон шүү. Одоо бол миний шавь нар намайг “Багш аа та эрүүл л байвал сайхан” гэж хэлдэг болсон.
Байгалийн жам ч байна, хууль журам ч байна. Би хоёр, гурван жилийн дараа ажлаа шилжүүлж өгнө гэж бодоод бэлтгэлтэй байгаа. Эдэнтэйгээ хамт байхаар үргэлж аз жаргалтай, инээд хөөртэй байдаг юм. Манай ах дүүс намайг хөгшрөхгүй юм л гэдэг. Дүү нар тухтай юм ярих гэхээр нь би инээд наргиан болгочихдог юм шиг байгаа юм. Тэгэхээр манайд дүү нар “Ахтай юм ярьж болохгүй шүү. Тоглоом болгочих юм” гэдэг. Гэхдээ яриа болгоныг чухал царайлаад сонсох ёстой биш шүү дээ.
-Өнгөрсөн намар таны бие гэнэт муудаж, олон хүний санаа зовсон шүү. Гэхдээ юу болсон тухай мэдээгүй. Яг юу болсон юм бэ?
-Тэр миний хариуцлагагүйнх л дээ. 20 жилийн ойн баяраа тэмдэглээд нэлээд ачаалалтай ажилласны дараа Японд хоёр удаа тоглох байлаа. Эхний удаа тоглоод ирэхдээ нэлээд хүнд ханиад хүрсэн. Энд ирж долоо хоночихоод дахиад очоод их бүгчим танхимд тоглосон. Тоглолтын дараа таксины зогсоол хүртэл хол газар луу явган алхахдаа салхи авснаас болж хоёр уушги устчихсан. Токиогийн олон улсын эмнэлэгт ес хоног ухаангүй хэвтсэн.
Хүн ер нь ажиллах цагтаа ажилласан шиг ажиллаад, амрах цагтаа ч гүйцэд сайхан амардаг байх хэрэгтэй. Үнэхээр одоо бол бидний амьдралын баяр баясгалан зээ нар минь л болоод байна.
-Ямар аймаар юм бэ?
-Би бол айхаа ч мэдэхгүй ухаан алдаад л оччихсон. Тэр ч бүү хэл сэрэнгүүтээ хүүгээсээ сүмо үзье гэж асуусан байгаа юм. Уг нь сүмогийн сүүлийн гурван өдрийн барилдааны үеэр ажилгүй байх учраас үзнэ гээд төлөвлөсөн байсан юм. Ухаан оронгуутаа л зурагт хайгаад эхэлсэн. Олон хүнийг сандаргасан. Хүү маань ч гэсэн эндээс явж очсон шүү дээ. Сайн эмчлүүлээд эдгэсэн. Бас намайг бие сайтай байна гэж тэндхийн эмч нар урамшуулсан. Намайг эргэж очсон хүмүүс “Та үхээд сэхсэн учраас илүү урт удаан амьдарна аа” гэж хошигнож байгаа юм. Манай Сосорбарам намайг тэнд эргэж оччихоод “Чиний жил орсон юм байна. Тэгэхээр одоо дахиад 12 жил айлтгүй ээ” гэсэн.
-Танай бага хүү Японд сургууль төгссөн бил үү?
-Тийм ээ. Золжаргал маань одоо хувиараа бизнес хийх гээд л явна даа.
-Та хэдэн хүүхэдтэй билээ. Ач, зээ олон болж байна уу?
-Таван хүүхэдтэй, гурван зээтэй. Том охин маань ХБК-ийн Уртнасан багшийн “баруун гар”. Төгөлдөр хуурч Чулуунцэцэг гэж бий. Удаах охин Алтанзаяа Америкт амьдарч байгаа. Дараагийн охин Золзаяамаань хоёр хүүхэдтэй. Бага нь миний бүх зүйлийг эзэлчихсэн хүн байна даа. Бага охины нөхөр нь зураглаач Ангараг.
-Гар утасны нүүрэнд тэр хүний зураг л дурайж байх шив дээ.
-Эхлээд эхнэрийнхээ зургийг түрийвчиндээ хийж явдаг байлаа. Дараа нь хүүхэд төрж, дараагийнх нь гэсээр үргэлжилж байгаад хүүхдүүд томорсон хойно бид хоёр нохой тэжээдэг болж, түүний зургийг авдаг боллоо. Тэгж байтал нэг хүн надад хөөрхөн унага бэлэглэж, түүнээс чухал амьтангүй болсон. Одоо бол зээ нар маань л бүгдийг эзэлж байна. Ялангуяа ой гарантай бага зээдээ амь шүү дээ. Эмээтэй нь зэрэгцэж суугаад “Алив нааш ир” гэхээр “Өвөө” гээд надад ирдэг юм. Сайн ярьж чадахгүй л дээ. Гэхдээ л “Өвөө” гэж хэлж байгаа юм. Хүн ер нь ажиллах цагтаа ажилласан шиг ажиллаад, амрах цагтаа ч гүйцэд сайхан амардаг байх хэрэгтэй. Үнэхээр одоо бол бидний амьдралын баяр баясгалан зээ нар минь л болоод байна.
Ж.Солонго