“Б.Лхагвасүрэнгийн садизм”, “Дунджуудаас дурныханд буюу аугаа их түүхэн романууд”, “Шүүдэрцэцэг ч гэх шиг…” зэрэг шүүмжийн нэрийг уншингуут утга зохиолын хүрээнийхэн Г.Батсуурийн тухай ярих гэж буйг минь андахгүй.
Орчин цагийн Монголын уран зохиолын хөгжлийн төлөө сэтгэлээ чилээн, олон хүнд адлуулж чичлүүлэн байж шүүмж бичдэг түүнтэй ярилцлаа.
Амьдралд нь дуслын төдий ч нэмэргүй атал энэ ажилдаа хачин дуртай, ихэнх цагаа ном уншихад зарцуулдаг “гаж” нэгэн. Гэм нь номоо тун “хайр гамгүй” эдэлдэг гэсэн. Шүүмжлэгчийн ажил тийм хойно яалтай ч билээ.
-Уран зохиолыг хэзээнээс шүүмжлэгчийн нүдээр харж эхэлсэн бэ?
-Оюутан байх үеэсээ уран зохиолыг арай өөр өнцгөөс хардаг болсон. Би Багшийн дээд сургуулийг төгссөн. Намайг оюутан байхад буюу 1990-ээд оны дундуур манай утга зохиолын ертөнц нэлээд “бужигнаантай” байсан шүү дээ. Гэхдээ тэр үед шууд шүүмж бичээгүй. Шүүмж судлал гэдэг бол зүгээр л онгодоороо бичдэг шүлэг найргаас өөр зүйл. Гадаад, дотоодын утга зохиолыг харьцуулж унших, олон талын дүгнэлт хийхээс эхлээд хүнийхээ хувьд боловсрох шаардлагатай. Тиймээс таван жилийн өмнөөс л шүүмжээ бичиж эхэлсэн дээ. Анхны шүүмж маань “Чойномын шүлгүүдийн доошоо орох зарим шалтгаан” нэртэй.
-Сүүлийн үед таны бичсэн хурц хурц шүүмжүүд цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Тэр нь ихэвчлэн олон нийтийн таашааж уншдаг, хамгийн их борлуулалттай номуудыг “барьж” авсан байх юм.
-Заавал тэр номуудыг нь шүүмжлээд, муулаад өгье гэсэн зорилго надад байхгүй. Манай утга зохиолын салбар нэг л болохгүй байгаа учраас үгээ хэлэх нь шүүмжлэгч хүний үүрэг. Хэн дуртай нь, юу ч хамаагүй бичдэг болсон энэ үед тэр хүмүүсийг өөрсдийнх нь байх ёстой байранд нь аваачих шаардлага гарч байна. Бас Д.Галбаатар, С.Энхбаяр тэргүүтэй багш нарын минь нөлөө, өгсөн үүрэг ч бий. Би тухайн зохиолыг олон талаас нь судалж байж бодитой, хөдөлшгүй баримтад тулгуурлан шүүмжээ бичдэг. Хүмүүс намайг хэтэрхий хурц ширүүн, нэг талаар доромж маягтай бичлээ гэдэг. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэгж хатуухан хэлж байж л уншигчдын ч анхаарлыг татаж, зохиолчийнх нь толгойд ч юм бодуулж чадна шүү дээ. Утга зохиолын шүүмж гэдэг зүйлийг одоо уншигчдад ойртуулах, ойлгуулах цаг болсон. Хуучин цагийнх шиг хяналт байхгүй учраас мэргэжлийн хүмүүс л алдаа оноог нь хэлж, ялгаж салгахгүй бол хэдий болтол урсгалаараа явах вэ дээ.
-Та өөрөө шүлэг зохиол бичдэг үү?
-Уран зохиолд багаасаа дурласан. Оюутан байхдаа шүлэг бичдэг байсан. Гэхдээ нэгийг нь ч хэвлүүлж, олны өмнө уншиж байгаагүй. Дээр би нэг телевизэд ярилцлага өгөхдөө “Байдаг л нэг яруу найрагч болчихож болно ш дээ” гэчихсэн чинь олон хүний дургүйг хүргэсэн юм шиг байна лээ. Уг нь би үнэнийг хэлсэн. Одоо манайд нэг л их гунигтай, усан шүлэг хаа сайгүй байна. Яаж ийж байгаад нэг том зохиолчоор өмнөх үг бичүүлчихээд, бараг өнөөхөөсөө жаахан ном гаргана. Тэдний нэг болоод яах юм бэ. Тэгээд ч багш нарынхаа жишээнээс харж байхад шүүмжлэгч хүн өөрөө уран бүтээл туурвидаггүй бололтой.
-Шүүмжлүүлсэн хүмүүс тань руу утасдана биз?
-Шүүмжлэгч хүн байнга л дайралтад өртдөг шүү дээ. Гэхдээ манайхан их сонин сэтгэлгээтэй хүмүүс юм биш үү. “Чи намайг тэгж хэлээд байхдаа яадаг юм” гэж надад шууд хэлдэггүй. Зарим нь фэйсбүүк хуудастаа сэтгэгдэл үлдээнэ. Ихэнх нь багш нар луу минь утасдаад гомдол мэдүүлдэг гэсэн. Саяхан би Б.Сарантуяа зохиолчийн түүхэн романуудын талаар шүүмж бичсэн. Тэр хүн шүүмжийг минь маш тайвнаар хүлээж авсан байна лээ. Б.Сарантуяа өөрөө утга зохиолын ажилтан мэргэжилтэй хүн учраас шүүмжийн талаар тодорхой ойлголттой болоод тэгсэн байх. Түүнээс биш мэргэжлийн зохиолч бус хүмүүс бол андашгүй, урдаас өрвөлзөөд л байдаг юм. Гэхдээ одоо ч би “цайрчихаад” байгаа хүн дээ.
-Хэрэв та зохиолч байгаад, бичсэн номыг тань хүмүүс яг таных шиг хурцаар шүүмжилсэн бол хэр улайж, бантах байсан бол?
-Эвгүй л дээ. Би тэр мэдрэмжийг мэдэж байна (инээв). Маш сонин байдалд орж байгаа. Бараг дахиад юм бичихээргүй ч болж мэдэх байх. Зарим үед арай л хэтрүүлчихсэн юм болов уу гэж бодохоор шүүмж ч байдаг. Гэхдээ би уран зохиолдоо хайртай, бичиг цаас нийлүүлдэг бүхнийг үнэлдэг учраас л энэ зам нь хог шороотой хутгалдчихгүй, ариун байгаасай гэж хүсдэг. Ялангуяа 1990-ээд оныхонд би их хайртай. Тэднийг өмнөх үеийнхнээ давсан томоохон бүтээл гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүлээдэг.
-Та нээрээ саяхан Ч.Лодойдамба, С.Удвал, Д.Пүрэвдорж, С.Эрдэнэ, гуай тэргүүтэй хууччуулыг зэгсэн хатуу шүүмжилсэн байсан. Та багадаа “Тунгалаг тамир”-ыг уншиж, “Хөх даалимбан тэрлэг”-ийг цээжилж байсан л биз дээ?
-Тийм. Дээрх зохиолч нарыг би хүндэтгэдэг, хийсэн бүтээснийг нь ч үнэлдэг. Би монгол хэл, өв соёл, зан заншилдаа хайртай. Гэхдээ тийм шүүмж бичлээ гээд тухайн үедээ хийсэн юмтай мундаг хүмүүсийг үгүйсгэж байгаа хэрэг биш шүү. “Тунгалаг тамир”, “Их хувь заяа”-г хэдэн үеэрээ шүтээд, Ч.Лодойдамба, С.Удвал, С.Эрдэнэ гэж агуу амьтад байсан хэмээн орой дээрээ залчихаад, үүнээс цааш газар үгүй гэдэг шиг суугаад байвал бид яаж өсөх юм бэ. Бид чинь шинэ цагийн хүмүүс. Нүдээ нээгээд хар л даа. Тиймээс миний хэлэх гээд байгаа санаа бол өмнөх үеийнхээ аваргуудыг давсан уран бүтээл туурвиж чадахгүй бол чи зохиолч байгаад хэрэггүй.
Уламжлал, шинэчлэл гэдэг чинь энэ. Уламжлалыг шинэчилж байж хөгжил ирдэг, тэгсэн цагт уран зохиол мөн чанараараа үлдэнэ. Галаа багш маань намайг анх шүүмж бичиж байхад “Чи надаас илүү бичихгүй бол шүүмжлэгч байхын хэрэггүй” гэж хэлсэн.
Д.Норовын “Сэрэвгэр хадны зэрэглээ”, Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс”, П.Баярсайханы “Хөх туурийн тал” зэрэг зохиолыг уншихад монгол хүний мөн чанарын тухай өргөн ойлголттой болно.
-“Өөрөө бичиж чадахгүй байж хүний юмыг шүүмжиллээ” гэдэг үгээр манайхан хариугаа авдаг шиг санагддаг.
-Яалт ч үгүй үнэн. Гэхдээ ингэж хэлж байгаа хүмүүсийн хувьд бол зүгээр л нэгэнтэйгээ барьцсан явдал гэж би ойлгодог. Угтаа шүүмжийн үүрэг бол уран бүтээлчийг мэргэжлийн үүднээс нээж харуулах зорилготой болохоос хэн нэгнийг байгаа болгож аваад, зад муулахын нэр биш л дээ. Сайн бол сайн, муу байвал мууг нь үнэнээр хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй байгаа учраас өдөрт хэдэн арваараа хэвлэгдэж байгаа номуудын дунд толгой эргэдэг. Уншигчдыг төөрөгдүүлдэг бас нэг зүйл бол төр засгаас өгдөг шагнал. Аль социализмын үеийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэдэг шагналыг одоо хүртэл хүмүүст олгоод, нөгөөдүүл нь ч сүрхий баярлаад байдгийг би үнэхээр ойлгодоггүй.
-Тэгээд энэ олон номон дунд төөрөлдсөн уншигчдад та ямар ном уншихыг зөвлөмөөр байна вэ. Аюурзана, Өлзийтөгс л мундаг гэсэн, эсвэл “Ногоон нүдэн лам” гэж бестселлер ном байна, тэрийг л уншъя гэж нэгнээ дуурайх хүн олон байдаг шүү дээ.
-Зөвхөн Аюурзана, Өлзийтөгс л мундаг гэж ойлговол мэдээж өрөөсгөл. Дээр үеийн сайхан зохиолууд байна шүү дээ. Жишээ нь, би хүмүүст Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” романыг уншихыг зөвлөдөг. Хэдийгээр социализмын үед бичсэн хэдий ч тэнд ламыг дүрслэхдээ хүн гэдэг талаас нь харуулдаг. Хэлмэгдүүлэлтийн талаар ном уншихыг хүсвэл “Ногоон нүдэн лам”-ын оронд С.Эрдэнэ гуайн “Хойд насандаа учирна”, С.Пүрэвийн “Усны гудамж” хэмээх хоёр романыг уншихад хангалттай. Бас Пүрэв гуайн “Уулын намар” туужийг нэг уншчихад Алимаа бүсгүйн амьдралаар дамжуулан эмэгтэй хүний дотоод ертөнцийг таньж, ухаарал авна. Д.Норовын “Сэрэвгэр хадны зэрэглээ”, Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс”, П.Баярсайханы “Хөх туурийн тал” зэрэг зохиолыг уншихад монгол хүний мөн чанарын тухай өргөн ойлголттой болно. Сүүлд гарсан номуудаас дурдвал До.Цэнджавын “Хөх жавар” тууж, Н.Нагаанбуугийн “Алтайн тэнгэр” сайн.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань “өнөөдүүлийн” зохиолоор л хүмүүжиж байгаа. Хүүхдүүдийнхээ унших номонд ямар цензур тавьдаг вэ?
-Ямар ч гэсэн манай гэрийнхэн солонгос савангийн дуурь үздэггүй. Манайх гурван хүүхэдтэй. Охин маань Москвад сурдаг. Би охин руугаа философи гэж иймэрхүү юм байдаг, яруу найргийн хөгжил ийшээ хандаж байна, манайхаас энэ энэ зохиолчийн ийм бүтээлийг уншихад зүгээр гэсэн зөвлөгөө маягийн юм хэлж, цахим шуудан явуулдаг. Гэхдээ эдийн засгийн чиглэлээр сурч байгаа тэр нөхөр миний явуулсан зүйлүүдийг хэр уншдаг юм бүү мэд. Саяхан манай хүүгийн ангийнхан эцэг, эхийн ажил гэж хийгээд, надаас зөвлөгөө авсан юм. Тэгэхэд нь наймдугаар ангийн хүүхдүүдэд дэлхийн болон Монголын уран зохиолоос ямар бүтээл уншвал зохистой вэ гэсэн жагсаалт гаргаж өгсөн. Оюутнууддаа бас энэ тал дээр их зөвлөдөг. Энэ мэтээр бага багаар нөлөөлөхийг хичээдэг. Шууд бүх зүйлийг үгүйсгэж болохгүй.
-Таны шүүмжийн хэдэн хувь нь магтсан, хэд нь өөлж буруутгасан байдаг бол гэдгийг дэнсэлж үзсэн үү?
-Үзсэн. “Би дандаа хүн муулаад байдаг юм биш биз дээ” гээд тоолсон. Ихэнх нь эерэг, магтаалын шүүмж байна лээ. Гэтэл тэр нь хүмүүст нэг их хүрдэггүй юм шиг. Магадгүй магтаал хаа сайгүй болчихсонтой холбоотой байх л даа. Хурцхан шүүмжилж буруутгасан бүтээлүүд нь болохоор их хурдан олонд түгэж, амнаас ам дамжин яригддаг юм байна.
-Уран зохиолын шүүмж бичээд амьдралаа залгуулах боломж манайд байхгүй нь ойлгомжтой. Та багшилдаг гэл үү?
-Дээр үед бол шүүмж бичээд шагнал авдаг байсан л гэдэг. Одоо бол тийм зүйл санахын ч хэрэггүй. Би УИХ-ын Тамгын газарт ажилладаг хүн шүү дээ. Хажуугаар нь Монгол Улсын их сургуульд багшилдаг. Утга зохиолтой ойр байх хүсэл сонирхлоо дагаад тэнд ихэнх цагаа өнгөрүүлдэг гэхэд болно.
-Та амьдрал дээр хэр шүүмжлэгч вэ?
-Ер нь шүүмжилдэг байж магадгүй шүү. Хүүхдүүд “Би өөрөө мэдэж байна, та юм болгоныг шүүмжлэх гээд байна” гэдэг. Гэхдээ найз нөхөд, хамт олонтойгоо байхдаа тэр бүр шүүмжлээд байдаггүй. Бусадтай их нийтэч байдаг. Ямар сайндаа найзууд маань “Чи ийм энгийн, найрсаг атлаа шүүмжээ бичихээр л тэс өөр хүн шиг болчихдог” гэцгээдэг.
Сүүлийн үед сэтгүүлзүйн найруулгаар зохиол бичих болсонд тэр ихэд эмзэглэдэг гэсэн. Уран зохиол бол сэтгүүлзүй шиг тайлбарладаггүй, үгийн ид шидээр дүрсэлж бичдэг ертөнц учраас бүх мэдээллийг зохиолчийн зүгээс өгөөд, уншигчийн өмнө бэлэн “хоол” тавих утгаг үй гэдэг үнэн биз. Бас түүний мөрөөддөг үндэстнийхээ түүх, домог, онцлогийг харуулсан хүүхэлдэйн киног удахгүй монголчууд бүтээнэ гэдэгт итгэнэм.
Л.Ганчимэг