Сүүлийн үед хамтлагаасаа гарсан, өөр хамтлаг байгуулж байгаа гэхчлэн олон янзын таамаг дэвшүүлээд байгаа “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаатай уулзаж, түүний “Итгэлийн танхим” ТББ-ын ажил үйлсийнх нь талаар ярилцлаа.
Өглөө эрm утасдсан боловч аль хэдийн ажлаа эхэлчихсэн, банкин дээр барилгын ажлынхаа зарим нэг төлбөр тооцоог хийгээд явж байхтай нь таарч уулзалдав.
-Сайн байна уу та. Их л эрт гэрээс тань бариад уулзчих санаатай залгасан чинь аль эрт ажлаа эхлүүлчихээд гүйж явах юм аа?
– Харин тийм ээ. Манай ажил чинь их эрт эхэлдэг юм. Хамтран ажилладаг багийн гишүүд минь бүгд ажлынхаа хажуугаар давхар ажиллаж байгаа болохоор эрт ажлаа эхэлж, уулзаж ярилцаад өөр өөрсдийн хийх ажлаа хувааж аваад тал тал тийшээ тардаг юм.
-“Итгэлийн танхим” ТББ-ын бас нэг сайн үйлсийн ажил албан ёсоор эхэлсэн гэж сонсоод мэдээлэл авъя, бас ямар ажил хаана хийгээд байна хүмүүст ч хүргэе гэж бодлоо л доо. Энэ сайхан ажлын хамгийн анхны гараа хаанаас эхэлж байв?
-Би анх “Ард Аюуш” реалити шоунд ороод Нэгдүгээр төрөх эмнэлэгээс ажлаа эхэлж байлаа. Тухайн үед хүмүүсийн хандив тусламжаар 25 сая төгрөг цуглуулж, түүгээрээ аавууд хүүхдээ хардаг, эхнэртэйгээ ярилцдаг камертай "Аавуудын өрөө" байгуулж өгч байсан. Тэгээд мөнгө үлдэхээр нь сувилагч нарт нь ажлын тэрэг авч өгч байсан юм. Тэр нь одоо хүртэл байдаг тэрийгээ бенз гэж нэрлэдэг гэсэн . Дараа нь аавыгаа эмнэлэгт сахиад хэвтэж байхдаа сахиурууд үнэхээр хэцүү байдаг болохыг ойлгосон. Хүн чинь аливаа юмыг өөрөө хажууд нь байж л мэддэг болохоор дотор нь ороод зөндөө ихийг харж ухаарсан. Аавыгаа сахиад хонож байхад юу эсийг бодохов дээ. Эмнэлэгийн өвчтөн сахиад хүлээлгийн танхимд хонож байгаа хүмүүсийг хараад л УНТЭ-ийн ЯТТ-ийн хүлээлгийн өрөөг тохижуулах бодол орж ирсэн. Ажлаа ч эхэлсэн. Тэгээд намайг дэмжиж тусладаг олон сайхан хүмүүсээс урам авч, цаашдаа улам их ажил хийх хүслээр “Итгэлийн танхим” ТББ- аа байгуулсан даа.
-Байгууллагын тань нэр их гоё санагдсан. Санаагаа хаанаас олсон бэ?
– Нүүр номын найзууд болон хамтран ажилладаг хүмүүстэйгээ ямар нэр өгөх тухай ярилцахад нэг найз минь өвчтэй хүнээ эдгэнэ гэсэн их итгэл тээсэн энэ олон хүмүүсийн итгэл найдварыг асааж “Итгэлийн танхим” гэж нэрлэх санал гаргаснаар энэ нэрийг өгсөн.
-Энэ удаагийн ээлжит ажил нь ЭХЭМҮТ-ийн "Хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн хүлээлгийн өрөөг тохижуулж байгаа. Ер нь ямар үзүүлэлтээр эмнэлгээ сонгодог вэ?
-Төслөө боловсруулахдаа эхлээд судалгаа хийдэг. Их олон газраар явж судалж үзсэн. Тэгээд ЭХЭМҮТ-д хотын гэлтгүй хөдөө, орон нутгаас ирж буй бүх хүүхдүүд үзүүлж, харуулж явдаг болохоор ачаалал маш их байдгийг мэдсэн. Тэгээд л багийн гишүүдтэйгээ ярилцаад энэ эмнэлгийг сонгож авсан .
–Тантай хамтарч туслаж, дэмжье гэсэн хүмүүс хэр их хандаж байна даа?
– Энэ ажилд минь эхнээс нь тусалсан олон хүмүүс байгаа. Юуны өмнө миний найз загвар өмсөгч н.Нямцэцэг байна. Миний хамгийн анхны хандивлагч. Мөн Австрали улсад суугаа Даянжавын гэр бүлээс гурван сая 500 мянган төгрөгийг хандивласан. Үүнээс гадна манай төслийг эхнээс нь байнга дэмжиж, хамтран ажилласан С.Н Руденко захиралтай оросын "Тепломонтаж" компани анхнаасаа л барилгын бүх цахилгааны ажлуудыг үнэ төлбөргүй гүйцэтгэж өгсөн. Энэ компани цаашдаа ч бүх төсөл дээр минь туслаж ажиллахаар болсон. Мөн "MCS пропертис" "Хурд" групп "Гранд хаан" irish pub, "Алтай констракшн" "Megawood" хаалганы үйлдвэр, "Woodman" модон эдлэлийн үйлдвэр, "Кitchen all" тавилгын үйлдвэр зэрэг хувь хүн, албан байгууллагууд "Итгэлийн танхим"-ын ажилд байнга тусалж, дэмждэгт нь бид маш их урам зориг, эрч хүч авч ажилладаг даа. Энэ удаагийн төсөл дээр ”Юнител” компаниас хүлээлгийн танхимыг утасгүй интернэтийн сүлжээгээр хангаж өгөхөөр болсон.
-Та энэ сайн үйлсийн ажлаа нэг их сурталчлаад байдаггүй. Уг нь сайн сурталчилвал танд хандах хүмүүс, байгууллагууд бас нэмэгдэх болов уу? Сая гэхэд л та хувиасаа барилгын шатны түрээс өгчихлөө. Мэдээж үргэлж өөрөөсөө өгөөд байвал бас хэцүү шүү дээ.
-Эдийн засгийн хүндрэлтэй ийм үед заавал авах албатай юм шиг би тэгмээр байна, ингэмээр байна гээд юм нэхээд явахаасаа санаа зовдог л доо. Хэдий хувьдаа ашиглах гэж байгаа биш ч гэлээ хүнээс юм гуйх ч бас халуухан шүү дээ. Тэгээд би байгууллагуудад харилцан ашигтай байдлаар хандив авах санал хүргүүлээд байгаа.
-Харилцан ашигтай, гэхээр яг ямар санал вэ?
-Энэ бол байгууллагуудын ажилчдад зориулан “Аз жаргал хаана байдаг вэ” сэдэвт лекц, ярилцлага юм. Ажилтны сэтгэл зүй, хийж байгаа ажлаа яавал аз жаргалынхаа нэг хэсэг болгох вэ? Эрүүл зөв хооллолт, гэр бүлийн аз жаргал гэж юу юм бэ? Яаж түүнийг бий болгох вэ? гэдгийг харилцан ярилцаж, лекц унших юм. Энэ лекцийг маань “Даш” сургалтын төв хамтран зохион байгуулж байгаа. Эндээс олсон бүх орлогоо төсөлдөө зориулна. Тэгэхээр бас зүгээр л танай компани энэ төсөлд туслаж хандив өгөөч гэхээсээ илүү харилцан хамтран ажиллах хүсэлт юм даа.
-Ажилд зарцуулагдах зардал бол мэдээж багагүй гарч байгаа байх?
-Маш их зардал гардаг л даа. Би хамт ажилладаг багийнхандаа цалин, урамшуулал гэж нэг ч төгрөг өгч чаддаггүй. Дээрээс нь дандаа эмнэлгийн байгууллагын засварын ажил болохоор барилгын материал нь эрүүл мэндийн шаардлага хангасан байх ёстой. Тийм болохоор материалын үнэ харьцангуй үнэтэй тусдаг. Яг одоогоор бол өөрөөсөө л мөнгө төгрөгөө зохицуулаад явж байна даа. Тэгсэн ч энэ ажлаа зогсооно, энийг хийсний дараа дуусгана гэсэн бодол байхгүй . Үргэлжүүлээд хийгээд л явна. Бид ярилцаад жилд хоёр газрыг тохижуулахаар төлөвлөөд байгаа.
Хүн чинь аливаа зүйлийг өөрөө яг хажууд нь байж, дотор нь орж л бэрхшээл зовлонг нь ойлгодог юм байна. Одоо бол мөнгө л олдвол энэ ажилдаа л зориулах гээд зүтгэчихдэг болсон. Ямар сайндаа төрсөн өдрөөрөө жил бүр л найз нөхөдтэйгөө нэг газар орж тэмдэглээд л нөхрөөрөө үнэтэй бэлэг авахуулдаг байснаа энэ жил нөхөртөө, ”Миний төрсөн өдөрт зориулах мөнгөө надад өгчих” гэсэн чинь яах гэж байгаа юм л гээд байсан. Тэгээд би тэр мөнгөөрөө эмнэлэгт байсан хүүхдүүдэд бэлэг авч өгөөд баярлуулсан. Надад үнэхээр өмнө нь хийж байсан бүх төрсөн өдрөөс минь хамгийн сайхан нь байсан шүү.
– Тэгвэл та буяны үйлсэд бүр "донтчихжээ"?
-Харин тийм. Үргэлж ажил бүтээд сайхан байна гэж юу байхав. Зөндөө л бэрхшээл байдаг. Тэгсэн ч нэгэнт ард нь гарчихаар дахиад, дараагийн ажлаа төлөвлөөд эхэлдэг болсон. Энэ ажлыг хийж байхад хүрээлж, хандаж байгаа хүмүүс нь үнэхээр сайхан энергитэй хүмүүс байдаг. Тэр чинь хүртэл бидэнд маш их урам, итгэл найдвар өгдөг дөө.
Энэ бүхнийг хийх гэж ингээд зүтгээд байгаа нь нэгдүгээрт, үр хүүхэд гэр бүлийнх нь хүн өвдөнө гэдэг хүнд маш их стресс, сэтгэлийн дарамт, бухимдал үүсдэг. Тэр бүхнийг нь бага ч гэсэн хөнгөлж, тав тухтай, цэвэр тухлаг орчинд байлгах юмсан гэсэн бодол. Хоёрдугаарт, бид алийн болгон төр засаг хийх ёстой гэдэг ч юмуу, эсвэл гадаадын эмнэлэг ямар сайхан юм бэ гэж хараад суух биш өөрсдөө чадах чинээгээрээ өөрчлөх гэж оролдох хэрэгтэй юм болов уу гэсэн бодлоор энэ ажлыг эхлүүлсэн. Гэхдээ одоо энэ ажлаасаа үнэхээр сэтгэл ханамж, хүмүүсийн эерэг хандлагыг мэдрээд бидэнд их сайхан байна.
-Энэ сайхан ярилцлагын төгсгөлд таниас тодруулахгүй байж боломгүй нэг асуул асууя?
-Та хамтлагаасаа бүрмөсөн гарчихсан юм уу, эсвэл..?
-Чөлөөтэй байгаа.
-За ийм сайхан ажлыг хийж бүтээж яваа танд маш их баярлалаа. “Итгэлийн танхим” ТББ цаашид илүү их сайн үйлийг бүтээж ажил, хөдөлмөрийн зам нь дардан сайхан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
-Баярлалаа, танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.
О.Туяа
Эх сурвалж: mass.mn