Энэ бүтээлд монгол хүн бүр хайртай билээ-
“Чка өдөр” гэх чка дуугаар “Камертон” хамтлаг залуусыг байлдан дагуулахаас бүр өмнө, одоогоос 45 жилийн тэртээ эл дууны сайхан аялгууг хорин настай залуу туурвиж байв. Тэр үед “Камертон”-ы дөрөв ч төрөөгүй байсан гээд бод доо. “Их сургуулиа банзан гитараар сольсон учир аав нь дуугаа хурааж, ээж нь хоёр хүний өмнөөс “сургааль” айлдах болсон хатуухан уур амьсгалыг зүүдэнд нь ирсэн тэр аялгуу зөөллөөд зогсохгүй хагас зууны турш өдөр алгасалгүй эгшиглэх юм гэж тэр үед огт санаагүй” хэмээн даруухан өгүүлэх энэ эрхмийг Самбуугийн Баатарсүх гэдэг. 2008 оноос Урлагийн гавьяат зүтгэлтэн гэх том цолоор дуудуулах болсон ч хөгжмийн зохиолч гэх энгийн тодотголдоо тэр илүү дуртай.
На на на, өнөөдөр чка өдөр
На на на, тэр охин чка
На на на на на на
На на на, энэ өдөр жинхэнэ чка…
Аялгуу нь шуудхан бууж байгаа биз. Тэгэхээс яахав. Цаг агаарын мэдээ харах бүрт энэ аялгуу эгшиглэдэг. Хөгшин залуу, хөрөв нялхгүй энэ аялгууг мэднэ, аялж ч чадна. Тэгсэн хэр нь тэр сайхан эгшиглэнт аялгууг чухам хэн, хэзээ, хэрхэн зохиосныг тэр бүр мэддэггүй нь энэ хүний даруу зангийнх биз ээ. 1969 онд гитар хөгжмөөр туурвисан уг бүтээл тэр жилдээ ятгын гоцлол болон амилж, цаг агаарын мэдээтэй хамт Монгол орон даяар цацагдах болжээ. Төрсөн даруйдаа олонд түгсэн, 45 жилийн турш мартагдаагүй бүтээлийн нэр “Цэнхэр залаа”. Нот мэдэхгүй ч гитарт гаргуун, хөгжимд сонирхолтой залууд хөгжмийн зохиолч гэх эрхэм мэргэжлийг өвлүүлсэн хүн бол түүний багш Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж ажээ. Зүүдэнд орсон аялгуугаа тэрбээр хамгийн түрүүн багшдаа л сонсгож. Багш нь түүний “Аялгуу” гэх бүтээлийг сонсоод толгой сэгсрэн гайхширч, тэр даруйдаа УГЗ Ж.Бадрааг дууджээ. Хоёр лут хүн хоёул шогшроод унамагц “За баларч, таалагдсангүй” гэж боджээ. Гэтэл харин хэн ч танихгүй, нот ч мэдэхгүй залуугаас ийм аялгуу төрсөн олзуурхаад байсан нь тэр байж. Аялгуу гэх нэрийг нь “Цэнхэр залаа” болгон өөрчилж, цагийн хатууд ч улаан залаат хөх Монголын удам гэдгээ далд утгаар илэрхийлсэн хүн бол Ж.Бадраа гуай юм байна. Ийм л нэг сонин учралаар амилсан “Цэнхэр залаа”-гаа хөгжмийн зохиолч С.Баатарсүх “Тэнгэр бурхнаас илгээсэн долгион юм. Түүнээс онгод хийморь гэж “тодрох” дуртай биш” гээд даруухан инээмсэглэсэн юм.
Тухайн үед Оросууд цаг агаарын мэдээнийхээ ард Поль Мориа гэж Францын хөгжмийн зохиолчийн аялгууг явуулдаг байжээ. Тиймээс Радио телевизийн улсын хорооны дарга Жалан-Аажав гуай “Цаг агаарын мэдээг зүгээр ингээд явуулчихаж болохгүй, амь оруул, байгаль дэлхий гэдэг чинь амьтай зүйл” гэж хэлсэн байна. Энэ дагуу Монголын радиогийн хөгжмийн редактор н.Цагаан цаг агаарын мэдээндээ “Цэнхэр залаа”-г сонгосон байна. Онцлоход, 45 жилийн турш цаг агаарын мэдээг амилуулсан “Цэнхэр залаа” аялгуу зохиогдсоны ойд зориулсан уран бүтээлийн тоглолт дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Төмөр замын дуу бүжгийн чуулга /ТЗДБЧ/-д тоглох гэж байгаа билээ.
Дуу бүхэн түүхтэй
“Цэнхэр залаа” шиг сонирхолтой бүтсэн түүний бас нэг дуу нь “Нүдэн нуур” ажээ. Мөн л гитарын гоцлолд зориулж бүтээсэн уг аялгууг тоглож суухад нь нэгэн найрагч хэдэнтээ иржээ. Тэр хүн нэг өдөр “Би нэг ийм юм биччихлээ. Дүү хүү нэг хар даа” гээд барьж ирсэн шүлэг нь:
Холын сайхан Алтай нутаг минь
Холбоо нуур ууланд байдаг сан
Холбоо нуураа харан суухлаар
Хайртай ээжийн минь нүд шиг санагддагсан гэж эхэлдэг.
Энэ шүлгийг түүний гитарын аялгуунд зориулан бүтээсэн байна. Дууны шүлгийн мастер Ш.Шажинбатын үг, С.Баатарсүхийн хөгжим гэж овоглон дууддаг, хэн бүхний дуулах дуртай “Нүдэн нуур” дууны ая дан, шүлэг найраг зохицсон түүх ийм. Дуучин н.Бямбадоржийн дуулж олонд хүргэсэн энэ сайхан дууг 45 жилийн ойн тоглолтод ТЗДБЧ-ын дарга Д.Бямбажав дуулан сонордуулна. С.Баатарсүхийн бүтээлүүдээс цөөнгүйг чуулгын дарга өөрөө дуулахаар болжээ. Хамгийн сүүлийн шинэ дуу болох “Бадмаажий” болоод “Хажтай мөнгөн хазаар”, “Ёкузана”, ”Халтар манан хөөрөг” гэхчилэн дуунуудыг Д.Бямбажав дуулахын сацуу “Дөрвөн улирал хоёр амраг”, “Цэцгэн зүйрлэл” дуунуудыг ч ТЗДБЧ-ынхан шинэ содон найруулгаар дахин амилуулах юм байна.
“Халтар манан хөөрөг” дууг хөгжмийн зохиолч С.Баатарсүх аавдаа зориулан туурвижээ. Хэдий төрсөн эцэг нь биш ч эцгийн хайраар дутаалгүй өсгөсөн буянтан, аав Д.Самбуугаа тэрбээр токарьчны ширээнээс сайдын сэнтийд хүрсэн эгэл хүн хэмээн дурсдаг. Нэгэн өдөр аавыгаа ихэд дурсаж дуу бүтээмээр санагджээ. Аавынхаа хөөргийг барьж баахан гуниглаж суугаад, яруу найрагч З.Түмэнжаргалыг дуудаж, тэр даруйдаа “Халтар манан хөөрөг” дууг бэлэн болгож байсан гэнэ. “Социализмын үеийн “Ударнек” цол бол одоогийн Хөдөлмөрийн баатар гэсэн үг. Миний аав 15 жилд хийх ажлыг 3,5 сард хийсэн байдаг юм. Анх хөдөөнөөс орж ирээд өөрийн гэсэн гэр орон ч үгүй хөдөлмөрлөхөөс өөрийг мэддэггүй хүн байсан гэдэг. Эх орны дайн болоход сумны хонгионоос эхлээд зэр зэвсэг зорж зогссон тийм л хүн дээ” хэмээн аавынхаа тухай аньсага чийгтүүлэн өгүүлсэн. Харин ээжийгээ тоглолтынхоо хүндтэй суудалд урина гээд тэрбээр баяртай байлаа.
“Ахынхаа симфонийг заавал сонсоорой”
Хөгжмийн зохиолч гэх мэргэжлийг зүрх сэтгэлийнхээ дуудлагаар сонгосон хүн бол С.Баатарсүх. Түүнд түмэн боломж байсан. МУИС-д барилгын инженер мэргэжлээр сурч байсны дээр спорт хөөсөн ч амжилт гаргах найдлага байв. 1970 оны улсын аварга сагсан бөмбөгч болж, боксоор ч бас хичээллэжээ. Аав нь сайд байхдаа бусдын жишгээр хүүгээ хаашаа бол хаашаа сургах боломжтой байж. Гэвч тэр хөгжмийг л сонгосон. Аав, ээжээсээ зөрөн байж гитартаа үнэнч үлдсэн. Ингэлээ гээд тэр алдаагүй. Өдгөө түүний урын санд 800 гаруй бүтээл бий. Тэдгээрийн 300 нь дуу, үлдсэн нь хөгжмийн бүтээлүүд. Зөвхөн симфони гэхэд долоо байна.
2008 онд бичсэн “Монголын нууц товчоо” симфонио “Цэнхэр залаа”-гаас ч илүү олонд хүрнэ гэж боддогоо нуугаагүй. Тиймээс ч “Онгирч байгаа юм биш ахынхаа гурав, долдугаар симфоныг заавал сонсоорой” гэж захив. Симфони бичиж, түүнийгээ Олон улсын хөгжмийн санд бүртгүүлсэн хөгжмийн зохиолч Монголд олонгүй. Моцарт, Бетховений бүтээлтэй зэрэгцэн монгол хүний бүтээл дэлхийн сан хөмрөгт багтана гэдэг бахархам биш гэж үү. С.Баатарсүх 1984 онд нэгдүгээр симфонио Чех улсад, 1995 онд хоёр, гуравдугаар симфонио Германд болсон хөгжмийн наадмуудад тогложээ.
Тэрбээр утга билэгдлийг ихэд дээдэлдэг. “Монголын нууц товчоо”-г 1228 оны хулгана жилд бичиж, хожим хойно 1240 оны хулгана жилд Өгөөдэй хаан “Нууц товчоо”-ндоо бүлэг нэмж байсан түүхийг өгүүлээд “Би 1948 оны хулгана жилд төрсөн .”Монголын нууц товчоо” симфонио 2008 оны хулгана жилд бичсэн төдийгүй тэр жилдээ УГЗ цол авсан. Намайг төрөхөд нэгэн жаран эхэлж, симфонио бичихэд бас нэгэн жаран тохиосон. Хулгана жил надад ихэд ээлтэй” хэмээж байлаа.
Цагийн аясыг дагаж бус сөрж давдаг
2014 оны босгон дээр ТЗДБЧ-ын уран бүтээлчидтэй хамтран “Хандармаа” нэртэй хүрээ дуурь тавьжээ. Ардын хувьсгалаас өмнө бол хүрээ соёл, хүрээ дуу гэж бие даасан урлаг байсныг сэргээх, залууст таниулах үүднээс тэр үеийн ая дангаар дууриа туурвисан байна. Эл дуурийг МҮОНТВ-д теле дуурь болгоод амжжээ. Харин удахгүй “Зөрлөг дээр ургасан сарнай” нэртэй төмөр замчдын амьдралыг харуулсан мюзиклийг поп жазз хэлбэрээр тавьж, үзэгчдэдээ бэлэг барихаар ажиллаж эхэлсэн байна. Энэ бүтээлээ ирэх тавдугаар сарын сүүлч гэхэд дуусгахаар Төмөр замын чуулгын залуустай ажиллаж байгаа гэнэ.
Тэрбээр бүтээл туурвилдаа бусадтай уралдсан нийтлэг сэдэв сонгож, цагийн аяс даган урсахаас зугтахыг хичээдэг. Тиймээс ч хүн бүр Чингис хаанаар “амьсгалж” байх үед “Хүннү” дууриа туурвиж, Эзэн Чингис хаанаас мянга гаруй жилийн өмнө монголчууд төр улсаа байгуулж байсан гэдгийг сануулж байсан бол харин удахгүй Есүхэй баатрын тухай балет туурвихаар зориг шулуудаад байгаа гэнэ. Энэхүү балет нь язгуур урлаг, үндэсний зан заншлыг илүү тусгасан байх ажээ. Хөөмий, хархирааг багтаасан энэхүү балетаа сэтгэлдээ бол хэдийнэ бичээд эхэлжээ. Ингэж л хийх бүтээхээр жигүүрлэн яваа хөгжмийн зохиолч маань Б.Дамдинсүрэн, Э.Чойдог,С. Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Г.Бирваа, Т.Чимэддорж, Л.Мөрдорж гэх Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудыг бишрэн хүндэтгэдгээ дурсаад, тэдний энд хүрэх зохиолчид гарахгүй байгааг бас хэлж байлаа. Үе тэнгийн З.Хангал, Х.Билэгжаргал, Б.Шарав нарыгаа бие биеэ хурцалж ирсэн андууд хэмээн дурсана. Тэдэн дундаас З.Хангалтай хоёул Битлзээр “өвчилж” явснаа мартдаггүй.
Хөгжмийн зохиолч С.Баатарсүх гэх эгэл даруу эрхмийн тухай хэвлэлээр гарсан сонин содныг шүүж байхдаа МҮОНРТ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгээс зохион байгуулсан “Ижийдээ захидал бичээрэй” уралдаанд оролцож, тэргүүн байр эзэлсэн талаарх мэдээг олж уншсанаа төгсгөлд дурдъя. 2700 гаруй бүтээлээс УГЗ С.Баатарсүхийн бичсэн “Өвгөнхүүгийн дуутай захидал” шалгарч байжээ. Билэг их авьяас байвал банзан гитараас ч симфони төрүүлж, бийр үзгийг ч хамтад нь халаасалдаг ажээ. Хөгжмийн 500 бүтээл, 300 дуу, долоон симфони, дуурь, балет, мюзикл…Дахиад түүний зүүдэнд ямархан бүтээл ундарч, зүрхэнд нь амилахыг таашгүй.