Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Р.Эмүжин: “Болор цом”-оос болж босгоо өшиглөөд гарна гэхээр яасан чиг ядуу орчлон бээээ…
Утга зохиол

Р.Эмүжин: “Болор цом”-оос болж босгоо өшиглөөд гарна гэхээр яасан чиг ядуу орчлон бээээ…

Урлаг Урлаг28/11/2025Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

За надад хэлэх үг байна аа, “Болор цом”-д найраг сойж явсангүй, нанчилдаж үзсэнгүй ээ, цаашдаа ч үгүй. Тиймээс өнөөдрийн хэрүүлийн эзэд, хэлхэлдээний шалтгаануудад үгээ хэлж, үргээлэг болох үүрэгтэй, бас эрхтэй эрх шар байна аа.

“Болор цом” гэж юу вэ, тэгтлээ өрсөлдөөд, тэвэрч ойчоод, тэгнэж хэвтээд, суу алдрын оргил мэт, дуу найргийн хязгаар мэт юунд ингэж их хэрэлдэж хэмхэлдэнэ вэ? Яагаад жилийн жилд “Болор цом” авсан нэгнийгээ бөөнөөрөө дайрч гутаагаад, бөөрөөрөө нийлж доромжилдог болов оо? Тэр “Болор цом”-ыг өргөсөн хүн тэрбумтан болоод, тэрэг унаагаа шинэчлээд, толгой тархинд нь “Оксфорд” багтаад, тогоо шанаганд нь хаантны гүнцэг бургилдаг юм уу? Үгүй. Тэгвэл яагаад энэ шилэн стаканыг тойрч, энэ тайзны индрийг тойлж, утга зохиолын салбар нь салж унатлаа, үг хэлхдэг хэд нь үүд хаалгаа нураатлаа хэрэлддэг юм бэ?

С.Начин “Уучлалын шүлэг”-ээрээ тэргүүлэхэд, А.Лхагва “Морин хуурын хэл” шүлгээрээ түрүүлэхэд, Н.Минжинсайхан “Үг” шүлгээрээ оройлоход олон нийтээрээ орилоод уйлаад байгаагийн цаана юу байна вэ?

“Уучлалын шүлэг” бол дэлхий дахин төдийгүй, Монголын нийгмийн байдал эмтэрсэн шаазан шиг байх үед төрсөн шүлэг, хүн хүндээ хүргэх ёстой уучлал. “Морин хуурын хэл” бол Монголынхоо язгуур философийг сануулж өргөсөн шүлэг, бидэнд дутагдаж байсан бахархал ба халаглал. “Үг” шүлэг бол сэтгэдэг боддог, уншдаг хүнээс төрдөг үг хэмээгчийн үүдэл санааг тодотгосон шүлэг. Аль аль нь мартагдах шахсан сэдэв, маргаашийг зөөллөх ухаарал… Тэд энэ шүлгүүдээ нийгэм цаг үеэ нэвт тэмтэрч гунигладаг найрагчийн сэтгэлээр бичсэн нь харагддаг.

Яруу найрагч хүний зүрх ганцхан хар муур, хавирган сар, хагарсан хундага, хагацсан хайрын төлөө зовнидоггүй, нийгэм цаг үе, улс орноо хайрлан гуниглаж байж үзгээ шүүрдэг учиртай юм. Түүнээс биш за тэр этгээд элдэв шалдав арга хэлбэрээр чинь яаж л бол яаж, ямраар л бол ямраар танхай шүлэглэх чадвар хэн хэнд нь бий, шүлэг нь ч бий. Тэгсэн одоо мөр холбох аяддаг болгон нь, сошиалд пост шахдагаа бүтээл туурвихтай зүйрлэн боддог бондоолойнууд нь бүгд нийлээд хэдэн муу найрагчийг минь бүүрэлхэж байдаг шүү. Тэгдэггүй юм аа. Хиймэл оюун ухаанаар бичсэн шүлэг ч гэх шиг, тэгээд тэр AI-даа захиалаад бичүүлчихгүй яасан юм бээ? Үг гэдэг шүлэг бодож сэрж, үзгээ шүүрдэг тархи оюун гагцхүү AI-д бус, яруу найрагч хүнд л байдаг юм. Энэ санаа нь өөрөө энэ цагийн харанга юм. Үгээ бодож хэл, санаж хэл, хайрлаж хэл дээ…

За тэгээд дээр нь хэн ч хэдэн халтар шүлэг хэлхэнэ, Монголын хангай говь болгонд, боловсролтой, боловсролгүй айл болгонд миний дайтай найрагч заавал нэг байгаа, юу үнэн, энэ үнэн. Харин тэд маань шүлгийн хэдэн номноос хэтрэхгүй бол гуниг, шүүрс алдсан хэдэн мөр шүлэгтэйгээ насыг барж байвал гансрал биз дээ. Нэг л их дээлээ чирч дэвсэн улс, нэрлэсэн бүтээл нь хэдэн шүлэгнээс хэтрэхгүй, албатай юм шиг очиж уралдана, агсам тавьж алалцана… Бүтээн туурвиж, мэргэжлийн нийтлэл, роман, академик судалгаатай өгүүлэл туурвин, соён гэгээрүүлэх үүргээ тултал нь үүрэхийн төлөө өөрийгөө үрээж гэмээнэ зохиолч, яруу найрагч болдог юм.

“Уучлалын шүлэг”, “Морин хуурын хэл”, “Үг”… Энэ бол “Болор цом”-ын тайзнаас хэлж болох хамгийн энгийн соён гэгээрэл, хамгийн дөт арга зам, тэгж яривал хамгийн залхуу хэлбэр юм шүү. Эцэст нь хэлэхэд, тэртэй тэргүй Монголын оюун санааны цөмийг хоослох гэж хэдэн муу зохиолч, найрагчдыг минь үнэгүйдүүлэн шүүх болсон энэ технологийн эрин цагт өөрөө өөрсдийгөө, салбар дотроо бие биеэ хайрла. Том утгаар нь хар, “Болор цом”-ын тэргүүн шүлэгч рүүгээ шүлсээ үсэргэх тоолонд чинь яруу найрагчийг харах нийгмийн үнэлэмж нимгэрч байгааг сана даа.

Тэр муу С.Начин, Н.Минжинсайхан гэж хэн ч хэлдэггүй юм, тэр нэг шилэн стакан булаалдсан боловсролгүй хэдэн найрагч гэж л цоллодог юм шүү, энэ ангилалд өнөөдөр өөрийгөө түрүүлэх ёстой байсан гэж шүлсээ үсэргээд байгаа эрхэм шүлэгч та нар бас багтана шүү дээ… Салбараараа доройтно гэж бий, салж нэг нь дордоно гэж үгүй гэдгийг сана. Тийм л үгэнд уран, бодлогод няхуур, шинжлэн судлахад шилдэг нь юм бол тэгээд сайхан бүтээлүүд гарга л даа, туурвиатах л даа, сурталчлаад өгье.

Утга зохиол яруу найргийн салбарыг салмайтал доройтуулахын цаана Монгол хэлийг минь үнэгүйдүүлэх, үндэстнийг хэлээр нь цуцааж, хөлөөр нь эзлэх технологи нуугдаж байдаг даа… Ер нь тэгээд хэн ч түрүүлсэн яадаг юм, юун сүртэй юм, энэ тийм хэрэлдэж хэмхэлдэх том шалтгаан юм уу?

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025
Утга зохиол Урлаг

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо

26/11/2025
Утга зохиол Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртлээ

26/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025

Р.Эмүжин: “Болор цом”-оос болж босгоо өшиглөөд гарна гэхээр яасан чиг ядуу орчлон бээээ…

28/11/2025

Өнөөдөр түүхийн багш, археологич А.Маратхааны төрсөн өдөр

28/11/2025

“Eternity” уран сайхны кино арванхоёрдугаар сарын 18-нд нээнэ

28/11/2025

“Apple” 14 жилийн дараа “Samsung”-ийг гүйцэж түрүүлэв

28/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.