Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»М.Нарангэрэл: Бусад улсууд ч гэсэн үндэстнээрээ, улсаараа “Go Mongolia” шиг нэг л уриа үг хэрэгжүүлж авч явдаг
Ярилцлага

М.Нарангэрэл: Бусад улсууд ч гэсэн үндэстнээрээ, улсаараа “Go Mongolia” шиг нэг л уриа үг хэрэгжүүлж авч явдаг

Урлаг Урлаг15/01/2026Шинэчлэгдсэн:15/01/2026Сэтгэгдэл байхгүй13 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аялал жууучлалын мэргэжлийн холбооны ажлын албаны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

-Миний нэрийг М.Нарангэрэл гэдэг. Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Аялал жуулчлалын салбарт 2001 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Энэ ажлыг хийхээс өмнө тур операторын захирал, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны менежер, Олон улсын зөвлөх компаниудад Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэлээр зөвлөх, сургагч багшаар ажиллаж байсан.

-Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны үйл ажиллагааг танилцуулна уу?

-“Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо” нь 2023 онд “Аялал жуулчлалын тухай хууль”-ийг шинэчилсэн найруулгаар салбарын бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, болон бусад оролцогчдыг нэгтгэсэн нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулахаар тусгаж баталж өгсний дагуу салбарын оролцогчдоос анх үүсгэн байгуулагдсан. Нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэхээр хүмүүс Төрийн бус байгууллагатай андуурч яриад байдаг. Энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.7 д заасан статус бөгөөд тухайн салбартаа хувийн хэвшлийн байгууллагуудаа нэгтгэж ажилладаг гэдгээрээ Төрийн бус байгууллагуудаас ялгаатай юм.

Манайд одоогоор 400 орчим аяллын тур оператор компани, 100 гаран аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага буюу зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, 20 гаран нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч, 18 салбар холбоо буюу ГҮТББ гишүүнчлэлтэй байна. Энэ ГҮТББ дотор нь Аялал Жуулчлалын Боловсрол Хөгжлийн Нийгэмлэг гээд багш судлаач нарын нэгдэл, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо, Жуулчин тээврийн холбоо, Аймгийн аялал жуулчлалын холбоо, Эвентийн холбоо, Адал явдал тусгай сонирхлын холбоо гээд нийтдээ өргөн цар хүрээгээрээ 1000 гаран гишүүн бүртгэлтэй байна.

Байгуулагдахдаа эдгээр холбоод болон салбарынхан өөрсдөө гишүүнчлэлийн татвараа төлж ажлын албаа санхүүжүүлдэг бөгөөд эргээд төрийн зарим чиг үүргийг бид салбар холбоодоороо дамжуулан гүйцэтгэдэг.  Тухайлбал, манай Европ, Япон, Хятад, Солонгос, АНУ-ын зах зээл дээр ажилладаг холбоод Монгол улсыг гадаад сурталчлах олон улсын экспо, үзэсгэлэн, фам турыг төр хувийн хэвшлийн хамтын хоршил хэлбэрээр зардал мөнгөө босгож гүйцэтгэдэг.

Дотоодод аймгийн аялал жуулчлалын холбоод маань аймаг орон нутагтаа зохион байгуулдаг жуулчдад зориулсан бэсрэг наадам, үйл ажиллагаануудаа зохион байгуулдаг. Тэгэхээр АЖМХолбооны (Аялал жуучлалын мэргэжлийн холбоо) ажлын алба нь эдгээр салбар холбоодынхоо үйл ажиллагааг нэгтгээд төсвийг нь  батлуулах, тайланг нь олон нийтэд болон салбарт хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх ёстой томоохон үүргүүдийн нэг Олон улсын стандартыг нэвтрүүлэх, мэргэжлийн үнэмлэх олгох, компаниудыг бүртгэх зэрэг үйл ажиллагааг ажлын алба хийж олон нийтэд нээлттэй байршуулдаг.

Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах байгууллагууд манай байгууллагуудын мэдээллийг сайтнаас дэлгэрэнгүйг авах боломж бололцоог бүрдүүлсэн. Мөн бид Монгол улсын хилээр орж ирж байгаа жуулчдын тоон мэдээллийг өдөр бүр Хил хамгаалах байгууллагатай хамтран гаргадаг болсон. Ерөөсөө л энэ байгууллагын бүхий л үйл ажиллагаагаар дамжуулж аялал жуулчлалын салбар  бүх хүнд нээлттэй хүртээмжтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн хөгжилд “Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо”-ны гүйцэтгэх үүрэг их байх. Холбооны байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн томоохон ажлуудасаа товчхон дурьдвал,

Холбоо 2023 оноос хойш Монгол улсыг гадаадад сурталчлах чиг үүргийн хүрээнд олон улсын болон дотоодынхо хөрөнгө оруулагчдыг аялал жуулчлалын салбарт татах “Ногоон хөрөнгө оруулалт” уриан дор хэд хэдэн томоохон эвент арга хэмжээг зохион байгуулсан.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадны донор байгууллагууд болон гаднаас аялал жуучлалын чиглэлээр туршлагатай экспертүүдийг урьж авчирдаг. Энэнд Trip.com, Adventure Travel Trade Association буюу АТТА, Ctrip, JICA, KOIKA, BBC, БНСУ ын дата судалгааны төвүүд гэх зэрэг. Яам болон манай холбооны санаачилсан “TOURISM WEEK” буюу жил бүр зохион байгуулж эхэлсэн аялал жуулчлалын 7 хоног арга хэмжээгээр салбарын төр, хувийн хэвшил, орон нутаг, бизнес эрхлэгчид, багш судлаач эрдэмтэн гэх бүхий л оролцогчид нэгдэж асуудлаа тодорхойлж төрийн бодлого шийдвэрт тусгуулж байна. Ингэснээр харьяа яамны болон бидэнтэй үйл ажиллагаагаар холбогддог яамдын (ГХЯ, ЗТЯ, ГБХНХЯ,) шийдвэр гаргалтууд оновчтой болж ирж байна.

Мөн олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнгүүд болох Берлиний  ITB, Лондонгийн WTM, Японы JET, Сөүлийн SITF, Хятдын COTM, CITM, Францын ТОП РЕЗА д аяллын компаниуд, авиа компаниудыг оролцуулж байна. Мөн манай улс руу шууд нислэгтэй орны тоог нэмэгдүүлэх зорилготойгоор Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд азийн улс орнуудад рөүд шоу зохион байгуулж тэдгээр орнуудаас өвөл ирэх жуулчдыг татах үйл ажиллагааг компаниудтай хамтарч хийлээ.

Аялал жуулчлалын бүсчилсэн хөгжил, аймаг орон нутгийн эдийн засагт бодит орлого оруулахад өвлийн болон аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх эвентүүдийг дэмжин оролцож байна. “Save Mazaalai” өвлийн наадам хийж тодорхой адал явдлын  төрлөөр “Гиннесийн рекорд” тогтоож өвлийн аяллын газрыг зурагт улсаа оруулав.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр төрийн  болон орон нутгийн байгууллагууд, олон улсын бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

-Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдсэн нь Л.Оюун-Эрдэнэ сайдын үед баталсан хууль эрх зүйн болон бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн үр дүн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Манай салбарт 2016 оноос л хойш олон улсын аялал жуулчлалтай хөл нийлсэн бодлогын шинэтгэлийг хийе. Энэний тулд хууль эрх зүйн орчныг яаралтай шинэчлэх шаардлагатай гэсэн салбарын мэргэжилтнүүдийн санаачлага, томилогдсон ажлын хэсгүүд явж байсан. Энийг тухайн үеэс л үе үеийн сайдууд Аялал жуучлалын тухай хуулийг батлуулна л гэдэг байсан. Бид ер нь батлагдахгүй юм байна даа л гэж боддог болсон байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын үед Засгийн газрын үед өөрийн танхимын сайдуудтай аялал жуулчлалын салбарынхантай хэд хэдэн удаа тулгамдсан асуудлуудын талаар өргөтгөсөн хурлуудыг хийж тулгамдсан зүйлсийг нэгтгэж аваад хуулийг шинэчлэх ажлын хэсгийг дахин байгуулсан.

Аялал жуулчлалын салбар бол бусад салбар шиг биш маш олон салбар нэгдэж нийлж байж хөдөлдөг салбар гэдгийг манай салбарынхан сайн ойлгуулж чадсан байх. Ингээд мөн мэргэжлийн холбоодоор хуулийн ажлын хэсгийг бүрдүүлж хуулийн ажлын хэсгийг байгуулж бид хуулиа УИХ-аар амжилттай батлуулсан. Энэ хууль маш олон бизнесийн боломжийг нээж өгч чадсан. Сайн уншаад судалвал энэ салбарт байх ёстой тогтвортой хөгжлийн бодлого, статистик дата мэдээлэл, гадна дотны хөрөнгө оруулалтын орчин, хүний нөөцийн сургалт судалгаа, орон нутгийн удирдлагын хийх зүйлс, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч, хил орчим, аялал жуулчлалын бүс, аялал жуулчлалын салбарын засаглалын тогтолцоо, аюулгүй байдал, даатгал, олон улсын стандартуудыг нэвтрүүлэх,  мэргэжлийн үнэ цэн гэсэн олон ойлголтуудыг шигтгэж өгсөн гэж хардаг. Мөн хамгийн чухал нь аялал жуучлалыг дэмжих жилийн хүрээнд гарсан төрөөс үзүүлэх НӨАТ, ААНОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтүүд, гарааны бизнес, эко ариун цэврийн байгууламж, шинэ бүтээгдэхүүн технологи нэвтрүүлсний хөнгөлөлт чөлөөлөлт гээд ёстой нэг хүслийн жагсаалтыг  дагах 16 хуулинд нь хүртэл оруулж хамтад нь УИХ-аар батлуулж өгсөн. Одоо энэ хуулийн үр дүнгээр салбар төрөөс хөнгөлөлттэй зээл авах гээд Засгийн газрын тогтоол батлагдаад явж байна.

Мэдээж зарим зүйлсийг бид цааш илүү боловсронгуй болгоод явах боломж одоо ч нээлттэй байгаа. Энэ тогтолцоог сайн угсарч өгсөн. Тухайлбал, Ерөнхий сайд ахалдаг Аялал жуучлалыг хөгжүүлэх үндэсний хороо гээд бүтэц байна. Бид энд салбарын төлөөллөөс гадна салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс бусад яамдын сайдуудын хамт шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж өгсөн.

Ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн энэ хороог ахлах үүрэгтэй. Холбогдох яамдын сайд нар Аялал жуучлалын талаар хамтран бодлого боловсруулж шийдвэр гаргахад оролцоно. Энэ бол засаглалын хувьд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг манай салбарт шинэ түвшинд гаргаж ирсэн. Бусад яамд бидэнд тулгарч байгаа бэрхшээлүүдийг ойлгоход маш том хөшүүрэг болсон. Тухайлбал, визний хөнгөлөлт, чөлөөлөлт, цахим виз мөн агаарын тээврийн либериалчлал, монгол улсыг нэгдсэн өнгө төрхтэйгээр сурталчлах зэрэг нь манай улсыг гадаад талдаа ч нэг бодлого барьж эхэлснийг харуулсан. Гадны аяллын агентууд илт сонирхож эхэлсэн нь жуулчдын тооны бодит өсөлтөөс өнөөдөр харагдаж байна. Энэ салбарт улс төрийн манлайлал дутагдаж байсныг харуулсан. Ковид цар тахал бол монгол улсыг аялал жуулчлалын салбарын өрсөлдөөнд хэрхэн зөв бодлого явуулж салбараа сэргээх бодлогыг нь бусад улстай харьцуулах нэг шалгуур байсан.

Яг ковидын дараа сэргээх богино хугацааны стратегийг манай аялал жуулчлалын салбарынхан өөрсдөө сууж боловсруулаад Засгийн газарт өгч байсан. Ерөнхий сайдтай уулзах гэж бид маш олон удаа ковидын тест хүртэл өгч байлаа. Гурван жилийн хугацаанд ингэж сэргээнэ гэсэн яг л хэрэгжсэн. Хөл хорионы үеэр хүртэл “Club house”-аар яаж нэг сая жуулчин авах вэ гээд л хэлэлцүүлгүүдийг тасралтгүй хийсэн. “Хилээ нээ бидэнд итгэ” аялал жуучлалын салбарынхан бид саналаа нэгтгэлээ гэж танилцуулахад үнэхээр тухайн үеийн засгийн газар итгэж зоригтой нээж өгсөн.

Бидэнд тодорхой хэмжээнд айдас байсан. Олон нийтийн шүүмжлэлд өртөхөөс эхлээд л хүн амын эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүй яах бол гээд. Гэхдээ Засгийн газар нь кабинетаараа сайдууд дэмжсэн нь бидэнд хамгийн их урам өгсөн тул таны асуусан асуулттай санал нийлнэ.

-Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын Засгийн Газарт Соёлын сайд болон ССАЖЗЯ ын сайдаар ажиллаж байсан Ч.Номин сайд тухайн үед батлагдсан хууль эрх зүйн болон бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн төлөвлөгөөг сайтар гаргаж, үндэс суурийг зөв тавьж, сайн ажилласан нь өнөөдрийн Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ололт, амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Ч.Номин сайдыг салбарын яамыг тэргүүлэн салбараа сайн авч явъя, бодлогын баримт бичгийг нь зөв гаргаж өгөхийн төлөө хичээж ажилласан гэж би хувьдаа үздэг. 2023 оноос хуулиа батлахад Засгийн газрын гишүүний хувьд энэ ажлуудын эхлэлийг тавьсан байсан. Манай салбарынхан ч өөрсдөө ч бодлого төлөвлөлтөө гадна дотны зөвлөх байгууллага, мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаач, бизнесийнхэнтэй нийлж урт хугацааны болон бодлогын чанартай шинэчлэлийн ажлыг тууштай дэмжээд явах нь зөв гэж шийдсэн байсан.

Хурал ихэдлээ л гээд байсан ч үнэндээ монгол улсыг яаж энэ эрчээр нь дахин “rebrand” буюу цоо шинэ өнгө төрхтэйгээр гаргаж ирэх вэ гэдэг дээр бусад яамдуудтай хамтарч ажилласан. Ковидын дараах сэргээх стратегийн дараа цаашид эдийн засагтаа өгөөжтэй байх, монгол улсыг хоногшуулах бодлогын баримт бичгийг боловсруулах зайлшгүй эрэлт хэрэгцээ байсан уу гэвэл байсан. Ажлуудаа хувааж аваад л бүгд дор бүрнээ ажилласан байх. Бидний хувьд салбараа цэгцлэх, нэгтгэх, санал бодлыг нь төр засагт хүргэх, алдаа оноонуудыг гаргаж өгөх, цаашид бизнесийн орчноо эрүүл болгох зэрэг ажлуудаа илүү анхаарч байсан бол аялал жуучлалыг хөгжүүлэх үндэсний хороо бодлогын баримт бичгүүдээ тухайн үеийн Засгийн газрын сайдууд, үндэсний хороодууд хариуцаад ажилласан.

Энэ бүхний үр дүн UN-ийн “World Tourism Barometer” тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтсан. Тодруулж хэлбэл, Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээрээ дэлхийн улсуудаас 15-т жагссан талаар болон бусад ололт амжилтанд чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэ үр дүнг бид зөвхөн мэдээ төдийгөөр харахгүй байгаа. Олон улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг олон тур агентууд жуулчдаа хаашаа аялуулах вэ гэдэг дээр шийдвэр гаргахад л энэ статистик хангалттай нөлөө үзүүлж чадна. Ер нь ийм судалгаа мэдээний хувьд бид өөрсдийгөө  гаргаж олон улсад үнэлэхгүй л дээ.

Энийг хөндлөнгийн олон судалгааны үр дүнгээр хэмжиж гаргаж ирж байгаа. Экспертүүд саналаа өгнө, жуулчдын бодит сэтгэгдлийн динамикийг харгалзаж үзнэ. Зүгээр л манайх сайн байсан гэхээр өө тийм байна гэж гаргадаггүй том судалгааны үр дүн юм. Энэнд төр засагтай хамт манай салбарынхан өөрсдөө үнэхээр их хичээж ажиллалаа гэж бид хардаг. Энэ хуулийн шинэчлэлээ хир хурдан хүлээж аваад нэгдэж нийлж байгаа нь энэ үзүүлэлтийн том шалгуурын нэг.

-“Go Mongolia” үндэсний брэнд Монгол улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн ололт, амжилтанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Монгол улсыг сурталчлах бол манай аялал жуулчлалын салбарын хамгийн чухал үүрэг байдаг. Бидэнд брэндийг батлуулахаас өмнө хэд хэдэн удаа танилцуулж байсан. Бид “Go Mongolia” үндэсний брэндийг аялал жуулчлалын салбартаа хэрэглэх, сурталчлах үүргийг Засгийн газраас тогтоолоор хүлээж авсан. Энэ бүхнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, улсаа сурталчлах ажлаа, брэндингийг хоногшуулах үйл ажиллагаанд салбараараа идэвхитэй оролцсон.

Мөн Монгол улсаас гарч байгаа аяллын бүхий л брошур, танилцуулгуудаа “Go Mongolia” брэндээр илэрхийлснээс гадна Олон улын үзэсгэлэн экспонуудад байршуулж, контентуудаа байршуулсан.

Энэ муу боллоо гэсэн шүүмжлэл одоогоор бидэнд салбарын зүгээс ирээгүй. Хаанаас авч хэрэглэж болох вэ гэж асуудаг. Бид брэнд бүүкийг хэрэглэх зааврыг өгдөг. Хамгийн гол нь хүн бүр өөр өөрийн өнцгөөр энийг хийхэд өндөр зардал гардаг тул нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шийдвэр бол зөв байсан. Гадаад дахь сурталчилгаа хийх зардал бол үнэхээр өртөг өндөр байдаг тул төр хувийн хэвшил хоёр энэн дээр хамтрахаас өөр аргагүй байдалд байдаг. Ганц жуулчны салбар биш соёл, спорт, экспорт, хүний эрх, ардчилал гээд олон салбар ашиглахад наалдацтай байсан. Ер нь төр нь нэг зүйл бариад хувийн хэвшил нь өөр өөр өнгө төрхөөр сурталчлаад байвал маркетинг хоногшуулалтан дээр алдаа гарахаас эхлээд улсын нэгдсэн бодлогыг гадагшаа тодорхойлж чадахгүй. Манай энэ брэндээр хийсэн хэд хэдэн үзэсгэлэнгийн стэнд шилдэг өнгө төрхтэй бүүтний дизайны шагналуудыг авч байсан. Жил дараалан ч авсан тохиолдол байна.

Уялдаа холбооны хувьд гадаадад Монголын маань талаар харсан “Go Mongolia” always- moving  уриа нь зочныг ирэхэд нь онгоцны буудлаас нь эхлээд л бүхий л үйлчилгээний газар, такси, автобус, бэлэг дурсгал, сурталчилгааны самбарууд дээр байсан нь илүү хоногшиход дөхөм байсан байх. Мөн Монгол орны талаарх жуулчдын видео, блог, зураг, хаш таг дээр энэ үгээр тэмдэглэж бичсэн нь бас үр нөлөөтэй байсан. Мөн шинэ сэргэлтийн бодлого гэдэг утгаараа урагшил, өөдөө тэмүүл гэсэн нь уриалсан идэвхжүүлсэн урам өгсөн агуулгатай нь хурдан нийцсэн байх.

Бусад улсууд ч гэсэн үндэстнээрээ улсаараа нэг л уриа үг хэрэгжүүлж авч явдаг. Amazing Thailand, Incredible India, Nihao China, Visit Uganda. Энэ стандартуудаас бол манайх гажаагүй.

Ер нь томоохон сурталчилгаа, медиа компаниуд, зөвлөхүүд Монгол улсын Засгийн газар аялал жуулчлалдаа анхаараад байгааг хараад манайх руу одоо ч холбогдсоор байгаа. Бидэнд олон төрлийн санал тавьсаар л байгаа. Тэгэхээр бид тэдний анхааралд нь орсон гэсэн үг.

-Монгол Улс 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, салбарын эдийн засагт эхлэх хэмжээг 4 тэрбум ам.долларт хүргэхийн тулд бид хэрхэн ажиллах вэ?

-Бид 2 сая жуулчин хүлээн авахын тулд Монголыг яг хэн сонирхох уу, тэд нарт ямар аяллаа хэрхэн хүртээмжтэй зарах уу гэдэг дээрээ судалгааны үр дүнгүүдийг харж шийдвэр гаргаж ажиллана. Иймд 2030 он хүртэлх аялал жуулчлалын салбарын стратегийг BCG-тэй хамтран олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан байгаагаа хэрэгжүүлэх 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны дагуу ажиллах, “Go Mongolia” үндэсний брэндийн сурталчилгаа, коммуникацийн хөтөлбөрийг олон улсын түвшинд болон улсынхаа хэмжээнд далайцтай хэрэгжүүлэхийн тулд ССАЖЗЯ ямар бодлого барьж ажиллахаа яаралтай салбарынханд чиглэл өгөх шаардлагатай байна.

Монгол улс 2030 он гэхэд байгаль, адал явдал, түүх соёлын өв, амарлихуйн аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлэгч улс болохоор төлөвлөж байна. Жил бүр 2 сая жуулчин хүлээн авч, одоогийнхоо тоон үзүүлэлтийг гурав дахин нэмэгдүүлж, аялал жуулчлалын салбараас эдийн засагт оруулах хувь нэмрийг үлэмж нэмэгдүүлэхийг зорьж байна.

Монгол Улс байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц газар нутаг, соёлын баялаг өв, нүүдэлчдийн ёс уламжлалдаа тулгуурлан, сэтгэл татам, жинхэнэ орчныг мэдрэхийг хүсэж буй аялагчдын заавал очиж үзэх газар болох болно.

Монгол Улс энэхүү алсын хараанд хүрэхийн тулд аялал жуулчлалын дэд бүтцээ хөгжүүлж, зам, тээврийн холболтоо сайжруулж, байгаль орчин, өв соёлоо хослуулсан тогтвортой аялал жуулчлалын сайн туршлагыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон нутагт эдийн засгийн үр өгөөж хүртээхэд анхаарч ажиллана. Маркетинг, бодлогын шинэчлэл, олон улсын түншлэлд оруулах стратегийн хөрөнгө оруулалт нь дэлхийн аялал жуулчлалын салбарт Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх болно.

Аялал жуулчлалын өсөлтөө дэлхийн шилдэг туршлагатай уялдуулснаар Дэлхийн Эдийн Засгийн Форумын аялал жуулчлалын хөгжлийн индекс зэрэг олон улсын аялал жуулчлалын үнэлгээнд сайн үр дүн үзүүлж, дээгүүр байр суурь эзлэхийг эрмэлзэж байна. Монгол Улс сайтар боловсруулсан хамтын ажиллагааны арга барилаа ашиглан, жуулчдад сонирхолтой адал явдал, соёлын гүн гүнзгий эрэл хайгуул, утга агуулгаар дүүрэн аяллуудыг санал болгодог тэргүүлэгч газар болон хөгжих болно.

Монголын аялал жуулчлалын энэхүү стратеги нь онцлог шинж чанар, сонголтод тулгуурлан тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай аялагчийн 7 гол сегментэд чиглэсэн бөгөөд нийтэд нь үндсэн болон туслах бүлгүүдээр ялган авч үзсэн болно. Үүнд,

Үндсэн сегментүүд:

  • Соёлын залуу аялагчид – Жинхэнэ бодит, соёл, өвөрмөц дурсамжийг эрэлхийлэгч сониуч аялагчид
  • Өрнийн ахмад аялагчид – Өв соёлтой танилцаж, тав тухтай  урт удаан сонирхолтой аялалд дуртай туршлагатай аялагчид
  • Дорнын ахмад аялагчид – Богино хугацаанд гүнзгий танилцаж, хөтөчтэй  аялахыг илүүд үздэг сонирхолтой аялагчид
    Байгальд адал явдлын идэвхтэй аялагч – Бие бялдрын  сорилт, байгаль, болон адреналинд дуртай адал явдал хайгчид
  • Гайхамшиг эрэлхийлэгч нас тогтсон гэр бүл – Өв соёлтой танилцаж, төгс дурсамжтайгаар чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхийг зорьдог  идэвхтэй гэр бүлүүд

Туслах сегментүүд:

  • Дурсамж бүтээгч залуу гэр бүл – Шинийг сурч танилцахдаа  энгийн хялбар аяллыг хослуулдаг залуу гэр бүлүүд
  • Ганцаарчилсан амарлихуйн аялал – Хувиараа амьдралын мөн чанарыг гүн гүнзгий бясалган аялах дуртай бие даасан аялагчид

Эдгээр сегмент бүлгүүд өвөрмөц сонирхол, хүсэл сэдэл, хүлээлттэй байдаг тул олон улсын жуулчдын сонирхлыг илүү татаж, жуулчны тоог цаашид нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс жуулчдын хэрэгцээнд тохируулан хөгжүүлсэн мэдээллийн сүлжээ болон аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохоор ажиллаж байна.

Эцэст нь хэлэхэд ер нь манай салбар гадаад талаасаа сурталчилгаа, хамтын ажиллагаанаас асар их хамааралтай салбар гэдгийг олон нийт маань ойлгоосой гэж хүсэж байна. Монгол улсыг бид үргэлж л сурталчилж байх нь зайлшгүй юм.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Ч.Ундрам: Орон нутагт соёл, залуучуудыг дэмжиж, хүний нөөцийг чадавхжуулна

12/01/2026
Ярилцлага Урлаг

Ц.Оргил: Урлаг хүссэн, хүсээгүй тухайн нийгмийнхээ толь болдог

07/01/2026
Аялал жуулчлал Урлаг

Ч.Номин: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ

06/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн хамгийн хөөрхөн муурыг шалгаруулжээ

15/01/2026

Моцартын суут бүтээлүүдийг Австри улсын тэргүүн зэргийн удирдаач Монголын тайзнаа амилуулна

15/01/2026

М.Нарангэрэл: Бусад улсууд ч гэсэн үндэстнээрээ, улсаараа “Go Mongolia” шиг нэг л уриа үг хэрэгжүүлж авч явдаг

15/01/2026

“Орхон шарга”-аар түүх бүтээсэн Монголын анхны циркчин

15/01/2026

Дуучин Рианна дөрөв дэх хүүхдээ төрүүлэхэд бэлэн гэв

15/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.