Гэрэл гэгээтэй хорвоод санаж сэрэх юмтай байна гэдэг хүмүүн заяаг олж төрсөн хэнбугайд ч аз жаргалтай явсны алтан дурсамж нь болон мөнхөрдөг хуультай бөлгөө. Хайрын түүхийг ганцхан мөрөнд багтаан өгүүлнэ гэвэл үзэг цаас хоёроос гэгээ сугарч үүр цайхад л үлгэр сая эхэлдэг гэсэн гэнэн шүлэгчийн хийсвэр үг шиг юм болох буй за.
Нэгэн цагийн дурлалын үлгэр сартай шөнөөр эхэлж үүрийн гэгээнээр амар сайхандаа жаргавал хайрын цагаан нууранд ойчсон шувууны нулимс нам жимийн дундаас сонсогдох мэт уяралтай бөгөөд эгшиглэнтэй.
Тиймээс өдгөө би сарны дор дурласан хүүхэнтэйгээ хайрын дарсыг хамт залгилсан гэж худлаа бичмээргүй, сархадын халуунд хорвоог умартан амраг цэнгэлд шумбалаа гэж цээж хэнхдэгээ дэлдэн сийрүүлмээргүй гагцхүү тэртээ нэгэн цагт үйл хөдөлгөөний нарийн мэдрэмжийг хүн бүхний мэддэггүй гэнэн хөгжилтэй түүхтэй хослуулан өгүүлэх гэж энд баахан үг чилээв.
Би эхнэртэйгээ дунд сургуульд байхдаа нэг ангид хамт суралцаж бас нэг ширээнд тохой залган суусан тэр цагаас л эхлэж үерхсэн юм шиг санагддаг юм. Бид хоёр наймдугаар ангид байхдаа хамтдаа хотоор зугаалж, сансрын татах хүчний тухай түүний аав, манай ангид физикийн хичээл заадаг "Талх” Дорж багшийн онолын талаар маргалдаж, таван давхар байшингийн дээвэр дээр гарч тэр үл үзэгдэгч сансрын татах хүчийг харах гэж яваад байрны цэвэрлэгч авгайд баригдаж цагдан сэргийлэх газар хүргэгдэн аав ээжийнхээ батлан даалтанд гарч, хаа нэг хамтдаа том хүний кино үзэх гэж кино театрын үүдэнд таньдаг хүн таарах вий гэж нуугдаж, бултагнан гүйлддэг хүүхдүүд байсан бөгөөд есдүгээр ангид байхдаа тэр кинонд гардаг үзэсгэлэнт ах эгч нар шиг анх үнсэлцэж явлаа.
Гэгээн хайрын өмнө саятны царайлаг охин бүү хэл, хааны хайртай гүнж хүртэл өвдөг сөхөрдөг нь хорвоогийн жам хойно доо. Бидний үерхлийг хүүхдүүд янз бүрээр хүлээн авч, харж, жиг жуг гэлцдэг байсан юм гэдэг.
10 "а”-гийн энэ шувуун цээжит Гэгээнээд хайр зарлаад араас нь гөлөг шиг дагадаг гэх юм уу, тэр шувуун цээжит чинь баян Балдангийн ганц хүү нь юм болохоор Гэгээнээ салж хагацаж чаддаггүй юм гэнэ лээ. Физикийн "Талх” Дорж багш "Баян” айлтай худ ураг болох гэж л мэдээгүй дүр үзүүлж тэр хоёрыг үерхүүлдэг байх, түүнээс тэр муу шувуун цээжтийн нусыг нь суга алгадахгүй юу гэсэн дэл, сул яриа олны салхинаас алдууран хийсч үе үе миний чихэнд ирж "шивнэдэг” байсансан.
Тэр "Талх” хочит физикийн Дорж багш гэдэг нь миний ирээдүйн хадам болох хүн буюу Гэгээнээгийн аав билээ. Түүнийг бүдүүн, гүзээ ихтэй, өндөр "хар” хүн тул хүүхдүүд тийнхүү хочилдог бөгөөд охин Гэрэлтуяаг нь Гэгээнээ гэж дуудсаар өнөөг хүрчээ.
Арав төгсөх хавар аав, ээж хоёр нь зуслан руугаа явсан хойгуур бид хоёр тэднийд шалгалтандаа хамтран бэлтгэхээр нэг өдөр очлоо. Тэгсээр нэг мэдэхүл шөнө орой болчихож. Гэгээнээ намайг явуулсангүй
– Хоноод яваач дээ, би ганцаараа айгаад байна. Аав ээж хоёр ирэхгүй гэв. Ингээд би арга буюу хонохоор боллоо. Би ч амьдралдаа ийм халуун дулаан урилга сонсож байгаагүй болохоор битүүхэндээ их л догдолж баярлаж байсан юм даг. Тэгтэл энэ нь ердөө эхлэл байж билээ, хөөрхий.
Хоёул нэг оронд багталцаж ядан гирэвшиж Гэгээнээ миний гарыг үл ялиг чичирхийлсэн гараараа атган
-Чи надад хайртай юу? гээд л нөгөө "Би чамд хайртай” киноны Үрлээ шиг л хөнгөхөн тэвэрч ядаад л, миний ч хоолой сэрвэлзэн салтаа хавьд яагаад ч юм халуу оргиж тэвдээд л хачин сайхан байж билээ. Тухайн үед "Би чамд хайртай” гэдэг кино хүүхэд залуусын зүрхний ховдолд уусан шингэж, үлгэр дуурайл болж байсан цаг. Хайр гэдэг харагдах биегүй хэрнээ хаанаас ч юм биднийг нэвт шувт ширтэн ичээж, догдлуулж бас бие бие рүү минь түлхэж нудраад, мэлмэрэх харц, мишээх сэтгэлийг минь хосгүй сайхнаар нэгэн зүгт хөтлөдөг шидтэй нь сайхан.
Тэр үед бид дотно нэгнийгээ хайрт бүсгүй минь, хонгор залуу минь гэж хэлэх, хэлүүлэх нь өөрсдийгөө том хүн хүн болчихсоныг илтгэх "моод” байсан юм шиг байгаа юм. Би ч бас хайртай дуртай, хонгор минь гээд л.
Үнэндээ ч тэр үед бидэн ном зохиол их уншдаг болохоор хайр гэдэг үгний үнэ цэнийг бүрэн мэдэхгүй ч, мэдэрч догдолдог, үзэж үнэрлэх насандаа хүрчихсэн цэцэг цэврүү шиг гэнэн хонгорууд байлаа.
Ийнхүү ирээдүйн их амьдралынхаа анхны алхмыг хийж хариугүй онц авах гэж тэмүүлэн үүлгэртэн байтал гэнэт намайг хэн нэгэн үснээс минь зулгаан хүчтэйхэн эргүүлэхэд нь би яг л хүүхэлдэй шиг агаарт өлгөгдчих нь тэр. Сарвалзсаар эргэн харвал нүд нь орой дээрээ гарах шахсан "Талх” Дорж зогсох бөгөөд тэр над руу аймшигтайгаар улаан цагаанаар эргэлдсэн нүдээр харж байв. Түүний ард Гэгээнээгийн ээж өрцөө таслуулах гэж байгаа ямаа шиг орилсон амьтан дэвхцэж цовхчиж байлаа. Харин энэ үед багш намайг өрөөсөн гараараа гуйвж дайвтал алгадсаар байсан даа.
Сүүлдээ миний толгой дүнхүүрч, айснаасаа болоод хаалга руу нь гүйж очоод онгойлгосноо шууд л доошоо шатаар харайлгачихснаа тодхон санадаг юм.
Тэгснээ гэнэт шалдан гэдгээ санаад буцаад гүйлээ. Хаалган дээр нь очоод чагнатал хоёр эмэгтэйн уйлах дуу, багшийн уухилан амьсгаадаж зандчих нь сонсогдоор байлаа. Гэгээнээ маань тэгэхэд ээж аав руугаа үсчин
-Ядаж өмд, цамцыг нь өгөөч, намайг гаргаадах гэж цамнан хашгирах сонсогдож
-Энэ золигийн моньд хотоор нүцгэн яваад гэртээ хариг л дээ. Тэгээд энэ өдрийг мартахгүй болтлоо санаж аваг! гэж уурсан хэлэх нь заналтай, айдастайгаар миний зүрхэнд тусч байв. Тэгээд ч би тэр өдрийг хэзээ ч мартахааргүй санадаг юм.
Тэгэхэд зурагтаар Монголын уран сайхны "Сэрэлт” гэдэг кино гарч Гэгээнээ Бумаа авгайг дуурайж " Би энд монгол талаасаа нэгдүгээр хүн дээ” хэмээн надад эрхлэж миний хувцсыг нэг нэгээр нь тайлж ийш тийш нь чулуудчихсан байсныг яана.Би ч бас хариу барьж түүнийгээ нүцгэн шалдан болтол нь хувцсыг нь тараагаад хаячихсан байсан билээ. Одоо би энэ киног үзэх бүрт зүрхний минь угаар ёг хийхийг анзаарч, салтаа хавиар халуу оргиод тэр " нэгдүгээр хүн”-ийг хэрхэн хашгичаж аав, ээжийгээ номхруулж намайг аварсныг санадаг юм.
Би айсандаа, гэнэтийн явдалд бантсандаа яахаа мэдэхгүй нүцгэн амьтан даарсандаа хоёр гараараа салтаагаа хаан нугдайж, эрүү ам маань хавчин дээшээ найман давхарт гарч хогийн бункерийн араар орох гэж гэтэж явтал гэнэт ар талд
-За яасан Ромео минь, баригдав уу? гэх дуунаар навтасхийн эргэн харвал манай багшийн түлэгдчихсэн талх шиг бүдүүн гүзээ нүүрэнд тулдаг байгаа. Тэгснээ
-За манайх руу эргээд! Энд юугаа хийгээд гөлөлзөж суугаа юм. Цаад Жульета чинь амиа хорлох гээд байна. Яршиг цаашаа, гэрт ор хэмээн шалдан гуян дээр минь алгадаж орхилоо.
Би уг нь сайн сурдаг байсан ч гэлээ долоо хоногийн дараа эхэлсэн физикийн шалгалтандаа эх орны "алтан” гурав хүртэж түүнээсээ болоод нийт онооны дүн конкурссын шалгалтанд орох улаан шугаманд хамраараа тасдуулж ТМС –д явах болоод, аав, ээжээсээ зөрсөөр сайн дураараа цэрэгт мордлоо.
Намайг цэрэгт явсан хойно Гэгээнээ аавдаа туниж
-Тэгж нүцгэн шалдан хөөж гаргаагүй бол би өдийд ингэж хий хоосон гурван жил түүнийг хүлээж зовж гансрахгүй байсан юм, тэр ч гэсэн тэгж тэнд цэргийн хоол хороож, амьтны хүүхэд дэглэж суухгүй байсан юм, аягүй бол цэрэг зодоод шоронд явчихдаг юм бол би үхнэ гэж ирээд л уйлдаг байсан гэдэг.
Мэдээж тэр бол хайр сэтгэлийнхээ шаналалын тухай, амьдралд хэтэрхий их яарч, цаг нь болоогүй шахам байхад шалгалтанд "онц” авах гэж бэлтгэснээ хэлээгүй хэрэг байх л даа. Гэхдээ бид амьдралын тэр хоржоонтой, адармаатай шалгалтанд бүдрээгүй юм.
Хааяа нэг, одоо зуун грамм хувааж хүртжээ суухдаа "талх” хочит хадам маань тосонд хэтэрхий их хайрчихсан хуушуур шиг болчихсон үрчгэр гүзээгээ алгадан инээж
-Хүргэн хүүгийн хүзүү тэгэхэд мөн ч их урт сунаж байсан шүү хэмээн наг наг хөхөрч суудаг даа. Тэгэхэд хадмууд сэтгэл зовсон уу, эсвэл охиныхоо хойч ирээдүйг бодсон уу, намайг цэрэгт 1080 хоноход үе үе сургамж айлдсан, бас урам зориг хайрласан, халуун дулаан үгтэй захидал олонтаа бичдэг байсан юм шүү. Одоо тэгж хүргэндээ захиа бичдэг хадмуудын тухай би лав сонсоогүй л байна. Тэр ч байтугай хадам ээж надад нэг удаа бичсэн захиандаа
-Хөлөө бүү дааруулаарай, бүх өвчин үүнээс л болдог гэнэ. "Гэгээн дарь”- эхээр чинь удахгүй нэг дулаахан оймс нэхсэнээ өгч явуулна гэсэн байж билээ. Тэр захидлыг манай оны нэг цэрэг олж уншчихаад намайг гурван жил "хадмын эрх хар”гэж дуудсансан.
Одоо миний хүү арван найман нас хүрч байна. Түүнийг заримдаа гэртээ ирж хонохгүй болохоор нь багын энэ явдал санагдаж хэнийхээс дотоожгүй хөөгдөж баларч яваа бол гэхээс нүүр улалздаг л юм. Түүх давтагддаг л юм гэнэ лээ.
Гэхдээ цаг цагийн түүх өөр өөрийнхөөрөө л бичигддэг жамтай нь сайхан. Хэрэггүй юманд их санаа тавибал эрт өтлөхийн цондон гэдэг нэг сайхан үг бий.
Бурхан хүнд хэмжээтэй ухаан, хэмжээгүй хүсэл зориг хайрласан болохоор эхнэр бид хоёрын түүх хожим хойно хэн хүнд сургамж болох ч юм бил үү?
www.URLAG.mn