Тавдугаар сарын 10-нд УБ паласт Оросын алдарт “Секрет” хамтлагийн дуучин Максим Леонидов тоглолтоо хийх гэж байна. Амьд хөгжмийн дугаралтыг мэдрэхийг хүсвэл заавал үзэх ёстой энэ тоглолт залуу үед нэгэн шинэ нээлт болох бол харин үеийнхэнд нь дурсамж болох юм.
Ингээд тус тоглолтыг зохион байгуулагчдын нэг “Doly” продакшний гүйцэтгэх захирал Б.Энхбаясгалантай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Энэ тоглолтыг зохион байгуулах болсон шалтгаанаа ярихгүй юу?
-Тоглолтыг mongolnow.mn болон Doly продакшн хамтран зохион байгуулж байна. Энэ тоглолтыг анх зохион байгуулах санаачлага нь mongolnow.mn сайтын удирдлага М.Леонидовтой найз нөхөд учраас “монголчууддаа сайхан дуу хөгжим бэлэглэе” гэж ярилцаад тэгээд ялалтын баярыг тааруулья гэж шийдсэн юм. Максим Леонидов анх удаа ирж байгаа биш л дээ. 27 жилийн өмнө ирж тоглолт хийж байсан. Тэр хүний хувьд ч урилгыг маань сайхнаар хүлээж авсан. 27 жилийн өмнө очиж байсан улс маань яаж хөгжиж, өөрчлөгдсөн байна гэдгийг харахыг мөн малчин айлуудаар очиж, монголчуудын эелдэг зочломтгой зан аашийг эргэн санахыг хүссэн байх. Ер нь бол энэ тоглолтыг зохион байгуулж буй нь ашгийн төлөө биш юм.
-Одоогоос 27 жилийн өмнө болсон тоглолтыг нь та үзсэн үү?
-Би цэрэгт байсан юм. Харин манай найзууд одоо хүртэл тухайн үед үзээгүйдээ харамсдаг. Тухайн үед Оростоо бүр мандаад, Битлз шиг нэр хүндтэй байсан. Тэгээд Монголд тоглолтоо хийхэд нь манайхан тун сайхан хүлээж авсан юм билээ. М.Леонидов тухайн үедээ бүр бөөн юм болоод шуугиад өнгөрсөн гэдэг. Сэтгэлд нь хамгийн тод үлдсэн нь монголчуудын сайхан инээмсэглэл, сайхан сэтгэл гэж ярьдаг юм.
-Яагаад “Секрет” хамтлаг нь тарсан юм бол?
-Ямар ч хамтлаг томроод ирэхээрээ тэсэрдэг. Задардаг. Тэр л жам ёсны зүйл тохиолдсон юм билээ. Гэхдээ тэгээд задарлаа гээд уран бүтээлээ орхиогүй. Бусад нь Орост том шоуны төлөөлөгчид болсон М.Леонидов бол телевизийн шоу болон хамтлагтайгаар уран бүтээлээ тууриваж байгаа. Өөрөө шүлэг бичдэг, дуу зохиодог. Ер нь “Секрет” хамтлагийн дуунууд нь өөрийнх нь нэр дээр байдаг.
-Залуус энэ тоглолтыг үзэх шалтгааныг та нэрлээч?
-Залуучууд сүүлийн үед амьд хөгжим сонирхох болсон. УБ паласт зөндөө л олон орны уран бүтээлчид тоглолтоо хийлээ. Манайхан ч гадна, дотно явж их юм үзлээ. Гэхдээ оросын хөгжим хаахна явна вэ гэдгийг өөрийнхөө нутагт үзнэ гэдэг сайхан боломж юм. “Хиппобэнд” хамтлаг нь Оростоо нэлээн дээгүүрт ордог хамтлаг. Мөн дууны найруулга, хөгжимчид нь мундаг хүмүүс ирнэ. Тийм учраас тоглолтын цэвэр дугаралт гэж юу байдгийг сонирхож, нүд тайлна гэсэн үг. Зарим тоглолт хагас фонограмм ашиглах нь бий. Үүнийг жирийн үзэгч ялгаж чаддаггүй. Харин Леонидовийн тоглолт бүрэн амьд тоглолт болно. Тэгэхээр би өөрөө ч гэсэн хөгжим нь УБ паласт тоглолтын үеэр яаж дугарах бол гэдгийг сонсохыг тэсэн ядан хүлээж байна.
Оросууд Леонодив ирнэ гэхээр үзэх гээд бэлтгээд л байгаа гэсэн. Улаан-Үүд, Эрхүүгээс ирж үзэхээр автобус бэлтгэж байгаа юм билээ. Мэдээж Санктпетербургт үзсэнээс энд үзэх нь хамаагүй хямд тусна л даа.
-Яг хэзээ ирэх юм бэ?
-Леонидов болон хөгжимчид нь гээд 10 гаруй хүн 8-нд ирнэ. Баянгол зочид буудалд буудаллана. Тэндээ хэвлэлийн хурал хийчихээд, 9-нд Жуковын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны цогцолборт очно. Тэгээд 10-ндаа УБ паласт тоглолтоо хийнэ.
-Тасалбараа хаанаас авах боломжтой вэ?
-Манайх www.easyticket.mn-тэй хамтран ажиллаж байгаа. Эндээс авч болно. Үүнээс гадна уламжлалт маягаар тасалбараа худалдан авч болно. Хотын төвд бол HiFi cd shop-оос авч болно. Харин 15-р хороолол чигт бол Оросын “Торговы дом”-ын тэнд машинтай зарж байгаа. Харин нөгөө талдаа бол УБ паласт зарж байна. Мөн 1199-т захиалаад авсан ч болно. Тасалбар нь 30, 50, 80 мянган төгрөгийн үнэтэй. Нэг зүйлийг дурьдахгүй байж болохгүй. Мэдээж тоглолт маань ашгийн бус учраас дэмжлэг маш чухал. Манай тоглолтыг “Sound of Mongolia” NTV АИСТ телевизүүд, Сэлэнгэ пресс ихээхэн дэмжлэг үзүүлж байна.
М.Жаргал