Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Ц.Оргил: Урлаг хүссэн, хүсээгүй тухайн нийгмийнхээ толь болдог
Ярилцлага

Ц.Оргил: Урлаг хүссэн, хүсээгүй тухайн нийгмийнхээ толь болдог

Урлаг Урлаг07/01/2026Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийгмийн амьдрал хурдацтай хөвөрч, мэдээллийн асар их урсгал дунд бид заримдаа хамгийн чухал зүйлсийг анзааралгүй өнгөрөх нь бий. Тэгвэл энэ бүхнийг ганцхан зураасаар зангидаж, гашуун үнэнийг инээдэмтэй сүлж, хоржоонтой тайлбараар олон нийтэд хүргэдэг хүмүүс бол шог зураачид билээ. Тэд нийгмийн эмч, соргог шүүмжлэгч, басхүү цаг хугацааны түүхийг дүрсээр хүүрнэгч толь юм. Ингээд өнөө цагийн шог зургийн өнгө төрхийг тодорхойлж буй залуу зураач Ц.Оргилтой амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.

-Яриагаа бага насны дурсамжаас нь эхэлье. Та багаасаа л зурах сонирхолтой хүүхэд байв уу. Хэзээнээс, ямар сэжмээр шог зураг руу эргэлт буцалтгүй татагдах болсон бэ?

-Жаахан хүүхэд байхаасаа л зураг зурах сонирхолтой байсан. Гэхдээ хүүхэд болгон л зурж будах дуртай, цаас, харандаатай ойрхон өсөцгөөдөг. Би ч тэдний л нэг. Харин ялгаатай зүйл нь илүү их цаг зарцуулж суудаг байсан нь юм болов уу. Ингэж явсаар бага ангиасаа ялгарч эхэлсэн л дээ. Зургийн хичээлд бол бусдаас мэдэгдэхүйц илүү. Шугам зургийн хичээл дээр бүр юу ч хийгээгүй хэрнээ л улирлын төгсгөлд онц гардаг байсан. Бусад хичээлийн үеэр ч дэвтрийнхээ ард зураг зураад суучихна. Тэгэхэд багш намайг ер загнахгүй хэрнээ бусдыг зэмлэнэ. Харин өөр шалтгаанаар хичээл хийхгүй бол мэдээж уурлана. 10 жилийн найзуудаа янз бүрээр шоглож зурдаг байсан минь хожим их нөлөөлсөн гэж боддог. “Ковид-19” цар тахлын үед бүгд хөл хорионд орж, маш урт хугацаанд завсарлага авснаар аливаа зүйлсийг шинээр харж, мэдэрч эхэлсэн гэх юм
уу. Тэгээд л эргэн тойрноосоо харсан, үзсэн, мэдэрсэн зүйлсээ өөрийнхөөрөө дүрсэлсээр байгаад шог зураг руу яваад орчихсон.

-Хамгийн анхны бүтээл тань юу байв?

-Би ер нь ганцаараа байх дуртай, нэлээд зожиг хүүхэд байсан. Одоо ч нэг их өөрчлөгдөөгүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа нэг үзэсгэлэн гаргасан юм. Гэхдээ өөрийн хүслээрээ биш, багш л шахаж шаардаж байж үзэсгэлэн гаргаж өгсөн. Тухайн үеийн би тийм зүйл мэдэхгүй, бүр сонирхохгүй, нэг их ач холбогдол өгдөггүй байлаа. Үзэсгэлэнгийн зургуудыг сургуулийн коридороор бүгдийг нь өрж байрлуулаад бусад ангийн хүүхдүүд үзэж сонирхсон. Намайг тэд мэдэхгүй, танихгүй шүү дээ. Тэгтэл хоёр хүүхэд миний зургийг харчхаад “Хөөх, хэн зурсан юм бэ. Оргил гэнэ үү, хэвлэчихсэн юм шиг зуржээ” гэж ярихыг сонсоод үнэндээ бол дотроо их баярласан. Тэр мэдрэмж одоо ч сэтгэлд тод үлджээ.

-Шог зураачийг нийгмийн эмч, шүүмжлэгч, эсвэл нийгмийг харах толь гэх мэтээр олон янзаар тодорхойлдог. Харин та шог зургийг хэрхэн тодорхойлох вэ?

-Сая дурдсан тодорхойлолтууд зөвхөн шог зураг гэлтгүй урлагийн бүх салбарт хамаарах байх. Учир нь урлаг гэдэг чинь хүний амьдрал, нийгмээс урган гарч, уран сайхны аргаар бусдад хүргэж байгаа хэлбэр. Тиймээс хүссэн, хүсээгүй тухайн нийгмийнхээ толь болохоос өөр аргагүй. Шог зураг миний хувьд маш сонирхолтой, бас зугаатай, амьдралын минь салшгүй нэг хэсэг. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд худалч хүнд өдөр бүр шахам ямар нэгэн зүйл зурах болсон. Би энэ салбарт цэвэр хөгжилдөх зорилгоор л зурдаг. Харин шаардлагатай цөөн тохиолдолд шүүмжилдэг. Манай улс төрийн нөхцөл байдал ямар байгааг би дэлгэрүүлж тайлбарлах шаардлагагүй биз дээ. (инээв)

-Та зөвхөн нийгэм, эсвэл улс төрийн сэдэвт баригдахгүй бүтээлээ туурвидаг байх аа?

-Мэдээллийн асар их урсгал дунд хөл нийлүүлэн алхаж буй энэ цаг үед бусадтай нэгэн хэмнэлээр “халуурах” ч бас гоё шүү дээ. Ганцаараа ч хамаагүй инээгээд л сууна. Сэдэв сонгоход надад тийм ч хэцүү санагддаггүй. Би өөрөө хараад инээж байвал “Энэ яг мөн байна” гэж боддог. Гэхдээ нэг сонин зүйл бий. Заримдаа яг зураад сууж байхдаа, эсвэл дууссаныхаа дараа “Ямар балай юм зурчхав аа” гэж боддог. Гэсэн ч “За нэгэнт л зурсан юм хойно хүмүүст үзүүлье” гээд нийтэлнэ. Тэгтэл миний бодсоноос эсрэгээрээ маш олон хүнд таалагдах нь бий. Тэр үед л хүн бүрийн аливааг таашаах мэдрэмж өөр болохыг ойлгосон доо.

-Таны бүтээлүүдийг харахаар зургаас гадна тайлбар нь яг л байгаа оносон сум шиг маш хоржоонтой шүү дээ. Ийм оновчтой, амьд тайлбаруудыг хэрхэн олдог нь сонирхолтой санагдлаа?

-Зураг өөрөө дүрслэл, бас үйл явдал байдаг. Тиймээс тухайн зургийг хүн хараад ойлгох хэмжээнд бодож сэтгэж бүтээх ёстой. Би зохиолч биш. Үгээр бус, дүрслэлээрээ ярьж байгаа учраас тайлбар нь аль болох бага байгаасай гэж хүсдэг. Киноны дундуур найруулагч нь гарч ирээд тайлбар тавиад байвал утгагүй шүү дээ. Ерөөсөө л үүнтэй адилхан. Үүнээс гадна би meme үзэх үнэхээр дуртай. Тааралдвал сонирхоод л суучихна.
Заримдаа ойлгомжгүй зүйл байвал ямар учиртайг нь хайна. Ер нь meme-ний тайлбар маш товчхон хэрнээ их марзан байдаг. Энэ нь надад маш их таалагддаг, бас нөлөөлсөн ч гэж боддог.

-Шог зураг бол тухайн цаг үеийнхээ тусгал гэдэг. Тиймээс зураач цаг үе, орчноо мэдрэх нь хамгийн чухал гэх юм билээ. Таны хувьд ямар зарчим баримталдаг вэ?

-Тийм ч олон зарчим баримталдаггүй. Яг одоо толгойд шууд орж ирж байгаа нь хараалын үг хэрэглэхгүй байх. Мөн сэтгэцийн эмгэгтэй, эсвэл төрөлхийн гажигтай хүнийг шоглож зурахгүй. Тэгвэл хүндэтгэлгүй явдал болно. Шүүх дээр ч ийм нөхцөл байдаг. Энэ хүн хуулийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй гэдэг шүү дээ. Үүнтэй адил шог зураг бол цоо эрүүл хүмүүс хоорондоо, бие биеийнхээ тоглоомыг ойлголцох л талбар юм уу даа.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар сонирхуулахгүй юу?

-Ихэнхдээ компьютерын ард өнгөрдөг. Суугаа ажил хийдэг болохоор хөдөлгөөний дутагдлаас сэргийлж хааяа гарч дасгал хийнэ. Би ер нь олон юм хөөцөлдөж явдаггүй. Ширээнийхээ ард суух дуртай. Гадуур гарахаар Улаанбаатар их жижигхэн, үзэх юм хомс санагддаг. Уг нь улс нь уудам ч хот нь давчуу.

-Нэг зургийн санаа толгойд орохоос эхлээд цаасан дээр буулгах хүртэл хэр хугацаа шаарддаг бол?

-Одоогийн нөхцөлд зурах санаагаа олох л хамгийн хэцүү. Үүнийг зурвал сайн бүтээл болох болов уу гэсэн бодол, эсвэл энэ л яг мөн гэсэн санаа гарахгүй л бол ерөөсөө эхлүүлэхгүй. Хоосон хэвээр л байна. Харин зурах үйл явц хэр удах, эсвэл хурдан дуусах нь сонин биш болжээ. 10 жилийн өмнө бодож санах юмгүй шууд зурдаг байж. Одоо эргээд харахад магад тэр нь ч амар юм шиг.

-Таныг шог зургаас гадна “Бонго”, “Майдар” зэрэг комик ном бүтээснээр нь мэдэх хүн олон. Хүүхдийн ертөнц рүү дахин өнгийж, шинэ цуврал, эсвэл комик ном гаргах төлөвлөгөө бий юү?

-Үгүй ээ, би өөрийгөө энэ салбараас бүрмөсөн татаж авсан. “Бонго”, “Майдар”-ыг бид багаараа бүтээдэг байлаа. Харин өдгөө би ганцаараа ажилладаг. Энэ нь ч надад амар санагддаг юм. Өөр хүний санаа холилдохгүй цэвэр өөрийнхөөрөө сэтгэж, тэр ертөнцдөө туйлж байгаа болохоор ажлын бүтээмж ч өндөр. Нөгөө талаас эдгээр комик маш их ажиллагаатай, энерги барсан ажил байсан.

-Хэн нэгнийг ичээх, эмзэг сэдвийг нь хөндөх тохиолдол цөөнгүй гардаг байх. Зурсан зургаас тань болж гомдож, шүүмжлэх, эсвэл бүр дарамтлах тохиолдол гарч байв уу?

-Мэдээж гаралгүй яах вэ. Шоглуулсан талынхан бол уурлах нь тодорхой. Заримдаа бүр залгана, загнана. Гэхдээ арай ч биечлэн ирсэн тохиолдол одоогоор байхгүй. Би өөрийн бүтээлдээ эзэн нь байж чадна. Харсан зүйлээ л дүрсэлж байгаа учраас бусад хүн дургүйцлээ гээд зурж болохгүй гэсэн үг биш. Үүнийг хориглох боломжгүйг манайхан маш сайн ойлгох хэрэгтэй. Бид Хойд Солонгост амьдраагүй шүү дээ. Эцэст нь “эсрэг”
талынханд хандаж хэлэхэд овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ л гэж захимаар байна даа.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Ч.Номин: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ

06/01/2026
Дотоод мэдээ Урлаг

2025 оны ОНЦЛОХ үйл явдлууд

30/12/2025
Ярилцлага Урлаг

А.Даваасүрэн: Бид шинэ жилийн бэлгэдэлт дүрүүдийг монгол хөрсөнд буулгах хэрэгтэй

26/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Цоохор ирвэс “сэльфи” хийжээ

08/01/2026

МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн дуут чулуу Завхан аймагт бий

08/01/2026

“Түмэн тэмээний баяр-2026”-ыг хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулна

08/01/2026

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

07/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.