Хэдэн мянган жилийн тэртээгээс үе дамжин, монгол туургатны түүх соёл, ёс заншлыг хадгалсаар ирсэн энэ үнэт өв өдгөө өвлөгчгүй шахам болж, мөхлийн ирмэгт тулсныг судлаачид ярьсаар байна.
Соёлын өвийн төвийн соёлын биет бус өвийн хэлтсийнхний бүртгэснээр өнгөрсөн онд манай улсад 23 туульч байжээ. Тууль хайлах нь битгий хэл сонсох хүн бараг үгүй болсон энэ цагт туулийн төлөө сэтгэлээ чилээн суугаа хэдхэн хүний нэг нь урлагийн гавьяат зүтгэлтэн, туульч Д.Өлзий. Түүнтэй туулийн тухай ярилцлаа.
-Та хэзээнээс тууль судалж эхэлсэн бэ?
-Миний ээж туульч хүн байсан. Ээжийнхээ тууль хайлахыг багаасаа сонсож өслөө. Туулийн аялгуу их таалагддаг. Хүн сонсоход нэгэн хэвийн юм шиг боловч их уянгалаг. Би багаасаа тууль хайлаагүй л дээ. 1980-аад оноос судалж эхэлсэн. Зохиолчдын эвлэлийн хорооны дэргэдэх үлгэрийн танхимд ажилладаг байлаа. Тэнд ардын аман зохиолын төрөл зүйлийг судлах явцдаа туульд дурласан.
Өмнө нь олон удаа сонсож байсан ч туулийн сайхныг бүрэн мэдэрч, ойлгоогүй явсан байж. Тууль ямар агуу урлаг, үндэсний үнэт өв соёл болохыг мэдэрснээр Х.Цэрэнчимэдтэй хамтарч судалгаа хийсэн. Хүмүүстэй уулзаж, мартагдах шахсан туулиудыг цуглуулж, тууль хэрхэн хайлах арга ухаанд суралцсан.
-1940-өөд оноос хойш халх эмэгтэй туульчдын үе тасраад байсныг та сэргээсэн гэсэн үү?
-Тийм ээ. 1992 онд Монгол туургатны урлагийн их наадам болоход “Жигүүн жигүүн мэргэн хаан, цагаан төмөр жигүүн хаан”, “Алтан ноён, галуу хүү” туулиа хайлж, хоёрдугаар байрт шалгарсан. Тэр үед урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа “1940-өөд оноос хойш халх эмэгтэй туульчдын үе тасраад байсныг Д.Өлзий сэргээлээ. Тэгэхдээ бүр язгуур хэллэг, аялгуу, хэв шинжээр нь хүмүүст хүргэлээ” гэсэн.
Тууль хайлахын өмнө Баруун Монголд заавал “Алтайн магтаал” хэлж, уул, ус, хангай дэлхийгээ аргаддаг уламжлалтай.
-Мартагдах шахсан туулиудыг олж сэргээхэд амаргүй байсан биз дээ.
-“Жигүүн жигүүн мэргэн хаан цагаан төмөр жигүүн хаан” туулийг ээжээсээ өвлөсөн. Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэн Ичинхорлоо гэдэг хүний хайлж буй бичлэгийг үзэж, “Алтан ноён, галуу хүү”-г сурсан. “Богд Жангар хаан” туулийг Ганданд лам байсан Цэрэндэмчиг гуай надад өгсөн. Миний мэдэх туулиудаас хамгийн урт нь энэ гурав. Эдгээрийг нэгтгэж “Халхын гурван тууль” цомог гаргасан. Энэ нь тууль өвлөгчдөд үнэтэй эх сурвалж болно. Энэ мэтчилэн ах, эгч, хамаатан садан, туульч, тууль судлаачидтай уулзаж олж авсан даа.
-Халх тууль Баруун Монголынхоос юугаараа ялгаатай вэ?
-Хэмжээ нь богинохон. Мөн үг хэллэг тод, аялгуу нь уянгалаг. Баруун Монголын туулийг хайлахад хэдэн өдөр, шөнө бүр сарын хугацаатай үргэлжилдэг байхад Халхынх тийм биш. Баруун Монголд эмэгтэй хүн тууль хайлдаггүй бол Халхад ихэвчлэн эмэгтэйчүүд хэлдэг. Тууль бол ардын аман зохиолын хамгийн том төрөл. Тууль дотор үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр үг гээд аман зохиолын бүх төрөл багтдаг. Тууль хайлахын өмнө Баруун Монголд заавал “Алтайн магтаал” хэлж, уул, ус, хангай дэлхийгээ аргаддаг уламжлалтай.
-Таныг гэртээ туулийн сургалт явуулж, шавь бэлтгэж байгаа гэж сонссон.
-Нас өндөр болсон болохоор мэддэг чаддаг бүхнээ ямар нэг аргаар залуучуудад өвлүүлье гэж бодсон юм. Тиймээс жилийн өмнөөс гэртээ сургалт явуулж эхэлсэн. Саяхан 14 хоногийн сургалтаа дууслаа. Баянхонгор аймгийн Галуут сумын дунд сургуулийн хоёр сурагч болон гурван том хүн хамрагдсан.
Энэ сургалтаар “Богд Жангар хаан”-ыг заалаа. Тэгэхдээ бүтнээр нь биш шүү дээ. Оршил хэсгийнх нь талыг л заасан. Энэ туулийг хүссэн хүн бүр хэлэхэд амаргүй юм. Тууль хайлж буй хүний хоолойн өнгө, хэллэг, намба төрх гээд бүх зүйл нь туулийнхаа агуулга, утга санаа, дүртэй зохицох шаардлагатай. Ямартай ч сэтгэлээ чилээсний үр дүнд ардын уран зохиолч Т.Галсангийн гаргаж ирсэн монгол Жангарыг Галуут сумынхан хүмүүст толилуулах нь.
Өөрийн мэддэг халх туулиудаа уламжлалт аялгуу, хэллэг, язгуур хэв шинжээр нь шавь нартаа заалаа. Мэддэг бүхнээ шавь нартаа заагаад сэтгэл жаахан тайвширч байна. Нийтдээ арав гаруй шавьтай болж. Үүнийг цаашид түгээх нь шавь нарын минь ажил. Гэхдээ бие өвдөхгүй бол дахиад хэдэн хүүхдэд сургалт явуулах санаатай. Өвлөгч бэлтгэх ажилд ССАЖЯ, Соёлын өвийн төв, Хэл зохиолын хүрээлэнгийнхэн ихэд анхаарч байгаад талархаж байна.
Зарим хүн хаана нь ерөөл, аль хэсэгт нь магтаал хэлж байгаагаа ялгаж ойлгохгүй бүгдийг нь хольчихдог. Энэ бүгдийг ойлгож байж амьсгаагаа зөв хуваарилж, дууны өнгө, нүүрний хувирлаа өөрчилдөг.
-Баянхонгорын Галуут сумынхан өөрсдөө тань дээр ирсэн үү?
-Галуут сум миний төрсөн нутаг. Тус сумын дунд сургуулийнхан дуу хөгжмийн тэнхимээ миний нэрэмжит болгосон. Тиймээс тэдэнтэй ойр байдаг юм. Дээр үед Галуут сумыг хошуу байхад манай аав ноён нь байсан юм билээ.
Би аавыгаа сайн мэдэхгүй. Намайг гурван настай байхад аавыг минь хэлмэгдүүлсэн гэсэн. Сайхан дуулдаг хүн байсан юм билээ. Богд хаан төрийн дуучин шалгаруулахаар нутаг бүрээс дуучид цуглуулж уралдаан зохиоход аав тэргүүлж, төрийн дуучин цол хүртсэн гэдэг. Дандарын овоо гэж аавын тахидаг байсан овоо Галуут суманд одоо байдаг.
-Манайхан туулийнхаа язгуур хэв шинжийг хадгалж чадаж байна уу?
-Одоохондоо язгуур хэв шинжээ арай алдчихаагүй байна. Туулийн агуулга, утга санаа, хэллэгийг ойлгохгүйгээр хэлж болохгүй. Зарим хүн хаана нь ерөөл, аль хэсэгт нь магтаал хэлж байгаагаа ялгаж ойлгохгүй бүгдийг нь хольчихдог. Энэ бүгдийг ойлгож байж амьсгаагаа зөв хуваарилж, дууны өнгө, нүүрний хувирлаа өөрчилдөг.
Тэгэхгүй бол туулийн мөн чанар, утга алдагдана. Өнгөрсөн жил болсон “Төв Азийн тууль II” олон улсын симпозиумд оролцож буй хүмүүсийг харахад Баруун Монголд үе дамжсан чадварлаг залуу туульчид гарч ирж байна. Төрийн шагналт, туульч Б.Авирмэдийн хүү А.Балдандорж туулийг уламжлалт хэллэг, аялгуу, хэв шинжээр нь өвлөсөн туульч. Мөн Э.Баатаржав гээд хүү бий.
-Таны тууль хайлж буй бичлэгийг ЮНЕСКО-гийн фондод хадгалж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. 2002 онд болсон Монголч эрдэмтдийн уулзалтын үеэр хоёр шавьтайгаа тууль хайлж буй миний бичлэгийг ЮНЕСКО-гийн соёлын өвд туулийг бүртгүүлэхдээ фондод нь хадгалуулсан. Надаас гадна туульч Б.Уртнасан, Б.Баярмагнай, А.Балдандорж нарын тууль хайлж буй бичлэгийг хадгалуулсан гэсэн.
П.Тунгалаг