“BBС”-гийн хоёрдугаар сувгаар “Inside No 9” нэртэй телевизийн шинэ цуврал кино үзэгчдийн хүртээл болоод буй. Дэлхийн олон олон телевизийн цувралаас “Inside No 9”-ийг зүгээр ч нэг онцолсонгүй.
Учир нь, киноны гол дүрүүдийн нэгийг дуугүй киноны бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг, дэлхийн хэмжээний домог болсон од Чарли Чаплины зээ охин Уна Чаплин бүтээсэн юм. Киноны уран бүтээлчид түүнийг өвөөтэйгөө адилхан хошин шогийн маш нарийн мэдрэмжтэй, чадварлаг нэгэн болохыг онцолжээ. Тэр дундаа киноны дуугүй хэсгийг маш сайн гаргаж өгсөн аж. Тиймээс ч Уна “Энэ киног үзсэн бол өвөө минь надаар бахархах байсан даа” гэж ярьжээ.
Өдгөө 27 настай Уна Кастилла Чаплин зөвхөн алдартай өвөөгийн зээ охин гэдэг утгаараа ч биш дүр төрх, төрж өссөн газар орон гээд олон зүйлээрээ онцгой нэгэн аж. Түүний өвөө нь Чарли Чаплин, өвөг эцэг нь Нобелийн шагналт жүжгийн зохиолч “Америкийн Чехов ” хочит Евгений О’Нейл, ээж нь мөн л жүжигчин Жералдин Чаплин. Ерөөс хаашаа ч зугтах аргагүй 100 хувь урлагийн гэр бүл түүнд заяасан гэмээр аав нь ч бас продюссер хүн аж. Хэдийгээр Чаплины гэр бүл англи гаралтай ч латин америк буюу чили гаралтай продюссер аавын охин болж төрсөн тэрээр хүүхэд насаа ихэвчлэн Куба , Испани, Швейцарьт өнгөрүүлжээ. Тэрээр энэ талаараа ярихдаа “Ээж, өвөөгийн минь талынхныг хүмүүс сайн мэддэг аавын минь талд ч дутахааргүй алдар цуутай хүн олон бий. Миний аав улсдаа нөлөө бүхий улс төрийн идэвхтэн, Кубаас улс төрийн орогнол хүссэн анхны хүн байсан. Эмээ маань Чилид эмэгтэйчүүдэд сонгох эрхийг бий болгож өгсөн тэмцэгч эмэгтэйчүүдийн нэг байсан” гэсэн байдаг . Харин Мэрилин Монро , Эльвис Пресли, Адольф Гитлер гээд өнгөрсөн зууны гол хүмүүсийн нэг байсан өвөөгийнхөө талаар “Хүмүүс Чарли Чаплин гэж ярихаар надад ч бас бусдын адил хамар дороо жижигхэн сахалтай , дугуй малгай , таягтай хөгжилтэй хүн санаанд ордог . Түүнээс биш хөгшин настай миний өвөө гэдгээрээ хэзээ ч буудаггүй юм . Магадгүй би өвөөтэйгөө хэзээ ч уулзаж байгаагүй болохоор тэр байх . Заримдаа киног хараад , зургийг нь үзэж байхдаа “Хөөх миний судсаар энэ хүний цус гүйж байгаа шүү дээ” гэж бодохоор нэг л итгэмээргүй санагдаад явчихдаг. Гайхалтай , заримдаа жаахан сонин , эвгүй мэдрэмж ч төрдөг ” гэж ярьжээ.
Уна өвөөгөө сайн мэдэхгүй байх нь аргагүй. Түүнийг төрөхөөс есөн жилийн өмнө буюу 1977 онд өвөө нь мөнх бусыг үзүүлсэн болохоор. Тэр өвөөтэйгөө хэр адилхан , өвөөгөөсөө юуг авч төрсөн бэ . Мэдээж жүжигчний мэргэжлийг нь өвлөсөн болохоор авьяас нь түүнд дамжжээ. Харин царай төрхийн хувьд аавынхаа тал буюу Чили гаралтай өвөг эцгийнхээ талыг илүү дуурайсан аж. Өвөөгөөсөө өөр юуг нь дуурайсан талаараа ярихдаа Уна хөөлөө хөнгөхөөн дороо товшоод “Өвөө маань мундаг бүжигчин байсан гэсэн . Би ч бас муугүй шүү” гээд хөгжилтэй инээмсэглэжээ .
Түүний нэр бас содон . Уна . Эмээгийнх нь нэр. Албан ёсоор дөрвөн удаа гэрлэсэн Чарли Чаплины хамгийн аз жаргалтай гэрлэлтэд тооцогддог хамгийн сүүлчийн гэргийнх нь нэр Уна . Уна О’Нейл, Чарли Чаплин нарын дундаас төрсөн найман хүүхдийн ууган охин нь болох Жералдин Чаплин бол бидний танилцуулж буй Уна Чаплины ээж юм . Уна өвөөтэйгөө уулзаж байгаагүй ч нэр нэгтэй эмээтэйгээ бол уулзаж байжээ . Энэ талаараа “Би 1986 онд төрсөн. Эмээ маань 1991 онд өөд болсон . Бид ганцхан удаа л уулзсан . Даанч би англи хэл мэддэггүй , тэр испаниар ярьдаггүй байсан болохоор дотносч чадаагүй санагддаг юм . Миний санаж байгаагаар эмээ Билли Бои нэртэй нэг хачин мууртай байсан . Одоо бодоод байхад тэр муур нь сиамын ихрүүд байсан юм билээ. Эмээ биднийг хамаагүй битгий хүрээрэй, чамайг маажина шүү гэж испаниар заалгаж байгаад хэлж байсан . Миний санаж байгаа зүйл ердөө л энэ” гэжээ.
Ээж Жералдин нь 1965 онд “Доктор Живаго ”-д тоглосныхоо дараа Мадридад суурьшсан учир Уна ч тэнд төржээ. Дээр нь аавынх нь нутаг латин америк, өвөө Чарли Чаплин нь хэдийгээр англи боловч зарим нэг шалтгаанаар 1950-иад оноос Швейцарьт суурьшсан зэргээс шалтгаалаад түүнд хүүхэд насандаа англи хэл сурах шалтгаан гараагүй байна . Хожим нь 15 настайд нь харин тэдний гэр Англид нүүж очин Унаг Чарльз хунтайжийн суралцаж байсан хуучин сургууль болох “Gordonstoun”-д оруулжээ . Тиймээс англи хэл түүний хувьд испани, францын дараа орох гурав дахь хэл нь болдог байна . Түүний амьдралын эхний 15 жил дэлхийгээр ээж, аавынхаа хамт аялж, кино зураг авалтын талбайд өнгөрчээ . Тэрээр энэ талаараа “Бид маш их аялдаг байсан . Жишээ нь, ээж минь Тайландад гурван сар ажиллахаар уригдахад гэр бүлтэйгээ хамт ирж болно гэсэн давхар урилга заавал ирнэ. Одоо харин тэгдэг юм болов уу даа” гэж асууснаа “Магадгүй киноны багийн бүх гишүүнийг гэр бүлээр нь урьдаг хангалттай мөнгөгүй болсон байх . Өмнө нь бол , 1980, 1990-ээд онд тийм л байсан . Ээж Шри-Ланкад зураг авалттай байлаа гэхэд аав, бид ч хоёр ч бас тэнд хамт очно . Бүх зардлыг нь цаанаас нь гаргадаг байсан . Би бас хүүхэд насныхаа нэлээд цаг хугацааг Куба , Швейцарьт өнгөрүүлсэн . Эцэг нэгтэй ах, эгч хоёр маань Кубад байдаг ” гээд өөрөө өөрийнхөө асуултад хариулчихаж . Олон өөр удам судар , эх оронтой гэдэг утгаараа заримдаа өөрийн гэсэн эх оронгүй ч юм шиг, хаанахынх болохоо хэлж мэдэхгүй болох үе байдаг эсэхийг нь түүнээс асуухад “Ёстой тийм зүйл бодогдож байгаагүй . Би өөрийгөө ирээдүйгээс ирсэн охин гэж боддог . Сая сая өөр газраар аялсан ирээдүйгээс ирсэн охин . Аялна гэдэг ер нь хүнд хамгийн шилдэг боловсрол олгодог . Тийм учраас би хүүхдүүдээ ч гэсэн маш их аялуулна гэж боддог . Тийм боломжийг бий болгохын тулд хангалттай их мөнгө олсон байх ёстой учир чадахаараа л хөдөлмөрлөнө дөө” гэжээ. Тэрээр одоогоор хараахан хүүхэдтэй болоогүй байгаа . Гэхдээ хүүхэд насныхаа туршлагаас хүүхдүүдээ хэрхэн сургаж хүмүүжүүлэх талаар хэдийнэ төлөвлөжээ . Дээр нь түүнийг 15 насандаа Их Британийн хааны гэр бүлийнхний суралцаж байсан сургуульд элсч орсон талаар цухас дурдсан . Шотландад байдаг сургуулийнхаа талаар Уна дурсан ярихдаа “Би сургуульдаа их хайртай . Энэ талаар ярих нь зөв эсэхийг би сайн мэдэхгүй байна . Гэхдээ анх тэр сургуульд шилжиж ирж байхдаа би ёстой жинхэнэ “хөдөөний” охин байсан даа. Яагаад вэ гэхээр үеийнхээ хүүхдүүдтэй харьцуулахад би их жаахан хүүхэд шиг байсан .
Жишээ нь, “Gordonstoun”-д орохоосоо өмнө би хэлээ оролцуулж үнсэлцэж огт үзээгүй байсан . 15 настайдаа шүү дээ . Гэтэл миний үеийн британи хүүхдүүд бүх зүйлээрээ надаас, испани охиноос түрүүлж явсан . Үнсэлцэх , согтууруулах ундаа хэрэглэх гээд л. Мэдээж энэ бол жаахан таагүй гэхэд юу юм , нэг тиймэрхүү тал нь. Харин урлагийн дугуйлан нь сургуулиуд дотроо л шилдэг байсан . Тэнд л би маш их зүйлийг сурсан даа. Сургуулийн тоглолтын үеэр өвөөгийнхөө бүтээж байсан дүрд хүртэл тоглож үзсэн . Хэрвээ одоо намайг тогло гэвэл би лав ичээд татгалзах байсан байх ” гэсэн байна . Үнэндээ анх жүжигчин болох нь Унагийн туйлын хүслэн биш байж . Тэрээр улс төр судлахаар их сургуульд өргөдлөө явуулахын зэрэгцээ юмыг яаж мэдэх вэ гэсэн үүднээс Радагийн сургуульд давхар хүсэлт илгээжээ. Ингээд “Хэрэв намайг Радад элсүүлбэл би жүжигчин болно ” гэж бодсон байна . Рада ч түүний хүсэлтийг хүлээж авчээ.
Ингээд өвөөгийнхөө араас жүжигчин болох зам шуударчээ. Өнөөдрийг хүртэл тэрээр арав гаруй уран сайхны кино, мөн тооны телевизийн цувралд дүр бүтээснээс “Game of Thrones”-ын Талисагийн дүрээр нэлээд олны танил болсон байна . Үнэндээ бол Чаплины зээ охиныг ил гаргаж ирсэн дүр бол Бондын 2008 оны цуврал болох “Quantum of Solace”. Энэ кинонд Уна гол биш боловч анхаарал татахаар дүр бүтээсэн юм . Хамгийн сонирхолтой нь түүний ээж Жералдин Бондын цувралын 1967 оны ангид дүрээ мөнхөлж байжээ. Ээж, охин хоёр алдартай цувралд дүр бүтээсэн анхны тохиолдол болсон гэсэн үг. Гэхдээ тэрээр киноны саналаар тасардаггүй. Цаашид ч түүнийг амжилтад хүрнэ гэдэгт олон хүн итгэлтэй байдаг аж. Тэрээр аль болох олон кинонд хүчээ үзэж, илүү их туршлага хуримтлуулахыг хүсч байгаа учир тавьсан санал бүрийг хүлээж авдгаа ч нуусангүй . Франц кинонд тоглох нь түүний нэг зорилго гэдгийг ч дурсаад авчээ. Ингэхдээ “Яг одоо бол би хэнд ч үгүй гэж хэлэхгүй . Хэн ч намайг авч болно . Тэгж байж л би илүү туршлагажиж, өөрөө өөрийгөө олно гэж боддог ” гэжээ. Зураг авалтгүй , амарч байх хугацаандаа тэрээр Ноттин Хилл дэх гэртээ ихэнх хугацаагаа өнгөрүүлдэг аж. Харин тэр хугацаанд нь хөршүүд нь түүний жижигхэн байшингаас гарах куба хөгжмийн их чимээг тэвчих хэрэгтэй болдог гэнэ. Тэр хөршүүдээ уурлана гэж хэзээ ч санаа зовдоггүй, нэлээд “эрх танхил”, өөртөө үргэлж л аз жаргалыг бий болгож чаддаг нэгэн аж. Чаплин ыхан Жералдин Чаплин Чарли Чаплин болон түүний дөрөв дэх эхнэрээс төрсөн охин. Балетын сургуульд суралцсан. 1965 онд “Доктор Живаго ”-д тоглосон. Жүжигчний карьераараа чамгүй амжилтад хүрч танигдсан. Аавынхаа тухай кинонд эмээ Ханнагийнхаа дүрийг бүтээсэн. Сидней Чаплин Чарли Чаплины гурав дахь хүү. Хоёр дахь эхнэр Лита Грейгээс төрсөн. Сидней мөн жүжигчин бөгөөд “Bells Are Ringing”-д бүтээсэн дүрээрээ 1957 онд Томийн шагнал хүртэж байсан . 1968 онд “Funny Girl” кинонд туслах дүр бүтээсэн. Жеймс Таири Чаплин, О’Нейл нарын гурав дахь хүүхэд Викториа Чаплины хүү. Жеймс багаасаа эцэг, эхийнхээ циркийн шоунд оролцож байгаад , том болсон хойноо өөрийн гэсэн багийг бүрдүүлж дэлхий даяар аялан тоглолт хийх болсон . Каира Чаплин Евгений Чаплины охин . Британийн жүжигчин, загвар өмсөгч “Vogue”, “Elle”, “Vanity Fair” зэрэг алдартай олон сэтгүүлийн нүүрийг чимж байсан . Кармен Чаплин Чаплин, Уна нарын хоёр дахь хүү Майкл Чаплины охин . Мөн гэр бүлийнхээ уламжлалыг үргэлжлүүлэн жүжигчин болсон . “My Favourite Season”, “All About the Benjamins and The Serpent’s Kiss” зэрэг кинонд тоглосон .
Б.Нар