“Залуучуудын Соёлын төв” нэртэйгээр 1987 оны 8 сарын 25-ны залуучуудын өдрөөр нээлтээ хийн баригдан ашиглагдаж байсан, Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр шинэчлэгдэн засагдаж “Залуучуудын Соёлын төв”-ийн зориулалтаараа өнөөдөр дахин үүд хаалгаа нээлээ. Тус нээлтэнд МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад төлөөлөгчид оролцсон бөгөөд нээлтийн үеэр Залуучуудын холбооноос МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягт талархалыг гардуулсан юм.
Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн өмчит тус барилга нь анх “Залуучуудын Соёлын төв” нэртэйгээр баригдан ашиглагдаж байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн үед урлаг соёлын үйлчилгээ явуулалгүй өөр зориулалтаар ашиглагдаж байсан билээ. Тэрбээр тус байранд 2010 оны 03 сараас эхлэн Нийслэлийн “Улаанбаатар” чуулга үйл ажиллагаагаа явуулж, эргэн урлагийн байгууллага байрлаж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө их засвар хийж байгаагүй аж. Ийнхүү улсын төсвийн хөрөнгөөр Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Ерөнхий сайдын багцын 50 тэрбум”-ын хөрөнгө оруулалтаар “Залуучуудын соёлын төв”-ийг шинэчлэн засч, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг залуучууд, гэр бүлийн хөгжил, эрүүл мэнд, танин мэдэхүй, урлаг соёлын бүхий л төрлийн сургалт, үйлчилгээг тэдэнд хүргэхэд тусгайлан бэлтгэн зохион байгуулан байна. Мөн хүүхэд залуучуудад зориулсан номын сан, дуу, бүжиг, хөгжмийн зориулалт бүхий дуу шингээгчтэй өрөөнүүд, үзэсгэлэнгийн танхим, 650 хүний суудал бүхий үзэгчдийн танхимтайгаар шинэчлэн тохижуулсан байна.
Ингээд та бүхэндээ “Залуучуудын Соёлын төв”-ийн нээлтийн үйл ажиллагааны фото сурвалжлагаа хүргье.