
“K pop” урсгалын томоохон төлөөлөл болох Өмнөд Солонгосын охидын “Т-АРА” хамтлаг өнгөрсөн жил манай улсад тоглолтоо хийсэн билээ. Энэ хамтлаг Америк, Европын орнуудад хэдийнэ танил болсон бөгөөд тачаангуй байдлаас гадна эелдэг, яг л хүүхдээрээ мэт төрхийг илтгэдэг.
Анх 2009 онд зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол явцын дунд гишүүд нь солигдсоор байжээ. Тэд байгуулагдсан даруйдаа олны анхаарлыг татаж нэр хүндийг олж чадсан билээ. Гэвч 2012 онд Hwayoung хамтлагаа орхих болсноор нэр хүнд нь ганхахад хүрээд байсан юм.
Гэхдээ олны дунд үүсээд байгаа шүүмжлэлүүдийг сайшаал болгож хувиргахаар хамтлагийн отгон гишүүн Жиён томоохон үүрэг хариуцлага хүлээгээд байгаа аж. Тэрбээр, хамтлагийнхаа гишүүдээс хамгийн түрүүнд соло уран бүтээл хийхээр болсон байна.
Тэр нь “Т-АРА”-ийн гаргадаг дуунуудаас тэс өөр стильтэй дуу байх бөгөөд бүжгийн хөдөлгөөн зэрэг нь хамтлагийн гишүүдийн өмнө гаргаж байгаагүй секси бөгөөд тачаангуй стилийг харуулах юм. Энэ нь хамтлагийн үнэнч фенүүдийн дунд хүлээлт үүсгээд байна. Тэгвэл Жиёны “Нэг минут, нэг секунд” цомог тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Түүний хүлээсэн хариуцлага хийгээд, цомгийнхоо талаар ярьсан сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Хамтлагийн гишүүний хувьд анхны бие даасан уран бүтээлээ хийж байна. Энэ саналыг анх тавихад ямар санагдсан бэ?
-Илэн далангүй хэлэхэд тийм ч сайхан санагдаагүй. Би ганцаараа тайзан дээр гараад үзэгчид сэтгэл хангалуун байж чадах болов уу гэх айдастай байсан. Яагаад би хамгийн анх үүнийг хийж байгаа юм бэ гэж асуухад чи хамгийн отгон гишүүн нь болохоор гэж хэлж байсан юм. Тэгээд л өөрийнхөө үүргийг биелүүлэхийн тулд бие даасан соло цомгоо гаргахаар болсон.
-“Нэг минут, нэг секунд” гэсэн сэдэвтэй дууг дуулж байгаа гэсэн. Энэ бүтээлээ танилцуулаач?
-“Kick two-stage side”дуугаараа олонд танигдсан манай дээд курсийн ахын маань зохиосон дуу байгаа юм. Нэг эмэгтэй салсан найз залуугаа санан дурсч байгааг өгүүлсэн. Ер нь бол уянгын дууны үг нь хүсэл мөрөөдөлтэй зохицсон байдаг гэдэг. Үндсэндээ энэ дуугаа арай илүү секси байдлаар бүтээсэн. Биеийнхээ тааз хэсгийг ил гаргасан бүжгийн хөдөлгөөнтэй хэсгүүд олон байсан болохоор тэр нь надад маш хэцүү байсан.
“Т-Ара” хараахан тайзнаас буух болоогүй гэдгийг фенүүддээ харуулахыг л хүсч байна.
-Үнэхээр таазны хэсгийн бүжиг их гэж яригдаж байсан шүү. Секси дүр төрх нь хэтэрхий их гэж байсан?
-Таазаа хөдөлгөсөн бүжгийн хэсэг маш их байсан. Анх харахад амархан юм шиг харагдаж байгаа ч хийгээд ирэхээр үнэхээр хэцүү юм билээ. Секси харагдах талыг хэтэрхий чухалчилж, арай л хэтрүүлсэн юм шиг санагдаад байгаа. Телевизийн нэвтрүүлгээр цацагдах үед бүжгийн хөдөлгөөнийг жаахан өөрчлөх бодолтой байгаа. Би энэ бүжгэндээ их дуртай. Гэвч түүнийгээ үзүүлж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай.
-“Т.Ара”-ийн Жиён болон Соло дуучин Жиён хоёр ямар ялгаатай вэ?
-“Т-Ара” бол онцлог содон имижтэй хамтлаг. Бие даасан уран бүтээлийнхээ бэлтгэлийг хийж байхдаа хамтлагийнхаа имижээс салж, нэлээд олон өөрчлөлтийг үзүүлэхийг хичээж оролдож байна. Ганцаараа дуулж байгаа учраас өмнөхөөсөө огт өөр дүр төрхийг харуулах хэрэгтэй гэж бодсон. Өхөөрдөм хөөрхөн биш, тачаангуй, дур булаам байдлыг үзүүлэхийг хүссэн.
-Соло цомгийн бэлтгэлийн үйл явцад хамгийн хэцүү нь юу байсан бэ?
-Соло цомгоо гаргахын тулд 2-3 цагийн турш ганцаараа бэлтгэл хийж байсан учраас үнэхээр их ганцаардсан. Өмнө нь хамтлагтайгаа дуулж нэг, нэгийгээ сонсч дуулдаг байсан. Харин одоо бол зөвхөн өөрөө л бүгдийг хийх ёстой гэсэн шаардлага тулгарсан. Ялангуяа хажууд дуулж байгаа хүмүүсийг сонсохгүй болохоор тэр нь үнэхээр хэцүү санагдаж байсан. Бусад гишүүдтэйгээ зохицон, дуугаа дуулах тал дээрээ сайтар анхаарах хэрэгтэй юм байна даа гэж бодсон.
-Хамтлагийн гишүүд чинь тусалсан гэсэн. Ямар туслалцаа үзүүлэв?
-“Манай Жиён үнэхээр мундаг юм чинь өөрийгөө ингэж их хүчлэх шаардлагагүй шүү дээ. Үнэхээр сайн байна” гэх зэргээр хамтлагийн гишүүд маань намайг урамшуулж, миний гол түшиг тулгуур болж байсан. Бүжгийн шинэ хөдөлгөөн, зарим нэг алдаа гаргаж байгаа хэсгүүдэд гэсэн энийгээ ингэж хийвэл зүгээр юм биш үү гэх зэргээр зөвлөгөө өгч, юу юунаас ч илүү тогтмол харилцаатай байж, анхаарал тавьж байсан хамтлагийнхандаа үнэхээр их баярлаж байна.
-Хариуцлага үнэхээр их байдаг гэсэн?
-Тийм шүү. Үнэнээ хэлэхэд дээд курсын ах Хёомины цомог гаргахаар бэлтгэл сургуулилт хийж байхдаа тайзан дээр гарахдаа их сандардаг байсан. Гэхдээ өөртөө итгэж, өөрийгөө үргэлж зоригжуулж сандралаа даван туулж чадсан. “Т-Ара” хараахан тайзнаас буух болоогүй гэдгийг фенүүддээ харуулахыг л хүсч байна.
-Энэ удаагийн соло уран бүтээлээрээ дамжуулж юуг харуулахыг зорьж байгаа вэ?
-Хамгийн сүүлийн соло уран бүтээл биш байгаасай л гэж хүсч байна. Дур булаам соло дуучин Жиён гэдгээрээ цаашдаа ч гэсэн харагдмаар байна. Ялангуяа энэ удаагийн маань бүтээл зөвхөн миний уран бүтээл төдийгүй, “Т.Ара”-ийн нэг гишүүн болох Жиён өсч дэвжиж байна гэдгийг харуулахыг хүсч байгаа юм.
-Дахин ганцаараа уран бүтээл хийхээр болвол ямар дүр төрхийг харуулах вэ?
-Эмэгтэйчүүдийн дуртай халуухан, дур булаам дүр төрхийг харуулж, хурц тод жавхаатай байдлаараа хүмүүсийн сэтгэлийг булаахыг хүсч байна. Гэхдээ энэ надад зохихгүй нь мэдээж л дээ.
Орчуулсан Б.Даваахүү