Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас
Тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэж ардын зүйр цэцэн үг байдаг.
Монголын нийтийн дууны урлагт хүчин зүтгэж ард түмэнд уянгалаг сайхан дуугаараа танигдсан олон сайхан уран бүтээлч байдаг. Тэр дундаа 80,90-ээд оны үед уянгын дууны хаан гэгдэж явсан, солгой хэмээх Н.Төмөрхуягийн дууг сонсоогүй аялж үзээгүй дунд үеийнхэн гэж үгүй биз ээ. Энэ л эрхмийн дуунд уярч, ухаажиж хүмүүжиж явсан хүмүүсийн тоо ч багагүй байдаг билээ. Хорвоод ганцхан ээждээ, Ухаарч амьдрах хорвоо, Амьдрал хайр дээр тогтдог, гэх мэтчилэн дууных нь нэрнээс л ухаарал хайралсан мөртүүд эхэлдэг.
Урлагийн тогоонд урт удаан жил чанагдаж, тэр л салбартаа үнэнчээр зүтгэж бусад зүйлд хэлбийлгүй шудрагаар хөдөлмөрлөсөн эрхэм уран бүтээлч Н.Төмөрхуягийн дууны урлагт хийж бүтээсэн бүхнийг төр засгаас өндөрөөр үнэлж Ардчилсан ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол улсын гавъяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрийг нь мялаасан нь саяхан билээ. Зарим нэг хүмүүс ардчилсан ерөнхийлөгчийн мэдрэмжийг аугаа юмаа гэж шивнэлдэх юм билээ. Тэгвэл Бурмаар тэтгэхээр, Урмаар тэтгэ гэдэг үг лугаа адил эрхэм ерөнхийлөгчийн өгсөн шагнал нүдээ олсон бөгөөд уран бүтээлчид маань дахин уран бүтээлүүдээ үргэлжлүүлэх сэдлийг өгсөн гэлцэж ойр дотны хүмүүс нь ярих юм.
Олон жил хүлээсэн энэхүү шагналыг авсан Төмөрхуяг ахин төрсөн мэт болж, архи дарснаас ч нүүр буруулсан гэдэг. Харин энэ цаг үед түүнд эртнээс уран бүтээлийн хамтарсан тоглолт хийхийг санал болгож байсан нутгийн дүү МУСТА дуучин Д.Балдангийн саналыг хүлээж авах бодол толгойд нь орж ирсэн гэдэг шүү. Харин дуучин Д.Балдан түүний амьдралыг хамгаас сайн мэдэх учир 25-р суваг телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлэгт хүртэл оруулж, аж амьдралтай нь ард түмнийг танилцуулаад амжсан юм байна лээ. Үзэж амжаагүй хүмүүс нь ухраагаад үзэхэд гэмгүй л нэвтрүүлэг болсон байсан. Харин тэр үеэс дуучин Д.Балданд хамтарч уран бүтээлийн тоглолт хийхээс гадна тоглолтынхоо орлогоор Н.Төмөрхуягт нэг өрөө байр авч өгнө гэсэн санаа төрсөн юм байна лээ.
Хүн бүр нийгмийн хариуцлагын тухай ярьдаг болсон энэ үед үүнээс том дэм гэж юу байхав. Тоглолт хийхэд багагүй зардал гардаг гэдгийг хүмүүс андахгүй. /Бөхийн өргөөний түрээс, хэвлэл мэдээлэл, суртчилгаа, техник хэрэгсэл, дуу бичлэгийн студийн зардал/ гээд л тоочоод байвал баршгүй олон зүйл байдаг билээ. Энэ бүхнийг дуучин Д.Балдан маань өөрийнхөө унаж яваа унааг хүртэл зараад гаргасан юм байна лээ. Унаж яваа морио өгөөд дээрээс нь олсон хэдэн бороороо ядарч яваа нэгнээ орох оронтой болгоноо гээд яриад явдаг хүнийг 21-р зууны Монгол улсаас хайгаад олохгүй бизээ. Харин хамгийн том үлгэр жишээ болсон залууг www.URLAG.mn энэ удаа онцолж байна.
Тавдугаар сарын 19-нд бөхийн өргөөнд тоглогдох тоглолтынх нь үнэ 10,000 төгрөг юм байна. 80, 90-ээд оныхны сэтгэлд мөнхөрсөн дуунуудыг аав, ээждээ сонсгоорой. Залуу хүний хувьд би байр авч өгөхгүй юмаа гэхэд билетийг нь авч тоглолтыг үзээд кайф авч, хөрөнгө оруулахаар шийдсэн. Утга, уянга хосолсон "Хорвоод ганцхан ээждээ" тоглолтыг найз нөхдөөрөө, гэр бүлээрээ, хамт олноороо очиж үзээрэй.