Зул өргөх ёслол 7 дахь жилдээ “Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Гэрэлт зул” зул өргөх ёслол нь энэ сарын 14-ний өдөр буюу өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо дахь удаагаа болох гэж байна.
Бурхан багшийн амьдрал тэр чигээрээ гайхамшиг байсан ба түүний мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдрүүд нь бүгд зуны эхэн сарын шинийн 15-нд тохиосон байна. Энэхүү гайхамшигт өдрийг Бурхан багшийн их тохиолт өдөр буюу эртний бурхадын хэлээр “Visakha puja” хэмээн нэрлэдэг билээ. НҮБ Бурхан багшийн ариун үйлсийг хүндэтгэн “Visakha puja” өдрийг Дэлхий даяар хамт нэгэн өдөр тэмдэглэж байхаар тунхагласан байна. “Visakha puja” нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёо бөгөөд энэ өдөр Бурхан багшийн ариун үйлсэд талархан хүндэтгэл үзүүлж зул өргөдөг нь Монголын ард түмэн бидний уламжлал ёс билээ.
“Сэтгэлийн амарлил” сан нь энэ уламжлалт ёсыг дэлгэрүүлэн жил бүрийн “Visakha puja” өдрөөр Монголын ард түмэн нэгэн дор цугларч санаа бодлоо нэгтгэн хамтдаа залбирах боломжийг “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг зохион байгуулсанаараа олгодог юм. Энэ ёслолыг Монгол улсад төдийгүй дэлхийн олон оронд НҮБ-аас зарласан өдөр нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Тайланд, Тайван, Япон, Энэтхэг, Индонеззэрэг олон улс оронд жил бүр зохион байгуулдаг уламлжлал тогтжээ. Нийгмийн сайн сайхны төлөө зохиогддог уг арга хэмжээ нь гэрэлт зул өргөсөн хүн бүрт аз жаргал, сэтгэлийн амар амгалан авчирдаг тул хамтдаа бясалгал хийж, хүслээ шивнэцгээе.
Ингээд “Сэтгэлийн амарлил” сангийн менежер Д.Дөлгөөнөөс Гэрэлт зулын аюулгүй байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.
– Гэрэлт зулыг оролцогчид худалдаж авдаг уу?
Үгүй. Зохион байгуулагч байгууллагаас өгдөг.
– Дээшээ хөөргөдөг гэрэлт зул хаанаас орж ирдэг, аюулгүй байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Гэрэлт зул нь энгийн цааснаас хэд дахин нимгэн цаас өөрөөр хэлбэл урагдах аюултай тул болгоомжтой байх хэрэгтэй. Цаасаа тогтоож барих хулс мод, зулын тосон гол, зулыг бэхлэх нимгэн уян төмөр. Энэ бүгд материал нь байгалийн гаралтай бөгөөд уян төмөр нь байгальд удаан шингэдэгт тооцогдоно. Гэсэн ч гялгар торны учруулдаг хэмжээний хор хохирлыг байгальд учруулдаггүй. Тайланд улсад зул хөөргөх ёслол нь байнгын тогтмол явагддаг. Тиймээс бид баталгаатай зулыг оруулж ирдэг байгаа. Харин өөр бусад зулнууд химийн будагч тод өнгийн будгаар будсан, зузаан цаастай жижиг зул нь дээшээ хол хөөрч чадалгүй хотын төвд бууж ирдэг. Зулыг хэрхэн хөөргөх талаар хөтлөгчийн зүгээс зааварчилгаа өгдөг. Сүсэгтэн олон хөтлөгчийн үгийг дагаж зулаа хөөргөвөл ямар ч аюул гаргахгүй. Мөн энэ ёслолд оролцохоор ирсэн хүмүүст зулаа хөөргөхөд нь туслах болон зааварчилгаа өгч ажиллах 500 гаруй сайн дурын оюутан, залуучууд ажиллах болно. Тэд бүгд өмнө нь энэ ёслолд оролцож байсан туршлагтай тул та бүхэнд зааварчилгаа өгч чадна гэсэн үг. Өнгөрсөн 6 жилд бид аюулгүй байдал дээр онцгой анхаарч, асуудал гаргалгүй амжилттай зохион байгуулсаар ирсэн.
– Билет хэзээнээс эхэлж зарагдах бэ? Борлуулах цэгүүд хаана байрлах бол?
Зул өргөх ёслолын тасалбар Ачлал их дэлгүүр, УИД-ийн баруун талд Алтай центр, “Sunday plaza”, МУИС-ийн долдугаар байрны хажууд байрлах “Танан” төв, Төв цэнгэлдэх хүрээлэн, Дашчойлин хийдийн кассаар тус тус борлуулагдана.
Т.Жени