Энэ жил Ритербергийн музей анх удаагаа Монголын тухай үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. “Монгол: Цаг хугацаагаар аялахүй” хэмээн нэрлэсэн уг үзэсгэлэнг манай “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран зохион байгуулж буй юм.
Цюрих дэх Ритербергийн музей нь Швейцарт нэлээд нэртэй. Уг музей нь Ази, Африк, Өмнөд болон Хойд Америкийн соёл, түүхийг үзэгчдэд толилуулдагаараа онцлогтой. Тиймээс ч Япон, Хятад гээд Азийн олон оронтой хамтран олон үзэсгэлэнг гаргасан байдаг.
Өнгөрсөн 10 дугаар сарын 24-ын өдөр нээлтээ хийсэн эл үзэсгэлэн швейцарчуудын сонирхлыг ихэд татсан хэмээн тус музейн куратор, Зүүн Азийн урлагийн түүхийн мэргэжилтэн Александра фон Пшиховски ярив. Бэлтгэл ажлын хүрээнд чамгүй их ажил нугалсаны эцэст үзэсгэлэнгээ швейцарьчууд төдийгүй европчуудад толилуулж байна.
“Үзэсгэлэнгийн нээлт манай музейн өмнөх талбайд болсон. Маш олон хүн үзэхээр ирсэн, бараг багталцахгүй байсан” хэмээн тэрбээр ярив.

Ритербергийн музейн бас нэгэн онцлог нь хонгилд байрладаг. Доошоогоо гуравдугаар давхар дахь үзэсгэлэнгийн танхимийн хаалгаар ороход улбар шар өнгийн монгол гэрийг байрлуулсан байв. Үүднээс угтах монголын гэр нь үзэсгэлэнд монгол уур амьсгалыг оруулна. Түүнийг Швейцарьт тусгай захиалгаар хийлгүүлсэн гэнэ.
Уг төслийг анх хэрэгжүүлж эхлэхэд үзэсгэлэнг “Чингис хаан” хэмээн нэрлэх талаар яригдаж байсныг хатагтай Александра фон Прежковский дурдав. Монголын түүх төдийгүй тал нутагт нүүдэлчин ард тзүмэн хэрхэн хот суурин байгуулан хөгжүүлж байсныг харуулахыг зорьсон болохыг ихэд онцлон ярив. “Чингис хаан” хэмээн нэрлэвээс зөвхөн Их эзэн хааны түүх намтар, амьдралыг толилуулах болно хэмээн үзсэн тул “Монгол: Цаг хугацаагаа аялахуй” гэж нэрлэжээ. Үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний үеийн хот, суурин газрууд болон өнөөгийн Монголын Хархорин, Улаанбаатар зэрэг хотын хөгжлийг харуулахыг зорьсон аж.

Зах хязгааргүй тал нутагт нүүдэллэн амьдардаг ард түмэн хэмээн тодорхойлдог монголчуудыг арай өөр талаас нь харуулахыг зорьсон гэдгээ ч Александра фон Прежковский хэлсэн. Өөрөөр хэлбэл монголчуудын бичиг үсэг, соёлын түүх, худалдаа наймаа, дарханы урлал эртний хотод ямар түвшин хөгжсөнийг түүхэн баримтаар харуулжээ.
Энэ бүхнийг гэрчлэх ойролцоогоор 200 үзмэрийг дэлгэсэн байв. ХБНГУ-ын археологчидтэй хамтран олон жилийн туршид хэрэгжүүлж ирсэн Орхоны тал дахь Хархорин, Хар балгасын малтлагаас олдсон ховор нандин үзмэрүүдийг энд дэлгэсэн байв. Шороон бумбагарт хийсэн малтлагын үеэр олдсон VII зууны үед хамаарах цэргийн жанжныг дүрсэлсэн баримал, мөн л энэ үед хамаарах алтаар урлан хийсэн эмэгтэй хүний толгойн чимэглэл, зоос зэрэг нь гар урлал, уран дархан төдийгүй улс орон дамжсан наймаа худалдаа хэрхэн хөгжсөний илрэл хэмээн Ритербергийн музейн куратор ярьсан юм.
Үүний зэрэгцээ залуу уран бүтээлчдийн бүтээлүүдээс толилуулсан байв. Хатагтай Александра фон Пшиховски үзэсгэлэнд дэлгэсэн монгол зураачдын бүтээлүүдээс заримыг нь онцлон дурдахдаа, “Лхам” галерейтай хамтран ажилласан гэдгээ ч хэлж байв. Зураач Б.Баатарзоригийн “Улаанбаатар”, М.Эрдэнэбаярын модоор урласан морины хэлбэр бүхий “Суварга” бүтээл, Г.Амарсанаагийн “Их нүүдэл” зэргийг онцлоод Монгол дүрслэх урлаг хэрхэн хөгжиж байгаагийн илэрхийлэл гэв. Нэг ёсондоо Монгол хөгжиж байгааг харуулахыг зорьсон аж.
Үзэсгэлэн монгол гэрийг санагдуулахуйц дугуй хэлбэртэй, Улаанбаатар, Хархорин гэсэн хэсэгтэй. Ингэхдээ эртний болон орчин үеийн Монголыг харьцуулсан маягтай.
Үзэсгэлэнгийн гол танхимд байрлуулсан монгол гэр дотор зургаан компьютер байрлуулсан бөгөөд тэндээс XX зууны эхэн үед Хүрээ болон орчин үеийн Улаанбаатар хотын амьдралыг харуулсан сонирхолтой бичлэгүүдийг үзэгчд монгол гэрт тухлан сууж үзэх боломжийг бүрдүүлсэн байв.

“Монголчууд дэлхийн түүхэн дэх хамгийн том бөгөөд олон жилийн туршид оршин тогтносон эзэнт гүрнийг байгуулсан. Энэ нь хүчирхэг армиас гадна төвлөрсөн засаг захиргаа, нарийн дэд бүтэцтэй, хамгийн чадварлаг хүмүүсийг татан оролцуулсан дэлхийн түүхэн дэх ер бусын гүрэн байсан” хэмээн үзэсгэлэнгийн тайлбарт өгүүлж байлаа.
-Үзэсгэлэн нээлтээ хийсэнээс хойш бараг зургаан долоо хоног өнгөрлөө. Үзэгчид хэр сонирхож байна. Зохион байгуулагчид та бүхэн сэтгэл хангалуун байна уу?
-Бид үнэхээр сэтгэл маш хангалуун байгаа. Үзэсгэлэнг хүмүүс ихэд сонирхон үзэж сонирхож байгаа. Үзсэн хүмүүст ихэд таалагдсанаа бидэнд хэлж байгаа. “Та бүхэн ийм сонирхолтой үзэсгэлэнэг гаргана бид бодоогүй” хэмээн бидэнд хэлж, энэ нь зохион байгуулагчид биднийг болон тэр дундаа намайг ихэд баярлуулж байгаа. Бид энэхүү үзэсгэлэнг гаргахдаа үзэгчдэд Монголыг өөр талаас нь, түүх, соёлын талаар ойлголт, мэдлэг олгохыг зорьсон. Мөн үзэгчдийг гайхшруулж, үзсэнийхээ дараа бусдад ярих юмтай байгаасай хэмээн хүссэн.
-Манай “Чингис хаан” музейтэй хамтран зохион байгуулсан энэ удаагийн үзэсгэлэн маш амжилттай боллоо. Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн цаашид хамтран ажиллах төлөвлөгөө бий юу?
-Янз бүрийн шинэ санаа нэлээд бий, цаашид хамтран ажиллах бодол ч байгаа. “Чингис хаан” музей болон манай Ритербергийн музей үйл ажиллагааны чиглэлээ нийцүүлэн хамтран ажиллах боломж байгаа гэж боддог.
Үзэсгэлэнг үзэж сонирхсоны дараа түүнд зориулан гаргасан каталогийн өмнөх үг санаанаас гарсангүй. Тус музейн захирал Аннетте Бхагвати өмнөх үгэндээ, “Хүүхэд байхаас минь Монголын тухай ном уншихад үлгэр домог шиг л санагдаж, мориор тал нутгаар салхи татуулан давхиж байна хэмээн мөрөөддөг байж билээ” хэмээн бичсэн нь санаанаас гарсангүй.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

