Монголын мэргэжлийн стилист, имиж консалтантын холбооноос “RED EVE Beauty Night” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаар загвар болон гоо сайхны ертөнцийн шилдгүүдийг нэгтгэх юм. Ийнхүү тус эвентийн зохион байгуулагч, “Монголын мэргэжлийн стилист, имиж консалтантын холбоо”-ны дэд дарга Б.Халиун (Аня) -тай уулзаж ярилцлаа.
Тэрбээр “Гоо даль”, “Up Down” зэрэг сэтгүүл, “Авьяаслаг монголчууд”, “Ододтой бүжиглэе”, “Mongolians Got Talent” шоуны стилистээр ажиллаж байснаас гадна “Burberry”, “Emporia Armany”, “Hugo Boss” зэрэг олон брэндүүдтэй хамтран ажилласан туршлагатай нэгэн билээ.
– “Монголын мэргэжлийн стилист, имиж консалтантын холбоо”-ноос “RED EVE Beauty Night” үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон. Тус үдшийн гол онцлог юу вэ. Манай энэ төрлийн үйл ажиллагаа хэр тогтмол болдог вэ?
– Уг эвент Монголд урьд өмнө болж байгаагүй, анх удаагаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн Монголын хамгийн шилдэг “make – up” артистууд, топ үсчид болоод стилистүүд нэг зорилгын дор цугларч, зорьж ирсэн зочдодоо өөрсдийн баялаг туршлагаасаа хуваалцаж зөвлөгөөгөө өгнө. Үүнээс гадна зочдынхоо асуултад хариулж, тэдний хүссэн болоод өөрийг нь жинхэнээр нь тодорхойлж чадах, шинэ жилийн болон аливаа арга хэмжээнд оролцох “looк”-үүдийг бүрдүүлэхэд оршиж байгаа.
Басхүү энэ үдэш шилдэг артистуудаас гадна Монголд албан ёсны эрхтэйгээр орж ирсэн, манай улсад болон дэлхийд танигдсан брэндүүдийн даашинз, гоёл, гутлуудыг танилцуулна. Мэдээж өөрийгөө илэрхийлэх хамгийн тансаг гоёлын хүслээрээ сонгож, зөвлөгөө авах бүрэн боломжтой.
– Энэ үдэшт ирсэн хүмүүсийн өөртөө тусгаж авах хамгийн чухал зүйл юу байх вэ?
– Өөрийгөө өөр өнцгөөс харахыг хүссэн хэн бүхэнд манай эвент нээлттэй. Магадгүй өөрчлөгдөхийг хүссэн ч ханаас эхлэхээ мэддэггүй хүмүүс байдаг. Тиймээс өөрчлөлт хийхийг зорьж, өөртөө хүндэтгэлтэй ханддаг 50 бүсгүй маань биднийг зориод ирнэ гэж бодож байгаа.
Харин тэдгээр бүсгүйчүүдэд манай олон жилийн арвин туршлагатай артистууд маань зөвлөгөө өгч, ямар ч асуултад нь хариулахад 100 хувь бэлэн байх болно. Хамгийн гол нь ирсэн бүсгүйчүүд маань санаа зовохгүй, маш чөлөөтэйгөөр өөрийн мэдэхийг хүссэн бүхий л асуултаа асууж, яг л найзууд юм шиг ойр байж, өөртөө хэрэгтэй мэдээллээр ухамсраа цэнэглэж чадах болов уу. Тиймээс ч өөрт тохирох “look”-ээ олж, түүнийгээ бүрдүүлээд буцаасай гэж хүсэж байна.
Бид тийм гоё халуун дулаан, маш сайхан орчныг та бүхэндээ зориулж бэлдэхийг зорин ажиллаж байгаа.
– Ерөөс стилист хүний баримтлах хамгийн гол зарчим юу байдаг вэ?
– Стилист хүний гол баримтлах зарчим гэвэл үйлчлүүлэгчээ маш сайн ойлгодог ба мэдэрдэг байх хэрэгтэй. Тухайн хүний биеийн хэлбэр, царай төрхийн онцлог, ажил мэргэжил хийгээд баримтлах зарчим зэрэг дүр төрх болон дотоод ертөнцийг нь тун сайн судлах чадвартай байх хэрэгтэй.
Ингэж байж үйлчлүүлэгч ба стилист хоёрын дундаас хүссэн төгс төгөлдөр, тухайн хүнд маш тухтай, насан туршдаа хэвшүүлэхэд нь саадгүй дүр төрх буюу цорын ганц давтагдашгүй стиль төрдөг.
– Мэдээж хувцаслалт бол бидний өдөр тутмын илэрхийлэл шүү дээ. Ихэнх нь энэ талаар өөртэйгөө зөрчилдөж байдаг боловч яг шийдвэрлэх мөчид зөнгөөр орхичихдог санагддаг. Энэ талаар ямар бодолтой байдаг бол…
– Хувцас гэдэг том соёлын маш том илэрхийлэл. Тийм ч учраас хувцаслалтаараа хүн өөрийгөө гадна талаас нь хэн бэ гэдгээ тод томруунаар илэрхийлж байдаг. Хүн ямар ч ажил мэргэжилтэй байсан, хэдий насны хүн ч бай хувцаслалтдаа хайхрамжгүй хандсанаар өөрийгөө хэрхэн үнэлж, бусдад дүгнүүлж байгаа нь ойлгомжтой харагддаг. Зөв хувцаслалт бол өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй байх, илэрхийлэх маш том соёл.
– Америкийн тэргүүн хатагтай асан Мишель Обама анх хувцаслалтаараа жендерийн асуудал болон арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг зогсож, энэ асуудлуудад өртдөг эмэгтэйчүүдийг төлөөлсөн тухайгаа хожим бичсэн байдаг. Тэгэхээр хувцаслалт гэдэг үнэхээр хувь хүний үзэл бодлыг илэрхийлэл байдаг уу?
– Мэдээж хувцаслалт бол хүний дотор ертөнц, сэтгэлгээ болоод гадаад бие махбодоо бүрэн илэрхийлдэг илэрхийлэмж мөнөөс мөн. Тэгэхлээр гаднах хувцаслалт маань дотор оршиж байгаа хүнтэй зөрчилдөөд ирвэл амьдралын тэнцвэртэй байдал шууд алдагдаr эхэлдэг. Хүн юу хүсэж байгаагаа маш сайн ойлгодог байх хэрэгтэй болов уу. Үүнд зорилго ч бас хамаарна.
Дотоод хүнээ ойлгож, түүнийгээ хувцаслалтаараа илэрхийлье гэтэл нэг л болохгүй байгаа бол мэргэжлийн стилистүүдэд хандах хэрэгтэй. Бидний ажлын мөн чанар яг энд оршдог. Стилистүүд тухайн хүний зөвхөн гаднах өгөгдлийг хэзээ ч хардаггүй бөгөөд дотоод оршихуйг гадаад онцлогтой нь хоршуулж өгдөг.
Жендерийн болоод арьс өнгөний асуудлыг гаднах хувцас, үзэмжээр ялгаварлан гадуурхах нь өнөө үед маш бүдүүлэг асуудал. Хүн ер нь өөрт заяасан арьс өнгө, биеийн онцлогтоо сэтгэл хангалуун, аз жаргалтайгаар амьдрах ёстой. Яг л энэ соёл, сэтгэлгээг, энэ эрх чөлөөг стилистүүд бид түгээхийг зорьж ажилладаг.
Манайхан “Насандаа байгаач, насандаа хувцаслаач” гэж бусдыг ихэд шүүмжилж байгаа нь дийлэнхэд ажиглагддаг. 50-аас 60- аад насны илүүдэл жингүй, эрүүлээр биеэ авч яваа хүн гоё хувцаслахаар л “насандаа байгаач” гэдэг. Энэ бол ёстой бүдүүлэг сонстдог. Хэн нэгэн танд таалагдахгүй байгаа бол заавал үүнийгээ илэрхийлэх шаардлагатай гэсэн үг биш. Хүн өөртөө хайртай, өөртөө цаг хугацаа зарцуулж байна гэдгийг ойлгоод сурчих хэрэгтэй. Би хүмүүст нас бол хамаагүй, гол нь эрүүл, биеэ зөв авч явж байгаа л бол хүссэн хувцсаа өмс гэдэг.

– Ёс зүйн хэмжээ гэж байдаг уу?
– Тэгэлгүй яахав. Мэдээж ёс зүйн хэм хэмжээг давахгүй байхад л болно шүү дээ. 50, 60 насны хүмүүс энгийн бөгөөд үзэмжтэй, бусдын нүдэнд дулаахан харагдаж байгаа хувцсыг яагаад өмсөж болохгүй гэж? Юуны учир бие барьсан, тод ягаан өнгийн даашинзаар гангарч болохгүй хэрэг вэ? Болно шүү дээ. Би үйлчлүүлэгчдэдээ энэ тал дээр чөлөөтэй байхыг зөвлөдөг, энэ нь ч манай үйлчлүүлэгчдэд ихэд таалагддаг.
Хүн өөртөө аз жаргал, баяр баясгалан ба эрх чөлөөг нь өгдөг хувцсаа тохируулж өмсөх бүрэн эрхтэй. Харин яаж өмсөхөө мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүмүүст хандаарай гэж хэлээд байгаа юм. Монголын мэргэжлийн стиль, имиж зөвлөхүүдийн холбооныхон бид ямар ч хүний доторх эрх чөлөөг гаднах хувцаслалтаар нь илэрхийлэхэд туслахад бэлэн.
– Үйл ажиллагааны хүрээнд 50 хүн л оролцох боломжтой юм билээ. Илүү өргөн хүрээнд хийх боломжгүй байгаа хэрэг үү?
– Аливаа ажлын эхлэл хэцүү. Гол нь бид эхлүүлж байгаа. Нөгөөтээгүүр үр дүн ч мөн чухал байдаг. Тиймээс хамгийн гол нь чанартай, бодит, сэтгэлд зуун хувийн ханамжтай үр дүнг чухалчлан авч үзсэн. Тиймээс “50 бүсгүй” гэж тоо заасан хэрэг. Ирсэн бүсгүйчүүддээ мэргэжлийн “make up” артистууд, үсчид, гоо сайхны зөвлөхүүд бас холбооныхны хүрэлцээтэй байдал, үр дүнтэй чанартай ажиллах боломж, зочдын бодит сэтгэл ханамж гэх мэт олон талыг бодолцож, төлөвлөж энэ тоон дээр тогтсон. Биднийг зориод, бидэнд итгээд, өөртөө хөрөнгө оруулалт хийхээр ирсэн бүсгүйчүүд маань 200 эсвээс 300 хувь сэтгэл хангалуун гарах нь энэ үйл ажиллагааны гол зорилго, өөрсдөдөө өгөх бэлэг, урам зориг юм.
Ирсэн зочин бүр хүссэн стилист, “make up” артист гэх мэт дурын уран бүтээлчээс зөвлөгөө авч, хувцсаа яг тухайн газартаа өмсөж үзэх, гоёлуудаа тохируулж зүүх зэргээр туших боломжтой. Өөртөө хангалттай цаг зарцуулж, үзэсгэлэнтэй төрхөө бүтээж, энэ үдшийг аз жаргал баяр хөөртэйгээр халуун дулаан өнгөрүүлээсэй гэж хүссэн. Мөн нөгөө талдаа артистууддаа их ачаалал үүсгэхийг хүсээгүй. Хамгийн дуртай ажлаа аз жаргалтай хийж, үр дүнгээ харж, сэтгэл ханамжтай байлгах гэж зорьж байгаа.
– Яагаад зөвхөн эмэгтэйчүүдийг сонгосон бэ?
– Энэ удаагийн үйл ажиллагааны бас нэг онцлог нь үр дүнтэй гүйцэтгэл, зочдын сэтгэл ханамжийг чухалчлаад зөвхөн артистууд бус Монголд албан ёсны эрхтэйгээр орж ирсэн эмэгтэйчүүдийн томоохон брэнд даашинз, гутал болоод гоёлуудтай хамтран ажиллаж байгаа юм л даа. Тиймээс эмэгтэйчүүд рүү чиглэсэн, мөн улирлын шинжтэй, жил бүр эмэгтэйчүүдэд тулгамддаг “Шинэ жилээр яаж гоёх уу?” гэдэг асуудлыг нь маш гоё, оновчтойгоор шийдэж өгөх зорилготой. Тиймээс энэ удаагийн үйл ажиллагааны гол концепц нь зөвхөн эмэгтэйчүүд рүү чиглэсэн.
Ийм учраас зөвхөн энэ удаагийн эвент л эмэгтэйчүүдэд зориулагдсан гэдгийг ойлгоосой хэмээн хүсэж байна. Цаашдаа эрэгтэй, эмэгтэй гээд бүх насны бүхий л хүмүүс оролцох боломжтой үйл ажиллагаануудыг зохион байгуулна.

– Цаашид мэргэжлийнхээ хүрээнд хийхээр зорьж байгаа ажлуудаасаа сонирхуулж болох уу?
– Манай “Мэргэжлийн стилист имиж зөвлөхүүдийн холбоо” байгуулагдаад удаагүй байгаа. Бид хамгийн түрүүнд бидэнтэй холбоотой бүхий л талыг мэргэжлийн буюу стандарттай, бодит үр дүнтэй болгох тал дээр зорьж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг жишээ нь уг эвент. Уран бүтээлчид болоод брэнд зэрэг бүх л тал дээр стандартын жишиг тогтоосон.
Мөн цааш цаашид ажиллах ажлуудаа жилээр нь төлөвлөчихсөн. Бид нийгэмд гоо зүй, зөв хувцаслах соёл, дүр төрхийн зөв нөлөөний ач холбогдлыг түгээн ажиллахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээн эвент, сургалт, зөвлөх үйлчилгээ, маркетингийн цогц ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
– Энэ үдэш гоо сайхны ертөнцийн шилдгүүд нэгэн дор цуглана гэсэн. Уншигчдадаа ганц нэг сюрприз задлавал ямар вэ?
– Мэдээж ирсэн бүх зочин гарын бэлэгтэй. Мөн оролцож буй брэндүүд маань зочиддоо зориулсан “discount gift card”-уудаа гаргаж байгаа. Ер нь энэ үдэш тэр чигтээ бэлэг гэж хэлж болно.
Жишээ нь, нэг стилистээс энгийн үед зөвхөн нэг “look” бүрдүүлж авахад 300,000 – 500,000 төгрөг байдаг. Үүн дээр “make up” артистаас нүүр будалт, нүүрний хэлбэр зүйн зөвлөгөө, нэг мастер үсчин, мэргэжлийн гоо сайханч, гоо зүйн эмчээс зөвлөгөө авахад ямар үнэтэй байдгийг бүсгүйчүүд маань мэдэж л байгаа. Мөн шинэ жилийн даашинз, гоёл, гутал сонгох гэж энэ их түгжрэлд хэдэн хоног явдаг билээ дээ. Энэ бүгдийг нь та дөрвөөс таван цагийн дотор л уг эвентээс хүртэх боломжтой юм шүү.
Тасалбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

