-Өнөөдөр би тантай зөвхөн уран бүтээлийн талаар ярилцъя гэж шийдлээ. Тэгэхээр та урлагийн замд анх орсон түүхээсээ болоод анхны уран бүтээлээ өлгийдсөн тэр сайхан мөчийн мэдрэмжээсээ ярьж өгөөч?
-1992 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсөөд “Харцага” КУДС-д орж суралцсан. Сургуулиа хүүхэлдэйн киноны зураач мэргэжлээр төгссөнөөс хойш дэлгэцийн уран бүтээлүүдэд ажиллаж эхэлсэн. Эхлээд зураачаар ажилладаг байсан бол яваандаа зургийн дарга, найруулагчийн ажлыг хийх болсон. Найруулагч Д.Золбаярын бүтээл, 2002 онд дэлгэцэнд гарсан “Ээждээ л үнсүүлэх сэн” бүрэн хэмжээний уран сайхны кино бол миний анхны уран бүтээл. Түүнээс хойш олон уран бүтээлд зураач, зургийн дарга, гүйцэтгэх продюссер, найруулагчаар ажиллалаа.
-Нэрлэвэл?
-“Х түц” хамтлагийн “Сэргээш”-үүд байна. “Үхэж үл болно, Чингис хаан”, “Аравт”, “Бодлын хулгайч”, “Долоон бурхан харвадаггүй”, “Зөрлөг”, “Помогите нам”, “Ийм нэгэн дурлал”, “ Миний муу аав” зэрэг 20 гаруй кинонд ажиллажээ.
-Сонсоод байхад нэлээд амжилтад хүрсэн, чанартай бүтээлүүдийн нэр сонсогдож байна. Та уран бүтээлээрээ ямар амжилт гаргаж байсан бэ?
-Монголын кино урлагийн академийн дээд шагнал олгох ёслолоос “Зөрлөг” киногоороо “Шилдэг найруулагч” шагналыг авч байсан.
-Б.Цогтбаяр найруулагчийн зохион байгуулдаг наадмаас уу?
-Тийм. Гэхдээ бие даахаас нь өмнө. Өмнө нь энэ наадмыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулдаг байсан. Миний шагнал авдаг жил бол нийслэл оролцсон сүүлийн жил нь байгаа юм. Хойтонгоос нь хот оролцохоо болж, Монголын кино урлагийн академи бие дааж зохион байгуулдаг болсон түүхтэй.
Өвөрмонгол нөхөд манай жүжигчдийн тэсвэр тэвчээр, жүжиглэлт ур чадварыг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Ялангуяа монгол ахуй, морь малтай харьцах талаараа тэднээс үнэхээр ялгагдаж байсан гэж ярьж байлаа.
Өнгөрсөн жил миний хувьд олз омог ихтэй байлаа. Ерөнхий зураачаар нь ажилласан “Багшаа” буюу “Ганцхан оноо” нэртэй кино Холивудаас “Спортын шилдэг кино” шагнал хүртсэн. Найруулагч Ч.Хоролдоржийн бүтээл, миний гүйцэтгэх продюссерээр ажилласан “Шарга даага” кино маш амжилттай, сайн бүтээл болсон.
-Өнгөрсөн жил нээлтээ хийж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан “Аравт” кинонд та зургийн даргаар ажиллажээ. Энэ киног Өвөрмонголтой хамтарч бүтээсэн. Таныхаар өвөрмонголчууд манайхаас юугаар илүү, бид тэднээс ямар чадвараараа давуу санагдав. Хамтарч ажилласны гол өгөөж нь таны бодлоор юу байсан бэ?
-“Аравт” бол “Монгол фильм”-ийн бүтээл, бүрэн хэмжээний уран сайхны кино. Миний бие энэ бүтээлд зургийн даргаар ажилласан. Энэ төслийг бодитой болгохын тулд бид хоёр жил хөөцөлдсөн. Зохиол нь бол гурван жилийн өмнө бичигдчихсэн байсан. Хамтрагчаа удаан хугацаанд хайсны эцэст Өвөрмонголын “Нүүдэл соёл” кино компанийн найруулагч У.Шагдарсүрэнг олж, хамтарсан уран бүтээл хийхээр болсон.
Хоёр Монголын ах дүү нар хамтарч уран бүтээл хийхэд бие, биенээсээ суралцах зүйл их байлгүй яах вэ. Бие биенээсээ суралцаж, нэг нэгнийгээ нөхөж ажилласан. Зураг авалт нь хоёр жил дамнасан нүсэр ажил болсон. Гадна зургаа Увс аймгийн Түргэн суманд, дотор зургаа Улаанбаатар хотод авсан. Манай талаас хэн тоглосныг үзэгчид мэдэж байгаа. Өвөрмонголын талаас Аюур гэж хөгшин тоглосон. Нүүр хувиргагчаар Нарангуа гэж 70 гаруй насны эмэгтэй байсан.
Энэ эмэгтэйн ажил үнэхээр гайхалтай. Нүүр хувиргалтын тал дээр үнэхээр мундаг юм билээ. Үүнээс гадна бид орлон тоглогч буюу каскадер, зураг авалтын чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулсан юм. Энэ үеэр өвөрмонгол нөхөд манай жүжигчдийн тэсвэр тэвчээр, жүжиглэлт ур чадварыг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Ялангуяа монгол ахуй, морь малтай харьцах талаараа тэднээс үнэхээр ялгагдаж байсан гэж ярьж байлаа.
-Нууц биш бол энэ кино хэчнээн хэмжээний орлого олсон бэ?
-“Аравт” киноны эх файл алдагдчихсан шүү дээ. Хятадад алдчихсан. Энд кино театруудаар гараад, эхэндээ бол овоо байсан. Тэгээд файл алдагдаж пират сайтуудаар тарснаас хойш яалт ч үгүй буугаад ирж байгаа юм. Гэхдээ одоо ч гэсэн Европын орнуудаар борлуулалт нь хийгдэж л байна. DVD хэлбэрээр зарагдаж байгаа. Ноднин Тувад гаргасан. Гэхдээ арилжааны журмаар биш, зүгээр л нээлт хийгээд ирсэн. Энэ жил Тувагийн 100 жилийн ой болно. Намраас тэнд борлуулалт хийх бодолтой байна.
-“Долоон бурхан харвадаггүй“ кинонд та нэгдүгээр найруулагчаар ажиллажээ. Энэ үед МАН, АН зэрэг зэрэг кино хийтэл АН-ын гаргасан киног хориглож, “Долоон бурхан харвадаггүй” кино үзэгчдийн хүртээл болсон шүү дээ?
-МАН тэр жил дөрвөн кино хийсэн. “Улаан эрэг”, “Долоон бурхан харвадаггүй”, “Богд хаан”, тэгээд Чойбалсангийн тухай нэг кино байдаг юм. “Долоон бурхан харвадаггүй” бол миний хувьд уран бүтээлчийн хүч чадлыг шавхсан бүтээл болсон. Зөвхөн надаас гэлтгүй жүжигчдээс асар их авьяас шаардсан, сайн уран бүтээл болсон гэж боддог.
Тэр үед “Бид нар хэзээ нэг өөрсдөө ийм том төсөл хэрэгжүүлэх бол доо” гэж бодож байсан юм. Гэтэл ердөө жилийн дараа хүссэн хүсээгүй ийм том төсөл рүү яваад орчихсон.
-“Үхэж үл болно Чингис хаан” кинонд та бас ажиллажээ. Энэ бүтээл “Мандухай сэцэн хатан”-аас хойш Засгийн газраас хөрөнгө гаргаж хийсэн анхны нүсэр уран бүтээл болсон байх шүү?
-“Үхэж үл болно, Чингис хаан”-д би хоёрдугаар найруулагч байсан. Гэхдээ энэ кинонд хоёр өөр баг ажилласан юм шүү дээ. Л.Эрдэнэбулган гуай эхлээд Засгийн газраас 480 сая төгрөг аваад Хэнтийд зураг авалтаа эхлүүлсэн. Хальсаар эхэлж байсан юм. Сүүлд баг шинэчлэгдэхэд дижиталаар хийхээр болсон юм.
-Тэр үед ард түмний хандиваар хоёр тэрбум гаруй төгрөг цуглуулсан гэдэг?
-Үндсэн ивээн тэтгэгч нь “Гацуурт”-ын захирал Л.Чинбат байсан шүү дээ. Энэ хүнээс бол үндсэндээ тэрбум гаруй төгрөг гарсан. Үлдсэн нь ард түмний хандив байсан.
-Тэр үед саалийн ганц үнээтэй эмээ хүртэл өглөө болгон сүү авчирч өгдөг байсан гэж Л.Эрдэнэбулган гуай ярьж байсан?
-Үнэн. Тэр ч байтугай 5-6 хан настай жаахан хүүхэд ээжийнхээ “зайрмаг аваарай” гэж өгсөн мөнгийг хандивлаж байсан тохиолдол бий. Сэлэнгэд хандив цуглуулаад явж байх үед. Тайзан дээр гүйж гарч ирээд “Ээж намайг уг нь энэ 300 төгрөгөөр зайрмаг аваарай гэсэн юм. Гэхдээ би зайрмаг идэхээ болиод кинонд хандивлаж байна” гэж часхийтэл хэлж байсан.
Ийм сайхан сайхан юмнууд болж байсан. Л.Эрдэнбулган гуай уйлаад. “Надад үхэх ч…” гээд л. Одоо энэ кинонд ажилласан бидний хэдэн залуучуудад их сайн байдаг юм, хөөрхий. “Надад нас нэмсэн хүүхдүүд” гээд л… Ер нь бол кино бүтээх гээд явж байх үед стресст орчихсон байсан юм шүү. Улсаас олон сая төгрөг авчихсан гээд бас ч аргагүй байх л даа.
Гэсэн ч энэ том төслийн ард гарч чадсан агуу хүн дээ. Би түрүүнд хэлэхээ мартаж, “Үхэж үл болно, Чингис хаан”-аас өмнө би И.Нямгаваа найруулагчийн япончуудтай хамтарч хийсэн “Чингис хаан” кинонд ажилласан юм. Тэр үед “Бид нар хэзээ нэг өөрсдөө ийм том төсөл хэрэгжүүлэх бол доо” гэж бодож байсан юм. Гэтэл ердөө жилийн дараа хүссэн хүсээгүй ийм том төсөл рүү яваад орчихсон. Энэ үед япончуудтай хамт ажилласан туршлага маань их өмөг түшиг болж байсан даа.
Х.Батсайхан