Британийн музейд нээгдсэн “Самурай” нэртэй үзэсгэлэн нь Японы элит дайчдын ангитай холбоотой мянга гаруй жилийн түүхийг харуулсан баялаг үзмэртэй бөгөөд Японы самурай ангийн олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй түүхийг дэлгэн харуулж байгаа бөгөөд тэдний тал хувь нь эмэгтэйчүүд байсан гэдгийг онцолж байна.

“Самурай” үзэсгэлэн нь дайчдын энэ ангийн дүр төрх, домог хэрхэн бүтээгдэж, олон нийтэд төлөвшсөн тухайг судалсан анхны үзэсгэлэн бөгөөд япон соёлын энэ бэлгэ тэмдгийн талаар хүмүүсийн мэддэг гэж боддог ойлголтыг үндсээр нь өөрчилж магадгүй.
Тус үзэсгэлэнд Британийн музейн өөрийн цуглуулга болон дотоод, гадаадын 29 байгууллагаас зээлж авсан 280 гаруй үзмэр, дижитал контентыг нэгтгэсэн бөгөөд тэдгээрийн дотор самурайн хуяг дуулгын иж бүрдэл зэрэг олон эд өлгийг анх удаа олон нийтэд дэлгэжээ. Үзмэрүүдэд зэвсэг, хуяг дуулга, уран зураг, модон барын хэвлэл, ном, хувцас хэрэглэл, шаазан эдлэл, гэрэл зургууд багтжээ.

Самурайнууд анх дундад зууны эхэн үед, ойролцоогоор 1100–1600 оны хооронд, чинээлэг айл өрхүүд хувийн аюулгүй байдлаа хамгаалуулах зорилгоор дайчдыг хөлсөлж эхэлснээс үүсэлтэй гэдэг. Эдгээр хөлсний дайчид аажмаар хөдөө нутгийн язгууртан анги болон хөгжсөн бөгөөд 1615 он гэхэд тулалдааны талбараас холдон, төрийн албан хаагч, эрдэмтэн судлаач, урлагийн ивээн тэтгэгчдийн үүрэг гүйцэтгэх болжээ.




