Энэ бямба гаригт буюу тавдугаар сарын 10-ны 20.00 цагт алдарт Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг Black Box театрт дахин тоглоно. Энэхүү бүтээлийн тухай урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэнгийн бичсэн шүүмжийг толилуулж байна.
Абсурд театрын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол ХХ зууны авангард урсгалын томоохон төлөөлөгч Эжэн Ионескогийн “Хирсүүд” /”Rhinoceros”/ билээ.1909 онд мэндэлсэн Францын румын гаралтай азай буурал энэ зохиолч 85 насыг зооглож, 1995 онд Парис хотноо тэнгэрт халихдаа дэлхийн театрын урлагийг С.Беккетийн хамт орвонгоор нь өөрчилж, шинэчлэл хийсэн хүн юм.Тэрбээр зохиолын уламжлалт бүтэц, зохиомжоос татгалзаж, жүжгийн үйл явдлын цаг хугацаа, хэзээ хэдийд хаана болж буй нь тодорхойгүй, үйл явдлын дараалал, бие биеэсээ хамаарах холбоог эвдэж, зорилгогүй дэмий яриагаар цаг нөхцөөсөн дүрүүдийг бий болгосон. Энэ бүгд нь гагцхүү үлгэрийн гэмээр хачирхалтай үйл явдал, айдас, хүйдэс төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэхэд чиглэж байлаа.Үүний тодорхой жишээ 1960 онд туурвисан түүний “Хирсүүд” жүжигт тод томруун илрэлээ олсон байдаг. Жүжгийн үйл явдал Францын хаа нэгтээ, жижигхэн сууринд өрнөдөг. Хот даяар нэгэн хачирхалтай яриа дэгдэж, гудамжинд хамар дээрээ эвэртэй хирс гэдэг сүүн тэжээлтэн амьтан үзэгдэх болсон тухай сонин хэвлэлүүд шуугисан төдийгүй хотын зарим хүний дух нь товойж, улмаар эвэр ургачихсан явааг харсан тухай яриа амнаас ам дамжин бүх иргэд айдаст автсан байна. Хууль зүйн компанийн ажилтнууд хирс гэх ганц сэдвээр маргалдан хамаг цагаа барж, гагцхүү энэ амьтны тухай яриа л жүжгийн турш үргэлжилнэ. Зарим нэгэн огт итгэхгүй үгүйсгэнэ, зарим нэгэн хоёр нүдээрээ харснаа барин тавин нотлоно. Гэтэл энэ нь цуу яриа биш болж таарав. Хүн яахаараа хирс болж хувирдаг юм , ийм зүйл байх ёсгүй гээд үгүйсгэж байсан хүмүүс, ялангуяа хуулийн салбарын хамгийн шудрага ажилтан: ”Би сэтгүүлчдэд хэзээ ч итгэдэггүй. Бүгдээрээ худалч! Тэднээр юу бодож сэтгэхээ огт заалгахгүй. Ер нь бол би өөрийн нүдээр харсан зүйлдээ л итгэдэг. Багш байсан хүний хувьд шинжлэх ухааны үндэстэй, тодорхой зүйлд дуртай. Би шинжлэх ухаанч хүн” гээд ам бардам тууштай зогсож байсан Ботард /Г.Мөнхжаргал/, энэ байгллагынхны хүндэлж, хамгийн ухаантайд тооцогддог филосифич хүртэл хирс болоод хувирчихдаг.Өдрөөс өдөр өнгөрөх тутам энэ хотынхны хирсжих хүний тоо эрс нэмэгдэж, одоо газар сайгүй харагдах төдийгүй гудамжаар сүргээрээ айдас төрүүлэм дуу гарган явах болжээ..Ийнхүү энэ үйл явдал амьдралаас тасархай жинхэнэ абсурд утга учиргүй мэт авч угтаа, алдарт зохиолч Эжин Ионеско, уран ёгтлол /allegoric/ хэлбрээр, тоталитаризм /totalitarianism/, тодруулбал, бүх нийтийг нэлэнхүйд нь хамарсан сэтгэхүйн хийрхэл хүнд хэрхэн нөлөөлж, тоталитар систем буюу олон түмнийг дарангуйлах тогтолцоо хэрхэн буй болдгийг өгүүлсэн юм.
Өргөн утгаараа, фашизм, коммунизм, бас сүүлийн үед Израилийн нэрт түүхч Ж.Л.Тэлмоны тэмдэглэснээр өнөөгийн цөөнгүй оронд тогтсон тоталитар ардчилал /totalitarian democracy /-ыг шогчлон үзүүлсэн хэрэг. Улс төрийн эрх цөөнхийн мэдэлд орсон цагт олонхи өөрийн эрхгүй тухайн үзэл суртлын хийрхэлд автан хэсэг бүлгээрээ дагадаг оюун сэтгэхүйн гаж үзэгдлийг энд шүүмжилсэн. Үүний зэрэгцээ том тушаалтан, дарга нарыг далдаганаж гүйдэг, амнаас нь гарсан үг бүрийг нь ёсчлон гүйцэтгэж, өөрийн гэсэн байр суурь бодолгүй ,гагцхүү амин хувийн эрх ашгаа эрхэмлэн амиа бөөцийлдэг хүмүүсийн тухай жүжиг юм. Манай монголчууд эвэртэн туурайтангууд гэж хэлдэг нь оргүй зүйл биш. Уг жүжгийн гол баатар Беранже л ганцаараа хэн нэгэн эвэртэн туурайтанг дагаж салбаганасангүй, хүн төрхөө хадгалан “хирсүүдтэй”-тэй хүч тэнцвэргүй тулаанд орохоор шийдвэж байна. Жүжигчин Идэрболд өөрийн бүтээсэн дүрээрээ, Беранже хэдүйгээр сархад ууж, согтуугаараа бусдад ад үзэгддэг ч гэлээ хүний мөс жудгаа алдалгүй үлдэж байгаа ганцаардмал хүн гэдгийг харуулав. Хамгийн гол нь хүн үзэл бодлоосоо урвах, өөрийнхөө дахин давтагдашгүй зан, хүний мөс, жудагаа алдвал, адгуус мэт болж хувирдгийг Эжен Ионеско далд утгаар ёгтлон ямар ч цаг үед мөхөшгүй гүнзгий санааг “Хирсүүд” жүжгээрээ өгүүлсөн юм. Нөгөө талаас , улс төр, үзэл суртал, нийгмийн дарамт нь бие хүний мөн чанрыг алдагдуулж, нэг талаас эрх мэдэл, өндөр тушаал горилогч эвэртэн туурайтнуудыг төрүүлж, нөгөө талаас тэднийг аялдан дагагчдын сүргийг бий болгодог гэх санаа уг жүжгийн нэвтрэн гарах гол шугам болжээ. .Хүний уг чанарт хүчээр түрэмгийлэх зан, эсвэл айдас хоёр зэрэгцэн байдаг тухай Зигмунд.Фройд тэмдэглэсэн байдаг. Жүжгийн гол баатрын нэг Жанг жүжигчин Л.Эрдэнэ-Очир сонирхолтой бүтээлээ. Тэрбээр Жаны оюун сэтгэхүйд өөрчлөлт гарч буйг дуу хоолойнхоо өнгө аясын хувирлаар чадварлаг илэрхийлэв. Бардам дээрэнгүй, харгис шинж чанар аажим аажимдаа өндөрсөх түүний эрс шийдэмгий хоолойн өнгөнөөс улам тодроно. Жаны дуу улам аймшигтай болж байна. “Миний эсрэг байгаа хүмүүсийг замаасаа зайлуулахыг хүсдэг. Тэгэхгүй бол би тэднийг няц гишгэчих гээд байдаг юм . . . Ер нь нийгмийн ёс суртахуун гэж юу юм? Тийм зүйл байхгүй.
Ёс суртахуун бол бол байгалийн эсрэг зүйл. Харин юу хүссэнээ хийх эрх надад бий. Ёс суртахууны хэм хэмжээ? . . . Тэр хэм хэмжээг чинь бодохоор бөөлжис цутгаж байна. Тэр ёс суртахууны чинь хил хязгаарыг бид давж алхах хэрэгтэй… Тэр соёл иргэншил гэдгийг чинь ор мөргүй авч хаявал бид одоогийнхоосоо хамаагүй дээр болцгооно.Тэр хүмүүнлэг нийгэм чинь далд ороосой!” хэмээн хэлэхэд түүний духны булдруу томорсоор эвэр ургаж арьс нь ногоороод хирс болж хувирч буй хэсгийг Л.Эрдэнэ-Очир чадварлаг харуулав. Эжен Ионеско хүн адгуус болж хувирах /mutation/ үзэгдлээр хүмүүн төрлөхтэн хүн төрхөө гээж буйд харамсах, эмзэглэх сэтгэлээ илэрхийсэн болов уу. Гол баатар Беранжегийн хувьд хамгийн хэцүү нь түүний хайртай бүсгүй Дэси /Д.Оюунзул/ аажимдаа хирс болон хувираад түүнийг орхиод явж буй хэсэг юм.Д.Оюунзул Дэсиг их ухаалаг, оюунлаг, соёлтой бүсгүй талаас нь харууллаа. Гэлээ ч Д.Оюунзулын Дэси сэтгэлийн хувьд хатамжгүй, бас нийтийг дууриах сониуч зангаасаа болж Хирсийн сүрэгтэй нийлж байгааг харуулав. Эжен Ионеско уг жүжигтээ конформизм /conformism/ аялдан дагах үзэл санааг хурц шүүмжилсэн юм. Эвсэгч аялдан дагагчдаас болж, шудрага ёс, нийгмийн үнэт зүйлс үгүй болж, гадны ямар ч аюул бий болох тааламжит нөхцөл бүрэлдэж болохыг “Хирсүүд” жүжиг бас өгүүлсэн юм. Жүжгийн баатруудын нэг хоосон цэцэрхэж явдаг философич, шудрага дүр эсгэсэн Папион гээд олон хүмүүс нийтийн хийрхэлд өөрийн эрхгүй автан цөмөөрөө хирс болон хувирдаг. Ялангуяа жүжигчин С.Баасанжаргалын бүтээсэн Дудард мэдлэг боловсрол сайтай, юмны гол учрыг олохыг чармайдаг боловч үзэл бодлоо тууштай хамгаалж чаддагүй, олны амыг харсан байр суурь нь түүнийг хирс болгоход хүргэж байна. Ер нь хүн өөрийнхөө бүтээлч хандлага, хүмүүний жудаг, мөс чанраа гээвэл хүмүүн төрлөхтөнд ямар гай учирч болзшгүйн тухай л Эжен Ионеско энэ жүжигтээ өгүүлсэн. Ялангуяа нийгэм ахуйн дарамт хүмүүсийг нэг ижил хэв загварт оруулж, адилхан сэтгэх, бодох зуршилд автахыг хараад зохиолч ихээр эмзэглэж “Хирсүүд” жүжгээ туурвисан хэрэг. Энэ санааг найруулагч Ж.Амарзаяа, ерөнхий найруулагч, зураач С.Мягмар нар бас кино дүрслэлээр шигтгээ хийн баяжуулж гаргасан нь ончтой шийдвэрлэл болсон байлаа. Өнөөгийн Монголд байгаа олон нам, бас багаараа ажиллана гэх нэгэн мод болсон зарчим хичнээн олон хирсүүдийг төрүүлж байгаа бол…..? Ямартай ч “Black Box” постмодерн театр нийгмээ, амьдралаа, хүмүүс бид өөрсдийгөө өөр өнцгөөс, шинээр харах өргөн боломжийг нээлээ.
МЗЭ-ийн шагналт судлаач, профессор Дэмчигдоржийн Мягмарсүрэн