![]() |
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Сакурагийн цэцэрлэг” өнөөдөр, маргааш хоёр өдөр дэлгэрнэ. Учир нь Италийн алдарт хөгжмийн зохиолч, сонгодог хөгжмийн суут хүн Жакомо Пуччинийн “Эрвээхэй хатан” дуурийг Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран бүтээх гэж байна. Энэ нь тавдугаар сард гадаад, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн томоохон ажлын нэг юм.
Өнгөрсөн сарын 25, 26, 27, 28-нд БНСУ-ын Тежун хотын дуурийн театрт манай театрын гоцлол дуучин Р.Доржхорол, Э.Бумхүү Б.Гомбо очир, Ж.Бямбажав нар айчлан “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын Тежун хотын дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран тоглосон. Энэ удаад өөрийн театрын тайзнаа Тежун хотын дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр “Чио Чио сан”-г бүтээнэ.
Уг дуурь 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд анх Монголын сонгодог урлагийн ертөнцөд өөрийн хүчирхэг орон зайг эзлэхээр орж ирснээс хойш 56 дахь удаагаа тоглогдох гэж байна. Мэргэжлийн дуучдаас хөгжмийн дээд боловсрол, хоолойн өндөр цар хүрээ, яруу тод жүжиглэлтийг мэргэжлийн өндөр түвшинд шаарддаг энэ бүтээлийг тэр болгон театрууд зориглон тоглож чаддаггүй аж. Дорнын үзэсгэлэнт бүсгүй, түүний хашийн тунгалаг царай эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдсөн Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг энэхүү дуурь нь 1904 оны хоёрдугаар сарын 17-нд анх удаа Италийн Милан хотод тоглогджээ. Үзэгчдийн сэтгэл зүрхийг анхнаасаа татаж дэлхийн театруудын чансааг үргэлж шалган, илтгэж байдаг Ж.Пуччинийн хоёр бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь нь 19-р зууны эхний хагаст Японы Нагасаки хотод болж өнгөрсөн түүхийг өгүүлнэ.
С.МӨНХ