Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ц.Гантөмөр: Би ажил, амьдралдаа зөв нүүдэл хийсэн хүн
Уртын дуу

Ц.Гантөмөр: Би ажил, амьдралдаа зөв нүүдэл хийсэн хүн

Урлаг Урлаг12/05/2014Сэтгэгдэл байхгүй12 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
139661-12052014-1399875178-629574876-Untitled-11624017662014-05-12-15-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөрөг нийтлэлээ ингэж гарчиглав. Энэ бол жирийн гэдэг аугаа мэргэжлээрээ алдар хүндийн эзэн, зон олны танил болсон Цэрэндэжидийн Гантөмөр гуайн хэлсэн үг. Ер нь жүжигчин Ц.Гантөмөрийг мэдэхгүй, сонсоогүй, тайз, дэлгэцийн дүрийг нь хараагүй хүн Монголд л лав байхгүй дээ. Түүний галтай цоглог, омголон хүлэг шиг авьяас, туулсан амьдралаасаа олж авсан цөлх ухаан нь уулзаж ярилцах агшинд л мэдрэгддэг юм. Тайз, дэлгэцэнд амилуулсан дүрүүд нь амьдралыг тэр чигээр дэлгэх шиг санагддаг. Ц.Гантөмөр гуай багаасаа өнчин, өрөөсний хатуу хүтүүг үзэж хал суусан болоод ч тэр үү, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сурсан, хэзээ ч өөрийнхөөрөө байж чаддаг дэндүү энгийн хүн. Хэлж байгаа үг нь инээдтэйгээ чихцэлдээд гарч ирэх. Дэврүүн цайлган зангийнх нь илрэл тэр байх. Яриа нь уйдаахгүй амттай хүн гэж бий. Үг нь ундарга сайтай булгийн ус шиг элбэг. Тэгэхдээ нэрж нэрж гаргасан юм шиг үг бүр нь жинтэй.

Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж,
-Урлагт улаан гэрлээр дайрч орж ирсэн авьяастны нэг нь Гантөмөр гуай л даа. Их бяртай жүжигчин дээ гэж үнэлсэн удаа бий. Нэгэн бодол.

Ц.Гантөмөр гуайг зурна гэвэл ар, өврөөрөө модтой, мод бүр нь жимстэй, ан гөрөөс жигүүртэн нь шивээлсэн нэг их сайхан уул байх болов уу гэж бодогддог юм. Харин энэ удаа энэ хүнийг үгээр “зурах”-ыг зорьлоо. Өчигдөр, өнөөдөр, маргаашийг өнгөрсөн, одоо, ирээдүй гэж гурван цагийн хэлхээст хуваадаг болохоор хүний амьдрал ч тийм л. Тэр дотроос Ц.Гантөмөр гэдэг хүний амьдарч, бүтээж ирсэн түүх илүү сонин байх буйз аа.

Хөдөлмөрийн баатар боллоо

“Өвгөн партизаны яриа” буюу киноны хорхойтой жаал

Тээр 1940-өөд оны сүүлчээр Архангай аймгийн Хашаат сумын сургуульд нэгэн цоглог хүү сурч байж. Би их сонин хүүхэд байсан юм даа гэж өөрөө одоо ярьдаг юм. Дуулдаг, шүлэг уншдаг сүрхий нөхөр, ганцаараа их ярина. Зодуулж байхдаа хүртэл үглэж байдаг байсан гэдэг. За тэгээд кино гэвэл хичээл ном, нойр хоолоо мартана. Кинонд бүр дэндүү хорхойтой. Тэнд гарч байгаа хүмүүс их сайхан л харагдах.

Байлдаантай кинонд гардаг нисгэгч нарыг хараад онгоцны нисгэгч болно гэж боддог байж. Нэг удаа эмнэлэгт хэвтэж байхад нь Базаргүр гэдэг багш нь Гантөмөрт сонинд гарсан урт шүлэг авчирч өгч. Тэр нь Д.Сэнгээгийн зохиол “Өвгөн партизаны яриа”. Түүнээс хойш үдэшлэг, олон нийтийн арга хэмжээ болоход түүнийг л унших болов. Бас болоогүй ээ. Хөөгөөр сахал зурчихаж байгаад уншина. Тэгээд долдугаар анги төгссөн жилээ ганган Содов гэдэг жолоочийн кабинд суугаад Улаанбаатарыг зорьж. Өвөртөө 50 төгрөгтэй гэж байгаа. Энэ нь зөвхөн өөрийн нь шийдвэр байлаа. Тэг ингэ гэх ээж, аавгүй болохоор хот орно гэдэг бодол нэг зөн санааных байжээ.

Хотод таних мэдэх хүн байхгүй үлгэрлэбэл нөгөө “Улаанбаатар байгаа миний аавд” киноны жаал хүү шиг явж ирсэн гэдэг. Харин сайн санаат хүмүүсийн ачаар буруу замаар явсангүй. Хүн эмнэлгийн сургуульд орж. Эмч болохнээ гэтэл замаасаа буцав. Буцах шалтгаан нь нэг өдөр зохиолч Ванган гэдэг хүн сургууль дээр нь ирж яриа хийж “Эмч нар” гэдэг жүжиг тавих тухайгаа ярьж. Энэ л балчирхан Гантөмөрийг урлагийн замд хөтөлсөн юм билээ л дээ. Төд удалгүй театрт авьяастай хүн элсүүлж авна гэсэн зарын дагуу харайгаад хүрч. Шалгаж авах хүмүүсийн дунд нөгөө сургууль дээр яриа хийсэн хүн ч байж.

-За хө чи ямар авьяастай хүн бэ гэхэд нөгөө “Өвгөн партизаны яриа”-гаа хадаагаад өгч. Шалгалтынхан түүнийг хичээнгүйлэн сонсож байснаа,

-“За чи хагас сайнд ирээрэй, таван хүн тэнцүүлж авна. Тэнцвэл аз чинь, тэнцэхгүй бол хохь чинь” гэж. Энэ үед дэврүүн зангаараа жүжигчин болчихсон юм шиг баярлаж. Тэгээд Цэнд-Аюуш (ягаан Гажид), Сэдэд, Банди, Очир нарын хамт тэнцэж. Тийнхүү театр гэдэг аугаа их ертөнцийн алтан тайзан дээр хөл тавьсан нь 1954 он юмсанж. Энэ хүний амьдралдаа хийсэн анхны нүүдэл Архангайгаас нийслэлд ирсэн нь бол хоёр дахь нүүдэл нь хүн эмнэлгийн сургуулийн танхимаас театрын тайз руу шилжсэн явдал гэж болно. Аль аль нь зөв нүүдэл байлаа.

Оргилд нь гараагүй даваа буюу жүжигчний амьдрал

Амьдрал тэр чигээрээ жүжиг. Гэхдээ түүнийг уран яруу, утга төгөлдөр бүтээнэ гэдэг амаргүй даваа. Тэр давааг залуу Гантөмөр тун шулуун замаар өгссөн байдаг. Театрт ороод анх Ч.Лодойдамбын “Өөрийн замаар” жүжигт тоглосон юм билээ. Энэ бол нэг сорил алс нь жүжигчин болж чадах эсэхийн эхний шалгуур байлаа. Ц.Гантөмөр театрын хамаг ажилд оролцоно хийхгүй юм гэж үгүй. Манаач өндөр хужаагийн оронд хүртэл гардаг л байж. Тэр бүхэн амьдралтай танилцах “их сургууль” байсан.

Театрын алтан үеийнхэн гэгддэг сайхан хүмүүс Гантөмөрийн ижий нь, театр гэр нь болсон гэж болно. Цагааны Цэгмид, Нямын Цэгмэд, Лувсанжамц, Цэвээнжав гээд тухайн үеийн ахмадуудаас өдөр бүр нэгийг сурна. Үлгэртэй сайхан хүмүүс байсан юм шүү гэж Гантөмөр гуай тэднийг дурсдаг юм. Жүжигчин хүнд өөрийн сэтгэлээр, авьяас чадвараараа хүний сэтгэлийг засч, баярлуулж баясгаж явах нь бахархал байдаг. Энэ бахархлын эзэн бол Гантөмөр гуай яах аргагүй мөнөөс мөн.

-Та жүжигчин Гантөмөр хөдөлмөрийн баатар болно гэж бодож явсан уу гэсэн асуултад

-Огт үгүй дээ. Хөдөлмөрийн баатар гэдэг чинь хүрз барьсан ажилчин хүнд л олддог алдар гэж боддог байсан үе бий. Тэгвэл миний жүжигчин мэргэжил, бурхнаас өгсөн их хувь заяа хоёр энэ зэрэгт хүргэлээ шүү дээ гэж тэр хэлж байна. Бас түүнийг зургаахан настайдаа эхээсээ өнчирч зовлон эдэлж явах үед нутгийн нь нэг мэргэн хүн заяа төөргийг нь үзээд “Чи сайд дарга болохгүй юм байна. Гэвч тийм зиндааны ажил амьдралтай явах юм байна” гэжээ. Тэр хүн мэджээ гэдгийг Гантөмөр гуай хэлдэг. Хэлэх хэлэхдээ “Тэр дарга, сайд нар шиг чинь өмсдөгийг өмсч, идэж уудгийг идэж ууж, үзэж харж явна. Харин одоогийн дарга, сайдууд шиг муу хэлүүлж, сэтгэлээ хатаалгаж явсангүйдээ би илүү биш үү гэж омогшдог юм билээ.

Монгол Улсын төрийн соёрхол, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин гэх алдрын эзэн болсноор нь түүнийг урлагийн их оргилд хүрчээ гэж болом. Тэгвэл Гантөмөр гуай үүнийг огт зөвшөөрөхгүй ээ. Яагаад гэхээр урлаг гэдэг аугаа ертөнцийн оргилд нь хүрнэ гэж байдаггүй юм. Миний хувьд бүтээсэн бүх дүрээ жагсаагаад сонжиход арван хувь нь жинхэнэ бүтээлийн тоонд орж болох. Үлдсэн нь зөвхөн суралцах шатны ажил болж таарна. Яахав төрийн алдар хүндлэл гэдэг бол хөдөлмөрлөж байна шүү чи гэсэн л үнэлгээ гэж хариулдаг. Багцаалаад өөрийгөө 400-гаад дүр бүтээсэн гэж хэлдэг юм билээ. Түүний тайз дэлгэцнээ бүтээсэн дүрийг хэн ч мэднэ л гэх байх. Гэхдээ яаж дүрдээ орж зохиолчийн хэлэх гэсэн санааг хэлсэн бэ гэдэг жаахан тайлбар хэрэгтэй байж мэдэх юм.

"Хүний мөр" киноны ЧинбатЦ.Гантөмөр гуайд бүтээгээгүй дүр гэж ер нь бараг байхгүй дээ. Жирийн ажилчин малчнаас эхлээд В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын дүрийг хүртэл бүтээсэн л хүн. Арай л Гитлер, Чан Кайши-гийн дүрд тоглоогүй байх. Тэр бүхнээс Ч.Ойдовын зохиол “Далан худалч” жүжгийн Салга-даа хайртай гэдэг. Яагаад гэхээр тэр дүр нэлээд бүрэн гарсан. Үзэгчдийн сэтгэлд хүрсэндээ байгаа гэдэг. Бас “Хүний мөр” киноны Чинбат байна.

Гайгүй дүр гэж өөрөө ч хэлдэг. Гэхдээ Гантөмөр гэдэг хүний зан араншинд их зохицсон доо тэр чинь гэж ярина. Гантөмөр гуайн тайзан дээр гарах үед сэтгэл нь ёстой шуурга тавьж байдаг болов уу. Ингэж хэлэхийн учир нь тэр Чинбат, Ээдрээ жүжгийн Соном баатар гээд ирлэсэн илд шиг дайчин эрсийн дүрийг харахад тийм бодол төрдөг юм. Өмнөх нийгмийн цензүүртэй үед кино жүжигийн тиймэрхүү дүрийг их хяргадаг байж. “Хүний мөр”-ийн Чинбат чинь эхлээд заставын дарга байсан бол сүүлдээ нисэгч болсон. Уг нь дүр нь хэлмэгдлийг хөндөж байсан болохоор олон даваа давсан гэдэг.

“Ээдрээ” жүжгийн Соном баатар бол Гантөмөр гуайд их ойр дүр байсан шиг санагддаг. Гэтэл уг дүрийг өөрчлөх гэсэн оролдлого өндөр авч бүр Намын Төв Хороогоор орж байж батлагдсан байдаг. Жүжиг гэдэг амьдралыг байгаагаар нь өгүүлэх ёстой гэж жүжгийн их хүн Э.Оюун гуай хэлдэг. Түүний төлөө тэмцдэг ч байж. Гомбосүрэн гуайн тоглосон Эдип хааны дүр тун эвгүй дүр. Тэр хаан эцгийгээ алаад эхтэйгээ сууж хүүхэдтэй болгосон бузар хувь заяаны эзэн. Тийм болохоор монгол зан заншилд таарахгүй гээд Э.Оюун багшийн уур ундууг их хүргэсэн гээд олон бодит жишээ бийг өнөө үед театрын нэвтэрхий толь гэж болох цөөн хүний нэг Гантөмөр гуай ярьдаг юм.

Алив дүр бүтээхийн жаргал зовлонг энэ мэтээр ярьвал бидний ярианд дэндүү их цаг хэртэй болно доо. Хэдийгээр дүр бүхний цаана Гантөмөр байдаг ч уг дүрийн мөн чанарыг гүйцэд олж харвал сайн болох эхлэл гэж хэлээд бас нэг жишээ хэлсэн нь Т.Цэрэнпагма галзуу Цэвэлийн дүрд тоглох гэж шархадны эмнэлэгт тийм өвчтэй хүмүүсийн дунд хонон өнжиж хүртэл үзсэн. Энэ бол хөдөлмөрлөж байгаа хэрэг гэж. Тэгээд тайз, дэлгэцийн аль ч дүр эсэрг юм уу хошиндуу нь амар юм шиг байдаг. Харин эсрэг дүрийг хүний ойн тойнд хүртэл гаргахад хэцүү. Нэг дүрийн төлөө аль ядарч зовохыг тэр гэхэв. Гэтэл жүжигчин хүнд бусад мэргэжлээс тэс өөр нэг юм нь өнөөдөр нэг дүрд тоглолоо гэе. Маргааш огт өөр дүр бүтээх сонголт ирнээ. Урьдах дүрийн алхаа гишгээ, яриа хөөрөө бие сэтгэлд хэвээр байтал төрөл арилжихтай адил юм болно гэсэн үг.

Өнөөдөр авах юмаар багахан архичны дүрд тоглолоо. Маргааш нь Лениний дүр авбал яах вэ? Хоорондоо хол зайтай хоёр цэг гэж болно биз дээ. Энэ бүхнийг Ц.Гантөмөр гуай тайлбарлан ярихдаа ерөөс жүжигчин хүний нэг онцлог нь зохиолд байгаа дүрийг бүтээхэд өөрөө бие, сэтгэлээрээ “түүхий эд” нь болдог тухай амьдралын үнэнийг ярьсан юм. Бас сайн дүр, сайн бүтээл эх зохиолоос их шалтгаана. Зохиолд дүрийг сайн гаргасан байвал жүжиглэхэд хялбар. Гэхдээ дүр эхнээсээ хэтэрхий ил бол сайн биш. Харин дүрийн тодрол нь нууц байж байгаад үйл явдлын зөрчил дундаас гэнэт гарч ирэх нь тун зөв шийдэл. Үүнийг л драм гэдэг гээд л…

Ийм яриаг нь сонсоод байхнээ кино жүжиг үзээд байгаа юм шиг санагдах. Жүжигчин хүн дүр бүтээх явцдаа их олон зүйлийг мэддэг, олж авдаг аж. Ц.Гантөмөр гуайн хувьд Погодины  “Буутай хүн” жүжгийн Лениний дүрд тоглоод тамхиа бүрмөсөн хаяжээ. Урьд нь улаан тамхичин нөхөр байж. Тэгвэл өөрийн болгосон алив мэргэжлийн өгөөж гэж байдаг юм байна гэдгийг харуулах жишээ тамхинаас салсан өнөөгийн Гантөмөр өө.

Амьдралын хань зам дээр гэдэг…

Гэргий Ц.Мөнхжаргал. 2014 онЖүжигчин Ц.Гантөмөрийн гурав дахь нүүдэл нь гэр бүлийн хувьд хоёр дахь амьдралаа зохиосон явдал гэж болно. Бяцхан түүх сөхье. Театрт гайгүй жүжигчин болж байсан үедээ нэг эхнэртэй болж. Хэдэн хүүхдийн эх, эцэг болсон байж. Гэтэл амьдрал гэдэг баян. Тэр дунд ус, тос холилдож, зөв буруу нь сүлэлдэж байдаг хойно доо. Гурван хүүхдийн эх болсон авааль эхнэр нь өөр нэгэн эрийг хайрлаж явдаг байсныг мань хүн хожуухан мэдэж. Тэгээд угийн түс тас зангаараа чамаас саллаа гээд түүнд нуруугаа харуулаад алхчихаж. Түүнээсээ болж намын улаан батлахаа цэнхэрээр сольж. (Намд орлогч болохоор цэнхэр батлах өгдөг л дөө)

Тэглээ гээд Ц.Гантөмөр шантарсангүй ээ. Ажлын газрынхаа нэг сайхан бүсгүйг амьдралын ханиараа сонгохоор шийдэж. Тахимаа давсан сайхан гэзэгтэй, алаг нүдтэй дүүмэг бүсгүй дээр би чамтай суухаар шийдлээ гээд шулуухан очсон юм гэдэг. Тэр бүсгүй нь эдүгээ 30 гаруй жил ханилж амьдралын жаргал зовлонгоо эн тэнцүү эдэлж яваа хань Мөнхжаргал нь. Буянтай гэвэл буянтай, сэтгэл нь сүү шиг хүн юм шүү дээ миний хань гэж Гантөмөр гуай сэтгэл нь хайлан сууналээ. Тэднийд очиход эзэгтэй Мөнхжаргалын аагтай сайхан будаатай цайг амтлах зуур “Сайн эхнэрийг цайгаар нь шинж” гэсэн үг санаанд ургаж ханьдаа зориулсан сэтгэл нь энд л шингэсэн юмсан уу хэмээн бодогдов. Арга ч үгүй нь юм.

Тогооч мэргэжлийн хүн гэдгийг ярианаас нь мэдсэн. Тэгээд Гантөмөр гуайн буянтай хүн дээ хань минь гэсний учрыг тайлбал Мөнхжаргал их сүсэгтэй нэгэн юм. Бурхан шашины “Бэтүб” хийдэд олон жил ажиллаж байгаа юм билээ. Шашны их хүн Бакүла Ренбүүчийн агсны дотны шавь нь хувийн тогооч нь байж. Бас Гантөмөр гэдэг хүний галын хүн болж гурван хүүхдийг нь төрүүлж өсгөснөө бурхны тавилан, хувь заяа юм даа гэж тэр хэлж байналээ. Жаргалтай хүний инээвхийлэлтэй зэрэгцэн ухаалаг яриаг нь сонсоход Гантөмөр гэдэг хүний амьдралын утга учрыг энэ л бүсгүйн ааш зан, ажилсаг чанар бий болгожээ гэж ойлгогдох аж.

-Намайг театрт орох гээд очиход хэдэн хүн сууж байсан нэг хялардуу нөхөр надаас том дуугарч олон юм асуугаад л их зэвүүн байж билээ. Тэгсэн хожим нь бид хоёр ханилах учир байж гэж Мөнхжаргал дурсан ярив. Нөгөө хялар нөхөр чинь Гантөмөр гуай байсан хэрэг үү гэхэд,

-Тиймээ хялар нь ч сүүлдээ зүгээр болж харагдсан юм даа гэснээр бид хөгжилдөөд авав. Ухаалаг яриатай, яасан зөөлөн хүн бол гэмээр энэ бүсгүйг уян сэтгэлтэй хүний хайлан гэж болом. Гантөмөр гуайтай нийлснээсээ хойш түрүүчийн авгайг нь аюулт өвчинд нэрвэгдчихээд байхад ууч сэтгэлээр төрлийн нь хүн шиг нь асарч тэтгэж байж. Сүүлд нь хоёр бага хүүхдийг нь өсгөх гэж өөрөө хүүхэд гаргаагүй залуу насандаа хэрэндээ зовсон ч түүнийгээ хувь заяаны эрх гэж зөөллөн бодож явсан гээд амар сайхан жаргасаан гэж төгсөх үлгэр мэтийг хүүрнэж байв. Тиймээ эр хүний ноён нуруу, эмэгтэй хүний хатан ухаанаар Ц.Гантөмөрийнх гэдэг нэгэн өнөр айл үр хүүхэд, ач зээ нараа голомтоо тойруулан жаргалтай байнам.

Ц.Гантөмөр: Би үг хэлэх эрхтэй хүн

Их жүжигчин маань одоо СУИС-ийн драмын ангид зөвлөх багшаар ажилладаг. Авьяаслаг хүүхэд цөөн байна. Бас өнөөгийнхөнд хөдөлмөрлөх нь дутаж тэгснээр ур чадварын түвшин тааруу байна гэж ярьж байналээ. Миний амьдралыг чиглүүлж, жүжигчин гэдэг энэ аугаа хувь заяатай холбож өгсөн хамгийн эрхэм хүн бол нэрт зохиолч, найруулагч Ламзавын Ванган гэдэг хүн гэж хоймортоо залсан зургийг нь зааж байгаад хэлэх юм билээ. Ярих болгондоо хөдөлмөрлө гэдэг үгийг захьдаг нь Гантөмөр гуайн нэг онцлог. Өөрийн хүүхдүүддээ хүртэл,

-За та нарыг би сайд дарга, эрдэмтэй бол гэж шаардахгүй. Ердөө л хөдөлмөрлө, хүн бол гэж захьдаг аж.

-Өнөөдөр би бүхний дээр гарчихаад биш. Гэхдээ үг хэлэх эрх бий. Театрын урлагийг өөд нь байлгахад хүнээ зөв сонгох нь чухал байна. Зохиолчид жүжиг бичихгүй юм. Сачий нь хүрдэггүй юм шиг. Сайн зохиол байж сайн бүтээл гарна. Гэтэл кино ч адил. Бүтээхийг оролдогчид өөрсдөө зохиолрхуу юм бичиж түүнийгээ тоглодог. Яаж чанартай бүтээл гарах вэ дээ. Хошин шогийнхон шиг л ажиллаж байна. Үүнд санаа зовж явах юм гээд ахмад үеийн өв уламжлалыг бараг л анзаарахаа байж дээ гэсэн эмзэглэлээ нуусангүй ээ.

Басхүү залууст сургамжтай нэг санааг амьдралаас жишээ авч хэлдэг. Хүн ядуу, дутмаг амьдралаас л ухаан сууж их юм олж авдаг юм. Миний хувьд ижийнхээ үлдсэн мал хөрөнгө дээр туйлсан бол өдий дайтай Гантөмөр явахгүй. Архичин, ааш муутай, шуналтай, мөнгө үрсэн хачин амьтан явах байсан байх гэсэн ухаарлын үг хэлж байлаа. Энэ бүхний төгсгөлд бодохул энэ Гантөмөр гэдэг хүнийг бүтээх гэж бурхан их зовсон байхдаа гэсэн санаа төрж билээ. Яагаад гэхээр бага насны амьдралын ээдрээ бүхнийг түвшитгэх гэж, заяа төөргийг нь зурах гэж…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.