Манай улсад хошин шогийн элэглэлийн төрөл жанр эрчимтэй хөгжиж байсан ч 1990-ээд он гарснаар мартагдсан билээ. Харин 10 гаруй жилийн өмнөөс Чапи, Суурь гэх залуус энэ урлагийг дахин сэргээсэн гэж болно. Элэглэлийн төрлөөр дагнан уран бүтээл туурвидаг “Чапи ба Суурь”, “Пароди” хамтлагийнхан хамтарч “Монгол элэглэл-2014” тоглолтыг энэ сарын 21-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, элэглэгч Шаашингийн Батсуурьтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа эрхэм уншигч танд өргөн барья.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Би Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад төрсөн. Намайг бага байхад манай аав Асгат сумын Намын үүрийн даргаар томилогдсоноор, манайх тийш нүүж, би сургуульд орж байлаа. Намайг “Асгатын хүүхэд” гэж хэлж болно доо. Төрөөгүй л болохоос биш. Би айлын дөрвөн хүүхдийн гурав дахь нь. Ахтай, эгчтэй, дүүтэй. Өөрөөр хэлбэл юм юмтай хүн.
-Та багаасаа л урлагт дуртай байсан уу?
-Дуулбал дуулчихдаг, бүжиглэвэл бүжиглэчихдэг, жүжиглэвэл жүжиглэчихдэг байлаа. Дуучин, жүжигчин болно гэж боддог, их хөөрхөн, авьяастай хүүхэд байсан. Сүхбаатар аймагт урлагийн наадам болоход найдвартай медаль хүртэнэ. Бүсийн наадамд найдвартай оролцоно, хоёр гурван номерийн маань нэг нь найдвартай шалгарна. Цагаан цамц, хар брюк өмд олддоггүй байсан тэр үед ээж минь хувцас хунарыг минь бэлтгэж, бүх юмыг зохицуулж, их дэмждэг байсан. Ээж маань намайг наймдугаар ангид байхад бурхан болсон юм. Тэгэхэд л урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Урлагт хүчин зүтгэснээр ээжийнхээ хүслийг биелүүллээ гэж ойлгодог.
-Танай суманд урлаг, уран сайхны тоглолт хэр их болдог байв?
-Т.Латиф, Д.Цэдэнбал гуай нар манай суманд бригадаар ирж тоглож байсан. Миний үеийн хүүхдүүд элгээ хөштөл инээж байсныг мартдаггүй. Сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа ах, Н.Туяа эгч тэргүүтэй жүжигчид хоёр ч удаа ирж тоглосон нь бас л санаанаас гардаггүй юм.
-Та жүжигчин, дуучин болохын алийг нь урьтал болгодог байв?
-Дунд сургууль төгсөхдөө яг дуучин болъё гэж шийдсэн байлаа.
-Тэгээд яагаад дуучин болоогүй юм бэ?
-(Инээв). Би 1996 онд дунд сургуулиа төгсчихөөд их сургуульд оролгүй нэг жил өнжсөн юм. Ингээд дараа жил нь дуучин болохоор хотод ирсэн. Гэвч СУИС-ийн дуулаачийн ангийн конкурснаас хоцорчихсон юм. Нутаг руугаа яаж хоосон буцах вэ. Кино урлагийн дээд сургуульд дуулаачийн анги байхгүй тул кино драмын ангид нь шалгалт өгч тэнцсэн. КУДС-т сурч байгаад СУИС-ийн дуулаачийн анги руу шилжих бодол байсан.
-Яагаад нэг жил өнжсөн юм бэ?
-Дорнодын аймгийн Хавиргын болон Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор урагшаа, хойшоо гарч наймаа хийж байлаа. Ноолуур, тарваганы арьс авч, хилийн наймаа их хийсэн дээ.
-Хөдөөний наймаачин хүүхэд хотод оюутан болж ирэхэд ямар байв?
-Би КУДС-д орсноор Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар багшийн шавь болсон. Эхэндээ хотын хүүхдүүдээс айсан. Манай ангид айхавтар жүжиглэдэг, этүд хийдэг, уйлдаг, шүлэг уншдаг хүүхдүүд байхыг хараад сүрдэж байлаа. Би ер нь СУИС-ийн конкурснаас хоцорсноороо жүжигчин болчихсон юм байна шүү дээ. Одоо бодоход тэр нь ч болж. Миний дуулна ч гэж юу байх вэ дээ (инээв).
-СУИС-ийн дуулаачийн анги руу шилжээгүй биз дээ?
-Шилжээгүй. Оюутан болоод хоёр гурван сар болсны дараа нэг өдөр Ц.Төмөрбаатар багш ангийнхаа оюутнуудтай хурал хийсэн юм. Хүүхэд бүрт улайтал хэлсэн. “Миний хүү, чи жүжигчин болно гэж байхгүй ээ. Эртхэн өөр сургуульд орж, амьдралаа бод”, “Чамд жаахан авьяас байна. Үнэхээр хөдөлмөрлөвөл болно” гэх зэргээр шууд хэлсэн. Ихэнх нь хасах үнэлгээ авсан. Хүүхдүүд уйлах нь уйлж, дуулах нь дуулсан. Нэлээн сүүл хавьд байсан би багш ч ёстой алж байна даа. Сүхбаатар аймгаас ирсэн намайг “Харьж малаа малла” гэж хэлэх байх гэж бодоод сэтгэлзүйн бэлтгэлтэй сууж байлаа. Багш над дээр ирээд “За Батсуурь аа. Чи драмын театрын тайзнаа Ромео, Отелла, Гамлетийн дүрд тоглож хэзээ ч чадахгүй. Киноны мундаг дүр ч бүтээхгүй. Ер нь чамд хээнцэр дүр зохихгүй” гэж хэлсэн. Гэхдээ үргэлжлүүлэн “Чамд элэглэх авьяас, нөөц бололцоо байна. Хошин урлаг дотор элэглэлийн төрөл байдаг юм. Манай улсад дээр үед хөгжиж байсан. Чи энэ авьяасаа хөгжүүлээд явах юм бол насан турш идэх хоолондоо хүрнэ шүү” гэхэд нь их урамшсан. Ингээд л элэглэгч болохоор шийдсэн. Манай сургуулийн багш нар ч намайг энэ тал руу их дэмжсэн дээ.
-Жүжигчний ангийн оюутнууд багшийгаа их хүндэлж, шүтдэг юм билээ?
-Би олон багшаар олон хичээл заалгасан. Тэр дунд олон түмэнд төдийлөн танигдаагүй ч гэсэн оюутнуудад юм зааж чаддаг багш байна, нэг их сайхан том жүжигчин, найруулагч ч гэсэн заах арга барилыг эзэмшээгүй хүн бас байна. Оюутнууд хүнд юм өгч чаддаг багшаа хүндэлж явах нь зүйн хэрэг.
-Та “Oлон багшаар хичээл заалгасан” гэлээ. Танд хамгийн их юм өгсөн нь хэн бэ?
-Надад жүжигчний “А” үсгийг заасан гэдгээрээ ч юм уу Ц.Төмөрбаатар багшийгаа их хүндэлж явдаг юм даа. Этүд гэж юу болохыг, шүлгийг хэрхэн унших зэргийг би энэ хүнээс сурсан. Ц.Төмөрбаатар багшийн хичээл дээр бид ангайсаар байгаад л таардаг байсан. Гоё ярина, гоё заана, амьдралын ямар ч их туршлагатай юм. Гэвч багш маань сургуульдаа үргэлжлүүлэн ажиллах сонирхолгүй байсан уу, зав зай нь болоогүй юу биднийг нэгдүгээр курс төгсгөөд яваад өгсөн.
-Та КУДС-ийг 2003 онд төгссөн юм билээ?
-Тийм ээ. Ц.Төмөрбаатар багшийн дараа хоёр гурван багш солигдож, ангийн маань сайхан уур амьсгал өөрчлөгдсөн болоод ч тэр үү мундаг жүжигчин болохоор авьяастай олон хүүхэд сургуулиа орхисон. Би жилийн чөлөө энэ тэр авч явсаар хоёр жилийн дараа төрийн соёрхолт, ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Мөнхдорж багшийнхаа ангийг төгссөн. Хичээлдээ суудаггүй танхай оюутан байлаа шүү дээ.
-Жилийн чөлөө авсан хугацаандаа нөгөө наймаагаа хийсэн үү?
-Тийм ээ (инээв). Хотод таньж мэдэх хүн цөөн болохоор нутаг руугаа үе үе буцаж, урьд нь хийж байсан зүйлээ үргэлжлүүлдэг байсан. Хил сондгой сард нээгдэнэ. Нээгдэх дөхөхөөөр хичээлээ хаяад яваад өгдөг байлаа. Би наймаа хийх гэж нэлээн үзсэн. Гэхдээ яагаад ч болдоггүй юм билээ. Нэг цөм хийх ч маргааш нь цөм шатдаг байсан. Хэрвээ тэр үед наймаа маань өндөр амжилт олсон бол урлагаа орхиод тэр чигтээ явах байсан биз ээ. Урлагийн хүн болох нь миний хувь тавилан байсан хэрэг.
-Сургуулиа төгсөөд юу хийв?
-Б.Батзаяа ахын хошин урлагийн театрт ороод хоёр жил орчим ажилласан. Жүжигчин Д.Оюунтуул, “Сампил” Ц.Ганзориг, Б.Даулитжан бидний залуучууд байлаа. Багаасаа харж, шүтэж биширч байсан Б.Батзаяа ахтайгаа хамт тайзан дээр гарч байснаараа бахархдаг. Энэ хүнтэй хоёр жилийн турш нэг машинд сууж, хамт хоол идэж, зочид буудлын нэг өрөөнд хонож байхдаа мөрөөдөл биелдэг юм байна гэж бодож байлаа. Бас Г.Дэмидбаатар ахын “Гэрэгэ” продакшнд хэсэг ажилласан. Ингээд л элэглэлийн төрлийн чөлөөт уран бүтээлч болсон доо.
-Та хүнийг хэзээнээс элэглэж эхэлсэн юм бэ?
-Их багаасаа л оролддог байсан. Оюутан болоод танилцах үдэшлэг энэ тэрд элэглэдэг байсан.
-“Элэглэгч Суурь” хэмээгдэж, олон нийтэд танигдсан нь хэзээ вэ?
-Чапи ахтай нийлж, “Чапи ба Суурь” хамтлагаа байгуулснаар олны танил болсон болов уу.
-Жүжигчин Чапи буюу Х.Ихбаяртай хэдэн онд танилцсан юм бэ?
-2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-ын шатдаг байрны өмнө том шоу болсон юм. Тэгэхэд Чапи ах “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” киноны сармагчин Сүн Үкүн болж, “Эрх цагаан ишиг” хүүхэлдэйн киноны хэсгээс тоглож, ёстой “самарсан”. Тэрхүү шоуг өсгөгчийнх нь араас үзэж байсан оюутан би энэ ахтай нэгдэж тоглох юмсан хэмээн бодож, шүлсээ гоожуулж байлаа. Түүнээс хойш энд тэндхийн тоглолт дээр таарч, бие биеэ мэддэг болсон.
-Та оюутан байсан, басхүү их шоу болдог байсан гэхээр 2000 он юм биш үү?
-Өө тийм шүү. 2004 онд би чинь сургуулиа төгсчихсөн, овоо элэглэдэг болчихсон байсан. Тэр жил хөдөө сонгуулийн сурталчилгаанд явж, амьдралдаа авч үзээгүй их мөнгө төгрөг авч, элгийг нь авч байсан юм байна (инээв).
-“Чапи ба Суурь” хамтлагаа хэдэн онд байгуулав?
-2005 оны сүүлчээр юм байна. “DOZ Энтертайнмент”-ийн захирал Ш.Доржсүрэн ах “UB Palace”-т нэг том тоглолт зохион байгуулсан юм. Чапи ах тэр тоглолтод оролцох байсан ч Дархан руу явах болсон тул чадахгүй нь гэсэн юм билээ. Ингээд Дооёо ах оронд нь намайг тоглуулах болсон. Гэтэл хөтлөгч “Жүжигчин Чапиг урьж байна” гэж буруу зарласан. Чапи ах олонд хүрсэн байсан болохоор үзэгчид алга ташаад сүйд. Харин намайг гараад иртэл “Өө” энэ тэр гэсэн. Гэсэн ч би ёстой алж хаясан. Намайг мяалаад байсан үзэгчид ч бөөн юм болсон. Энэ тоглолтыг Чапи ахын найз, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн үзэж байсан юм билээ. Тэрбээр шууд Чапи ах руу залгаж, “Нэг залуу чамайг алж байна аа” гэж ярьсан гэсэн. Ах Дарханаас наашаа ирэхдээ нэлээн бодсон юм шиг байгаа юм. Бид хоёр маргааш нь төр засгийн үйлчилгээний “Элит” төв дээр болсон хүлээн авалтын үеэр таарч, Чапи ах надад хамтран ажиллах санал тавьсан.
-Та шууд л зөвшөөрсөн үү?
-Тэгэлгүй яах вэ. “Ахын дүү, “Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэж үг бий. Хоёулаа хамтарч тогловол нэлээн амжилт гаргах юм байна. Ах нь ярьдаг ч дуулж чадахгүй. Харин чи ихэнхдээ хамтлаг, дуучдыг элэглэдэг. Дуутай, яриатай болж, бие биеэ нөхөж явъя” гэхэд нь яаж татгалзах билээ.
-Та хоёр анх хэзээ хамтарч тоглосон бэ?
-Шууд “Элит”-д тоглоод “алсан” шүү дээ.
-Хамтдаа нэг ч удаа бэлтгэл хийгээгүй байж уу?
-Тийм. Чапи ах “Чи ингээд хэлчихээрэй, би ингээд хэлчихье. Чи энийгээ хийчихээрэй, би тэрийгээ хийчихье” гээд л гарсан. Ер нь бид хоёр чинь билэг танхай шүү дээ.
-Та “Чапи ах” гэх юм. Тийм олон насны зөрүүтэй юм уу?
-Ах байлгүй яах вэ. Надаас найман насны зөрүүтэй. Тэгээд ч миний уран уран бүтээлийн ах болохоор хүндлэхгүй байхын аргагүй. Нээрээ “Чапи ба Суурь” хамтлаг маань бүл нэмж, гурван хүний гишүүнтэй болж байгаа. Монголын бараг анхны эмэгтэй элэглэгч манай хамтлагт орно.
-Шинэ гишүүнийхээ тухай ярихгүй юу?
-Нууц хэвээр үлдээе. Үзэгчид маань дөрөвдүгээр сарын 21-нд болох “Монгол элэглэл” тоглолтод маань ирээд үзээрэй. Бид албан ёсоор танилцуулах болно. Эмэгтэй гэхээр үзэгч, уншигчдын толгойд буухгүй болов уу. Бид өнгөрсөн шинэ жилээр ганц хоёр газраар дагуулан явж тоглосон. Үзэгчид биднийг 2004-2005 оны үед анх тоглож байхад гайхсан байртай харж байсан. Манай эмэгтэй дүүг яг тэгж харж байна билээ. Энэ чинь Монголд элэглэлийн урлаг хөгжиж байгаагийн нэг илрэл юм. Дандаа нэг хар улс байгаад байна гэж юу байх вэ. Эмэгтэй хүн гараад ирэхээр тайз ч гэсэн гэрэлтэнэ шүү дээ.
-Элэглэл дотроо янз янз байх шиг?
-Хоёр янз бий. Нэг нь инээдтэй, нөгөө нь алга ташилттай элэглэл. Харин хүмүүс элэглэлийг тэр чигээр нь инээдтэй гээд ойлгочихдог. Машины сигнал, голын чимээ, амьтны дуу зэргийг дуурайхад хүмүүс инээхгүй ч “Яг адилхан болж байна шүү” гээд алга ташдаг. Энэ нь алга ташилттай элэглэл юм.
-Таны элэглэлийг үзэгчид сайн ойлгохгүй, инээхгүй байх хэцүү юу?
-Хэдэн жилийн өмнө их хэцүү байсан шүү. Манай хошин урлагийнхан “Өвөрмонголд очоод тоглохынхөө өмнө үзэгдлийнхээ утга учрыг тайлбарладаг байсан. Тэгэхгүй бол ойлгохгүй, инээдэггүй” гэдэг. Яг түүн шиг бид анх тоглохдоо “Тэр телевизэд ажилладаг, иймэрхүү дуутай сэтгүүлч байгаа юм. Та бүхэн таньж байна уу” гэж хэлж байж элэглэдэг байсан. Харин одоогийн үзэгчид юмыг шууд хүлээж авдаг болсон.
-“Шинэ юм хийгээч” гэх шүүмжлэл ирж байна уу?
-Тийм шүү. Одоогийн үзэгчид илүү их зүйл хүсэх болсон. Элэглэл хамгийн хэцүү урлаг. Манай сайхан яруу найрагч, хөгжмийн зохиолч хэдээрээ байгаа билээ. Дуучид тэднээс ая, шүлэг аваад дуулчихна. Гэтэл элэглэлийн зохиол бичдэг хүн гэж байхгүй шүү дээ. Франц, ОХУ зэрэг энэ урлаг өндөр түвшинд хөгжсөн оронд бүхэл бүтэн баг ажилладаг тухай дуулсан. Харин манай хэдэн элэглэгч олны танил хэрнээ сонин содон яриа хөөрөөтэй хүн гарч ирэхийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл шинэ уран бүтээл хийхийн тулд цаг хугацаа их шаардагддаг. Бид анх гарч ирэхдээ байсан хүмүүсээ бараг бүгдийг нь элэглэчихжээ. Одоо шинэ хүмүүс гарч ирэхийг хүлээж байна. Ядаж байхад 2012 оны сонгуулиар“аятайхан”, “авчихмаар” хүмүүс гарч ирсэнгүй. Зах зээлийн хэллэгээр бол эрэлт, нийлүүлт хоёр таарахгүй байна.
-Хэн нэгэн хүнийг элэглээд жаахан эвгүй үг сонсч байв уу?
-Байсан. Найз нөхдөөрөө дамжуулж “Ахыгаа элэглэхээ болиоч ээ”, төлөөний хүнээрээ “Манай хүний карьер жаахан тиймхэн байгаа болохоор больчихгүй юу” гэж хэлүүлж байсан.
-Улстөрч байх нь ээ?
-Тийм ээ. Гэхдээ нэр усыг нь хэлээд яах вэ. “Хүнтэй зөрөөд яах вэ” гээд больчихсон тохиолдол надад ч, Чапи ахад ч бий.
-Тэгвэл эсрэгээрээ элэглүүлсэндээ баярлах хүн байна уу?
-Олон бий.
-Олны танил байх хэцүү юу. “Энд очоод нэг тоглоод өгөөч” гэсэн хүсэлт байнга ирнэ биз?
-Хэцүүгээсээ илүү гоё шүү дээ. Гадуур ажил төрөл хөөцөлдөөд явахад хүмүүс арай л өөр ханддаг юм. Гэхдээ олны танил хүн муу явж болохгүй. Уранхай өмдтэй, маажгий гуталтай явж байвал хүн муу хэлнэ биз дээ. Ялангуяа урлагийн хүн гоё явах хэрэгтэй.
-Жүжигчин болсондоо харамсдаг уу?
-Юу гэж дээ. Анхандаа дуучин болно гэж боддог байсан ч бодол санаанаас бүр арчигдчихдаг юм билээ. Жүжигчин болж, сайхан уран бүтээл хийж, ард түмнээ инээлгэж, алга ташилтаас нь урам зориг авч, өмсөх хувцастай, идэх хоолтой сайхан л явж байна. Үүнээс илүү юу хүсэх вэ.
-Ярилцсанд баярлалаа.
-Харин “Өдрийн шуудан” сонины хамт олонд баярлалаа.
Д.НАНЖИД
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин